| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04674/И |
| Дугаар | 192/ШШ2026/01180 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Даатгал, Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2026/01180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, шүүгч Б.Ганцэцэг, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах, А д ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Х овогт М Т /РД: /-д холбогдох,
21,348,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч М.Т, түүний өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
(Зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч А д ХК нь хариуцагч М.Тд холбогдуулан 21,348,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч А д ХК нь М ц х ХК-тай 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 0232026037 тоот даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, М ц х ХК-ийн хавсралтад дурдсан тээврийн хэрэгслүүдийг даатгасан. Уг тээврийн хэрэгслийн хавсралтад дурдагдаж, даатгагдсан. М ц х ХК-ийн өмчлөлийн * арлын дугаартай, * улсын дугаартай 80,000,000 төгрөгийн үнэлгээтэй Lexus-570 маркийн авто машиныг хариуцагч М.Т нь жолоодон явж байхдаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10-11 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто замын тусгаарлах зурвасыг давж 4 ширхэг мод мөргөн зам тээврийн осол гаргасан байна.
Зам тээврийн ослын улмаас даатгалын зүйл болох автомашинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахад Х ү ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан-аар 23,720,000 төгрөг болох нь тогтоогдсон юм. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00412 дугаар магадлалаар А д ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 21,348,000 төгрөгийг гаргуулан М ц х ХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Даатгалын тохиолдол бий болсон нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл-ээр * улсын дугаартай, Лексус-570 маркийн авто машиныг жолоодож явсан М.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогджээ.
Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 1.1.17. буруутай этгээд гэж даатгалын тохиолдолд болох нөхцөл орчныг бүрдүүлсэн нь эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон, эсвэл гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор заасан. Ингэснээр даатгуулагч М ц х ХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу өөрийн автомашинд учирсан хохирлыг М.Таас гаргуулахаар шаардах эрх үүссэн байна. Гэвч даатгуулагч М ц х ХК нь М.Таас гэм хорын хохирлоо шаардаагүй, даатгалаас нөхөн төлбөрт 21,348,000 төгрөг гаргуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасны дагуу шаардах эрх шилжсэн.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгагч А д ХК даатгалын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан юм. Иймд М.Таас 21,348,000 төгрөгийг гаргуулан А д ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.Т хариу тайлбартаа: М ц х ХК нь өөрийн өмчлөлийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021-2023 онуудад А д ХК-д даатгуулж тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, эрсдэлээ даатгуулж байсан.
Миний бие М ц х ХК-д жолоочоор ажилладаг бөгөөд тээврийн хэрэгслийн даатгалд даатгагдсан * улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед тухайн осол болсон бөгөөд миний хувьд хурд хэтрүүлээгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, тухай ослыг зориудаар бий болгоогүй бөгөөд аюулыг зайлуулах арга хэмжээ авсан боловч замын мөстсөн хэсэг дээр халтиргаа үүссэний улмаас жолоодлого алдаж замын хашлага давсны улмаас таримал бут мөргөж тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан нь миний буруутай үйлдлээс болоогүй тул нөхөн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй.
М ц х ХК болон А д ХК-ийн хооронд байгуулагдсан Даатгалын гэрээний 1.1.17-д буруутай этгээд гэдэгт даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн этгээдийг ойлгохоор заасан байх ба зам тээврийн осол гадаад орчны нөхцөл байдлаас буюу надаас үл шалтгаалах нөхцөл байдлаас үүссэн учир буруутай этгээдэд хамаарахгүй гэж үзэж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт нь Хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны нөхцөлийг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзжээ. Замын хөдөлгөөний дүрмийн энэхүү заалт нь тухайн болсон осолтой шалтгаант холбоогүй бөгөөд жолооч замын хөдөлгөөнд оролцож эхлэхдээ аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох тухай агуулгатай заалт учир тухайн болсон осолд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Даатгалын гэрээ, Автомашин техникийн үнэлгээний тайлан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.05-ны өдрийн 05115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.02.24-ний 00412 дугаар Магадлал, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухай, Зам тээврийн осол дээр тогтоосон акт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Хариу тайлбар, Шилжүүлгийн мэдээллийн баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хөдөлмөрийн гэрээ, Нууцын баталгаа, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2026.01.27-ны өдрийн албан бичиг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А д ХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...М ц х ХК-тай 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 0232026037 тоот даатгалын гэрээг байгуулж, гэрээний хавсралтад заасан * улсын дугаартай Lexus-570 маркийн авто машиныг хариуцагч М.Т нь жолоодон явж байхдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр М.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Даатгуулагч М ц х ХК нь М.Таас гэм хорын хохирлоо шаардаагүй, даатгалаас нөхөн төлбөрт 21,348,000 төгрөг гаргуулсан тул даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасны дагуу шаардах эрх шилжсэн тул хариуцагч М.Таас 21,348,000 төгрөгийг гаргуулан А д ХК-д олгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Миний бие М ц х ХК-д жолоочоор ажилладаг бөгөөд тээврийн хэрэгслийн даатгалд даатгагдсан * улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед тухайн осол болсон бөгөөд хурд хэтрүүлээгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, тухайн ослыг зориудаар бий болгоогүй бөгөөд аюулыг зайлуулах арга хэмжээ авсан боловч замын мөстсөн хэсэг дээр халтиргаа үүссэний улмаас жолоодлого алдаж замын хашлага давсны улмаас таримал бут мөргөж тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан нь миний буруутай үйлдлээс болоогүй тул нөхөн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй. Даатгалын гэрээний 1.1.17-д буруутай этгээд гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч А д ХК нь М ц х ХК-тай 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр D232026037 тоот Даатгалын гэрээг байгуулж, уг гэрээгээр * арлын дугаартай, * улсын дугаартай 80,000,000 төгрөгийн үнэлгээтэй Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг М ц х ХК даатгуулсан болох нь тус гэрээний хавсралтаар тогтоогдож байна. /хх7-22/
4.2 Хариуцагч М.Т нь 2024.01.07-ны өдрийн 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, тууш замд * улсын дугаартай Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Нийслэлийн захирагчийн албаны эзэмшлийн 3 мод мөргөж МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг зөрчиж улсын эд хөрөнгөд хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь Зам тээврийн ослын газрын үзлэг, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, фото зураг, хариуцагчийн зөрчил гаргасан гээд 100,000 төгрөгөөр торгуулсан гэх тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. /хх45-50, 106-108/
4.3 Хөрөнгийн үнэлгээний Х ү ХХК-ийн 2024.01.12-ний өдрийн 652 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан ба тайланд * улсын дугаартай Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 23,720,000 төгрөг гэж тодорхойлжээ. /хх24-25/
5. Хариуцагч М.Т нь М ц х ХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу жолоочоор ажилладаг нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээгээр нотлогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх92-99/
6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.05-ны өдрийн 05115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.02.24-ний 00412 дугаар Магадлалаар ...Даатгалын зүйл болох М ц х ХК-ийн өмчлөлийн * улсын дугаартай Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг жолооч М.Т жолоодон явахдаа 2024.01.07-ны өдөр зам тээврийн осол гаргаж, даатгалын тохиолдол үүссэн... гэж А д ХК-аас 21,348,000 төгрөгийг гаргуулан М ц х ХК-д олгож шийдвэрлэжээ. /хх33-44/
Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2023.08.01-ний өдрийн D232026037 тоот Даатгалын гэрээний дагуу М ц х ХК-ийн тээврийн хэрэгслийн нөхөн олговорт нэхэмжлэгч А д ХК-аас хариуцагч М.Тд 19,213,200 төгрөгийг олгосон болох нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-105/
7. Нэхэмжлэгч А д ХК болон М ц х ХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн D232026037 тоот Даатгалын гэрээний 1.1.17-д Буруутай этгээд гэж даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн нь эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон, эсвэл гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийг,
8.9-д Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.,
мөн 13.5.3-т Замын хөдөлгөөний аюулгүйн дүрэм журмыг ёсчлон биелүүлж хөдөлгөөнд аюулгүй оролцох, хүснэгтийн 6-д Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлээс учирсан хохирлыг даатгалын эрсдэлд тооцохоор тус тус заажээ.
Тодруулбал, хэрэгт авагдсан Зам тээврийн ослын газрын үзлэг, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хариуцагчийн шүүх хуралдаанд ...зөрчил гаргасан гээд 100,000 төгрөгөөр торгуулсан гэх тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.05-ны өдрийн 05115 дугаар шийдвэрээр хариуцагч М.Т нь М ц х ХК-ийн өмчлөлийн * улсын дугаартай Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, даатгалын тохиолдол үүссэн буюу даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
8. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь буруутай этгээд болох хариуцагч М.Таас нөхөн төлбөрт олгогдсон 19,213,200 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
9. Даатгуулагчид даатгалын тохиолдол үүссэн, улмаар даатгагч нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон нөхцөлд шаардах эрх шилжихийг дээрх хуульд зохицуулсан ба А д ХК нь даатгуулагч М ц х ХК-д 21,348,000 төгрөгийн хохирлыг учруулсан буруутай этгээдээс уг мөнгийг шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.05-ны өдрийн 05115 дугаар шийдвэрт хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 23,720,000 төгрөгөөс Даатгалын гэрээний 13.6.6-д зааснаар 10 хувийг хасч тооцон 21,348,000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч нь уг хохирлын дүнгээс дахин 10 хувийг хасч М ц х ХК-д нөхөн төлбөрийг шилжүүлсэн нь үндэслэлгүй боловч нөхөн төлбөрт олгогдсон 19,213,200 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
10. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагчаас 19,213,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,134,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
11. Шүүхээс Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/288 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 254,016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Таас 19,213,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А д ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,134,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 254,016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ГАНЦЭЦЭГ
А.САРАНТУЯА