| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1166/Э |
| Дугаар | 1210 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 1210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ж.Давааням ҮД: 26-93,
хохирогч Н.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржгин овогт Д.М яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0259 11364 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.М
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Д.М нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Элизабет” хотхоны 215-207 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Н.Алтанцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүтэн сайн өдөр байсан. Бид хоёр айлын найранд уригдсан байсан тул эхнэр Алтанцэцэг бид хоёр айлын найранд 16 цагийн орчим очоод 20 цагийн үед гэртээ ирцгээсэн. Тухайн үед хүүхдээ хадмынд орхисон байсан. Бид айлын найраас гарахдаа хоёр найзынхаа хамт гарсан тул би тэр хоёрт такси барьж өгөхөөр гадаа үлдсэн. Эхнэр гэртээ түрүүлж орсон, би араас нь 15 минутын орчим дараа орж ирэхэд үеэлтэйгээ уулзана гээд орцонд тааралдахаар нь би чи согтуу байна, шөнө орой болсон байна явуулахгүй гээд гэрт аваад орсон. Гэрт ороод гарна гээд дайраад байсан. Би хадам ээж рүү залгаад шөнө, орой согтуу гарах гээд байна гэхэд Алтанцэцэг уурлан ээжид хэллээ гээд манай ээж рүү мөн утасдсан. Тэгээд хоёр ээжүүд мэдсэн. Тэгээд том өрөөнд ороод гарна, гаргахгүй бид хоёр ноцолдсон. Хохирогч Алтанцэцэгийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Өрөө өөрөөсөө ичиж байна. Одоо зургаан настай хүүхэдтэй, хүүхэд маань сургуульд орох гэж байхад ийм хэрэг хийчихээд энд зогсож байгаадаа харамсаж байна. Бид хоёр маш сайн ярилцаж эвлэрч хэвийн амьдарч байна. Манай гэрт сүлжээ барьдаггүй гэрийн тул балкон дээр гарч манай дүүгийнх эсрэг байранд байдаг учир бэр дүүг дуудсан. Бэр дүү орж ирсэн, тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирсэн. Бид хоёр ярилцаж ойлголцож уучлалт гуйгаад эвлэрээд амьдарч байна. Хадам эцэг, эхээсээ уучлалт гуйсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Алтанцэцэг мэдүүлэхдээ: Нөхөр Д.Мын шүүх хуралдаанд ярьсан үйл явдал болсон нь үнэн. Одоо бол гомдол санал байхгүй, биеийн учирсан гэмтэл эдгэрсэн, зовиур байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Гэр бүлээрээ эвлэрээд амьдарч байна. Шүүхээс хүсэхэд одоо хүүхэд маань сургуульд орох гэж байгаа, залуу гэр бүл, хоёулаа найранд яваад ийм байдалд хүрсэн, нөхрийг маань ял шийтгэлгүй, хорихгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Алтанцэцэгийн: …2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элизабет” хотхоны 217-207 тоотод нөхөр Д.Мын хамт найрнаас ирсэн. Тэгээд би хамаатныхаа үеэлтэй уулзах гээд гарна гэхэд Д.М гаргахгүй гэсэн. Би найз нөхөд, хамаатан садантайгаа ч уулзаж болохгүй юу гэж хэлсэн. Гарна гээд дайрахад Д.М гаргахгүй гэж хойш нь түлхэж унагаасан. Тэгээд унахдаа орны өнцөгтэй модыг зүүн гар, цээж хэсгээр мөргөж унасан. Унасан байхад Д.М дээрээс 3 удаа бие, ташаа дээрээс дэвсэж өшиглөсөн. Би аль болох гараараа хааж, нүүрээ хамгаалж байсан. Д.М цаашаа яваад үүдэнд гаргахгүй гээд манаад суучихсан. Би болкон дээрээ гараад бэр Мөнхсугарыг дуудахад удалгүй орж ирсэн. Мөнхсугар орж ирээд байж байхад цагдаа ирсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Эвлэрээд хамт амьдарч байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3400 тоот дүгнэлтэнд:
1. Н.Алтанцэцэгийн биед цээжний зүүн талын хавирга 5, 6-р хавирга ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завьжны салстын язарсан шарх, зүүн чихний зулгаралт, нуруу, баруун шуу, баруун сарвуу, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Мын яллагдагчаар өгсөн: ...Алтанцэцэгийг гаргахгүй түлхэж, ноцолдож байх явцад гэмтэл үүссэн байх боломжтой. Өөрийн гэм бурууг ойлгож байна. Одоо эхнэр Алтанцэцэг, хүү Гантөмөр нарын хамт амьдарч байгаа. Өмнө нь зодож, цохиж байгаагүй. Дахин ийм асуудал гаргахгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/,
- Хохирогч Н.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-н 21-22 дугаар тал/,
- Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 24-25-р тал/,
- Цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх-н 28-р тал/,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 41-р тал/,
- Д.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 53-р тал/,
- Хүүхдийн гэрчилгээний хуулбар /хх-н 65-р тал/,
- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 67-р тал/,
- Хохирогч Н.Алтанцэцэгийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-н 72-р тал/,
- Д.М болон түүний өмгөөлөгчөөс Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-н 73-р тал/,
Шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40, 41, 59, 62-63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Д.М нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Элизабет” хотхоны 215-207 тоотод байх гэртээ эхнэр Н.Алтанцэцэг нь гэрээсээ гарч явна гэснээс маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Д.М нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Элизабет” хотхоны 215-207 тоотод байх гэртээ 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Н.Алтанцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Д.Мын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.М нь бусдын эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Алтанцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч Д.Мын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Н.Алтанцэцэг нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогчоор мэдүүлэг өгөх үедээ болон мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, Д.Мтай эвлэрсэн талаарх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 20-22, 48 дугаар тал/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржгин овогт Д.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Д.М оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ