| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2509015651003 |
| Дугаар | 2025/ДШМ/1314 |
| Огноо | 2025-11-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/1314
2025 11 20 2025/ДШМ/1314
Э.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Бат-Оргил,
шүүгдэгч Э.Э- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Бат-Оргилийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Э-т холбогдох 2509015651003 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С- овогт Э-ын Э-, ........, улсаас авсан гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 02 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, одоо уг ялаа биелүүлж, 01 жил 02 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй. /РД:Э-/.
Шүүгдэгч Э.Э- нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Т-т “...Би Т- ХХК-ын худалдах, худалдан авах хэлтэст ажиллаж байгаа зах дээр байгаа хүнээс ланд 76 загварын машиныг 140.000.000 төгрөгөөр худалдаж аваад манай байгууллагад 165.000.000 төгрөгөөр худалдъя...” гэж худал хэлж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 140.000.000 төгрөгөөр авч байгаа мэтээр ойлгуулж, хуурч, төөрөгдөлд оруулж, их хэмжээний буюу 140.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Прокуророос шүүгдэгч С- овогт Э-ын Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С- овогт Э-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Э.Э-ээс 37.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-т олгож, шүүгдэгч Э.Э- нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Бат-Оргил бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Прокуророос Э.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, өөрчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
2 дахь асуудлын хувьд хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөрүүтэй байдлаар дүгнэсэн гэх 2 үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Ц.Т-аас Ч.Б- руу 140,000,000 төгрөгийг шилжүүлж, үүнээс 37,000,000 төгрөгийг өөртөө авч захиран зарцуулсан, мөн тээврийн хэрэгслийг биет байдлаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгосноор хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзэхээр байна. Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийн онцлог нь хохирогчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулснаас үл хамааран өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бий болгосноороо бусад төрлийн гэмт хэргүүдээс ялгагддаг.
Гэмт хэрэг төгссөний дараагаар хийсэн үйлдэл буюу хохирол нөхөн төлбөрийг төлсөн арга хэрэгслээс үл хамааран хохирогчид шууд учруулсан хохирлын хэмжээгээр хэргийг зүйлчилж, эцэслэн шийдвэрлэдэг нь хууль хэрэглээний тогтсон ойлголт юм. Гэтэл анхан шатны шүүхээс цугларсан нотлох баримтад үйл баримтын алдаатай дүгнэлт хийснээс улбаалан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ өөрчлөгдөх үндэс болсон гэж үзэж байгаа.
Үйл баримтын алдаатай дүгнэлт хийсэн буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: Шүүгдэгч Э.Э- нь “Т-” ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн атлаа тухайн байгууллагад худалдан авалтын менежер албан тушаалд ажиллаж байгаа мэтээр хохирогчид бодитой бус ойлголт төрүүлсэн болох нь “Т-” ХХК-ийн албан бичгээр нотлогддог. Түүнчлэн, дээрх “Т-” ХХК нь ланд 76 загварын машиныг 165.000.000 төгрөгөөр худалдаж авахаар төлөвлөн ажиллаж байгаа мэтээр хохирогчийг хуурч, дээрх тээврийн хэрэгслийг нийлүүлье гэх мэтчилэн зохиомол нөхцөл байдлыг, бодитой мэтээр хохирогчид тайлбарлан итгэл төрүүлж, Ч.Б-аас 140,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслийг худалдаж авч байгаа мэтээр хохирогчоор төлбөрийг төлүүлсэн болох нь гэрч Ч.Б-ын мэдүүлэг, түүний дансны дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогддог. Бодит байдалд шүүгдэгч Э.Э- нь Ч.Б-аас дээрх тээврийн хэрэгслийг 103.000.000 төгрөгөөр худалдан авч улмаар зөрүү 37,000,000 төгрөгийг өөрийн М банкны дансаар шилжүүлэн авч хувьдаа ашигласан болох нь түүний дансны дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогддог. Шүүгдэгч Э.Э- нь дээрх тээврийн хэрэгслийг Ч.Б-аас биет байдлаар хүлээн авсан бөгөөд тухайн үйлдлээ хохирогч Ц.Т-т “...“Т-” ХХК-д хүлээлгэн өгнө...” гэж худал хэлж итгүүлсэн. Түүний дараа дээрх тээврийн хэрэгслийг өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах зорилгоор цахим орчинд буюу фейсбүүк дэх зарын группүүдэд худалдан борлуулах зорилгоор зар байршуулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож буй дээрх үйл баримт нь залилах гэмт хэргийн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах үндсэн шинжүүдийг илэрхий хангаж байна гэж үзсэн. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч Э.Э-ийг 37,000,000 төгрөгийг л хувьдаа авах санаа, зорилготой байсан гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э- нь хохирогч Ц.Т-т 140,0000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулах санаа зорилготой байсан болох нь тухайн тээврийн хэрэгслийг гэрч Ч.Б-аас биет байдлаар хүлээн авч хохирогчид “...Т- ХХК”-д хүлээлгэн өгнө...” гэж худал хэлж итгүүлж, түүний дараа цахим орчинд худалдан борлуулах зорилготой зар байршуулсан үйлдэл нь түүнийг бусдад их хэмжээний хохирол учруулах санаа зорилгыг урьдаас төлөвлөж үйлдсэн болохыг илтгэж байна. Хохирогч Ц.Т- нь бодит байдалд буюу цагдаагийн байгууллагад Э.Э-т холбогдуулан гомдол гаргахаас өмнө цахим орчинд “тээврийн хэрэгсэл худалдах” талаар байршуулсан зарын дагуу, өөрийн танилаар холбогдуулан машиныг авах талаар тохиролцуулан уулзуулж улмаар дээрх тээврийн хэрэгслийг биет байдлаар шүүгдэгч Э.Э-ээс өөрийн эзэмшилд авсан үйл баримтад үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр 37,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх явцуу дүгнэлтийг хийсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэхээр байна.
Гэтэл хохирогчид 140,000,000 төгрөгийн бодит хохирол шууд учирсан нөхцөл байдлыг үл харгалзан 37,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж явцуу дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана...” гэж заасныг зөрчсөн.
Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2132 дугаартай шийтгэх тогтоол нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад заасан “...шүүгч өөрийн зүгээс нотлох баримтуудыг шалгаж үнэлсэн байдлыг тухайлбал, нотлох баримтыг үнэлээгүй үндэслэлийг, хэрэгт хамааралтай болон хамааралгүй үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, холбогдолгүй байгааг, баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа, түүнийг зөвшөөрч буй, эсхүл няцааж буй дүгнэлтээ бичнэ...” гэж заасныг зөрчсөн. Прокуророос их хэмжээний хохирол учруулж гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүйгээр өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, өөрчилсөн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэгтгэгдэж шийдвэрлүүлж болох байсан хэрэгт 2 удаа ял шийтгэл эдэлсэн нь эрх зүйн байдал дордсон байх тул түүнийг харгалзаж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Тухайн үед 2 удаа ял шийтгүүлсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан боловч дээрх байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Хүндрүүлж шийдвэрлээгүй. Шүүгдэгч нь тухайн бүлэгт заасан залилах гэмт хэргийг үйлдэж, зорчих эрх хязгаарлах ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж, анхан шатны шүүх хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй” гэв.
Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Х.Лхагвахүү давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдлыг дурдахын өмнө өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн 17.3-д заасан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэх гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. Өмгөөлөгчийн зүгээс ялын асуудал дээр буюу хөнгөрүүлэх байр сууриас оролцож, гомдол гаргасан. Шүүгдэгч Э.Э- нь гэмт хэрэг шалгагдаж эхэлсэн үеэс гэм буруу дээр маргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг ягштал биелүүлж, мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шат хүртэлх хугацаанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр тайлбар, мэдүүлгийг өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулахгүйгээр эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн очдог байсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Э-ийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдсэн өмнөх нөхцөл байдлуудын тухайд дурдахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №1417 шийтгэх тогтоолоор хохирогч н.Ж-д 11.500.000 төгрөгийн хохирол учруулж, тухайн үйлдэлдээ 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор хохирогч н.Т-өөс 5.000.000 төгрөг авсан үйлдэлдээ 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Тухайн 2 ялыг нэмж нэгтгээд, 2 жил 24 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг биеэр эдлээд явж байсан. Э.Э-ийн н.Ж- болон н.Т- хохирогч нарыг залилсан үйлдлийг цаг хугацааны дарааллаар тооцож үзэхээр 2022 оны 9 дүгээр сар, 2023 оны 6 дугаар сарын хооронд үйлдэгдэж буй 2 үйлдэл байдаг. Тухайн залилах үйлдэлд шүүхээс шийтгэл оногдуулсан цаг хугацааг тооцож үзэхэд 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд буюу 1 сарын зайтай 2 удаа шүүхээр орж, ял авсан байдаг.
Агуулгын хувьд тухайн хэрэг маргааныг тухайн үед нэгтгүүлээд шийдвэрлэсэн бол шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх байсан талаар гомдолд дурдсан талаар ярьсан юм.
Гомдлын 2 дахь агуулга нь анхан шатны шүүх Э.Э-т 1 жилийн хорих ял оногдуулсан тухайд гомдлыг гаргасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хуулийн этгээдэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Э.Э-ийн хохирогч Ц.Т-ыг 37.000.000 төгрөгөөр залилсан үйлдэлд 1 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хуулийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюул, шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хохиролд тохирсон байна...” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж гомдлыг гаргасан.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн ажиллагааг чөлөөлж болно гэж заасан. Шүүгдэгч Э.Э-ийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн хохирол төлбөрийг 8 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хэргийн талаар үнэн зөв анхнаасаа мэдүүлсэн. Залилах гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа мөн шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс “...Э.Э- нь эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байх тул хорих ял оногдуулахгүй байж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасныг харгалзан үзнэ үү. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хөнгөрүүлсэн байдлаар шийдвэрлэж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж өгнө үү.
Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тохиолдолд Э.Э-ийн зүгээс хохирогч Ц.Т-ын хохирол төлбөрийг түргэн хугацаанд төлж барагдуулах, бага насны хүүхдүүдийн хувьд төрсөн эцгийн хамт амьдрах, шударгаар хөдөлмөрлөх боломж нээгдэх тул эдгээрийг харгалзан үзнэ үү гэх гомдлыг гаргасан. Прокурорын эсэргүүцлийн тухайд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хүрээнд үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ 140.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэх агуулгаар оруулж ирсэн. Бодит байдалд хохирогчид 37.000.000 төгрөгийн хохирол учирсан буюу Э.Э-ийн зүгээс тухайн машины зарж борлуулаад, дундаас ашиг хүртэж, мөнгийг нь авъя гэх үйлдэл нь өөрөө залилан, гэмт хэргийн шинжтэй. Бодитоор хохирогчид 37.000.00 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хувьд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Түүнчлэн шүүгдэгч нь 140.000.000 төгрөгийг аваад залилах, хувьдаа авах гэсэн үйлдэл байхгүй. Энэ талаар ч хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Э.Э- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Би өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцлийн тухайд надад захиран зарцуулах эрх үүссэн гээд байгаа. Би тухайн тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж аваагүй байхад надад захиран зарцуулах эрх үүсэхгүй. Цахим орчинд зар тавьсан нь тухайн машиныг зах зээлийн үнээр зарж, Ц.Т-тай тохирч, хохиролгүй болгоё гэх санаа байсан боловч хохирогч нь уурлаж “... анхнаасаа намайг чи залилах гэж байсан юм байна, хоёулаа цагдаа дээр уулзъя..” гэсэн. Надад бүх мөнгийг авах гэсэн санаа зорилго байгаагүй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Э.Э-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Э- нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Т-т “...Би Т- ХХК-ын худалдах, худалдан авах хэлтэст ажиллаж байгаа зах дээр байгаа хүнээс ланд 76 загварын машиныг 140.000.000 төгрөгөөр худалдаж аваад манай байгууллагад 165.000.000 төгрөгөөр худалдъя...” гэж худал хэлж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 140.000.000 төгрөгөөр авч байгаа мэтээр ойлгуулж, хуурч, төөрөгдөлд оруулж, автомашины үнийн дүнд 140,000,000 төгрөгийг Ч.Б-ын дансанд шилжүүлсэнээс 103,000,000 төгрөг нь автомашины төлбөрт зарцуулагдаж үлдсэн 37,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Ц.Т-ын “...Одоогоос 7 жилийн өмнө найзуудын шугамаар Э- гэх залуутай танилцсан ба тэрнээс хойш жилд ганц 2 удаа л чаталдаг танилууд болцгоосон. 2024 оны 09 сард манай ажил дээр ирээд Макс группийн худалдах худалдан авах мэргэжилтнээр ажилдаг гээд тэдний бараа худалдан авдаг системээр нэвтэрч орж үзүүлэн олон компанийн худалдах худалдан авах гэрээнүүдийг үзүүлээд “энэ гэрээнүүдийг би хариуцаж хийдэг” гэж хэлээд “7 ширхэг Монгол гэр 1 нь 2.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөгөөр гэр нийлүүлэх гэрээ хийж байгаа, эндээс 4.000.000 төгрөг ашиг гарна, хамтарч хийх үү” гээд санал тавьсан. Тухайн үед би татгалзсан хариу өгөөд явуулсан. Дараа нь 2024 оны 11 сараас эхлэн давтамжтайгаар “бараа материал нийлүүлэх ашигтай гэрээнүүд байна хамтарч ажиллах уу” гэсэн ба миний зүгээс “миний нэр дээр гэрээ хийвэл хамтарч ажиллаж болно” гэж хэлсэн. 2024 оны 12 сард ахин холбогдож манай “Макс групп”- ийн охин компани “Т-” ХХК нь “2 ширхэг Ланд 76 маркийн тээврийн хэрэгсэл хэрэгтэй” гэсэн. Тэрээр “би 1 машиныг нь зах дээрээс олоод компанидаа авч ирээд үзүүлэхэд компанийн ерөнхий механикч хүлээж авч болохоор машин байна гэсэн ба энэ машиныг би зах дээр байгаа хүнээс 140.000.000 төгрөгөөр авч байгаа. Компанидаа 165.000.000 гээд нийлүүлэх гэрээг чиний нэр дээр хийгээд өгье, тэндээс нь надад ашиг мөнгө өгөөч ээ” гэсэн. Тэгэхээр нь би “хүнээс мөнгө зээлээд хайгаад үзье” гэж хэлээд өөрийн хамаатны дүү Б-оос 50.000.000, найзаасаа 49.000.000, хамт ажилдаг хүнээс 40.000.000 төгрөг тус тус хүүтэй зээлээд “гэрээгээ бэлэн болгочихвол мөнгө нь бэлэн болчихлоо” гэдгийг хэлсэн. 50.000.000 төгрөг зээлсэн Б- гэх дүүгээ “ийм машин худалдаж аваад цаанаа нийлүүлж байгаа. Танай ажилдаа ойрхон юм байна. Тэр гэрээг нь өөр дээрээ хийгээд өгөөч ээ” гэж гуйсан. Манай дүү зөвшөөрч удахгүй Э-ээс чатаар “гэрээ бэлэн болчихлоо” гээд гэрээний зураг явуулаад “машины эзэнд нь яаралтай мөнгөө өгөхгүй бол болохгүй байна. Машиныг нь манай компани хүлээж аваад уурхай руу захирал унаад явсан” гэхээр нь манай дүү “гэрээн дээр гарын үсэг зураагүй байна шүү дээ, цаасан гэрээ нь хаана байна” гэхэд “компанийн хуулийн хэлтэс гэрээг шалгаж байгаад гэрээний дугаар олгосны дараа гэрээг өгнө. Машины эзэн уурлаад байна. Гялс мөнгийг нь өгөөд нэрийг нь шилжүүлээд авчихъя, 14 хоногийн дараа гэрээ хийсэн танай дүүгийн данс руу 165.000.000 төгрөг орно. Би тэрийг нь хурдан хийлгүүлнэ” гэсэн. Мөнгөө шилжүүлье, гэхдээ “машины нэрийг би өөрийн нэр дээр эсвэл компанийн нэр дээр нь өгье өө” гэхэд “захирал байхгүй байна. Хоёулаа эхлээд энэ хүний мөнгийг нь өгөөд явуулчихъя” гээд Э-, машины эзэн гэх үл таних хүн бид 3 Сүхбаатар дүүргийн 1 'дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарт уулзсан. Уулзаад мөнгөө шилжүүлэх гэхэд тус тээврийн хэрэгсэл нь Хаан банкны зээлийн барьцаанд байсан. 40.000.000 төгрөгийг машины эзэнд нь өгөөд зээлийг нь хаалгуулаад машинаа зээлээс чөлөөлж банкнаас бичиг авсан. Тэгэхэд оройны 17:30 цаг болж байсан болохоор Авто тээвэр хаасан байсан тул нэр шилжээгүй. Нэр шилжих боломжгүй болсон учраас үлдэгдэл 100.000.000 төгрөгийг тухайн хүний дансанд шилжүүлээд зээлээс чөлөөлсөн бичиг машин эзэмшигчийн иргэний үнэмлэх, машины гэрчилгээ 3-г би авч харьсан. Маргааш нь Э- рүү залгаад “гэрээ хийсэн компанийн нэр лүү тээврийн хэрэгслийг шилжүүлж өгье” гэхэд “завгүй байна. Дарга нар байхгүй байна. Машиныг миний нэр дээр шилжүүлээд өгчих” гэсэн. Тэгэхээр нь би утсаа салгаад машины эзэмшигч рүү залгаад “байгаа газар дээр чинь очиж машинаа шилжүүлж авъя” гэхэд “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байрлах 22 авто худалдааны төв дээр хүрээд ир” гэсэн ба явж очоод машины эзэмшигчтэй уулзаад тэндээ байдаг авто тээврийн төв дээр тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлээд авсан. Тэрнээс хойш өдөр болгон Э- рүү холбогдож мөнгө гэрээ 2-г асуухаар дарга нар байхгүй байна гэсээр байгаад он гаргасан. Шинэ оны үеэр санаандгүй байж байгаад Фейсбүүк дээрээ “машин зарна” гэсэн зарыг нь олж харсан. Гайхаад өөр хүнээр машины талаар асуулгахад Э- өөрөө байсан. “Би ахтайгаа цуг явж байна, одоо машиныг чинь үзье” гэхэд Циркийн урд талд байрлах гэрийнхээ хажууд дуудсан. Очсон чинь гэрийн гадаа тухайн тээврийн хэрэгсэл зогссон байдалтай хүмүүст үзүүлж байсан. Би өөрөө ахыгаа явуулаад холоос харж зогсож байгаад Э- руу залгаад ярихад “үдээс хойш мөнгө шилжүүлнэ” гэсэн. “Нэрийг нь яаралтай шилжүүлээд өгөхгүй бол дарга уурлаад байна. Намайг нэр дээрээ шилжүүлээд авчих” гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь “машинаа аваад хүрээд ир хаана уулзах вэ” гэхэд “Циркийн авто тээвэр дээр уулзъя” гэсэн ба тухайн газарт очиж уулзаад, би “танай захиралтай уулзана цуг явъя” гээд машины түлхүүр булааж аваад “чамд яагаад энэ машин байгаа юм бэ, Танай компани хүлээж аваад уурхай явсан гэсэн шүү дээ. Бас чи фейсбүүк дээр зарна гэсэн зар тавьсан байна энийгээ хар” гэхэд “энэ машиныг манай компани худалдаж авахаа больсон. Би энэ машиныг чамд мэдэгдэхгүйгээр худалдаж мөнгийг нь гаргаж өгөх гэж байсан юмаа” гэж хэлсэн. Тэгээд би салж яваад компани дээр нь очиж уулзсан. Тэгтэл тэр компанид “жилийн өмнө 14 хоног ажилд орох дадлага хийж байгаад больсон хүн” гэж хариуцсан хүн нь хэлсэн. Би чатаар ирсэн гэрээгээ үзүүлээд “тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгаа тул миний хохирлыг барагдуулж өг, Тээврийн хэрэгслийг та нар авсан биз дээ” гэхэд Э- гэдэг хүн манайд хамааралгүй хальт ажилдаа гарсан гэж мэдэгдсэн. Онлайн системийн программ руу орж үзүүлсэн гэхэд манай байгууллагын дотоод нууц систем байдаг. Энэ мөн үү гэж надад харуулсан. Би “Э-ийн үзүүлсэн мөн байна” гэж хэлээд өөрөө нэвтэрч ороод “надад гэрээнүүд үзүүлсэн шүү дээ” гэхэд “энэ хүн гэрээний тамгыг хуурамчаар хийсэн байна. Манай системд зөвшөөрөлгүй халдсан байна. Бид нар байгууллага дотор шалгалт хийнэ тантай болон цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана” гэж хэлсэн. “Манай байгууллагаас энэ тухайн шаардлагатай бичиг баримтууд байвал та авч болно шүү” гэж хэлсэн. Энэ асуудлын эхэнд би 3 хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан тул машиныг зарахаар болоход 80.000.000 төгрөгт л арай гэж зарагдахаар машин байсан. Би Э- рүү утасдаад “чи намайг луйвардсан байна, хүний хямдхан машиныг үнэтэй шахаад дундаас нь мөнгө авсан байна. Энэ машин 80.000.000 төгрөгийн л үнэлгээтэй байна” гэхэд Э- хүлээн зөвшөөрч дундаас нь авсан мөнгөөрөө ахиад “нөгөө компанидаа материал аваад нийлүүлсэн байгаа. Ахын компаниар хийж байгаа. Мөнгө нь долоо хоногийн дараа ороод ирнэ, тэндээс 40.000.000 төгрөгийг өгье, дараа нь ахиад 40.000.000 төгрөгийг над дээр зээлийн гэрээ хийгээд нотариат оръё, цагдаад битгий хэлээч 2 жоохон хүүхэдтэй” гэж гуйсан. Тэгэхээр нь би Э-ээс нэр дээр шилжүүлэн авсан тээврийн хэрэгслээ аваад 80.000.000 төгрөгт өгөөд хүмүүсээс авсан тал зээлээ хаасан. Өөр дээрээ банкнаас 30.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй би өөрөө луйварчин болчих гээд байна. Өөрийн Хаан банкны Б- тоот данснаас 90.000.000, дүү Б-ын ХХБ Б- тоот данснаас 50.000.000 төгрөгийг Ч.Б-ын Хаан банкны Б- тоот данс руу 140.000.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн, ” (хх 28-29),
Гэрч Ч.Б-ын “...Би хувьдаа Ланд 76 маркийн .... УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан ба түүнийгээ зарах зорилгоор фейсбүүкт зар байршуулсан. Зарын дагуу .... утасны дугаараар Э- гэх залуу холбогдож машины үнийн мэдээлэл аваад “маргааш худалдаж авъя” гэсэн. Маргааш нь машинаа зарахаар болоход Э- надад “танил маань авч байгаа юмаа, би өөрөө хэдээр зарах нь хамаагүй биз дээ” гэхэд би “хамаагүй ээ, чи надад машины үнэ болох тохиролцсон 103.000.000 төгрөгөө гаргаж өгч байвал болоо” гэж хэлсэн. Тэрний дараа Э- үл таних нэг залуутай хамт бид 3 Хаан банкин дээр очиж төлбөр тооцоогоо дуусгасан. Тухайн үед миний данс руу машины үнэ болох нийт 140.000.000 төгрөг орж ирсэн ба би Э-ийн хэлсэн данс руу нь 37.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Машинаа худалдсан өдөр нэр шилжүүлэх гэхэд ажлын цаг дууссан байсан тул маргааш нь СХД-н 32-р хорооны нутагт байрлах 22 авто худалдааны төв дээрх авто тээврийн төв дээр Т-тай уулзаж нэрийг нь шилжүүлж өгч байсан Миний Хаан банкны Б- тоот данс руу 140.000.000 орж ирээд би буцаад Э-ийн мессежээр явуулсан М банкны .... тоот данс руу нийт 37.000.000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр буцаан шилжүүлсэн. Ийм үнээр машин зарж байгаа юм чинь чи надад жоохон шоуны мөнгө өгөхгүй юм уу гэхэд Э- нь 3.000.000 төгрөгийг авалгүй үлдээсэн” (хх 31),
Гэрч Б.О-ийн “...Э- нь 2023 оны 08 сараас 2023 оны 10 сар хүртэлх хугацаанд манай байгууллагад худалдан авалтын менежерийн албан тушаалд 2 сар орчим туршилтын хугацаагаар ажиллаж байгаад ажлын байран дээр тэнцээгүй тул ажлаас халагдсан. Ажиллаж байх хугацаандаа 2 тээврийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагаанд Э- оролцож байсан. Тэр 2 тээврийн хэрэгслийн нэг нь усны машин нөгөөдөх нь түлшний тэрэг байсан Би “Т-” ХХК-д 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан ба энэ хугацаанд ийм гэрээ хийгдэж байгаагүй. Манай байгууллага ийм төрлийн тээврийн хэрэгслүүдийг заавал албан ёсны худалдан борлуулдаг газруудаас авдаг ба хувь хүнээс худалдан авалт хийдэггүй. Э- нь ажиллаж байх хугацаандаа өмнө хийгдэж байсан гэрээнүүдээс тасалж аваад хуурамчаар үйлдсэн байж магадгүй. Ажиллаж байх хугацаанд гэрээний систем рүү орох эрхтэй байсан ”Т-” ХХК-н зүгээс аливаа худалдан авалтад дээр харьцуулсан судалгаа хийгддэг. 100.000.000 төгрөгөөс давсан худалдан авалтад дээр манай гүйцэтгэх захирал дангаараа шийдвэр гаргах боломжгүй, заавал хувьцаа эзэмшигч нарт танилцуулдаг. Хувьцаа эзэмшигч нарт танилцуулаад гарын үсэг зурагдсаны дараа гэрээний программд худалдан авалтын менежер гэрээг үүсгэдэг. Үүсгэсэн гэрээг ерөнхий нягтлан болон хуулийн хэлтсээс хянаад гэрээ баталгаажуулагдаад дугаар авагдаад гарын үсэг зурахад бэлэн болдог. Харин Т- гэх хүнээс гарган өгсөн гэрээн дээр ямар ч дугаар байхгүй байгаа тул энэхүү гэрээ нь систем рүү ороогүй хуурамчаар үйлдэгдсэн гэрээ байх боломжтой гэж харж байна” гэсэн мэдүүлгүүд (хх 33),
“Т-" ХХК-ын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А-75- 25/32 тоот “...Т- ХХК нь Макс группийн харьяа охин компани бөгөөд тус хэрэгт холбогдогч Э-ын Э- /РД: Э-/ нь тус компанийн Худалдан авалтын менежер албан тушаалд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2 /хоёр/ сарын туршилтын хугацаатай ажиллаж байсан билээ. Э.Э- нь туршилтын хугацаанд тус албан тушаалд тэнцээгүй тул ажил олгогч талаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг өгч, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн болно...” албан бичиг (хх 37),
Ч.Б-ын эзэмшлийн Хаан банкны Б- дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа (хх 25) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-ийг “Т-” ХХК-д ажилладаггүй атлаа албан байгууллагын нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч гэрээ үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж хохирогчоос 37.000.000 төгрөгийг хууль бусаар авч залилсан нь нотлогдож байгаа бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна гэж дүгнэн шүүгдэгч Э.Э-т холбогдох хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэргийг судлан үзвэл, шүүгдэгч Э.Э- нь өөрийгөө хохирогч Ц.Т-т “Т-” ХХК-нд худалдах, худалдан авах хэлтэст худалдааны менежерээр ажилладаг гэж танилцуулан, хуурамч гэрээ үзүүлээд 140,000,000 төгрөгөөр машин худалдаж аваад манай компанид 165,000,000 төгрөгөөр зарах боломж байна” гэж итгүүлэн хохирогч Ц.Т-аар 140,000,000 төгрөгийг Ч.Б-ын данс руу шилжүүлүүлжээ. Шүүгдэгч Э.Э- нь машиныг Ч.Б-аас 103,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 37,000,000 төгрөгийг өөртөө авсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч Э.Э- нь автомашиныг Ч.Б-аас худалдаж авсаны маргааш нь хохирогч Ц.Т-ын эзэмшилд шилжүүлсэн буюу захиран зарцуулах эрхгүй байсан нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Э- нь анхнаасаа хохирогчийг төөрөгдөлд оруулж 140,000,000 төгрөгийг залилах сэдэл, санаатай байсан гэж дүгнэх боломжгүй, бодит байдал дээр яллах дүгнэлтэд дурдсан залилан мэхлэх аргаар 140,000,000 төгрөг бус 37,000,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг залилж авсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, прокуророос шүүгдэгч Э.Э-ийг худал хэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний буюу нийт 140.000.000 төгрөгийг залилсан гэж үзсэн боловч Ч.Б-аас 103.000.000 төгрөгөөр машиныг авч зөвхөн 37.000.000 төгрөгийг өөртөө авч, уг тээврийн хэрэгсэл болох .... УБО улсын дугаартай Ланд-76 маркийн машиныг хохирогч Ц.Т-ын нэр дээр шилжүүлэн өгсөн болох нь хохирогч Ц.Т-ын мэдүүлэг, гэрч Ч.Б-ын мэдүүлэг болон банкны гүйлгээний баримтаар бүрэн нотлогдож байх ба Э.Э-ийн үйлдлийн улмаас бодитоор учирсан хохирол нь 37.000.000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээг гэмт хэргийн шинж болгон заасан, шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас 140,000,000 төгрөгийг эсхүл машиныг өөртөө захиран зарцуулахаар шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй, хохирогчийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлсэнээр захиран зарцуулах эрх нь хохирогч Ц.Т-т үүссэн байна.
Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд нь тохирсон байна.
Шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү нараас “...Тухайн залилах үйлдэлд шүүхээс шийтгэл оногдуулсан цаг хугацааг тооцож үзэхэд 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд буюу 01 /нэг/ сарын зайтай 2 удаа шүүхээр орж, ял авсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Э.Э- өмнө хоёр удаагийн залилах гэмт хэрэгт анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа үйл баримт тогтоогдож байх боловч хүчин төгөлдөр болсон дээрх хоёр шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй, харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-т 01 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 25 хоногоор тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, ялын зорилгод нийцсэн байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийн цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2132 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Г.Б-ийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР