Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2019/00027

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч 5 дугаар сургуульд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/00042 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.190.328 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* намайг Орхон аймгийн Баян өндөр сумын 5-р сургуульд ажиллаж байхад ажлаас халж уг асуудлаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу шүүхийн шийдвэр гарч 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажилд эгүүлэн авсан боловч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 тушаалаар ажлаас дахин халсан. Уг асуудлаар дахин Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2018/00383 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 95 тоот магадлал гарч ажилд эгүүлэн тогтоосон. Уг шүүхийн шийдвэр, магадлалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас албадан биелүүлж, Орхон аймгийн Баян өндөр сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 95 тоот ажилд томилох тухай тушаал гарсан. Дахин дахин ажлаас халсан асуудлыг шийдвэрлэх хугацаанд ажилгүй байсан ба ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00191 тоот шийдвэр гарч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх цалин хөлс олгох асуудлыг хангаж шийдвэрлэсэн. Иймд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх цалин хөлс болон ээлжийн амралт, үр дүнгийн урамшуулал болох нийт 4.190.328 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэг сарын цалин хөлс 415.592 төгрөг болно. Мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг хариуцагчаас нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн 5 дугаар сургуулийн захирал Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: ******* нь 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шүүх түүнийг нярвын ажилд эргүүлэн тогтоосон. Энэ үедээ тэрээр цалингаа нэхэмжилж шийдвэрлүүлээгүй. Анхан шатны шүүх *******ын хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлээд, давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэж дууссан. Гэтэл энэ хугацаанд ******* нь цалин гэж огт нэхээгүй бөгөөд ажилдаа оръё гэж ч ирээгүй. 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх үеэр ч ирээгүй. Тэгтэл 2018 оны 09 сарын 13-нд Орхон аймгийн ШШГА-наас *******ыг ажилд нь ав гэсэн албан бичиг ирэхлээр нь түүнийг утсаар дуудаж 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар нярвын ажилд томилон ажиллуулсан. Бид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд УДШ-д хандаагүй. Үүнийг *******т шүүх хурлын дараа шууд хэлээд маргааш ажилдаа ороорой гэсэн. Гэтэл ******* маргааш нь буюу 2018 оны 07 сарын 06-нд ирээгүй. Маш олон удаа утастсан боловч утсаа авахгүй, эсвэл холбогдохгүй байсан Тийм учраас түүний нэхэмжилж байгаа цалинг төлөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/00042 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.776.238 /гурван сая долоон зуун далан зургаан мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 414.090 /дөрвөн зуун арван дөрвөн мянга ер/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан дээрх цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 82.000 /наян хоёр мянга/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 75.369 /далан таван мянга гурван зуун жаран ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/00042 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь:

Шүүх *******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёсгүй байсан. ******* нь анх ажлаас үндэслэлгүй халагдлаа гэж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлээгүй. Ажлаас халагдсан тухай мэдсэн өдрөөс цалин олгогдохгүй гэдгийг ******* нь мэдэж байсан. Энэ өдрөөс буюу 2018 оны 02 дугаар сарын 23-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх буюу гомдол гаргах хугацааг тоолох ёстой. ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан 3 сарын хугацаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Мөн түүнчлэн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хариуцагч талаас Улсын дээд шүүхэд гомдол гаргахгүй, ажилдаа ороорой гзж хэлсэн боловч ирэхгүй байсаар байгаад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандсан нь дээрх хөөн хэлэлцэх хугацааг бас л хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Орхон аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд холбогдуулж Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.190.328 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа цалин хөлс нэхэмжлээгүй, шүүхийн шийдвэр гарсны дараа дуудуулахад ирээгүй, шүүхэд цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.776.238 /гурван сая долоон зуун далан зургаан мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 414.090 /дөрвөн зуун арван дөрвөн мянга ер/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан дээрх цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******ыг тус сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 тушаалаар нярвын ажлаас буруу халсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч сайн дураараа биелүүлээгүй тул тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсаны үндсэн дээр ажил олгогч 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн № ... тушаалаар нярвын ажилд эгүүлэн тогтоосон болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч *******ыг нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 7 дугаар сарын 4 ний өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18 ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.190.328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байна. .

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан ба зохигчдын хооронд үүссэн ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн маргаанд гурван сар-ын хугацааг хэрэглэхээр заасан тул нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааны хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Учир нь нэхэмжлэгч *******ыг нярвын ажилд эгүүлэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тушаал гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийг удаа дараа дуудаж ажилд нь оруулах гэтэл ирээгүй гэх тайлбар, татгалзлалаа хариуцагч нотолж чадаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэгч Д.Отгонбаяыр нь шүүхэд ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлээ 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гаргах үедээ ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжлэх ёстой байсан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/00042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.370 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ