2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/10840

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,   тоот хаягт байрлах К к и ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   тоот хаягт оршин суух, жовогт Б А/РД: /,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   тоот хаягт оршин суух, Ж овогт С С /РД: / нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,403,900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн С.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч К к и ББСБ ХХК нь хариуцагч Б.А, С.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,403,900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 К к и ББСБ ХХК нь зээлдэгч Б А, С С нартай 2024 оны 03 сарын 19-ны өдөр № ЗГ00031733 дугаартай Зээлийн гэрээ, ҮХБГ2403190043 тоот барьцааны гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 33,6% (сарын 2,8%) хүүтэйгээр, эхний 6 cap хүү төлөөд 7 дэх сараас үндсэн зээл хүүгийн хамт эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээл олгосон. Уг зээл авснаас хойш 4 удаагийн төлөлтөөр зээлийн хүүнд 3,542,000 төгрөг эргүүлэн төлсөн байна. Хариуцагч нар нь 2024/07/25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөлгүй хугацааг бүтэн 13 сараар хэтрүүлсэн байх бөгөөд манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч нь элдэв шалтаг шалтгаан хэлж зээл төлөлтийг хойшлуулан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, ноцтой зөрчиж нэхэмжлэгчийг хохироосоор байна. Иймд Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19, 20, 21 дүгээр зүйл мөн зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд тус тус заасныг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 10,570,000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 402,500 төгрөг нийт 40,972,500 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: ...К к и ББСБ ХХК нь Б.А, С.С нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,972,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл хариуцагч Б.А, С.С нар нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөлгүй манай байгууллагыг хохироосоор байх тул нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 12-ныг дуусталх өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 78 хоногийн зээлийн хүү 2,181,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249,700 төгрөг, нийт 2,431,400 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Б.А, С.С нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 43,403,900 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Б.А, С.С нарт хариу тайлбартаа: Бид 2024.03.19-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээлийг авсан ба зээлийн хүүг 6 сар төлсөн. Харин 2 сарын хүү болох 1,800,000 орчим төгрөгийг ямар данснаас хийснээ санахгүй байдаг ба энэ байгууллагын одоо нэхэмжилж байгаа 40,972,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь К к и ББСБ ХХК нь энэ хэрэг маргаанаар 2025.03.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрсдийн хариуцлагагүй байдлаас тус хэрэг хаагдсан ба энэ үес хойш хүү алданги бодож байгаа нь хууль зөрчиж байгаа тул уг нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж маргажээ.

 

2.1 Хариуцагч С.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025.08.12-ны өдрийн 25/02 371 тоот албан бичгээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад 30,952,500 гаргуулахаар, 2024.03.19-ний өдөр С.С нар зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, жилийн 33,6 хүүтэй нөхцөлөөр зээлсэн. Боломжит нөхцөлөөр хуваарийн дагуу зээлийг төлж байсан. Зээл төлж чадаагүй шалтгаан нь Б.Агийн онош тогтоогдож, элэгний хорт хавдартай болох нь тогтоогдсон. 2025.05.12-ны өдөр 25\02 119 тоот албан бичгээр иргэний шүүхэд анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 6,344,685 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,123 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь энэ үед зээлийн эргэн төлөлт төлөгдөхгүй байгаа учраас гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж байгаа асуудал юм. Иймд манай зүгээс 36,439,808 төгрөгийг зөвшөөрч байна. Харин Иргэний хэргийн шүүхийн 2025.06.26-ны өдрийн 192/ШЗ2025/28601 тоот шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт 0626-ны өдөр шүүх хуралдааныг товлосон ч нэхэмжлэгчийн төлөөлөгч Т нь 06.18-ны өдөр тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурж, шүүх хуралдааны товыг мэдсэн байна гэж дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, Иргэний 451, 452 дугаар зүйлийн үндэслээд 36,439,808 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхээс буцаасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нөхцөл байдлаа нотлоогүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй. 3-6 хүртэлх хугацааны хүү, 8 сард нэхэмжлэх гаргахдаа нийт 5 сарын хүү нэмсэн. 8 сараас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж нотлох баримт цуглуулах эрх, үүргийг хэрэгжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээд нийт 43 сая гаруй төгрөг нэхэмжилж байна. Шаардах эрх хэзээ үүссэн, шаардах дуусгавар болгох хугацаа нь манай хувьд 2025.03.12-ны өдрөөс үндсэн зээлийн 30,000,000 төгрөг, зээлийн хүү 6.034.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,123 төгрөгөөр зээлийн хүүгийн хязгаарыг тогтоогоод, энэ хязгаараа зөрчөөд өөрсдөө шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүхэд ирээгүй байж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ өсгөж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа 9 сая гаруй төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Давагдашгүй нөхцөл байдал буюу эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан үзэхийг хүсэж байна. 03.12-ны өдрөөр зээлийн хүүгийн хугацааг тасалбар болгож, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй. гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Төлбөрийн даалгавар, Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, Иргэний үнэмлэхийн хуулбар, Хэрэглээний зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, Нийгмийн даатгалын мэдээлэл, Зээлийн мэдээллийн лавлагаа, Хэрэглээний зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, Иргэний хаягийн мэдээлэл, Зээлийн мэдээллийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээл төлбөрийн тухай шаардах мэдэгдэл, Зээл төлөлтийн дансны хуулга, Зээлийн тооцоолол, Итгэмжлэл, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн тооцоолол зэрэг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар, Итгэмжлэл, 2025.03.12-ны өдрийн нэхэмжлэл, 2025.06.26-ны өдрийн 28601 дүгээр шүүгчийн захирамж, Эмнэлгийн магадалгаа болон шинжилгээнд төлбөр төлсөн баримтууд шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч К к и ББСБ ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч Б.А, С.С нартай 2024 оны 03 сарын 19-ны өдөр № ЗГ00031733 дугаартай Зээлийн гэрээ, ҮХБГ2403190043 тоот барьцааны гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 33,6% (сарын 2,8%) хүүтэй төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож зээл олгосон. Уг зээлийг авснаас хойш 4 удаагийн төлөлтөөр зээлийн хүүнд 3,542,000 төгрөг төлсөн. Хариуцагч нар нь 2024.07.25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 43,403,900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.А, С.С нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч 2025.03.22-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 36,439,808 төгрөгийг шаардсаныг бид хүлээн зөвшөөрнө. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй учраас нэхэмжлэлийг буцаасан байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүг багасгаж өгнө үү. Мөн нэхэмжлэгч 2024.12.19-ны өдөр Мэдэгдэл өгснөөр гэрээ цуцлагдсан байх тул тухайн өдрөөр тооцож хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоож өгнө үү гэх агуулгаар маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч К к и ББСБ ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Б.А, С.С нартай ЗГ00031733 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Б.А, С.С нар зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээн харилцан тохиролцсон байна. /хх11-13/

 

4.2 Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2403190043 дугаартай Зээлийн барьцааны гэрээг байгуулж, Б.Агийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, * тоот хаягт байршилтай 40,61 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх15-17/

 

5. Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан шаардлагад нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч К к и ББСБ ХХК нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлийн 30,000,000 төгрөгийг 2024 оны 3 сарын 19-ний өдөр хариуцагч С.Сэд шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-10/

 

7. Хариуцагч Б.Ань 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ00031733 тоот зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээний оролцогч болсны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.С, Б.Анар нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх үүргээс хариуцагч нар нь зээлийн хүүд 3,542,000 төгрөгийг төлсөн байх боловч 2024 оны 8 дугаар сараас үндсэн зээл, хүүг төлөөгүй, зээлийн гэрээний 5.3, 6.2.3, 6.2.5, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.

 

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар зээл, хүү төлөхийг хариуцагч нараас шаардан 2024 оны 12 дугар сарын 16-ны өдөр мэдэгдэл хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна. /хх-27/

 

8. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нар нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх гэрээний үүргийг зөрчсөн болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, үүрэг гүйцэтгүүлэгчээс зөрчлийг арилгуулахаар сануулан шаардсан боловч зөрчлийг арилгаагүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дүгээр зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн.

 

Нэхэмжлэгч К к и ББСБ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч С.С, Б.Анарын гүйцэтгэх үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 10,570,000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 402,500 төгрөг нийт 40,972,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2025.10.30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг, үндсэн зээлийн үлдэгдэлд 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,751,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 652,200 төгрөг, нийт 43,403,900 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээнд заасныг зөрчөөгүй байна. /хх54-56/

 

Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж тус тус заасан. Түүнчлэн талууд зээлийн гэрээний 10.3-т ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь зээлийг буцаан төлөх хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирол зардлаас зээлдэгч чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. гэж талууд гэрээгээр тохиролцжээ.

 

9. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч нар зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн, зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэн шүүхэд хандаж үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нийцсэн гэж үзнэ.

 

10. Мөн хариуцагчаас ...Б.Ань хүндэтгэн үзэх шалтгаантай буюу хүнд өвчтэй байгааг харгалзан хүүгийн хэмжээг багасгах хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан зохицуулалтын агуулгад нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүүгийн хэмжээ илт хохиролтой гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд 2025.02.26-ны өдрийн Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн тогтоолоор зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

11. Иймд хариуцагч нар зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн, хуульд зааснаар зээлийг эргэж төлөх хүртэл хугацаагаар буюу шүүхийн шийдвэр гаргах өдрөөр тооцон зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч С.С, Б.Анараас шаардах эрхтэй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ00031733 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 43,403,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К к и ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

12. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй,

 

Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 158.2-т үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ, 174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан ба нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Мөн хариуцагч нар нь зээлийг ашиглаж үндсэн зээл, хүү төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний 3.3, 6.2.6, барьцааны гэрээний 4.2.3, 5.1.5-д зааснаар барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байна.

 

13. Иймээс хариуцагч С.С, Б.Анар нь зээлийн гэрээний дагуу 43,403,900 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч К к и ББСБ ХХК нь барьцааны зүйл болох, хариуцагч Б.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

14. Нэхэмжлэгч К к и ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 486,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С, Б.Анараас 486,866 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С, Б.А нараас 43,403,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К к и ББСБ ХХК-д олгосугай.    

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.С, Б.Анар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч К к и ББСБ ХХК нь барьцааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Б.Аөмчлөлийн Хан-Уул дүүрэг, * тоот хаягт байршилтай 40,61 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 486,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С, Б.А нараас 486,866 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К к и ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ