2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/00457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,   тоот хаягт оршин суух, Д овогт Д Г /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, өөрийн байранд байрлах У д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , түүний өмгөөлөгч Б.у, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ч.М, Ж.Б, гэрч Б.О , Л.э , Х.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч У д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Миний бие У-д вагоны үйлчлэгчээр тасралтгүй 13 жил ажиллаж байна. Д.Г миний бие У-ын З в д гийн 19 дүгээр цувааны вагоны үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Гэтэл манай галт тэрэгний дарга О надад ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй үйлдэл үзүүлж, үндэслэлгүйгээр ажилладаг цуваанд маань ажиллуулахгүй болсон. Энэ талаар гомдлоо би депогийн удирдлагад гаргасан боловч өнөөдрийг авч хэлэлцээгүй. Намайг 2024 оны 4, 5 сард О даргатай ажиллаагүй байж байгаад эргэн ажиллах үед Г тэй хамт ажиллахгүй гэсэн гарын үсгийн ажилчдаас цуглуулж илт ялгаварлан гадуурхсан.

Энэ нь надад маш их дарамт болж миний санаа сэтгэл хямарсан ч би ажиллах ёстой тул үргэлжлүүлэн 6 сараас үргэлжлүүлэн О даргатай 19 цуваандаа ажиллаж эхэлсэн. Энэ мэт шууд болон бусаар ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж 19 цуваанд ажиллуулахгүй байсан тул би 19 цуваанд ажилд гарах болохоо илэрхийлж, өглөө 2024 оны 09 сарын 04-ний өдөр ажилдаа гарахаар планеркандаа суусан боловч гаргаагүй, энэ байдал 2024 оны 09 сарын 09, 13-ны өдрүүдэд мөн дахин давтагдсан.

Би 19 цуваандаа ажилламаар байна гэж уйлж гуйж байсан хэдий ч надад ажил өгөөгүй. Ингээд би ээлжийн амралтаа 2024 оны 09 сарын 15-ны өдрөөс авсан. Ээлжийн амралтаас дуудах З в д гийн даргын 2024.09.18-ны өдрийн Б/1129 дугаар Д.Г ийг ээлжийн амралтаас дуудах тухай тушаалаар 2024.09.20-ны өдөр явуулсныг шуудангаар манай гэрт 2024.09.25-нд охин авч танилцаад надад мэдэгдсэн. Би хөдөө орон нутагт амарч байсан учраас ажлаа зохицуулаад яаралтай 2024.09.28-нд ажил дээрээ ирсэн. Орлогч Мөнхбат за би асууя гээд асуугаад за би эргээд ярья чи энэ хавиараа байж бай гэсэн. Тэгээд надад амралтаа дуусгачхаад ирэхгүй юу дөө гэсэн. Би холоос маш их хүлээлттэй миний нааштай шийдэх байх гэж найдаж ирсэн боловч ийм зүйл болоогүйд бухимдсан. Ээлжийн амралтаас 2024 оны 10 сарын 25-ны өдөр эргэн ороод өөр чиглэлд ажиллаж байхад 2024 оны 11 сарын 06-ны өдөр шуурхай хурал хийж, намайг ажил тасалсан гэсэн үндэслэлээр миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргаж ажлаас халсан.

У-ын З в д гийн даргын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн Б/1353 дугаар тушаалын 2024 оны 11 сарын 11-ний өдөр гардан авч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гаргаж, У-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024 оны 12 сарын 03-ны 2024/36 дугаар тэмдэглэлийг 2024 оны 12 сарын 17-ны өдөр гардуулсныг хүлээн авч энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний бие 13 жил төмөр замд ажиллахдаа ажлаа тасалж үзээгүй. Хариуцсан ажилдаа эзэн болж ажилласаар ирсэн. О дарга надад ажлын байрны дарамт үзүүлж, ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж, би ямар буруу юм хийсэн гэж өөрийн цуваатай хамт явж болохгүй байгаа гэж би гомдож, цуваандаа ажиллахыг шаардаж байсан.

Намайг 19 цуваанд ажилд гаргаагүй тул нарядчик ажилд хуваарилаагүй гэдгээ өөрөө хурал дээр хэлсэн боловч надаас үл хамаарах шалтгаанаар удаа дараа ажилдаа гарахаар очсон боловч ажилд гарч чадаагүйг маань ажил тасалсан гэж бүртгэн сахилга хүлээлгэсэнд гомдолтой байна. Миний ажлын байр дарамт, ялгаварлан гадуурхалтаар дүүрэн байхад анхаарч үздэггүй, ажлын хүнд, ялгаварлал дарамтаас үүдэлтэй стрессээс үүдэж цахим хуудсандаа асуудал тавьсан. Би О даргын хэлсэн зүйлийг л гаргаж тавьсан. Ажил олгогч надад үзүүлсэн ялгаварлан гадуурхалт дарамтын шинжтэй үйлдлийг үл тоож, намайг халж тус байгууллагад тасралтгүй 13 жил ажиллаж, ажлын байрны шууд ялгаварлан гадуурхалтад өртөж, ажлаас халагдсандаа гомдолтой байх тул миний гомдлыг хангаж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгөхийг хүсье  гэжээ.

 

2. Хариуцагч У хариу тайлбартаа: Д.Г нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар" чиглэлийн суудлын 306 дугаар галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа эмнэлгийн зориулалттай шарлагын аппаратыг ОХУ-ын хилээр хууль бусаар гаргах гэж байгаад саатуулагдсан.

Энэ нь У" ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.4-т "материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор Нийгэмлэгийн нэр болон албан тушаалын эрх мэдэл, давуу талаа ашиглахгүй байх, Хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т ... ажил үүрэгтэй нь холбогдох дүрэм журам зааврыг чанд дагаж мөрдөх, мөн гэрээний 3.2.4-т ... албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн болон урвуулан ашиглахгүй байх. ажлын байрны тодорхойлолтын олон улсын галт тэрэгний вагоны үйлчлэгч нарын нэмэлт үүрэгт ... улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан бараа болон ямар нэгэн эд зүйлийг бусдад дамжуулан өгөх, бусдаас хүлээн авах, вагоны эд ангид нуух зэргээр хууль бусаар хип давуулахыг хориглоно, Монгол Улсын хууль болон олон улсын хууль тогтоомжид заасны дагуу хил гаалийн зөрчилгүй ажиллах гэж заасныг зөрчсөн тогтоогдсон тул З в д гийн даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Д.Г т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1020 тоот тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах" сахилгын шийтгэлийг" ногдуулсан, Д.Г тушаалыг гардан авснаас хойш хуулийн хугацаанд гомдол гаргаагүй тул сахилгын шийтгэл хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн фейсбүүкийн G  гэх хаягаас Замын удирдлагыг согтууруулах ундаа хууль бусаар ажилчдаар зөөлгөдөг гэх үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтэд тарааж байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдаж ХНН "У-ын Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2-т хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа гүжирдэн доромжлох, нэр хүндийг унагах үйлдэл хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн. Дээрх зөрчсөн үйлдлийг ХНН У-ын Дотоод аудит. хяналт шалгалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайлангаар тогтоогдсон.

Мөн ХНН У-ын Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.1-т "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр. сардаа нийлбэр дүнгээр 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах сахилгын шийтгэл ногдуулна.

Ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөт 3 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн" бол сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасан.

Д Г нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй 12 өдрийн ажил тасалсан нь дээрх хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдох тул Зорчигчийн вагон делогийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1353 тоот "Д Г т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Хариуцагчийн зүгээс дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлагаа, У-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслан комисст гаргасан гомдол, Улаанбаатар төмөр замын З в д гийн даргын тушаал, У ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Тайлбар, Удирдах газрын ёс зүйн хороонд гаргасан гомдол, Итгэмжлэл, Эмнэлгийн магадалгаа, Ашиглалтын эрхэлсэн орлогч дарга Мөнхбатад гаргасан гомдол, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Гадаад паспортын хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар, Итгэмжлэл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг З в д -гийн үйл ажиллагаанд өргөдөл гомдлын асуудлын хүрээнд хийсэн шалгалтын танилцуулга, Урьдчилж олсон орлого, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын бүртгэлийн дэвтэр, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Хамтран ажиллана уу албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 19 дүгээр цуваа ажилчдын цаг ашиглалтын бүртгэлийн тайлан, Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан, 2024.08.22-ны өдрийн Б/1020 дугаар Д.Г т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2024.08.21-ний өдрийн Шуурхай хурлын тэмдэглэл, 2024.09.10-ны өдрийн Хурлын тэмдэглэл, Ажилтны анкет, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, З в д гийн ёс зүйн салбар хорооны даргын дүгнэлт, Цалингийн карт, Цалингийн тооцоо, Улаанбаатар төмөр замын З в д гийн даргын Ээлжийн амралтыг олгох тухай тушаал болон хавсралт, 2024.11.06-ны өдрийн Хурлын тэмдэглэл, 2024.09.18-ны өдрийн Б/1129 дүгээр тушаал, Ахлах нарядчикт гаргасан гомдол, Итгэмжлэл, У ын даргын Хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ажилтны ёс зүйн дүрэм, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоод аудит хяналт шалгалтыг зохион байгуулах журам зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие У-ын З в д гийн 19 дүгээр цувааны вагоны үйлчлэгчээр ажиллаж байсан. Гэтэл манай галт тэрэгний дарга О надад ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй үйлдэл үзүүлж, үндэслэлгүйгээр ажилладаг цуваанд маань ажиллуулахгүй болсон. би ямар буруу юм хийсэн гэж өөрийн цуваатай хамт явж болохгүй байгаа гэж би гомдож, цуваандаа ажиллахыг шаардаж байсан. 2024 оны 09 сарын 09, 13-ны өдрүүдэд мөн дахин давтагдсан. 2024.09.06-ны өдрөөс 09.17-ны өдрийг хүртэл манай хүүхэд өвдсөн, магадлагаагаа аваагүй байсан, би актыг бригадынхаа Доогий гэдэг охинд 2024.09.14-ний орой өгсөн. Нарядчикт амаар хэлсэн. Ээлжийн амралтаас 2024 оны 10 сарын 25-ны өдөр эргэн ороод өөр чиглэлд ажиллаж байхад 2024 оны 11 сарын 06-ны өдөр шуурхай хурал хийж, намайг ажил тасалсан гэсэн үндэслэлээр миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргаж ажлаас халсан. Ажлын байрны шууд ялгаварлан гадуурхалтад өртөж, ажлаас халагдсандаа гомдолтой байх тул миний гомдлыг хангаж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгөхийг хүсье. гэжээ.

 

3. Хариуцагч У шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Д.Г т 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Д.Г т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1020 тоот тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах" сахилгын шийтгэлийг" ногдуулсан, уг тушаалыг гардан авснаас хойш хуулийн хугацаанд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон. Д.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас Замын удирдлагыг согтууруулах ундаа хууль бусаар ажилчдаар зөөлгөдөг гэх үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтэд тарааж байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдсан нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайлангаар тогтоогдсон. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй 12 өдрийн ажил тасалсан нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдох тул Зорчигчийн вагон делогийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1353 тоот "Д.Г т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154.2 дах хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ. 

 

Нэхэмжлэгч Д.Г нь дээрх хуульд заасны дагуу У ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргасан байх ба уг комиссын 2024.12.03-ны өдөр 2024/36 дугаартай шийдвэрээр ...талууд харилцан тохироогүй үндэслэлээр... ажиллагааг дуусгавар болгож, ...харьяалах сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд эрхтэй гэж заажээ. /хх7-10/

 

Нэхэмжлэгч дээрх хариуг хүлээн авч, харьяалах сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахгүйгээр 2024.12.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

4.2 Ажил олгогч У нь ажилтан Д.Г ийг ашиглалтын салбарын вагоны үйлчлэгчээр ажиллуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан байх ба талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдох ба зохигчид энэ талаар маргаагүй. /хх116-119, 108-111/

 

4.3 Улаанбаатар төмөр замын З в д гийн даргын 2024.08.22-ны өдрийн Б/1020 дугаар Д.Г т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ...2024.08.09-ний өдөр хил, гаалийн зөрчил гаргаж ажлын алдаа дутагдал гаргасан тул нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг Д.Г т ногдуулжээ. Уг тушаалд ажилтан Д.Г гомдол гаргаагүй нь талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-92/

 

4.4 Улаанбаатар төмөр замын З в д гийн даргын 2024.11.11-ний өдрийн Б/1353 дугаар тушаалаар ...вагоны үйлчлэгч ажилтай Д.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 15-ны өдрүүдэд 12 хоногийн ажил тасалсан, худал мэдээлэл олон нийтэд тарааж, байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдсан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, З в д гийн дүрмийн 4.1.3 дахь заалт, "Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийн 7.5.6, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн дотоод журам-ын 14.3.1, 13.2.1, 13.2.2, 13.3.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 5.3.1, 5.3.14, 2024.11.06-ны өдрийн шуурхай тэмдэглэлийг үндэслэн Д.Г тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /хх-6/

 

5. Талууд ажлаас халсан тушаал үндэслэлтэй эсэх, ажилтан Д.Г ийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх талаар маргасан.

 

6. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд ...манай галт тэрэгний дарга О надад ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй үйлдэл үзүүлж, цуваанд маань ажиллуулаагүй, би 2024.09.04-ний өдрөөс хойш өдөр бүр ажил дээрээ очиж байсан ч намайг Эрхүүгийн галт тэргэнд хуваарилаагүй. Би 2024.09.05-ны өдөр нарядчикт үнэхээр миний сэтгэл санаа хэцүү байна ажил авч чадахгүй гэж хэлсэн. Гэхдээ одоо ажил байна уу гэхэд үдээс хойш болсон ажил байхгүй гэсэн. 09.06, 09.07-ны өдрүүдэд гомдол гаргаж Үйлдвэрчний хороонд очиж намайг хэлээд өгөөч гээд удирдахаар явсан. 2024.09.08-ны өдөр Мөнхбат дарга дээр дахиад орсон. Би 1 гараанд явчихмаар байна гэсэн. Хэрвээ намайг ажил тасалсан гэж үзвэл би 2 гараа л тасалсан үүнийг ажил тасалсанд тооцохгүй.... гэх тайлбарыг гаргасан.

 

Ажилтан Д.Г ийн вагоны үйлчлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 6-д Ажлын байр /албан тушаал/-ыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: Галт тэрэгний дарга гэжээ. /хх-108/

 

7. Галт тэрэгний даргын Ажлын байрны тодорхойлолтын 7-д Ажлын байр /албан тушаал/-ыг шууд харьяалан удирдах албан тушаал: вагоны үйлчлэгч,

-Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд: Зорчигчийн галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэх ажилтнуудын ажлын бэлэн байдлыг шалгах, ажилд хуваарилах, мөрдөж байгаа хууль дүрэм, журам, зааврын шаардлага хангахгүй ажилтанд ажил хуваарилахгүй байх гэж заажээ. /хх103-104/

 

8. Ашиглалтын салбар-тоо бүртгэгч наярдчикийн Ажлын байрны тодорхойлолтын 7-д Ажлын байр /албан тушаал/-ыг шууд харьяалан удирдах албан тушаал: вагоны үйлчлэгч,

Ажлын байрны үндсэн зорилтын

1-т Вагоны үйлчлэгч нарын хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах,

2-т ...ажлын цагийг оновчтой зохион байгуулах,

3-т Галт тэргэнд вагоны үйлчлэгчдийг зөв хуваарилах,

4-т ... вагоны үйлчлэгчдийн ажлын цагийг нэгтгэн бодох...

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд

2-т Галт тэрэгний дарга нарын хийсэн вагоны үйлчлэгч нарын өдөр тутмын ажлын бэхэлгээний хуваарийг тэмдэглэж авах,

3-т Цагийн зохицуулалтаар эсвэл нэмэгдэл болон жижүүрийн вагонд ажилд гарах вагоны үйлчлэгч нарыг аяллын өмнөх эмнэлгийн үзлэгт орсныг үндэслэн ажилд хуваарилах гэж тус тус заажээ. /хх-112-113/

 

9. Гэрч Б.О шүүх хуралдаанд ...Би галт тэрэгний даргаар ажилладаг. Манай чиглэлд нийт 26 вагоны үйлчлэгч ажилладаг, үүнээс аялалд 10 үйлчлэгч гараад 16 вагоны үйлчлэгч үлддэг. Вагоны үйлчлэгч Д.Г нь 2024.08 сард Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хил гаалийн зөрчил гаргаж хил дээр саатуулагдсан. Тиймээс Д.Г зөрчил гаргасан учраас би ажлын байрны тодорхойлолт зааснаар 2024.09.05-нд ажил авсан түүнд хуваарилаагүй. Би өөрт нь чи нарячикийн мэдэгдэлд очсон ажлаа хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр үлдсэн үйлчлэгч нар нарячикийн мэдэлд шилжээд нарячикаас ажил авна. Тухайн галт тэргэнд илүүдсэн нөхцөлд нарячик өдрийн 8 цагаад бодоод хийлгэх ажлыг бүртгэж өгдөг. Би Д.Г ийн шууд удирдах албан тушаалтан болох ба надад хүүхэд өвчтэй эмнэлгийн магадалгаатай талаар огт мэдэгдээгүй... гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.М гийн ...Би 19 дүгээр цувааны вагоны үйлчлэгч хийдэг. Д.Г ийг 10-аад жилийн өмнөөс мэднэ. Вагоны хуваарийг галт тэрэгний дарга Б.О гаргадаг. Манайд 26 үйлчлэгч байдаг, зарим нь яваад зарим нь үлддэг. 2024.09.05-ны өдөр Д.Г ийг хуваарьт орсон ороогүйг сайн санахгүй байна. Вагоны дарга вагонд хуваарилах бол явна, үлдсэн хүмүүс өөр чиглэлд явж ажлаа хийнэ. Манай Эрхүүгийн цуваа сард 2 удаа явна, бусад үед гадуур цагаа хийнэ... гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.э шүүх хуралдаанд ...Би тухайн үед тоо бүртгэгч нарядчикийн ажлыг хийж байсан. 2024.09.05-нд Д.Г нь галт тэрэгний хуваариас илүүдэж орж ирсэн. Ажил ав гэсэн, даралтаа үзүүлсний дараа чиглэл хуваарилдаг, тэгэхэд тухайн өдөр ажил хийх боломжгүй, ажил хийхгүй гэж орж ирсэн. Ашиглалт хариуцсан даргаас Д.Г т чи олон улсаас илүү гарсан бол ажил хийх ёстой гэсэн, надад ажлаар хангах үүрэгтэй гэж хэлсэн. Удаа дараа нарядчикууд дуудсан маргаашаас нь эхлээд ирээгүй, 09 сарын 15-ны өдрийг хүртэл ажилд ирээгүй, ажил тасалсан. Д.Г нь өөрийгөө шалтгаантай гэсэн баримтаа авчирч өгөөгүй. Нарядчикууд 4-5 удаа, би өөрөө 1 удаа залгасан, утсаа аваагүй, ганц нэг нарядчикт ажил хийхгүй гэсэн байсан. Олон улсын вагоны үйлчлэгч гэсэн албан тушаал байхгүй, вагоны үйлчлэгч л гэсэн албан тушаал байгаа. Д.Г нь ээлжийн амралт буюу 09.16-аас өмнө 80 цаг хийх ёстой байсан. Илүү гарсан тохиолдолд 3 хоногоос илүү буюу графикаас илүү гарсан бол хүсэлтээ гаргаад байгууллагын даргын тушаалаар захиргааны чөлөө авдаг. Эмнэлгийн магадалгаатай талаар хэлээгүй, хэрэв боломжгүй бол хариуцсан нарядчикруугаа зургийг нь явуулдаг... гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Д.Г нь Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд ажиллах 2024.09.05-ны өдрийн хуваарьт ороогүй, улмаар нэмэгдэл болон жижүүрийн вагонд ажиллах хуваарьт орохоос татгалзсан үйл баримт болсон болохыг гэрч нар мэдүүлсэн тул дээрх мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай.

 

10. Дээрхээс үзвэл, вагоны үйлчлэгчийн албан тушаалын шууд удирдлага нь галт тэрэгний дарга болон тоо бүртгэгч-наярдчикийн албан тушаал байх ба галт тэрэгний дарга нь зорчигчийн галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэх ажилтнууд буюу вагоны үйлчлэгч нарыг ажилд хуваарилдаг байна. Харин хуваарилагдаагүй бусад вагоны үйлчлэгч ажилтнуудыг цагийн зохицуулалтаар эсвэл нэмэгдэл болон жижүүрийн вагонд ажилд хуваарилахыг тоо бүртгэгч нарядчик хийдэг гэж дүгнэхээр байна.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-т Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй гэж заасны дагуу ажил олгогч нь ажилтны ажил тасалсан зөрчлийг баримтаар нотлох үүрэгтэй.

 

Хэргийн 84 дүгээр талд авагдсан 19 дүгээр цуваа ажилчдын цаг ашиглалтын бүртгэлийн 2024 оны 9 сарын тайлан авагдсан байх бөгөөд уг цаг бүртгэлтийн тайланг тоо бүртгэгч нар бүртгэн явуулдаг болох нь хэргийн баримт болон талуудын тайлбар гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үүнд ажилтан Д.Г ийг 2024.09.04-ны өдрөөс 2024.09.13-ны өдрийг дуустал хугацаанд тас, ажил хуваарилаагүй гэж орж ирэхэд орон нутагт цаг нөх гэж хэлсэн, ажилд утсаар дуудсан, өглөө нарядчик өрөөнд орж ирэхэд ажил ав гэж хэлсэн, тас, 9/11-нд ажилд дуудаж мэссэж бичсэн, утсаар ажил ав гэж хэлсэн гэх тэмдэглэлийг үйлдэж, нэхэмжлэгч Д.Г ийг ажил тасалсан 80 цаг гэжээ.

 

12. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Ажлын цаг /ажлын нэг өдрийн буюу долоо хоногийн ажлын цаг/ өдрийн 8 цаг, 7 хоногийн 40 цаг,

-5.3-т Дор дурдсан зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцална.,

-5.3.1-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамуулахаар тохиролцож, талууд гарын үсэг зурсан байна. /хх118/

 

Ажлын цаг гэдэг нь ажил олгогч, ажилтан аль аль нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар тогтоосон хугацаа юм. Ажлын цагийн хэмжээг хуулиар нормчлон зохицуулсан учир хөдөлмөрийн харилцаанд баримтлах суурь хэм хэмжээ болдог.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.1-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөг 3 ба түүнээс хоногоор хэтрүүлсэн бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцалж сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ.

 

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

 

13. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Г нь 2024.09.04-ний өдрөөс 2024.09.13-ны өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэсэн болон ажлаа хийхээр тоо бүртгэгч нарын дуудсанаар ирж аяллын өмнөх эмнэлгийн үзлэгт орж улмаар ажил хуваарилуулан аваагүй буюу Хөдөлмөрийн гэрээний 5.3.1-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан нь хэрэгт авагдсан 19 дүгээр цуваа ажилчдын цаг ашиглалтын бүртгэлийн 2024 оны 9 сарын тайлан, мөн 2024.09.25-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлангийн ...Ахлах тоо бүртгэгч Л.э ын ...2024.09.06-нд Д.Г ийн утасруу ажилдаа ирж ажлаа хийх хэрэгтэй гэж хэлэхэд би тайлбар бичиж өгсөн асуудлаа шийдтэл ажил хийхгүй гэж орилоод утсаа тасалсан. ...Галт тэрэгний дарга Б.О ын ... Д.Г нь 2024.09.03-ны өдөр ажилд хуваарилахгүй бол хагас сайн өдөр галт тэрэгний доогуур орж хэвтэнэ гэж хэлсэн, ...Вагоны үйлчлэгч Д.Г ийн ...2024.09.05-ны өдөр галт тэрэгний дарга намайг Эрхүүгийн галт тэргэнд хуваарилаагүй тул миний бие өөр газар ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй, одоогийн байдал дээр өөр газар ажил үүрэг гүйцэтгэж чадахгүй болно... гэх тайлбар, Д.Г ийн 2024 оны Цалингийн карт, Д.Г ийн 2024.09.05-ны өдөр Ашиглалт эрхэлсэн орлогч дарга Ч.Мөнхбатад гаргасан гомдол, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасантай нийцнэ. /хх-84, 85-86, 121-131/

 

14. 2024.11.06-ны өдрийн Хурлын тэмдэглэл хэрэгт авагджээ. Уг хурлын тэмдэглэлд Дотоод аудит хяналтын албанаас хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын 2024.09.25-ны өдрийн тайлангийн мөрөөр вагоны үйлчлэгч Д.Г ийн гаргасан зөрчлийн талаар хэлэлцсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн зүйлийн 123.3 дах хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж зааснаар ажилтан Д.Г т гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, тэрээр уг хуралд биечлэн оролцсон байх ба тайлбар гаргах боломжоор хангасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна. /хх/

 

15. Мөн нэхэмжлэгч Д.Г нь 2024.09.06-ны өдрөөс 2024.09.17-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй буюу эмнэлгийн магадалгаатай байсан гэж тайлбар гаргасан боловч Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.9-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй болсон шалтгаанаа шууд харьяалах болон цахим бүртгэл хариуцсан ажилтанд урьдчилан мэдэгдэнэ, 9.1.10-т Ажилтан өвчилсөн, хувийн чөлөө авсан, ажилтанд хүндэтгэн үзэх шалтгаан гарсныг зохих шатны эмчийн магадалгаа холбогдох баримтаар баталгаажуулсан байвал зохино, 9.1.12-т Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд ирэх боломжгүй тохиолдолд ажилтан нь ажлын өдөр эхлэхээс өмнө, ээлжийн ажилтан ажил эхлэхээс 6 цагаас доошгүй хугацааны өмнө хариуцсан алба, салбар нэгжийн дарга, шууд харьяалах албан тушаалтанд заавал урьдчилан мэдэгдэж энэхүү журмын дагуу хувийн чөлөө авна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч шууд харьяалан удирдах албан тушаалтан болох Галт тэрэгний дарга болон Тоо бүртгэгч нарт мэдэгдсэн, мөн эмнэлгийн магадалгааг зохих этгээдэд хүргүүлж баталгаажуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

16. Түүнчлэн, нэхэмжлэгчээс ...2024.09.05-ны өдөр Ашиглалтын даргад, 2024.09.06-ны өдөр Ахлах наярдчикт тус тус гомдол гаргасан гэсэн тайлбар нь хэргийн баримтаар нотлогдох боловч түүнийг эдгээр өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл, ажилтан Д.Г нь 2024.09.04-ний өдрөөс 2024.09.13-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан нь дээр дурдсан журмын 14.3.1, Хөдөлмөрийн гэрээний 5.3, 5.3.1-т -д заасныг тус тус зөрчжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба ажилтан Д.Г ийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

 

17. Харин, Улаанбаатар төмөр замын З в д гийн даргын 2024.11.11-ний өдрийн Б/1353 дугаар тушаалд ...ажилтан Д.Г нь Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2-т заасныг, мөн Хөдөлмөрийн гэрээний 5.3.14-д заасныг зөрчиж худал мэдээлэл олон нийтэд тарааж, байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдсан гэх үндэслэл нь баримтаар тогтоогдсонгүй.

 

18.  Дээрх Улаанбаатар төмөр замын З в д гийн даргын 2024.11.11-ний өдрийн Б/1353 дугаар тушаалд тусгагдсан үндэслэлүүдийн аль нэг нь нотлогдсон тохиолдолд уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

19. Иймд хариуцагч У д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Г ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч У д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ