| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2510011621174 |
| Дугаар | 2025/ДШМ/1315 |
| Огноо | 2025-11-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/1315
2025 11 20 2025/ДШМ/1315
О.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тогтох,
хохирогч А.Г-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/5683 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч О.Б-гийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Тогтохын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцэлээр О.Б-д холбогдох 2510011621174 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн О-ы Б-, ....... /РД:О-/,
Яллагдагч О.Б- нь хохирогч А.Г-ыг ...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “30.000.000 төгрөг зээлүүлээч, машиныг чинь барьцаанд тавиад мөнгийг нь ашиглаад буцаагаад 7 хоногийн дараа банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлөөд өгнө” гэж 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, хохирогчийн эзэмшлийн Lexus RX450h маркийн .... УЕА улсын дугаартай JTJBC11АХ.... арлын дугаартай, тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ББСБ-д барьцаанд тавьж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, тохирсон хугацаанд тээврийн хэрэгслийг өгөхгүй хуурч хохирогч А.Г-т 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах боловч мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдал гэмт хэрэг гарсан цаг хугацаа, сэдэлт, зорилго, учруулсан хохирлын хэр хэмжээг тогтоовол зохино.
Нэг. Яллагдагч О.Б- нь “....” ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийн зээл авахын тулд хохирогч А.Г-ын эзэмшлийн Lexus RX450h маркийн .... УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн хүү Б.Ч-ий нэр дээр шилжүүлэн авсан байна.
Б.Ч-ий хувьд 2000 онд төрсөн насанд хүрсэн, бодит байдал дээр өөрөө болон түүний эцэг О.Б- нар нь хохирогч А.Г-аас Lexus RX450h маркийн .... УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 55.000.000 төгрөгөөр худалдаж аваагүй зөвхөн зээлийн барьцаанд тавихын тулд түүний нэр дээр шилжүүлсэн гэдгийг мэдэж байсан мөртөө 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “....” ХХК-д зээлийг төлж автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Ч-” ББСБ-д дахин зээлийн барьцаанд тавьсан, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Ч- нь уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр авсан боловч мөн өдрөө Г- овогтой Э- гэх хүнд шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 116 дахь тал/
Иймд энэ хэрэгт яллагдагч О.Б- нь хохирогч А.Г-ын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдэхэд Б.Ч- нь О.Б-тай бүлэглэсэн эсхүл дэмжпэг үзүүлж хамжигчаар оролцсон эсэхийг зайлшгүй шалгаж тогтоовол зохино.
Хоёр. Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай тайланг “Lexus RX450h маркийн .... УЕА улсын дугаартай, JTJBC11АХ.... арлын дугаартай тээврийн хэрэгслийг 53.000.000 төгрөгөөр үнэлгээчин Л.Нямбаяр, мэргэжилтэн Б.Жаргалсайхан нар гаргажээ. /хавтаст хэргийн 72-73 дахь тал/
Шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болох боловч шинжээчийн дүгнэлт гаргаагүй гэрч М.Н-гээс мэдүүлэг авч /хэргийн 57-60 дахь тал/ шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Дүгнэлт гаргасан шинжээчээр өөрөөр нь дүгнэлтийг тайлбарлуулах шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Яллагдагч О.Б- давж заалдах гомдолдоо: “... Яллагдагч О.Б- би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025/ШЗ/5683 тоот захирамжийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1 .Миний өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгийн хүсэлтдээ “дүгнэлт гаргасан шинжээч Л.Нямбаяр, Б.Жаргалсайхан нараас мэдүүлэг авалгүй дүгнэлттэй огт холбоогүй М.Н-гээс мэдүүлэг авч шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулсан нь хууль зөрчсөн байгаа тул нэмэлт ажиллагаа хийлгэж, зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцааж өгөхийг хүссэн юм. Гэтэл шүүх миний хүү Б.Ч-ий үйлдэл холбогдлыг шалгах тухай захирамжиндаа тусгаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Миний бие хохирогч А.Г-тай тохиролцож маргаан бүхий машиныг санхүүгийн байгууллагуудад тавьж байсан юм. Энэ тухай А.Г- ч Б.Ч- ч мэдэж байсан энэ хоёрыг уулзуулж би “миний дансыг тухайн үед Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зогсоосон байсан тул Б.Ч- нэр дээр шижлүүлж авахаар тохиролцсон байсан” юм. Би хамгийн сүүлд А.Г-тай тохиролцож Г-ийн Э-т маргаан бүхий машиныг шилжүүлсэн бөгөөд энэ тухай А.Г- мэдэж л байсан. Тийм болохоор би Б.Ч-д “А.Г- ахтай нь ярьж тохирсон байгаа болохоор наад хүн рүүгээ шилжүүлээд өгчих гээд” шилжүүлүүлсэн. Энэ хэрэгт Б.Ч- огт хамааралгүй юм. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Прокурор Б.Тогтох эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэгт яллагдагч О.Б- нь хохирогч А.Г-ын эд хөрөнгийг залилахдаа Б.Ч-тэй бүлэглэсэн эсхүл Б.Ч- дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон эсэхийг зайлшгүй шалгаж тогтоо гэх захирамж гарсан. Тухайн хэрэгт хяналтын прокурор Б.Тогтох миний бие 2025 оны 5 дугаар сараас эхэлж хяналт тавьж ажилласан. Хохирогч А.Г- болон яллагдагч О.Б- нар урьд ажил хэргийн харилцаатай байсан. О.Б-г 30.000.000 төгрөгийн зээл өгөөч гэхэд нь А.Г-аас өгдөггүй. Улмаар өөрийн нэр дээр байгаа машинаа тавьж, .... гэх газраас зээл авдаг. Б.Ч- нь 2000 онд төрсөн. Тухайн гэмт хэргийн үйл явц 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлсэн. 2023 онд тухайн автомашиныг А.Г-аас Б.Ч-ий нэр дээр шилжүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд нутаг дэвсгэрт байрлах “....” гэх банк бус санхүүгийн байгууллагаас 30 сая төгрөгийн зээл авдаг. Тухайн үйл явдал 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний хооронд болсон. Энэ талаар прокурорын яллах дүгнэлт болоод яллагчаар татах тогтоолд байгаа. Тухайн хэрэг дээр Б.Ч- нь ямар ч хамаарал байхгүй. О.Б- нь Б.Ч-ий төрсөн эцэг. Бизнесийн үйл ажиллагаагаа явуулахын тулд аавд нь мөнгөний хэрэг бий болж, улмаар танил А.Г-ыг гуйж зээл гаргуулж авсан. Яллагдагч О.Б-гийн нэр дээр зээл авах гэсэн боловч зээлийн муу түүхтэй байсан тул зээл гарах боломжгүй байсан. Улмаар яллагдагч О.Б- өөрийн төрсөн хүү Б.Ч-ий нэр дээр тухайн автомашиныг шилжүүлж, банк бус санхүүгийн байгууллагаас 30.000.000 төгрөгийн зээлийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр авдаг. Б.Ч- Дорнод аймагт ажиллаж амьдардаг. Аавынхаа бизнесийн өдөр тутмын ажиллагаанд ч оролцдоггүй байсан. Тээврийн хэрэгслийг шилжүүлэх харилцаанд Б.Ч-ий хувьд А.Г-аас мөнгө гуйсан, авсан харилцаа огт байдаггүй. Б.Ч-ий хувьд төрсөн эцгийнхээ банк бусаас зээл аваад өг гэж гуйсан хүсэлтийн дагуу зээл авч өгсөн. Уг үйл ажиллагаанд, залилах гэмт хэрэг үйлдэхэд хатгасан, хамжсан зүйл огт байхгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Г-, Б.Ч-, яллагдагч О.Б- нар мэдүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тухайн автомашиныг Н.Э- гэж хүн рүү шилжүүлсэн байдаг. Тухайн автомашиныг Б.Ч-ээс шилжүүлэхдээ яллагдагч О.Б- хүүдээ хүртэл худлаа ярьсан байдаг. Б.Ч-ээс “...та автомашиныг А.Г- ахад шилжүүлэхгүй байсан юм уу, яагаад өөр хүн рүү шилжүүлж байгаа юм бэ...” гэхэд “...А.Г- ахад нь өөр машин авч өгөхөөр тохиролцсон...” гэж хэлсэн байдаг. Тухайн мэдүүлэг нь хэрэгт авагдсан байгаа. Иймд гэрчээр оролцсон Б.Ч- уг хэрэгт ямар ч оролцоо, холбогдол байхгүй гэдгийг хэлмээр байна. Аавынхаа гуйж зөвлөсний үндсэн дээр тухайн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаас шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг Б.Ч- хангаагүй. Тухайн автомашин мөрдөн шалгах ажиллагааны явцад 53.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т зааснаар ...” шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах “... нотлох баримтын талаарх прокурор оролцогчийн санал хүсэлтийг шүүх шийдвэрлэхээр хуульд заасан. 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд прокурор оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-т зааснаар шинжээч Л.Нямбаяр, Б.Жаргалсайхан нарыг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулж гарсан дүгнэлттэй холбогдуулан тайлбарлуулах, тодруулах зорилгоор шүүх хуралдаанд оролцуулаад шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой байхад прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-т зааснаар энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараахь шийдвэр гаргана гэж заасан тул нотлох баримт тооцохгүй байж болно. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/5683 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Хохирогч А.Г-ын өмгөөлөгч Н.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан захирамжийг үндэслэлтэй гэж үзэж, захирамжид гомдол гаргаагүй. О.Б-гийн гомдол болон прокурорын эсэргүүцэл дурдагдаад байгаа 1 адил зүйл нь хэрэгт Б.Ч- хамааралгүй гэх агуулгыг дурдаад байдаг. Урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс “Б.Ч-ий үйлдэл, оролцоог мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоогоогүй байх тул шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг тавьсан. Уг хүсэлтийг шүүх хангаж, мөрдөн байцаалтад буцаасан.
Талуудын 2023 оны 11 сард гэрээ байгуулсан. Түүнээс хойш Б.Ч- нь тухайн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд дахин шилжүүлдэг. Түүнээс өмнө буюу 2024 оны 9 сард хохирогч А.Г-ын хувьд Б.Ч-тэй холбогдож, “... би ажил хийдэг болсон тул зээлээ шилжүүлж авъя...” гэж хэлсэн байдаг. Б.Ч- анх машиныг шилжүүлж авахдаа А.Г-ын машин гэдгийг мэдэж байсан. Зээлийг хаагаад А.Г-т өгнө гэдгийг ч мэдэж байсан. Иймд тухайн үйл баримтыг бүгдийг мэдэж байсан хүн, өөр хүнд шилжүүлж буй үйлдэл нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцоотой байж болзошгүй гэж үзсэн анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.
Үнэлгээ гаргасан 2 шинжээчийг асуугаагүй гэдэгтэй холбоотой асуудлын тухайд, анхан шатны шүүх тайлбарлахдаа нэгэнт Б.Ч-тэй холбоотой асуудлыг дахин шалгуулахаар буцааж байгаа тул 2 шинжээчээс мэдүүлэг ав, түүнээс заавал биечлэн шүүх дээр дуудаж авчрах шаардлагагүй гэж дурдаж, хэргийг буцаасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогч А.Г- шүүх хуралдаанд: “...О.Б-, Б.Ч- хоёр машиныг өөр хүний нэр дээр шилжүүлэхэд намайг мэдэж байсан гэж яриад байдаг. Надад юу ч хэлээгүй. Би номероор нь шүүгээд, нэр нь шилжчихсэн байхаар нь ажлаасаа чөлөө аваад хот руу ирсэн. Сүүлдээ ойр, ойрхон чөлөө авлаа гээд ажлаасаа халагдсан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ яллагдагч О.Б-гийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Тогтохын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Яллагдагч О.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх “... яллагдагч О.Б- нь хохирогч А.Г-ын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдэхэд Б.Ч-тэй бүлэглэсэн эсхүл дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон эсэхийг зайлшгүй шалгаж тогтоовол зохино. Мөн шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болох боловч шинжээчийн дүгнэлт гаргаагүй гэрч М.Н-гээс мэдүүлэг авч шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Иймд дээрх үнэлгээг гаргасан шинжээч нараар дүгнэлтийг нь тайлбарлуулах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ.
Прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн гаргасан давж заалдах гомдлыг хянаж үзвэл, энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд нь хэргийг хянаж шийдвэрлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж, шүүх хуралдаанд талуудыг оролцуулан мэтгэлцүүлж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.
Шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр заавал хэргийг прокурорт буцаахгүйгээр дээр дурдсан зарчмын дагуу шүүх хуралдааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоох боломжтой. Шаардлагатай гэж үзвэл талуудын хүсэлтээр гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах замаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Иймд прокурорын эсэргүүцэл, яллагдагч О.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/5683 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч О.Б-гийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/5683 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР