Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 142/2018/01398/И |
Дугаар | 31 |
Огноо | 2019-02-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 31
2019 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 207/МА2019/00031 |
Монгол Дайвин ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч *******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00091 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Монгол Дайвин ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 9.270.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ий гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганганцэцэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
Нэхэмжлэгч Монгол Дайвин ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ******* нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Монгол Дайвин ХХК-тай Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж байгаа Эко Баян-Өндөр жишиг хороололд амины орон сууц захиалах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 50 м2 2 өрөө байрыг 62.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 4.480.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-нд 43.750.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 200.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг төлсөн байна.. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй байна. Иймд *******ээс 9.270.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Мөнхжаргал овогтой Билгүүн нь 2014 онд Монгол Дайвин ХХК-ийн Баян-Өндөр Эко хорооллоос 2 өрөө амины орон сууц худалдан авсан бөгөөд 9.270.000Т-ний үлдэгдэлтэй байгаа билээ.Төлөхгүй байгаа шалтгаан нь:
1. Анх худалдан авахад өрөөний хаалга гэмтэлтэй, тааз цуурсан, вакум цонх гажилттай, явган хүний зам дутуу бродюр нурсан байсан. /Явцын дунд засаж өгнө гэж тохиролцсон /. Өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй.
2. Амьдраад 1 сарын дараа гаднах бохирын усны шугам эвдэрч ус алдсан. /Хоолойг засварлахад тараншейны таглааг авч цементэлсэн хэсгийг бүгдийг нь нураасан буцааж засаж өгөөгүй/
3. Анхны өвөл маш хүйтэн байсан өвөлжөөгүй. /Бүх юм жигдрээгүй учраас хүйтэн байгаа гэсэн тайлбар хэлсэн/ Үүдний гишгүүр нурсан, сантехникийн асуудал.2 дахь жил бас хүйтэн байсан. Тус компанийн төлөөлөл Отгонбаяр, Батбаяр нараар дулаан алдагдал хэмжүүлж цонх, байшингийн булан хана, хаалга, шал, таазнаас их дулаан алдаж байгааг мэдсэн. Бид өөрсдийн хөрөнгөөр өрөө тус бүртээ паар нэмж тавьсан боловч өвөл дулаан алдагдал хэвээрээ тул 3 жил гэртээ өвөлжөөгүй байна.
4. Айл бүрийн машины зогсоол бродюр бүрийг засварлаж аспалт тавьсан, Манайхыг үлдээсэн. Төлбөрөө төлөөгүй шалтгаанаар.
5. Анх гэрээ байгуулахад 400мкв газартай гэж байсан газрын гэрчилгээ авахад 400 мкв хүрээгүй 330 мкв байсан.
Мөн баталгаат хугацаа 3 жил гэж гэрээ байгуулсан боловч баталгааны хугацаанд 1 ч юм засварлаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. "*******" ХХК дулааны алдагдалтай байгааг хүлээн зөвшөөрч бидний гомдол арилгах мөрөөр үлдэгдэл төлбөрөөс 5.000.000Т-ийг хасаж тохиролцсон. Өнөөдөр энэ дүнг хасаагүй байна. Иймд дээрх бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол дулаан алдагдлын 5.000.000Т хасаж үлдэгдэл төлбөрийн 2.000.000Т бэлнээр нь төлж, үлдсэн 2.270.000Т-ийг Баян-Өндөр Эко хорооллыг сурталчлах реклам шторк, нэвтрүүлэг бэлтгэж өгч өр төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00091 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 9.270.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол Дайвин ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.270 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 163.270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:
Миний бие Мөнхжаргал овогтой Билгүүн нь 2014 онд Монгол Дайвин ХХК-аас 2 өрөө амины орон сууц худалдан авсан бөгөөд 2016 онд нийт оршин суугчдын гомдлын мөрөөр байрны чанар шаардлага хангахгүй улмаас айл тус бүрийн төлбөрөөс 5.000.000 төгрөгийг хассан байдаг.
Иймд надтай холбоотой Монгол Дайвин ХХК-ийн нэхэмжилж буй 9.270.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00091 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хариуцагч миний эрхийг хангахгүйгээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 шүүгчийн туслах Мөнхнаранд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шаардлагатай нотлох баримт цуглуулах өмгөөлөгч авах зэрэгт хугацаа хэрэгтэй байсан тул шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах хүсэлт гаргасан хэдий ч энэ удаагийн хурлыг хойшлуулах боломжгүй гэж хэлсэн. Энэ удаагийн хуралд ороод дараагийн шатны шүүх хуралд өмгөөлөгчтэй орж болно гэж тайлбарласан. /Би өмгөөлөгч авч зөвлөгөө мэдээлэл авахаар бодож байсан хэдий ч амжаагүй шүүх хурал болсон/. Хууль эрх зүйн мэдлэг дутмаг, анхан шатны шүүх дээр хэрэгжүүлэх эрх үүргээ сайн ойлгоогүй улмаас ийм үр дагавар үүсэж шийдвэр нөгөө талд гарсанд гомдолтой байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Монгол дайван ХХК нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцны үлдэгдэл үнэ 9.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...байрны чанар байдал муу, хүйтэн байдаг, засвар хийгдсэн тул 5.000.000 төгрөгийг төлөхгүй, үлдэгдэл 4.500.000 төгрөг төлнө гэх тайлбар гаргажээ.
Шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч худалдан авсан байрны үнээс 9.500.000 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганганцэцэг шүүх хуралдааны шатанд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдааны хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно. гэж заасны дагуу хариуцагч ******* давж заалдах гомдол гаргасны дараа нэхэмжлэгчтэй эвлэрч нэхэмжлэлийн шаардлгаас 5.000.000 төгрөгийг хасахаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд оролцоогүй тул зохигчдыг эвлэрснээр шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд хариуцагч *******ий гаргасан ...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ий гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ий давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 83.270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.ОЮУНЦЭЦЭГ