Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          улсын яллагч Г.Эрдэнэ,

          шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хөл аваачин овогт Н.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0632 91434 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Н.М

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Н.М нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17-382/а/ тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч болох хохирогч О.Нарангаравыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ:  Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Нарангаравын: …2018 оны 07 дугаар сарын 22-ны өглөө гэртээ хамтран амьдрагч Мөнхбат хоёр хүүхэд болон төрсөн дүү Дуламсүрэнгийн хамт байж байгаад би нөхөртөө худлаа ярьж эгчтэйгээ гадагшаа явдаг гэж хэлээд маргалдсан. Ер нь манай нөхөр худлаа хэлж гадуур хоноод байдаг юм. Үүнээс болж маргалдаад би унтлаа гээд хэвттэл Мөнхбат намайг унтуулахгүй гээд татаад байсан. Миний нүүр рүү гараа зангидаж байгаад цохисон. Миний үснээс атгаж байгаад орны бариулын модон хэсэг рүү хэд хэд мөргүүлсэн. Үсдэж орон дээр хэвтүүлж байгаад нүүр хэсэгт хэд хэд цохисон. Зодсоны дараа манай дүү ээж рүү яриад, ээж ирж дүүг нэг хүүхэдтэй маань авч явсан. Намайг гэрээс хөөгөөд байхаар нь би одоо ээжийндээ байгаа...

...Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би нэхэмжилж байсан 155.000 төгрөгөө 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 38 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Дуламсүрэнгийн: ...Би хүргэн ах Мөнхбатынд 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ирсэн. Манай эгч Нарангарав хүргэн ах Мөнхбатыг эгчтэйгээ юм нуудаг гэж хэлснээс болж тэр хоёр маргалдаж эхэлсэн. Намайг харахад Мөнхбат ах Нарангарав эгчийн үснээс зулгаагаад доороо хийчихсэн зодолдож байсан. Мөнхбат ах Нарангарав эгчийн нүүр рүү нь гараараа цохитол Нарангарав эгч доошоо хартал үснээс нь зулгаасан чигээрээ буйдан руу хэд хэд мөргүүлээд эгчийг доошоо харсан байхад нүүр хэсэгт нь мөргүүлсэн. Тэр хоёр босч ирээд Мөнхбат ах манай эгчийн үснээс нь зулгааж байгаад гэрийн багана мөргүүлсэн. Манай эгч хүргэн ахын гарыг маажсан чинь чи дандаа миний гар нүүрийг мааждаг гэж хэлээд гараад явсан. Хэсэг байж байгаад орж ирээд тэр хоёр хэрэлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9333 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. О.Нарангаравын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Мын: ...Би О.Нарангаравыг үснээс нь барьж байгаад буйдангийн суудал хэсгийг хэд хэд хүчтэй мөргүүлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй байж чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,

          - Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 24 дүгээр тал/,

          - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 12, 35-36 дугаар тал/,

          - Хохирол төлсөн баримт /хх-ийн 35-36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.М нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17-382/а/ тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч болох хохирогч О.Нарангаравыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Н.Мад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

        Шүүгдэгч Н.М нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17-382/а/ тоотод 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч болох хохирогч О.Нарангаравыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг зурвас болон 165.000 төгрөг төлсөн кассын орлогын баримт, НӨАТ-н сугалааны баримт зэргийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч О.Нарангарав нь гомдол саналгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 30, 44 дүгээр тал/

Шүүгдэгч Н.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.М 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Мад оногдуулсан 500 /таван  зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хуудас зурвас болон 165.000 төгрөгийн эмчилгээний төлбөр гэсэн утгатай баримт, НӨАТ-н /Нэмэгдсэн өртөгийн албан татварын/ баримт 1 ширхэг тус бүрийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ