Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/1330

 

2025          11            25                                                                            2025/ДШМ/1330

 

Ц.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сод-Эрдэнэ,  

Шүүгдэгч Ц.У- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч М.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2367 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.У-, түүний өмгөөлөгч М.Ариунболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.У-д холбогдох 2502000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

М- овогт Ц-ын У-, ......., урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгний торгох ял,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 526 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүгчийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 476 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 сар 22 хоногийн өмнө суллагдсан /РД:Ц-/,

Шүүгдэгч Ц.У- нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй эрүүгийн 2006013583763 дугаартай хэргийн шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрт холбогдох эрүүгийн хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх ... гэсэн ашиг сонирхлын үүднээс тус шүүхийн шүүгч Э.Ч-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 2 давхрын Ч- тоот өрөөнд шүүгчийн туслах ажилтан И.Н-гийн ажлын байрны ширээн доор цаасан дугтуйтай 1,480,000 төгрөг, 179,661 төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэрэг эд зүйлсийг"... эгч нь дугтуйнд 1,000,000 төгрөг виски шүүгч, чи өөртөө 500,000 төгрөг тусдаа шампанск эгч нь хэрэгсэхгүй болох үүднээс оролцоно, үүнийг ширээн дээр орхилоо...” гэх бичвэр бүхий зурвасын хамт үлдээж, нийт 1,659,661 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч М- овогт Ц-ын У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөхийг санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.У-д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-гийн хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 179,661 төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэргийг устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, цаасан дугтуйтай 1,480,000 төгрөгийг улсын орлого болгон, 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.У-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.У- давж заалдах гомдолдоо: “... 2024 оны 12 дугаар сарын 05-ны өглөө шүүгчийн туслах Н- нь “шүүх хуралтай” гэдгээ өмгөөлөгч болон надад өмнө нь огт мэдэгдээгүй, тухайн өдрийн өглөө нь 10 цаг өнгөрөөгөөд над руу залгаж, хурал 10 цагт эхэлсэн “та ир” гэж залгасан үед миний бие гэнэт сандран цочирдохдоо шинэ жилийн бэлэг сэлт ширээн дээр нь тавиад гарсан үйлдэлдээ үнэхээр их харамсаж, гэмшиж байгаа. Бодлогогүй, болчимгүй, буруу үйлдэл гаргасандаа та бүгдээсээ дахин, дахин чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өрх толгойлсон эх хүн би амьдралаа авч явдаг, насанд хүрээгүй 2 хүүхдээ орхиод энд хоригдож байгаадаа гүнээ харамсаж байна. Цаашид би ийм болчимгүй алдаа гаргахгүй, хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. 2 хүүхэдтэйгээ элэг бүтэн, амар тайван, үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, улс орондоо хэрэгтэй зөв хүн болгохын төлөө гар бие оролцон, ямагт үнэн зөв байхын төлөө хичээж амьдарна гэдгээ хэлье. Иймд миний ар гэрийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг өөрчилж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна...” гэжээ.  

Шүүгдэгч Ц.У-гийн өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ц.У-д ял оногдуулахдаа дээрх хуулийн зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэхгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь зорчих эрх хязгаарлах, торгох, хорих гэсэн 3 төрлийн сонгох санкцтай хэрэг. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр сонгох санкцтай гэмт хэргээс хамгийн хүнд ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.У- нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргахгүй оролцсон. Тэрээр насанд хүрээгүй бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эх. Манай үйлчлүүлэгчийн өрх толгойлсон, гэрлэлтээ цуглуулсан болохыг нотолсон баримт хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Бидний зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Ц.У- нь торгуулийн ялыг биелүүлэх бүрэн боломжтой. Тэрээр өөрийн гэсэн компанитай тухайн компанийн орлогын баримт, дансны хуулгыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Тус зүйл заалтад заасан гэмт хэрэгт торгох эсхүл хорих ял оногдуулахаар хуульд хуульчилан зохицуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-, түүний өмгөөлөгч М.Ариунболд нараас гаргасан давж заалдах гомдлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Ц.У- нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй эрүүгийн 2006013583763 дугаартай хэргийн шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрт холбогдох эрүүгийн хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс тус шүүхийн шүүгч Э.Ч-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 2 давхрын Ч- тоот өрөөнд шүүгчийн туслах ажилтан И.Н-гийн ажлын байрны ширээн доор цаасан дугтуйтай 1,480,000 төгрөг, 179,661 төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэрэг эд зүйлсийг"... эгч нь дугтуйнд 1,000,000 төгрөг виски шүүгч, чи өөртөө 500,000 төгрөг тусдаа шампанск эгч нь хэрэгсэхгүй болох үүднээс оролцоно, үүнийг ширээн дээр орхилоо...” гэх бичвэр бүхий зурвасын хамт үлдээж, нийт 1,659,661 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон үйл баримт тогтоогдсон бөгөөд дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/,

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх тухай” 01/2123 дугаартай албан бичиг /хх 3/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ч-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг” хөтөлсөн тэмдэглэл /хх 4/,

- Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 712 дугаартай албан бичгээр гаргаж ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг /хх 6-12/,

- Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1761 дугаартай прокурорын зөвшөөрөл /хх 14-15/,

- Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай” прокурорын зөвшөөрлийн дагуу “Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл Үзлэгийн ажиллагаагаар Ц.У-д эрүүгийн 2006013583763 дугаартай хэргийн материалаас бэхжүүлж авсан бичмэл нотлох баримтууд /хх 16-63/,

- Хөрөнгийн үнэлгээний Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24/429 дугаар "... нийт 179,661 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 100-104/,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай албан бичгийн дагуу гаргаж ирүүлсэн тус шүүхийн байрны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн баруун талын гадна хяналтын камер, 1, 2 дугаар давхрын коридор болон 2 давхрын Ч- тоот шүүгчийн туслахын албан өрөөний хяналтын камерын бичлэг /хх 105-106/,

-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл” /хх 107-109/,

-2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх 110-121/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Н-гийн өгсөн: “... Би Ц.У- гэх хүнийг анх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлсэн ба хэрэг нь тухайн үед шүүгч Э.Ч-т хуваарилагдаж ирсэн үеэс эхлэн ажлын шугамаар зүс таньдаг болсон. Миний хувьд шүүгдэгч Ц.У-тай ямар нэг хувийн харилцаа хамаарал огтбайхгүй. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт шүүгдэгч Ц.У- эрүүгийн 2006013583763 дугаартай хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болохоор товлогдсон байсан. Гэтэл шүүгдэгч Ц.У- нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Тэгээд тухайн үед шүүгдэгч Ц.У-г албадан ирүүлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж гаргасан. Гэтэл шүүгдэгч Ц.У- нь 11 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд манай өрөөнд хар өнгийн даавуун тор үүрчихсэн орж ирсэн. Тухайн үед миний бие шүүгдэгч Ц.У-г хүлээн авч уулзаад таныг “хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй учраас албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гарч байгаа, мөн шүүх хуралдааныг хойшлуулсан...” талаар хэлж мэдэгдсэн. Гэтэл шүүгдэгч Ц.У- нь надаас “..цаас бал өгч байгаа ч” гэхээр нь би өөрийн ширээн дээр байсан бичгийн цааснаас 1 ширхэгийг балны хамт авч өгсөн. Тэгээд би өрөөнөөсөө түр гараад буцаж орж иртэл шүүгдэгч Ц.У- нь манай өрөөнөөс гараад явсан байсан. Тэгээд би өөрийн ажпын ширээндээ суутал ширээний доор байдаг шүүгээний дэргэд цагаан алаг өнгийн гялгар тортой зүйл байсан ба мөн миний ширээн дээр тасархай бичгийн цаасан дээр "... эгч нь дугтуйнд 1,000,000 төгрөг виски шүүгч, чи өөртөө 500,000 төгрөг тусдаа шампанск эгч нь хэрэгсэхгүй болох үүднээс оролцоно. Үүнийг ширээн дээр орхилоо...” гэх гар бичвэр бүхий зурвас байсан. Тэгээд би энэ тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн буюу хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Г.Х-д танилцуулсан. Г.Х- даргын хувьд “... наад хүнээ дуудаад үлдээсэн юм аа ав гэж хэл....” гэсэн. Тэгээд би шүүгдэгч Ц.У-гийн утас руу залгаад “... та хурдан ирж манай өрөөнд үлдээсэн зүйлсээ ав, таныг ууттай зүйл үлдээсэн талаар хариуцсан даргадаа танилцуулсан...” гэдгийг хэлсэн. Гэтэл шүүгдэгч Ц.У- нь "... зүгээр ээ, эгч нь чамайг дүү шигээ санаж өгсөн юм, наадахаа авчих...” гэж хэлсэн. Тэгээд удалгүй шүүгдэгч Ц.У- нь манай өрөөнд буцаж орж ирсэн. Энэ үед шүүгдэгч Ц.У-гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж албажиж гарсан учраас түүнийг хуяглан хүргэх чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчийг дуудаж хүлээлгэн өгсөн. Тэгээд шүүгдэгч Ц.У-гийн манай өрөөнд орж ирж миний ажлын ширээний хажууд ууттай зүйл үлдээж ширээн дээр зурвас бичиж үлдээсэн асуудлын талаар шүүгч Э.Ч-т танилцуулсан ба шүүгч тэр даруйд нь “Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг”-ийг хөтөлж холбогдох ууттай эд зүйлсийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлд шалгуулахаар хүргүүлсэн. Мөн шүүгдэгч Ц.У-гийн хувьд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дээрх асуудлаас өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр манай ажлын өрөөнд орж ирээд шүүх хуралдаан хэзээ болох талаар асуусан ба “... чи шүүгчид эгчийгээ манай эгч байгаа юм гээд захиад өгөөрэй, амралтын өдрөөр завтай бол 5 минут уулзах хэрэгтэй байна...” гэх агуулгатай зүйл ярьсан. Миний хувьд шүүгдэгч Ц.У-гийн дээрх үйлдлийн хариуд “надад тантай амралтын өдөр уулзах шаардлага байхгүй, тийм ямар ч боломжгүй...” гэдэг хариуг өгч байсан. Мөн шүүгдэгч Ц.У-гийн хувьд амралтын өдрөөр миний гар утас руу хэд хэдэн удаа залгаж байсан ба би утсаа огт авч түүнтэй ярьж байгаагүй. Шүүгдэгч Ц.У-гийн хувьд надаар дамжуулан шүүгчид нөлөөлж өөртөө холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн санаатай дээрх үйлдлийг гаргасан гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх 122-124/,

- Яллагдагч Ц.У-гийн мэдүүлэг /хх 138-139/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.У-г “... өөрт холбогдох эрүүгийн хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс хахууль өгөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн шударга ёс, тэгш эрхийн зарчмыг алдагдуулдаг хор уршиг, шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ц.У-, түүний өмгөөлөгч М.Ариунболд нараас “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.

Харин, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хууль хэрэглээний хувьд зохих зүйл, заалтыг баримтлаагүй байгааг зөвтгөв.  

Шүүгдэгч Ц.У- нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2367 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт зааснаар ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.У-, түүний өмгөөлөгч М.Ариунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-гийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 42 /дөчин хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ

  ШҮҮГЧ                                                                     Н.БАЯРМАА

 

              ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

              ШҮҮГЧ                                                                   П.ГАНДОЛГОР