| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 169/2020/0007/Э/ |
| Дугаар | 313 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 313
Ч.Зт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаар магадлалтай, Ч.Зт холбогдох 1922001970126 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1969 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Гавж овогт Чын З нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Зыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. Зт нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ч.Зт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.З гаргасан гомдолдоо:
“1.Шүүгдэгч Ч.З би өөрт холбогдох хэргийн материалтай танилцаад мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад миний эрх зүйн байдлыг дордуулж, илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж гомдоллож байна. Учир нь Дундговь аймгийн ЗДТГ-аас Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хулд сумын Засаг даргын Тамгын газрын хэрэгцээнд суудлын автомашин худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг Аймгийн Засаг дарга О.Б миний нэр дээр шилжүүлсэн бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.3-д “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна” гэсэн заалтыг зөрчсөн, цаашлаад Хулд сумын Засаг даргын орлогч Ө.Ө нь надад дээрхи асуудлыг танилцуулалгүй дур мэдэн 2019.03.13-ны өдөр А/23 дугаартай “Үнэлгээний хороо” байгуулах тухай захирамжийг миний нэрээр үйлдэж, өөрөө гарын үсэг зурсан баримт нь Хулд сумын Төрийн архивын хөмрөгийн №49, данс №07-д байхад үүнийг мөрдөгч, прокурорууд шалгаж тогтоосонгүй, Ө.Өын гаргаж өгсөн хуурамч баримтыг /надаар нөхөж гарын үсэг зуруулсан баримтыг/ үндэслэж ялласанд гомдолтой байна. Эндээс харвал Аймгийн Засаг дарга О.Б, сумын Засаг даргын орлогч Ө.Ө нарыг бодит үнэнийг тогтоолгүй орхигдуулсан байна. Иймд эдгээр ажиллагааг хийлгэх шаардлагатай.
2.Цаашлаад А/23 тоот захирамжид Ө.Ө нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар өөрийн эхнэр Ц.Тийг томилж, улмаар Үнэлгээний хороо Хулд сумын ЗДТГ-т автомашин худалдан авах тухай дүгнэлт гаргахдаа Үнэлгээний хорооны даргаар томилогдсон Х.Быг сольж Ц.Быг даргаар томилж дүгнэлт гаргасныг шалгалгүй орхигдуулсан тул Х.Б, Ц.Б нарыг гэрчээр асууж үнэн зөвийг тогтоолгомоор байна. Үүнээс харахад, сумын Засаг даргын орлогч, эхнэр Ц.Тэйгээ үгсэж, дур мэдэн хууль бус ажиллагаа явуулж байхад намайг албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
Гэрч Ц.Т нь Үнэлгээний хорооноос тендерийн урилгыг надаар тараалгасан мэтээр мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт “Үнийн санал авах тухай” урилгыг “Дундговь аймгийн Хулд сумын Цэцэрлэг, Харилцах утас 88487210 дугаарыг тавьсан байтал надад бүх бурууг тохож, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, намайг гэм буруутайд тооцож ялласанд гомдолтой байна.
Намайг буруутгаж байгаа гол үндэслэл нь Л.Б гэгчтэй утсаар ярьсан гэж буруутгаж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дээрх автомашиныг Засаг даргын Тамгын газрын дарга С.С гэрээ байгуулан авсан байтал намайг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг шүүх шийдвэрлэхгүй орхисон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн 49.500.000 төгрөгөөр худалдан авсан болон автомашины үнэлгээний зөрүү 25.500.000 төгрөгийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Зын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.З нь Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд 100.000 км-ээс дотогш гүйлттэй, зөв талдаа жолооны хүрдтэй, 2008 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашин худалдан авахаар тендер зарлагдсан байхад ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа иргэн Л.Бт давуу байдал бий болгож, 1999 онд үйлдвэрлэгдэж, Монгол Улсад 2009 онд импортлогдсон, 193.000 км гүйлттэй, буруу талдаа жолооны хүрдтэй, 24.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота ланд круйзер-100” загварын автомашиныг “Ёоши Хаши” ХХК-ийн нэр дээр шууд гэрээ байгуулан зах зээлийн үнээс илүү өндөр үнээр буюу 49.500.000 төгрөгөөр худалдан авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.
Харин энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлстийн дарга Б.Таас шүүгдэгч Ч.Зын үйлдсэн хэрэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6/1534 тоот албан бичиг /2хх-177/ шүүхэд ирүүлснийг үндэслэн анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу байна.
Иймд шүүгдэгч Ч.Заас автомашины үнийн зөрүү 25.500.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Зын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд “Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын орлогч Ө.Ө, түүний эхнэр Ц.Т нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй болно.
Түүнээс гадна шүүх өөр хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчимд нийцэхгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах талаар шүүгдэгч Ч.Зын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Заас 25.500.000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Зын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН