Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 952

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: А.Түмэннасангийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4-д зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Түмэннасанг оруулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “ Миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 3 мандат бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар тойрогт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан болно.

Миний бие сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны компанит ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалт болон 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон нэмэлт санал хураалтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар тойрогт 3624 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр хамгийн олон санал буюу 3 дугаарт жагссан. 

Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр заалтыг ноцтой зөрчин 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоол гэх захиргааны акт гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалтыг тус тус үндэслэн А.Түмэннасан намайг "...сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан" гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай хууль бус шийдвэр гаргалаа. Уг хууль бус шийдвэрийн улмаас А.Түмэннасан миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, ард түмний өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйлдэл болж байна.

Миний бие Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дугаар зүйлийн 159.3-д "Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно," гэж заасан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн зөрчлийг Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр зүйлд заасан журмын дагуу шалган тогтоож захиргааны хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Харин хуулиар Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийг шалган тогтоох эрх Сонгуулийн байгууллагад олгогдоогүй байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн А.Түмэннасан намайг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж, Сонгуулийн тухай хуулийг зөрчин шалган тогтоох үйл ажиллагааг өөрөө явуулсан хэмээн тайлбарлаж дээрх 56 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус байна.

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь хуралдсан, ирц нь бүрдсэн эсэх нь тодорхойгүй байхад Сонгуулийн хороо хуралдсан мэтээр тогтоол гаргасан нь хууль бус байна.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо дээрх тогтоолыг гаргахдаа хэний гаргасан ямар гомдол, мэдээлэл, ямар баримтыг үндэслэн нэр дэвшигч намайг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дээрх хууль бус тогтоол хүчингүй болсоноор А.Түмэннасан миний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу хамгийн олон санал авч сонгогдсоноо баталгаажуулах, улмаар надад итгэл хүлээлгэн сонгосон Баянзүрх дүүргийн 5 дугаар тойргийн иргэдийн төлөөллийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4-д зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Түмэннасанг оруулахыг Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар, үндэслэлд: “2016 оны нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-т заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хорооны шийдвэрээр байгуулсан, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 9 (ес)-н хүний бүрэлдэхүүнтэй. 

Нэхэмжлэгч А.Түмэннасан нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд Ардчилсан намаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар тойрогт нэр дэвшигч А.Түмэннасан нь сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах хууль бус ажиллагааг эрчимтэй явуулж Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооноос өргөдөл, Монгол Ардын намаас нэр дэвшигч Н.Отгонбаяр, М.Бямбадорж, Б.Амарбаясгалан нараас гомдол ирүүлсэн. Энэхүү өргөдөл, гомдлыг шалгахад нэр дэвшигч А.Түмэннасан нь өөрөө болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5-р тойрогт ухуулагчаар ажиллаж байсан Ж.Оюунчимэгээр дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан нь ухуулагч Ж.Оюунчимэгийн сонгогч н.Янжинхорлоо, н.Сэнгэдорж нартай Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгөөд 20 000 төгрөг өгч авахаар тохиролцож буй болон санал худалдаж авах иргэдийн бүртгэл гаргаж буй бичлэг, 5 дугаар хорооны “Боролдой” дэлгүүрийн эзэн Б.Эрдэнээ сонгогчдод мөнгө тарааж буй бичлэг СД, түүнд бичигдсэн үйл баримтыг бичгэн хэлбэрт оруулсан тэмдэглэлийн хамт хавсаргав.

Иргэн О.Алтанцоож сонгогч Г.Гантуяа, Н.Даваадулам нар сонгуулиа өгөөд мөнгө авах талаарх бичлэг, иргэн Б.Эрдэнээгийн сонгогчдод мөнгө тарааж буй бичлэг зэргээр бүрэн тогтоогдсон байна. Иргэн Ж.Оюунчимэг, О.Алтанцоож нар нь нэр дэвшигч А.Түмэннасанг дэмжихийн тулд түүнээс мөнгө авч, сонгогч н.Янжинхорлоо, Г.Гантуяа, Н.Даваадулам, н.Сэнгэдорж нарт 20.000 өгөхөөр амалсан, мөнгө өгч байгаа, иргэн Б.Эрдэнээ сонгогчдод мөнгө тарааж байгаа зэрэг нь бичлэгээр илэрсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдсон үйл баримтуудаар нэр дэвшигч А.Түмэннасан Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.14. дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй буюу үгүйсгэсэн баримтыг гомдол гаргагч А.Түмэннасан Сонгуулийн хороонд ирүүлээгүйн дээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг ирүүлээгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан “аливаа этгээд”, 70.5 заасан “эрх бүхий этгээд’’ гэдэгт нэр дэвшигч А.Түмэннасан, ухуулагч Ж.Оюунчимэг, иргэн О.Алтанцоож, Б.Эрдэнээ нар хамаарч байгаа болно.

Дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан “мөнгө, эд зүйл тараах", 70.5.10-т заасан “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, ... мөнгө... тараах”, 70.5.14-т "сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах”, 70.5.16-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно" зэрэг заалтыг ноцтой зөрчсөн байна.

Сонгуулийн тухай хуулиар 1/Улсын Их Хурлын сонгууль, 2/Ерөнхийлөгчийн сонгууль, З/Орон нутгийн сонгуулийн талаар ялгамжтай зохицуулсан байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэгт Улсын Их Хурлын сонгуулийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзэхэд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардаж байна.

Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 145 дугаар зүйлийн 145.1-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл зөвхөн “илэрсэн тохиолдолд” нэрсийн жагсаалтаас хасах эрхийг сонгуулийн төв байгууллагад шууд олгосон байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн хорооны нэр дэвшигч бүртгүүлсний дараа Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл нэр дзвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дзвшигчийн нэрийг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх эрхтэй байна. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын сонгуультай адил шүүхийн шийдвэр шаардаагүй, харин Ерөнхийлөгчийн сонгуультай адил урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй, зөвхөн “илэрвэл” гэх нөхцлийг харгалзан үзэж байгаагаар адил байна. Харин сонгуулийн нэр дэвшигчийн мөн чанараас шалтгаалан нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах субьектээрээ өөр өөр байна. Энэхүү зохицуулалтын эрэмбийн дагуу татгалзах үндэслэл илэрсэн тохиолдолд 159 дүгээр зүйлийн 159.3-д зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх дүүргийн Сонгуулийн хороонд хуулиар олгогдсон тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна.

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны хурлын товыг гишүүдэд нарийн бичгийн дарга мэдэгдсэн бөгөөд хурал эхлэхэд нийт 7 (долоо) гишүүн хүрэлцэн ирсэн байсан. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу уг хурал хүчин төгөлдөр ирцтэй болсон.

Улмаар Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн гэх нэхэмжлэгч А.Түмэннасангийн асуудлыг хэлэлцэх үед хоёр гишүүн хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан. Сонгуулийн хорооны хурал үргэлжилж гомдолд хавсаргасан бичлэгийг үзэж судлан, нэхэмжпэгч нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн хуралд оролцсон гишүүдийн олонх үзэж 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоол гарсан.

Нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл нь “нэг” дэх хэсэгт дурдсан сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гаргасан, тараасан үйл баримт болно. Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээтэй холбон үзэж болно.

Дээрх үндэслэлээс үзэхэд хууль тогтоогч нь Улсын Их Хурлын болон Еренхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрх зүйн үндэслэл, шаардлагыг ялгамжтайгаар тогтоосныг шүүх анхааран үзэхийг хүсч байна.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар Орон нутгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Адъяасүрэн овогтой А.Түмэннасанг оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад энэхүү нэхэмжпэлийн шаардлага биелэгдэх эрх зүйн боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолоор А.Түмэннасанг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс А.Түмэннасанд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, А.Түмэннасангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар А.Түмэннасан нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэнийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулсан байна. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооноос “нэр дэвшигч А.Түмэннасанг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах”, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Ардын намаас нэр дэвшигч Н.Отгонбаяр, М.Бямбадорж, Б.Амарбаясгалан нараас “Ардчилсан намаас нэр дэвшигч А.Түмэннасан нь сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах хууль бус ажиллагаа явуулж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн нь дуу, дүрс бичлэгээр тогтоогдож байх тул 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар уг зөрчлийг шүүхээр шийдвэрлэх хүртэл 5 дугаар тойргийн санал хураалтын дүнг нийтэд мэдээлэх, гишүүний түр үнэмлэх олгох ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. Зөрчлийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа” гэсэн агуулгатай өргөдөл, гомдол тус тус гаргасан байна.

2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон нэмэлт санал хураалтаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Ганчимэг 3756, М.Мэндбаяр 3712, нэхэмжлэгч А.Түмэннасан 3624 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр А.Түмэннасан нь 3 дугаарт жагссан, тодруулбал төлөөлөгчөөр сонгогдох болзлыг хангажээ. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 9 гишүүнтэйгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, 1/сонгуулийн дүнг хэлэлцэх, 2/төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгох, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулах, 3/Сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцсэн ба мөн өдрийн 56 дугаар тогтоолоор нэр дэвшигч А.Түмэннасан нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. 

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах зорилгоор мөнгө эд зүйл тараахыг хориглоно”, 70.5.16-д “сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд эдгээр заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааж, хэрвээ энэ үндэслэл сонгуулийн дүн гарсны дараа тогтоогдвол мөн уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор 159.3-т заажээ. 

Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгох тул А.Түмэннасан болон аливаа этгээд түүнд санал өгүүлэх зорилгоор мөнгө тараасан эсэхийг, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчсөн эсэхийг Н.Отгонбаяр, М.Бямбадорж, Б.Амарбаясгалан нарын гомдолд дурдсанчлан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс зөрчлийг шалгаж байгаа бол ийнхүү шалгаж, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоосны эцэст Сонгуулийн хороо  нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэхийг шийдвэрлэх байжээ. Гэтэл ийнхүү дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоогоогүй байхад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо энэ талаарх гомдол хүлээн авсан даруйд  буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 56 дугаар тогтоол гарган нэр дэвшигч А.Түмэннасанг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэн мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 117.2-т заасантай нийцэхгүй байна. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн видео бичлэг бүхий CD-г хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй хэдий ч бичлэг дээрх үйл баримтыг нотлох баримтын өөр эх сурвалжаар цагдаагийн байгууллага цуглуулах, үүнийг нь шүүх үнэлэх боломжтой төдийгүй нэхэмжлэгч тал уг үйл баримтыг няцаасан, үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй тул нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4-д зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.Түмэннасанг оруулахыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж,  шүүхээс тогтоосны эцэст Сонгуулийн хороо  нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Сонгуулийн хороо уг асуудлыг дахин шийдвэрлэж шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоол, мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог” буюу нэр дэвшигч А.Түмэннасанд холбогдох хэсгийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 9 гишүүнтэйгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах эсэх асуудлыг хэлэлцэхгүй хэмээн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, гишүүн Б.Амартүвшин нар хуралдааныг орхин гарсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, 27.3-т “Сонгуулийн хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно” гэж зааснаар тэдгээрийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцохоор байх тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  хуралдааныг ирц хүрээгүй хуралдсан гэж үзэхгүй. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.Түмэннасан нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж,  шүүхээс тогтоосны эцэст Сонгуулийн хороо  нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэхийг шийдвэрлэж дахин шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг, мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог” буюу нэр дэвшигч А.Түмэннасанд холбогдох хэсгийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо дахин шинэ акт гаргаагүй бол  Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоол хүчингүй болох бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч А.Түмэннасанг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА