Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0482

 

 “Х х у” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “Х х у” ХХК-ийн захирал Э.Б, түүний өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0378 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-ийн давж заалдах гомдлоор, “Х х у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0378 дугаар шийдвэрээр: “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасныг баримтлан “Х х у” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг орон нутагт шилжүүлэх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч, судлан шийдвэрлэх хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны “Х х у” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо нь Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 9.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсэж, ирүүлсэн баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч ажлын 30 хоногийн дотор хянаад, дараах шаардлагыг хангасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно”, 9.1.1 “банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүрсэн” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг орон нутагт шилжүүлэх хүсэлтээ Хороонд биечлэн илэрхийлснийг харгалзан үзэж, нэхэмжлэгчээс Хорооны ажилтанд өгсөн баримт бичгийг эрх бүхий ажилтанд шилжүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хороо буюу Хорооноос эрх олгосон этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг бичгээр шаардаж болно” гэж заасны дагуу хүсэлтийг тодруулан шийдвэрлэх боломжтой байжээ гэж үзэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн зохицуулах хороо нь иргэд, албан байгууллагатай харилцах өдөр тутмын үйл ажиллагаандаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй бөгөөд тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 3.2.1-д ирсэн бичгийг бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авна. Ирсэн бичгийг хүлээж авсны дараа хаяг бүрдлийг шалгаж бүртгэх, урьдчилан танилцах, ангилах, удирдлагад танилцуулж цохолт хийлгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх зэрэг ажилбарууд хийгдэнэ гэж заасны дагуу ирсэн бичиг баримттай холбоотой асуудлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо нь төрийн байгууллагын үйл ажиллагааг эмх цэгцтэй, хариуцлагатай, үр дүнтэй ажиллах нөхцөлийг бий болгодог. Тус хорооны мэргэжилтэн Д.Дашмягмар нь “Х х у ББСБ”-ын гүйцэтгэх захирал Э.Б-тэй уулзахдаа дээр дурдсан хууль журамд заасан процессын дагуу иргэд албан байгууллагаас гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг болохыг тодорхой, ойлгомжтойгоор тайлбарласан бөгөөд тус ББСБ-ын бүрдүүлсэн баримт материалын бүрдлийн талаар зөвлөгөөг өгсөн боловч “Х х у ББСБ-ын гүйцэтгэх захирал Э.Б нь хууль, журамд заасны дагуу хүсэлтээ Хорооны бичиг хэрэгт өгөлгүй мэргэжилтэн Д.Д-ын ширээн дээр орхиж явсан үйлдэл нь албан ёсоор Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан гэх үндэслэл болохгүй. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ББСБГ-ын мэргэжилтэн Д.Дашмягмар болон орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Итгэлсүрэн нар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг бичгээр шаардах эрх бүхий албан тушаалтан биш байхад анхан шатны шүүх Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хороо буюу Хорооноос эрх олгосон этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг бичгээр шаардаж болно” гэсэн заалтыг үндэслэсэн байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Х х у” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот албан бичгээр хандсан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Санхүүгийн зохицуулах хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр  хүлээн авахаас татгалзах байтал хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Х х у” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар албан бичгээр “...тухайн банк бус санхүүгийн байгууллагыг Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэх, үүнтэй холбогдуулан дүрмийн сангийн хэмжээг өөрчлөн бүртгүүлэх” хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан байх боловч хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн хүсэлтийг хүлээн авсан эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд өгөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шийдвэрийг мэдэгдсэнээс хойш эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзсэн тохиолдолд 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч “Х х у” ХХК нь дээрх хүсэлтэд хариу өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүйд холбогдуулан маргалгүй явсаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр анх удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11, 11.1.8, 11.3-т зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг болон гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт орсон тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх нь тус хуулийн этгээдийн үүрэг бөгөөд компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажих юм.

Гэтэл “Х х у” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх нэрээр Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан Э.Б тухайн үед тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан төдийгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зөрчиж хүсэлтээ бичиг хэргийн ажилтанд зохих журмын дагуу хүлээлгэн өгөлгүй хариуцагч байгууллагын ажилтны ширээн дээр орхисон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Өргөдөл, гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно” гэж зааснаар хариуцагч байгууллагын ажилтан хүлээн авах ёстой байсан гэж маргах боловч дээрх зохицуулалт нь өргөдөл, гомдлыг бичиг хэрэг хариуцсан ажилтан бус албан тушаалтнууд шууд хүлээн авахыг үүрэг болгосон зохицуулалт гэж үзэх боломжгүй юм.

Дээрхээс үзвэл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг үйл ажиллагаандаа баримталсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд,

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “Х х у” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг тогтоолыг эс зөвшөөрч, “...Төв аймгийн Баянчандмань суманд хаягаа шилжүүлж, дүрмийн сангаа өөрчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх боломж олгоогүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016  оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Багануур дүүргээс бусад дүүрэгт зээл санхүүжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 800 000 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хувь нийлүүлсэн хөрөнгийг заасан хэмжээнд хүргэхийг тэдгээрийн хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт үүрэг болгожээ.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор дээрх 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллагаагүй “Х х у” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэчлэн тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэж ажиллахыг үүрэг болгож, энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдээгүй тохиолдолд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулсан байх боловч нэхэмжлэгч “Х х у” ХХК нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ аваагүй байна.

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар албан шаардлагаар түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж, зөрчлийг арилгах талаар үүрэг болгосон байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 9/1507 дугаар албан бичгээр дээрх агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид мөн адил мэдэгдсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч “Х х у” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 27, 59 дүгээр тогтоолыг биелүүлээгүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7/3093 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хорооны хурлаар хэлэлцэх болсон” талаар нэхэмжлэгчид мэдээлэл хүргүүлж, улмаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т нийцсэн гэж үзнэ.

Нэгэнт Санхүүгийн зохицуулах хороо нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлж, энэ талаар нэхэмжлэгч “Х х у” ХХК-д удаа, дараа мэдэгдэл, мэдээлэл, албан шаардлага хүргүүлсээр байхад нэхэмжлэгч нь тогтоолыг биелүүлээгүй энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон маргаан бүхий акт үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс “...2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хандан Төв аймгийн Баянчандмань суманд шилжин ажиллах хүсэлт гаргасан, энэ асуудлыг шийдвэрлэсэн бол тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байсан” гэж маргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь нэхэмжлэгч “Х х у” ХХК нь Төв аймгийн Баянчандмань суманд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрхлэх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж байсан хэдий ч Хорооноос нэхэмжлэгч хуулийн этгээдийг Төв аймгийн Баянчандмань суманд шилжүүлсэн шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчээс хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйд холбогдуулан хуульд заасан хугацааны дотор маргаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт зээл, санхүүжилтийн чиглэлээр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нэхэмжлэгч “Х х у” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Х х у” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэчлэн тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэж ажиллахыг үүрэг болгож, энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдээгүй тохиолдолд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулсан боловч уг тогтоолд заасан хугацаанд бус тогтоолд заасан хугацаа өнгөрснөөс хойш 4 сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3, 6.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.4 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Х х у” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х х у” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот албан бичгээр хандсан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Санхүүгийн зохицуулах хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН