2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/00149

 

 

 

 

 

 

 

 2025         12           26                                    192/ШШ2026/00149

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, **************1-1 тоот хаягт оршин байрлах “****” ХХК /регистрийн дугаар: 5*******1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 23 д*************74 тоот хаягт оршин байрлах “****” ХХК /регистрийн дугаар: 28***********д холбогдох,

 

189,038,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь “****” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бидний хооронд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн БС/ТЗ-2501 дугаар "Машин механизмын түрээсийн гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 4 сарын хугацаанд экскавотар түрээсэлж байгаа ба гэрээний 2.11-т түрээсийн төлбөрийг сар бүрийн 11-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл сар бүр төлөх ёстой төлбөр төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, түрээсийн төлбөрийг нэг сарын төлбөрийг 38,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч 5,000,000 төгрөгийг 2025 оны 08 сарын 28-ны өдөр төлсөн өөр төлбөр хийгдээгүй байна. Гэрээний хугацаа дуустал экскаватор ажилласан ба төлбөрөө төлөхийг удаа дараалан амаар, бичгээр шаардсан ч ямар нэгэн үр дүн гарахгүй байсан. Мөн гэрээ хэрэгжих боломжгүй юм байна гээд гэрээ цуцлах гэтэл хэдэн өдөр ажлаад өгөөч гэж гуйхаар нь ажилласан. Манай компани хүнд даацын машин механизм түрээслэх үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл хариуцагч компаниас шалтгаалан орлого тасалдсаны улмаас манай хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж цалингаа ч цагт нь тавьж чадахгүй байх, мөн бусдад төлөх төлбөрөө төлж чадахгүй байдалд байна. Гэрээг цуцлах гэсэн боловч гуйсан учраас дахин ажилласан боловч өнөөдрийг хүртэл дахин төлбөрөө төлөхгүй байна. Гэрээний 5.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутамд 0,2 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон. Өнөөдрийн байдлаар гэрээний үндсэн үүрэг 154,000,000 төгрөг, алданги 40,038,500 төгрөг, 5,000,000 төгрөгийг хасаад нийт 189,038,500 төгрөг болж байна. Хариуцагчийг төлбөрөө төлөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэхээр төлбөрөө төлөхгүй хуулийн байгууллагадаа ханд гэдэг байдлаар ханддаг. Энэхүү нөхцөл байдал нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байх ба нөгөөтэйгүүр манай компанид нэмэлт хохирол учирсаар байна. Хариуцагч нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. Иймд хариуцагч компаниас 189,038,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай компани **** ХХК-д холбогдуулан 189,038,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг гаргасан байсан. Хариуцагч нь гэрээний үүрэгт харилцан тохиролцоод Нийслэлийн Хан-Уул дү************* 74.31 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Иймд хариуцагч нь шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч “****” ХХК-д холбогдуулан 189,038,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч *************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,

75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “****” ХХК-д холбогдох 189,038,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,103,143 төгрөгөөс 551,571.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан /100200100941/-аас 551,571.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ХИШИГБААТАР