| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1178/Э |
| Дугаар | 1225 |
| Огноо | 2018-08-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 1225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. Түвшинтөр,
улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх ҮД:18-28 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Алаг адуу овогт Л.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0280 91431 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л.Б
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Л.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэл тогоот” амралтын газрын ариун цэврийн өрөөний гадна орхисон байсан эмэгтэй хүний хар өнгийн цүнхэнд байсан эд зүйл болон “Ай Фоне-6” /I phone-6/ маркийн гар утсыг авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Намжилдоржийн: …2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хүрэл тогоот амралтын газрын ариун цэврийн өрөөнд гар утас, бичиг баримттай хар өнгийн жижиг гар цүнхээ мартаад явсан. 14 цагаас 16 цаг өнгөртөл уулын энгэр Хүрэл тогоот амралтын газрын тэр хавьд байж байгаад гэртээ 19 цагийн үед очоод утсыг нь асуугаад байхгүй нь мэдсэн. Би 23-ны өдөр утсаа алдаад 24-ний өдөр 20 цагийн үед миний алдсан утсанд сим хийж байгаа дохио өгсөн. Миний алдсан I Phone 6S болон 5S хоёр гар утас нэг ID хаягтай болохоор мэдэгддэг юм. Тэгээд тэр оройноо миний утсыг авсан хүн нууц дугаарыг буруу хийсээр байгаад блоклогдсон. 14 хоног блоктой байж байгаад 04.07-ны өдөр “I Phone 5S”-ынхаа нууц үгийг сэргээгээд ороход 03.24-ний өдөр 96640095 гэсэн дугаар, 03.30-ны өдөр 99050005 гэсэн дугаар миний алдсан утсанд орсон байсан. Тэгээд би 04.09-ний өглөө 99050005 дугаар руу залгаж миний алдсан утас байна, би утсаа авъя гэтэл тус дугаарын эзэн гэж нэг эмэгтэй хүн би “Монтел”-с худалдаж авсан баталгааны хуудас, төлбөр төлсөн баримт нь байгаа гээд 12 цагийн үед “Монтел”-ын гадна уулзсан. Тэгээд бид 2 зарсан ченж дээр нь ороод алдсан утас байна, та энэ эмэгтэйд зарсан байна гэхэд утас зарсан гэх ченж Амарбаясгалан гэх залуу "тийм“үү, би хувь хүнээс худалдаж авсан юм аа, та утсаа ав, ав би энэ эмэгтэйгийн хохирлыг барагдуулна” гэхээр нь цагдаа дуудахад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс а/д Ган-Өсөх гэдэг хүн ирээд тэр ченж залууг шалгаж мэдүүлэг аваад миний утсыг хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Д.Амарбаясгалангийн: ...Намайг худалдаж авахад ID байхгүй байсан. Тэгэхээр нь би худалдаж авсан юм. Манайх ID-тай утас худалдаж авдаггүй юм…гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Л.Нямдоржийн: ...Ээж, ээжийн найзуудтай хамт Хүрэл тогоот явсан. Тэндээсээ нэг хүн нь олсон гэж ярьж байсан. 400.000 төгрөгөөр зарсан, тэгээд надад 100.000 төгрөгийг нь өгсөн. Тухайн үед дүү шинээр ажилд орох гээд бас мөнгөний хэрэг гараад байна гээд эзэн нь залгахгүй болохоор нь зарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн А.Цэнгэлийн: ...2018.04.23-ны үдээс хойш ажлынхаа хүмүүсийн хамт ажлаасаа гараад Амгалан захаас хэсэг хүнс аваад Хүрэл тогоот амралтын газрын тэр хавьд очиж салхинд гарсан. Тэгээд хэсэг сууж байгаад найз Энхцэцэгтэй хамт Хүрэл тогоот амралтын газрын хашааны үүдэнд модон ариун цэврийн газарт орчихоод буцаж байхад модон дээр нь нэг хар өнгийн эмэгтэй хүний цүнх өлгөөтэй байхаар нь аваад хамт явж байсан хүмүүстээ модонд өлгөөтэй байна гэж хэлээд онгойлгоод үзэхэд дотор нь утас, иргэний үнэмлэх, эмэгтэй хүний бугуйн цаг, виза карт, бэлнээр 6000 төгрөг байсан. Ойр хавьд хүмүүс байхгүй эд зүйлээ гээсэн хүмүүс нь ирж магадгүй гээд бид нар хэсэг хүлээж суусан. Тэгээд иргэний үнэмлэхний хаягаар нь хүргээд өгье гээд хоорондоо ярилцахад Өлзийбүрэнгийн хүү нь яах юм бэ, би утсыг нь авчихъя, кодыг нь манай найз ID кодыг нь гаргачихдаг юм гээд авсан. Тэгээд тэндээсээ бид нар Өлзийбүрэн эгчийн хүүхдээр ажил дээрээ хүргүүлсэн. Хоёр хоногийн дараа Өлзийбүрэн эгч ирээд манай хүүхэд кодыг нь гаргачихсан өөрөө барьж байгаа гэсэн. Бид хоёрт хар цүнх, дотор нь байсан иргэний үнэмлэх, цагийг нь үлдээсэн. Энхцэцэг бид 2 цүнхэнд байсан иргэний үнэмлэхний гэрийн хаяг нь ойрхон юм байна гээд аваад үлдсэн. Тэгээл Өлзийбүрэн эгч удалгүй ажлаасаа гарсан...
...Энхцэцэг эгч бид 2 олсноороо цүнхийг нь иргэний үнэмлэхний хаягаар нь хүргээд өгье гэж хэлсэн чинь Л.Б гар утсыг аваад манай найз кодыг нь гаргачихна гэж хэлээд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21 дүгээр тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Э.Энхцэцэгийн: ...гэтэл машины жолооч Өлзийбүрэн эгчийн хүүхэд Л.Б манай найз утасны кодыг гаргаж чаддаг юм би энэ утсыг кодыг нь гаргуулаад би өөрөө барьчихъя гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,
“ Арвижмх Эстимейт “ХХК-н хохирлын үнэлгээний дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Л.Бийн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ээжийнхээ ажлын хүмүүстэй цуг машиныг нь бариад амралтанд очихдоо Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэл тогоот” гэх амралтын газрын ариун цэврийн өрөөний гадна хар өнгийн эмэгтэй хүний цүнхэнд байсан “Ай Фоне-6” маркийн гар утсыг аваад кодыг нь гаргаж “Монтел” дээр аваачаад 400.000 төгрөгөөр зарсан. Худалдаж авсан хүн маань надаас олсон утас авсан гэдгээ мэдээгүй. Би тэр хүнд олсон утас гэж хэлээгүй. Би урьд өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Өөрт сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна. Би хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,
- Шүүгдэгч Л.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34, 35, 36 дугаар тал/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэл тогоот” амралтын газрын ариун цэврийн өрөөний гадна орхисон байсан эмэгтэй хүний хар өнгийн цүнхэнд байсан эд зүйл болон “Ай Фоне-6” /I phone-6/ маркийн гар утсыг авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Л.Бид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэл тогоот” амралтын газрын ариун цэврийн өрөөний гадна орхисон байсан эмэгтэй хүний хар өнгийн цүнхэнд байсан эд зүйл болон “Ай Фоне-6” /I phone-6/ маркийн гар утсыг авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирлын үнэлгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Л.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.Намжилдоржид гар утсыг нь буцаан олгосон, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-ийн 30 дугаар тал/
Шүүгдэгч Л.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Л.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Бид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Бид оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ