Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1356

 

2025          12             02                                                                       2025/ДШМ/1356

 

Ц.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнхболд /цахимаар/,  

шүүгдэгч Ц.О- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2072 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.О-д холбогдох 2509 01553 0908 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.      

А- овогт Ц-ын О-, ....... Урьд,

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн (РД:Ц-).

Шүүгдэгч Ц.О- нь 2025 оноос хойш 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү О.Т-ийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас О.Т- өөрийн хоолойгоо боомилж амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч А- овогт Ц-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн харилцаатай хүн болох төрсөн хүүг байнга хүчирхийлж, доромжилж, зодож, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэний улмаас амиа хорлоход хүргэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Ц.О-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр, хор уршиг, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ын цагдан хоригдсон 14 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүний амь хохирсонд туйлын их харамсаж байна. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тухайн хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцож, хэргийн материалтай танилцсан. Шүүхийн хийсэн дүгнэлтүүд, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт дээр ажиллаж дараах 4 агуулга бүхий нөхцөл байдлаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийг тал бүрээс нь хууль зүйн үндэслэл бүхий бүрэн дүгнэлт хийж өгөхийг хүсэж байгаа. Нэг дэх агуулга нь шүүхийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй үйл баримт 2 хооронд зөрүүтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэргийн шинж яаж бий болсон бэ гэдэг дээр үйл баримтыг сэргээн дүрсэлж, тогтоож дүгнэлт хийхдээ удаан хугацаанд доромжилж, гар хүрдэг байсан гэх үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн байдаг. Гэтэл шүүхээр сэргээн тогтоогдсон үйл баримт нь том хүү О.Д-, шүүгдэгч Ц.О- нар нь согтуурсан үедээ маргалдсан үйл баримт хөдлөшгүй тогтоогдсон. Тухайн нөхцөл байдлыг амь хохирогч О.Т- салгасан. Салгасан нөхцөл байдал дунд шүүгдэгчийн биеэс цус гарсан. Үүнд эмзэглэж амь хохирогч өөрийн шалтгаан нөхцлөө өөрөө тодорхойлж, найз охин руугаа фэйсбүүк, мессенжерээр шалтгаан нөхцөлөө хохирогчийн сэтгэл зүйн хувьд үүссэн нөхцөл байдлыг өөрийн оюун бодлоор тодорхойлж дүгнэлт хийсэн. Уг нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтаар сэргээн дүрсэлж, бодит байдлыг дүгнэж шийдвэрлэсэн. Шүүхийн “удаан хугацаанд доромжилж гар хүрдэг байжээ” гэх үйл баримт нь нэг тусдаа дүгнэгдэх нөхцөл байдал, түүнтэй зэрэгцэж хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй амь хохирогчоос амиа хорлох нөхцөл байдлыг тухайн цаг үед үүссэн нөхцөл байдал дээр тулгуурлаж өөрийн оюун бодлоор тодорхойлж явуулсан шүүхээр тогтоогдож буй үйл баримт 2 дээр ялгамжтай дүгнэлт хийх ёстой. Тухайн тохиолдолд амиа хорлоход хүрэх нөхцөл байдал нь бий болсон эсэхийг зөв ялгаж, бодитой дүгнэлт өгөх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнд тогтоогдож буй тухайн нөхцөл байдалд тулгуурлан дүгнэлтийг хийгээгүй. Амьдралын туршид хохирогч болоод зарим гэрч нарын өгч байгаа мэдүүлэг дээр дурдсан, өмнө өрнөсөн амьдрал дээр бий болсон үйл баримт дээр давамгайлж дүгнэлт хийж, тогтоогдож байгаа бодит байдал дээр тусгайлсан дүгнэлтийг хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл, үүнээс шалтгаалж анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хийхдээ учир дутагдалтай дүгнэлт хийх нөхцөл байдал хүргэсэн гэж үзэж байгаа. Тухайн 2 нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитой, үнэн зөв, бүрэн гүйцэд, дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүгдэгч Ц.О-, О.Д-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тухайн үед хохирогчтой зодолдсон, биед нь хүрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин О.Д-, Ц.О- нарын хооронд маргаан болсон. Улмаар цус гарахад энэ талаар өөрийн найз охиндоо тодорхойлж бичиж байгаа нь бодит шалтгаан нөхцөл болсон. Амиа хорлоход хүргэх шалтгаан нөхцөл нь дээрх дурдсан шалтгаанаар холбогдож нөхцөлдсөн, бүрэн бодитой, үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт авагдсан. Тухайн нөхцөл байдлыг хэсгийг дүгнэж үзвэл О.Д-, Ц.О- нар хоорондоо маргалдаж, цохилдож цус гарсан нөхцөл байдалд сэтгэл зүйн дүгнэлт хийж, тухайн маргаан, зодооны улмаас Ц.О-ын биеэс цус гарсан нөхцөл байдалд эмзэглэж, сэтгэл зүйн дотоод орчинд амиа хорлох сэдэл шийдвэрт хүрсэн гэж үзэх нэг талын нөхцөл байдал байхад үүнд бодитой дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүх, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа нөхцөл байдал, шүүхийн хийсэн дүгнэлт зэрэг зөрүүтэй нөхцөл байдалд бүрэн бодитой дүгнэлт хийж, шийдвэрлэж өгнө үү.

2 дахь гомдлын агуулга нь шүүх хууль зүйн дүгнэлт хийж байгаа тухайн хэсэгт гэмт хэргийн субъектив талын шинж дээр нь Ц.О-ыг хүсэж үйлдсэн, зориуд хүргэсэн, субъектив талын шинжийг амиа хорлосон шалтгаан нөхцөлтэй шалтгаант холбоотой байна гэж холбож, шалтгаант холбоог тодорхойлж, хууль зүйн талаас нь дүгнэлт хийсэн. Гэтэл тухайн хийж буй дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд, тухайн амиа хорлох нөхцөл байдалд хүргэж байгаа нөхцөл байдлын хүрээнд шүүгдэгч Ц.О-ын субъектив талын шинж, урьдаас мэдсэн ухамсарласан, түүнд хүсэж, зориуд хүргэсэн гэх нөхцөл байдал дээр дурдсан 1 дэх гомдол дээр дурдагдаж байгаа баримтуудаар шууд субъектив талын шинжүүд бүрэн тогтоогдоогүй. Субъектив талын шинж нь ямар байдлаар, хэрхэн тухайн тохиолдолд нотлогдон тогтоогдож бодитой дүгнэлт өгөх үндэслэл болсон бэ гэдэг дээр бодит дүгнэлтийг хийж чадаагүй. Субьектив талын шинжийг бүрэн тодорхойлж чадаагүй. Тухайлбал: О.Д-гээс “...амь хохирогч өмнө нь амиа хорлох ямар нэгэн үйлдэл гаргаж байсан уу...” гэхэд “...үгүй ээ, тийм зүйл ярьдаггүй байсан...” гэдэг. Гэтэл анхан шатны шүүх хэвийн амьдралын туршид бий болж байсан нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гэж дүгнээд байдаг. Энэ нь дээрх гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №4661 хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт байгаа. Уг шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ц.О-, гэрч О.Д- нар зодолдсон, шүүгдэгчийн биеэс цус гарсан гэж амь хохирогч эмзэглээд байгаа нөхцөл байдал үгүйсгэгдэн тогтоогдсон. Тухайн баримтууд, нөхцөл байдлыг юугаар, ямар баримтаар, хэрхэн үгүйсгэж хууль зүйн дүгнэлт хийсэн гэдэг нь тодорхойгүй. Иймд тухайн гэмт хэргийн субъектив талын шинжийг хуульд тусгайлан заасан нөхцөл байдалд зөв тодорхойлж, дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэж байгаа. Иймд давж заалдах шатны шүүх гэмт хэргийн субъектив талын шинжэд бүрэн дүүрэн дүгнэлт хийж, үнэн зөв хэргийг шийдвэрлэж өгнө үү.

3 дахь гомдлын тухайд, процессын шинжтэй нөхцөл байдал тухайн хэрэг дээр үүссэн гэж харж байгаа. Учир нь, хэрэгт бодитой тогтоогдож буй, амь хохирогч өөрөө тодорхойлж байгаа уг шалтгаан нөхцөлийн хүрээнд тухайлсан дүгнэлт хийж чадаагүй анхан шатны шүүхийн асуудал дээр давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэлт хийх нөхцөл байдал үүсч байна. Хэрэв гомдлын 3 дахь хэсэг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, хэргийг бүрэн дүүрэн дүгнэлт өгч шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү.

4 дэх агуулгын хувьд тухайн гэмт хэргийн шинж нь гарцаагүй байдалд хүргэсэн байдаг. “...Гарцаагүй байдалд хүргэх...” гэдгийг хуулиар тодорхойлж өгсөн. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гаас мэдүүлэг авсан. Тухайн мэдүүлэгт “...нөхөр эрүүл үедээ том хүүгээсээ илүү дунд хүүдээ хайртай юм шиг анзаарагддаг...” байсан гэдэг. Түүнчлэн бусад гэрч нарын мэдүүлгээр согтуу үеийн нөхцөл байдал болоод эрүүл үеийн нөхцөл байдал 2 өөр. Бодит байдал дээр байнгын амиа хорлоход хүргэж буй гарцаагүй нөхцөл байдлыг зөвхөн хэвийн амьдрал дээр согтуурсан үедээ гаргадаг авирыг барьж дүгнэлт хийж буй нь учир дутагдалтай. Хэвийн амьдрал дээр амь хохирогчид илүү хайртай, халамжтай байсан зан харилцаа, төлөв, субъектив талын нөхцөл байдал эсрэгээр дүгнэгдсэн нөхцөл байдал байгаа. Эцэст нь хэлэхэд, бусдын дарамт шахалт, нөлөө зэргээс амиа хорлоход хүргэсэн бол гэмт хэргийн шинж, нөхцөл байдал өөр. Гэтэл амь хохирогч өөрийн үзэмж, өөрийн шийдэл, өөрийн хувь шалтгаанаас хамаарч тодорхойлж байгаа шалтгаанаар амь хохирох нөхцөл байдал үүссэн тохиолдолд ялгамжтай хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрлэх ёстой. Хэрэв өөрийн шийдэл, өөрийн хувь шалтгаан нөхцөлөөс амиа хорлох нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд гэмт хэрэг хэмээн тодорхойлох боломжгүй. Эдгээрийг бүрэн бодитой, ялгамжтай тодорхойлж, шийдвэрлээгүй байна. Иймд 2 санаа гаргаж байгаа. Хэрэв шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй, гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэх дүгнэлтэд хүрвэл цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв гомдлын 3 дугаарт дурдсан процессын шинжтэй нөхцөл байдал, үүссэн гэж дүгнэвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр бүрэн дүгнэлт хийлгэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.О- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн хамгийн хайрт хүүгийнхээ араас маш их харамсаж, гашуудаж маш ихээр үгүйлэн санаж байна. Хайрт хүүгээ ийм нөхцөл байдалд хүрээсэй гэж огтхон ч хүсээгүй. Иймд миний хэргийг дахин шалгаж хянан шийдвэрлэж өгнө үү. Өдий насанд ийм газарт хоригдож байгаа даа маш их харамсаж байна ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүүг тухайн өдөр шүүгдэгч Ц.О- дуудаж архинд явуулаагүй бол миний хүү өдийд амьд байх байсан. Хүүг цэрэгт явж ирснээс нь хойш 3 сар машиных нь лизинг төлсөн. Түүнийгээ байнга нэхдэг байсан. Миний хүүд энэ нь үнэхээр сэтгэлийн дарамт болж байсан. Миний хүү зүгээр байж байгаад амиа хорлосон болж таарч байна уу, чиний доромжлол, чиний мөнгө нэхэж дарамталдаг дарамт байгаагүй бол миний хүү өнөөдөр амьд байх байсан. Урд өдөр нь “...тусдаа гараад ээжийнхээ хоолыг санах байх даа...” гээд хуушуур идээд, инээгээд сууж байсан хүү минь ийм болчихно гэж байхгүй. Чи том хүүгийнхээ амьдралаар нь тоглосон. Одоо дунд хүүгийнхээ аминд хүрчихлээ.Тухайн өдөр том хүү минь согтуу байгаагүй гэдгийг хэлмээр байна. Би 3 хүүхэдтэйгээ хоолоо хийж идээд байж байсан. Дунд хүү цалин мөнгөгүй болсон тул таксинд явъя гээд явсан. Том хүү орой 11 өнгөрч байхад унтлаа гээд хойшоо орсон. Би охинтойгоо урдаа хоносон. Би үүнийг хэлэхгүй гэж бодож байсан. Би сүүлийн удаа гэж бодоод, чиний миний хүүгийн 49 хоногоос хойш гаргаж байсан ааш авирыг би яриагүй. Гэтэл чиний эгч намайг “...дүүгийн минь шоронд хийсэн, гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өглөө, чи жаргаарай...” гэж хэлсэн. Би үрээ алдчихаад яаж жаргалтай байх юм бэ...” гэв.

Прокурор Э.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй. Нотлох баримтыг бэхжүүлж цуглуулахдаа хэргийн хангалттай болон хүрэлцээтэй байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоож, хянасны үндсэн дээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг нь өөрийн хамаарал бүхий харилцаатай, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх объект шинжтэй. Тухайн гэмт хэрэг нь удаан хугацааны туршид үйлдэгддэг. Удаан хугацаа гэдэг нь объектив шинжид зааснаар 3 буюу түүнээс дээш удаагийн давтамжтай байнгын хүчирхийлэн доромжилсон, тамлан зовоосон үйлдэл нь амиа хорлох нөхцөл байдалд гарцаагүй хүргэсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тухайн хэрэг гарах үед байсан гэрч О.Д-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч н.Намуунаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь амь хохирогчийг байнга айлган сүрдүүлсэн, хэлэх, хэлэхгүйгээр хэлдэг байсан нь тогтоогдсон. Өмгөөлөгчийн зүгээс тухайн нөхцөл байдалд амь хохирогч найз охин н.Н-тай ярьсан гэх зүйлийг ярьж байна. Тухайн хэрэгт ганцхан энэ баримт авагдаагүй. Хэргийг тал бүрээс нь буюу мэдүүлэг дангаараа нотлох баримтын эх сурвалж болохгүй. Бусад нотлох баримтуудтай харьцуулсан дүгнэлт хийж, хянасан. Гэрч н.Н-ы мэдүүлэг хавтаст хэргийн 81-82 дугаар хуудсанд авагдсан. Үүнд: “... аав ахын өмнөх эхнэрүүдийг доромжлоод, хөөгөөд явуулчихсан болохоор чамтай уулзуулахгүй, доромжлоод хөөгөөд явуулчих байх, би үүнийг хүсэхгүй байна гэж хэлж байсан. Аавтайгаа харилцаа муу санагдсан. Намайг энэ талаар нэг удаа асуухад аав архи уугаад ээжийг зовоодог, хэлэх хэлэхгүй үгээр хараадаг, багаасаа л ийм байдалтай байсан. Нэг бол аав үхнэ. Үгүй бол би үхнэ. Ингэхгүй л бол энэ гэр бүл нэг л болохгүй байна гэж ярьдаг байсан...” гэж мэдүүлдэг. Энэ мэтчилэн байнгын дарамталдаг, байнгын айлган сүрдүүлж, байнгын доромжилдог байсан. Энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн тогтоогддог.

Тухайн үед зодоон болсон буюу хэн, нэгний биед гэмтэл учирсан эсэхийг орхигдуулаагүй, шалгасан. “Аавын цусыг үзлээ” гэх зүйлийг хэлсэн байсан учраас шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн биед гэмтэл тогтоогдоогүй. Гэмтэл тогтоогдоогүй учир гэмт хэрэг үйлдсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Өмгөөлөгчийн зүгээс амиа хорлох үйлдлийг өөрийн субьектив санаагаар, өөрөө хүсэж хийсэн гэх зүйлийг яриад байна. Тухайн гэмт хэргийн объектив шинж нь бусдын үйлдэл, эс үйлдлийн улмаас амиа хорлосон, амь нас нь хохирсон үйлдэл биш. Өөрөө амиа хорлох үйлдлийг хийдэг. Гагцхүү амиа хорлох шалтгаан нөхцөл нь өөрөө байнгын дарамт, хүчирхийллийн улмаас амиа хорлосон байх шинжтэй байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, амиа хорлох нөхцөл байдал нь өмнө нь үүссэн байж болно. Гагцхүү амиа хорлох нөхцөл байдал, амиа хорлосноор дуусгавар болохгүй. Нөхцөл байдалд хүргэснээр тухайн гэмт хэрэг төгсдөг. Энэ тохиолдолд  амиа хорлох нөхцөл байдалд хүргэж байсан хэдий ч энэ гэмт хэрэг төгссөнөөр гэмт хэрэг илэрсэн буюу тухайн цаг хугацаанд амиа хорлосон нь гэмт хэргийн төгссөн цаг хугацаа гэж прокурорын зүгээс дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.О- нь 2025 оноос хойш 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү О.Т-ийг “гомо, энэ тэнд хүнд дээрэлхүүлдэг арчаагүй, биеэ үнэлэгчид шоронд орвол бөгсдүүлээд явна, над шиг өргөн цээж байхгүй, ална, чаддаг юм бол үх” зэргээр байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас О.Т- өөрийнхөө хоолойг боомилж амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн: “... би буцаж урд гэр рүү орчхоод 07 цаг 40 минутын үед буцаад хойд байшин руу ороход хойд жижиг өрөөний салхивч онгорхой байхаар нь яагаад онгойдог билээ гээд шагайхад хүүгийн хөл нь дээврээс унжиж байхаар нь том хүүгээ сэрээх гэтэл сэрээгүй, тэгээд урд гэр рүү ороод 13 настай охиноо сэрээгээд байшингийн араар тойроод очиход ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай 2 гар сул унжсан байдалтай байсан яг юугаар боосон нь харагдаагүй байсан, тэгээд би дээвэр рүү хайч аваад хашаан дээр гарч дамжиж дээвэр рүү гарахад байшингийн дээврээс ил гарсан яндангийн хэсгээс машины чирэгч олсыг хайчлаад шууд доошоо буусан, янданд яаж зангидсан тохсон байсан эсэх талаар мэдээгүй, тэгээд хүүгээ буулгахад охин түшээд байж байсан, гал тогооны цонхны доор тавьчихаад 103 дуудсан. Үзлэг хийхэд нас барсан гэж хэлсэн тэгээд би хүүгээсээ холдож чадаагүй нэг мэдэхэд ах нь дүүгээ тэврээд уйлаад байсан тэгээд аав нь босож ирээд чи үхэхгүй яасан юм би чамайг алах байсан юм гээд том хүү рүү дайрч хэл амаар доромжлоод байсан цагдаа нар эмч ирсний дараахан ирсэн...Ц- овогтой О- нь зан байдлын хувьд архи уусан үедээ догшин зан авиртай болдог намайг “банзал, янхан, гичий, алаа худалддаг” гэх мэтээр хэлэх хэлэхгүйгээр доромжилдог энүүхэнд залуу байхаас хардаж зоддог байсан сүүлийн хэдэн жилд хүүхэд том болоод зодох нь багассан, хоёр хүүгээ гомо, энэ тэндээ хүнд дээрэлхүүлдэг арчаагүй, биеэ үнэлэгчид шоронд орвол бөгсдүүлээд явна, над шиг өргөн цээж байхгүй, ална тална, сүүлд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтуу байж байгаад хоёр хүүгээ ална гээл над руу ус буцалгагч авч шидээд том хүү бариад авсан чинь нөхөр хутга аваад та нарын аль нэгийг нь ална гээд хутга бариад зогссон чинь та нарын аль нэгийг нь ална гэсэн ер нь энэ байдал нь хүүхдүүдийг жоохноос байхад эхэлсэн би хүүхдүүдээ жоохон байхад нь нөхрөө унттал нь гадаа зогсдог байсан, гэр бүлийн хүчирхийлэлд олон жил явж байна даа энэ талаар би өөрийнхөө ах дүү нарт тоотой цөөн хэд л хэлж байсан, нөхрийн ар гэр бол мэднэ ахыгаа, дүүгээ ямар зан авиртай байдаг талаар мэднэ. Эрүүл үедээ утаснаасаа салахгүй сүүлийн 7-8 сард уурхайд ажилд орж бид нарт мөнгө өгдөг болсноос хойш бид нарыг гуйлгачин гэж доромжилно, хүүхдийнхээ жолоодох эрхийн сургалтын төлбөрийг өөрөө төлнө гэж хэлээд дараа нь төлснөө гайхуулж доромжилно, өмнөх 20 гаруй жил би л амьдралаа авч явж байсан. ...  согтчихоороо 13 настай охиноо хүртэл “чи янхан болно” гэдэг хүүг “чи төрөх ёсгүй аборт хийлгэх ёстой байсан, гомо, бөгсдүүлнэ, арчаагүй” гэх мэтээр байнга хэлж байдаг энэ бүхэнд миний хүүд их хэцүү тусдаг байсан, ихэнхдээ дуугарахгүй бодолд ороод суучихдаг байсан, аав нь хоёр хүүгээ байнга зоддог байсан хүзүүг нь боодог, нүүрийг нь самарддаг, мааждаг байсан энэ нь 10-аас дээш жил иймэрхүү байдалтай байсан сүүлийн 5 жил нөхөр бүүр араатан шиг болсон. Миний хоёр хүү аавыгаа зүгээр байхад нь гар хүрдэггүй, согтуу ирчихээд л над руу болон миний хоёр хүү рүү дайраад эхлэхээр намайг хамгаалж зодуулдаг, аргаа бараад сүүлдээ таныг дийлдэггүй дээ биш төрсөн эцэг болохоор чинь гар хүрдэггүй шүү гэж хэлж байсан, миний хүү аавыгаа гомдоох зүйл хийж байгаагүй... Миний хүү амиа хорлосон, гэхдээ амиа хорлоход эцэг нь нөлөөлсөн амиа хорлох нөхцөл байдалд хүргэчихлээ, эцэг нь өнөөдөр өглөө цуг байхдаа юу гэж хэлсэн болоод ийм байдалд хүргэчихвээ л гэж бодож харамсаж байна. Энэ бүхэнд эцэг нь буруутай, төрсөн цагаас нь хойш гомо, төрөх ёсгүй хүүхэд, аборт хийлгэх байсан юм, шоронд орвол бөгсдүүлнэ, арчаагүй гэх мэтээр хэлэх, хэлэхгүйгээр жоохноос нь дарамталж гэр бүлийн хүчирхийлэлд байлгаснаас болж амиа хорлосон, миний хүүд өөр ямар ч амиа хорлох шалтгаан байхгүй, ямар их зүтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй хүүхэд байлаа даа энэ бүхэнд аав нь буруутай...” (хх 70-72),

гэрч С.Н-гийн: “... гэрт нь хэд, хэдэн удаа очиж байсан ээжтэй нь уулзаж байсан, аавтай нь уулзаж байгаагүй уулзуулдаггүй байсан... аав нь ахынх нь өмнөх эхнэрүүдийг доромжлоод хөөгөөд явуулчихсан болохоор чамайг уулзуулахгүй, доромжлоод хөөгөөд явуулчих байх, би тэгэхийг хүсэхгүй байна байсан гэдэг. ... аавыгаа их хэцүү, ах болон намайг, ээжийг доромжилдог гэж удаа дараа хэлж байсан, ахыгаа, ээжийгээ, дүүгээ, ааваасаа хамгаална гэж ярьдаг байсан, согтууруулах ундааны зүйл нээх их хэрэглэдэггүй, хэцүү үедээ ихэвчлэн хэрэглэсэн байдаг. Зөөлөн зантай, цэргийн алба хааж байсан, ял шийтгэл эдэлж байгаагүй. ... 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 06 цаг 41 минутаас хойш чат ирсэн байсныг сэрээд 07 цаг 20 минутын үед хариу чат бичихэд фейсбүүкээс гараагүй байсан тэгсэн мөртлөө хариу бичихгүй байсан. Өглөө бичсэн чатандаа "Хайр минь миний өмнөөс ээжид минь хэлээд өгөөрэй, гэр бүлдээ хайртай байсан шүү гээд... Хайр нь аавын цусыг үзээд амьд байх боломжгүй юм хийчихлээ... Хайр нь чамдаа хайртай шүү.... Гэр бүлдээ бас хайртай... Хайр нь шийдсэн дээрээ явлаа... Уучлаарай... Та хэд минь сайхан амьдраарай... Сүүлийн удаа хайраа хайртай шүү... Ээжид хэлээрэй уучлаарай гээд хэлээд өгөөрэй гуйя.... Өөр хүсэх юм байхгүй ээ. Эцгийн цусыг үзлээ, дэндүү харамсаж байна" гэж чат бичээд үлдээсэн байсан. ... Аавтайгаа л харилцаа муу санагдсан болохоор би нэг удаа асуухад архи уугаад ээжийг зовоодог, хэл хэлэхгүй үгээр хараадаг, багаасаа л ийм байдалтай байсан нэг бол аав үхнэ, үгүй бол би үхнэ тэгэхгүй бол энэ гэр бүл нэг л болохгүй байна гэж их ярьдаг байсан. ... Ааваас нь л болсон байх гэж бодож байна...” (хх 81-82),

гэрч М.Т-ийн: “... Манайхан энэ хашаанд амьдардаг байх үед л хажуу О-ийнх бие биетэйгээ маргалддаг байсан...” (хх 92-93),

гэрч О.Д-гийн: “ ... Аав 3-4 хоног дараалаад архи уучихсан байсан, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн шилжих шөнө би 00 цагийн үед хашаанд байдаг монгол гэртээ ээж эмэгтэй дүүтэйгээ байж байгаад хойд байшин руугаа орж унтахаар ороход аав согтуу хэвтэж байсан, тэгээд талийгаач дүү рүү яриад хүрээд ир цалин орчихлоо, надад ганц юманд яваад ирээч гэсэн тэгээд дүү гэрт ирээд аавын картыг авч гараад буцаж аавд архитай ирсэн. Дүү бид хоёр гараад машинд нь суугаад 2,5 л хэмжээтэй пиво нэлээн удаан тайван хувааж ууж дуусгаад гэртээ цуг орсон тэгэхэд цаг хэд болсныг мэдэхгүй байна аав бүүр илүү согтчихсон байсан тэгээд бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. ... Ааваас болсон л гэж бодож байна. Анх мэдээ орсон цагаас хойш л согтуу хэл амаар доромжлуулж өссөн. Мөн дүү, аав хоёр л үлдсэн байсан. Аав өмнө нь “чаддаг юм бол үхээч” гэх мэтээр их хараадаг байсан болохоор аавын үгнээс болж амиа хорлосон гэж бодож байна...” (хх 95-96),

шүүгдэгч Ц.О-ын: “Би 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гадагшаа гарч Нараа гэдэг ахтай уулзаад 2 шил архи уусан. Тэгээд нэлээд согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө нь сэрээд би Д-г гэртээ байхаар нь аавдаа яваад шар тайлах юм аваад ир гэж хэлээд архи авхуулсан, Үдээс хойш миний цалингийн үлдэгдэл мөнгө орж ирсэн, тэгэхээр нь би дунд хүү болох Т- рүү яриад аавынх нь цалин орсон байна, ирээд аавдаа нэг шил архи аваад өгчих гэж хэлсэн. Талийгаач манай дунд хүү орой ирсэн байсан. Орой хэдэн цагийн үед ирсэн гэдгийг бол мэдээгүй тэгээд нэг шил архи аваад ирсэн байсан. Түүнийг ирэхэд нь би том хүүхэдтэйгээ зодолдоод гал тогооны хамаг юмыг буулгасан байсан гэсэн манай, том баньд миний данснаас 250.000 төгрөг өөрийнхөө данс руу авсан байсан түүнээс болж бид хоёр маргалдсан, манай том хүүхэд хаана архи уусан талаар би мэдэхгүй байна, намайг өдөр архи уугаад унтсан хойно дэлгүүр явж архи авч уусан байх бас надтай адилхан нэлээд согтсон байсан. Талийгаач ирээд та хоёр дандаа ингэж байх юм гээд уурлаад байсан. Тэгээд талийгаачийн авчирсан архинаас уугаад түүнээс хойш юу болсон талаар бол санахгүй байна. Өглөө 07 цагийн орчим санаж байна эхнэр гадаа орилоод байхаар нь гараад иртэл цагдаа нар ирсэн байсан. Тэгээд юу болсон талаар би ойлгосон, эхнэр над руу орилоод чамаас болсон гээд байсан өөр надад санаж байгаа юм алга байна...” (хх 11-13) гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 19-33), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 37-38), гэрч С.Н-гаас гаргаж өгсөн 10 хуудас баримт (хх 46-51), гар утсаар хийгдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 52-54), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх 17), эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1202 дугаар: “...Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүнд дарагдлын ором, зүүн сарвуу, баруун гуяны шарх, зүүн шуу, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх хүзүүний дарагдлын ором нь нь уяа гогцоонд биеийн жингээр дүүжлэгдэх үед үүсгэгдэнэ. Зүүн сарвуу, баруун гуяны шарх, зүүн шууны зулгаралт нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шилбэний зулгаралт мохоо зүйлийн үйлчлэлээр үрэлцэх, шүргэлцэх, нидрэгдэх үед үүсгэгдэнэ. ... Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Амь хохирогч нь дүүжлэлтийн улмаас механикаар амьсгал бүтэж, амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...Амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн 2025.03.21-ний 23 цаг 50 минутын байдлаар нас бараад 16-18 цаг болсон гэжээ. ...Амь хохирогч нь дүүжлэлтийн улмаас тархи хүчилтөрөгчийн дутагдалд орж үхжихээс өмнө эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд ч амь насыг аврах боломжтой..." гэх дүгнэлт (хх 151-164) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.О- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ц.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү О.Т-ийг “гомо, энэ тэнд хүнд дээрэлхүүлдэг, арчаагүй, биеэ үнэлэгчид, шоронд орвол бөгсдүүлээд явна, ална, чаддах юм бол үх” зэргээр байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас О.Т- нь өөрийн хоолойгоо боомилж амиа хорлоход хүргэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс “...Ц.О-ын хохирогчийн амь хорлоход гарцаагүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх нь эргэлзээтэй, шүүхийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй үйл баримт 2 хоорондоо зөрүүтэй, Ц.О- урьдаас мэдсэн, ухамсарласан, түүнд хүсэж, зориуд хүргэсэн гэх шууд субъектив талын шинжүүд бүрэн тогтоогдоогүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  шүүгдэгч Ц.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болон хүүхдүүддээ агсам тавих, зодох, хэл амаар доромжлох зэргээр биеийн болоод сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан үйл баримт тогтоогдож байна. Амь хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэлд бага наснаасаа эхлээд өртсөн, шүүгдэгчийн гэр бүлийн хүрээнд гаргаж байсан хүч түрэмгийлсэн зан байдал, заналхийлэл, ойр дотны хүмүүсийг нь болон өөрийг нь байнга доромжилсон, айлган сүрдүүлдэг байсан үйлдлүүд нь гэмт хэрэг гарахын өмнө давтагдсан талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-, гэрч С.Н-, М.Т-, О.Д- нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтуудыг үгүйсгэх, эргэлзээтэй гэж үзэх нотлох баримт авагдаагүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт авагдсан баримтуудаас амь хохирогчийн найз охиндоо бичсэн зурвасаас “...аавын цусыг үзээд амьд байх боломжгүй юм хийчихлээ....” гэснийг амь хохирогчийн амиа хорлох шалтгаан болсон гэж явцуу байдлаар дүгнэж байгааг хүлээн авах боломжгүй юм.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн объектив шинж нь “... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” идэвхтэй үйлдлээр илэрхийлэгдэхээр хуульчилсан бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмнө гэр бүлийн хүрээнд гаргаж байсан хүч түрэмгийлсэн зан авир, доромжлол, заналхийлэл нь хохирогчийг ямар нэгэн гарах гарцгүй болгосон гэсэн субъектив төсөөллийг бий болгож, амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн идэвхтэй үйлдэл, энэ үйлдлийн улмаас хохирогч нас барсан буюу амиа хорлосон үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Ц.О- болон түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.О-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2072 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 90 /ер/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАЯРМАА                   

                        ШҮҮГЧ                                                         Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                         П.ГАНДОЛГОР