| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1179/Э |
| Дугаар | 1226 |
| Огноо | 2018-08-26 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 1226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Л.Бурмаа ҮД:04-75 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Ц.О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0096 91270 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.О
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Ц.О нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Од” баарны гадна иргэн Л.Уламбаяртай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг үнэн тул дахин хэргийн талаар ярихгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Уламбаярын: …Би 5,5 граммын лаазтай пивоны дээрээс ганц хоёр л балгасан байсан. Ухаан санаа цоо эрүүл байсан. Биеэ авч явах бүрэн чадвартай байсан. Отгонбаяр нь миний дагз хэсэг рүү хүчтэй цохиж бие яг хаашаа унаснаа санахгүй байна. Тэгсэн нүүр ам руу хэд хэдэн удаа хүчтэй цохиж гэмтэл учруулсан. Надаас нийт эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг гарсан. Тэр мөнгөө Ц.О гаргуулж авсан байгаа. Надад өөр гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Ж.Эрдэнэбатын: ...Би очиход тэр залуучууд Мөөгий маргалдаад байсан. Бид хоёр голд нь ороод зогсчихсон байсан. Оогий гарч ирээд яах гээд байгаа пизда вэ гээд Мөөгийтэй муудалцаад байсан. Өндөр хулдаасан дээр зогсдог Шантка гэх залуутай заамдалцаад авсан. Би тэр залуу хажуунаас нэг удаа цохисон. Тэгээд бид нар хоорондоо зодолдсон. Хохирогч гэх залуу Оогийгийн араас боогоод татахаар нь Төртулга бид хоёр салгасан. Мөөгий гэдэг залуутай хохирогч гэх залуу хоорондоо зодолдсон. Мөөгий дийлэхгүй болсон. Оогий намайг зодоод байна гэхэд Оогий очоод хамж шидээд дээрээс хэд хэд цохисон. Тэр залуу хэсэг хөдлөхгүй байснаа босоод ирсэн. Хохирогч залуу нэг эмэгтэй аваад явсан. Тэгээд бид нар тэндээс салаад явсан. Мөөгий, Оогий хоёр зодолдсон залуучуудтай хамт үлдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1877 дугаартай дүгнэлтэнд:
1. Л.Уламбаярын биед гавлын дагз ясны шугаман хугарал, тархи доргилт, хамар ясны далд хугарал, дагзны хуйх, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хамар, уруул орчимд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ /хх-ийн 37 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Ц.Оын: ...тухайн үед би нилээд согтуу байсан. Би баарнаас тамхи татах гээд гарахад үүдэнд тэгээд би нэг залуутай маргалдаад байж байтал араас намайг Уламбаяр гэх залуу цохисон. Тэгээд би Уламбаярыг зөрүүлээд цохиход газарт унасан, тэгээд би дээрээс нь 2-3 удаа цохисон. Тэгээд бид нар салцгаасан. Уламбаярын биед учирсан гэмтэл нь миний цохиж унагаан дээрээс нь цохисон үйлдлээс үүссэн гэмтэл гэж би үзэж байна. Би Уламбаярын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Б.Уламбаяраас уучлал гуйж, түүнд учруулсан хохирлоо барагдуулсан тул хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
- Хохирлын мөнгө хүлээн авсан талаарх хохирогчийн тайлбар /хх-ийн 69 дүгээр
тал/,
- Хохирогчийн хүсэлт /хх-н 84 дүгээр тал/,
- Шүүгдэгч Ц.Оын цалингийн тодорхойлолт /85 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.О нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Од” баарны гадна иргэн Л.Уламбаяртай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д ...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.От Баянзүрх дүүргийн Прокуророос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага ...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу яллагдагч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтээ прокурорт гаргасан байна.
Шүүх Ц.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.О нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Од” баарны гадна 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Л.Уламбаяртай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ц.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Ц.О нь хохирогч Л.Уламбаярт хохирлын 3.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-ийн 69, 75-76 дугаар тал/
Хохирогч Л.Уламбаяр нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.От оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.От оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Л.Уламбаяр нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ