| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2410000001805 |
| Дугаар | 2025/ДШМ/1357 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1357
2025 12 02 2025/ДШМ/1357
Б.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Өлзийжаргал,
шүүгдэгч Б.Э- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2285 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э- гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2410000001805 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- овгийн Б-ийн Э-, ........., ял шийтгэлгүй, /РД:Б-/,
Шүүгдэгч Б.Э- нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү .... хотхоны В1 давхарт 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр .... УНЭ улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн автомашинтай нэвтрэн орж улмаар хохирогч Б.А-ийн эзэмшлийн 225/60/17 хэмжээтэй 4 ширхэг автомашины дугуйг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол,
хохирогч Д.Г-ийн эзэмшлийн 235/55/18 хэмжээтэй 4 ширхэг автомашины дугуйг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол,
мөн газраас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр .... УНЭ улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн автомашин ашиглан хохирогч Б.Э-ын хөрөнгө болох Тоуо брэндийн 275/65/П18 хэмжээтэй 4 ширхэг өвлийн дугуйг хулгайлж 2,304,000 төгрөгийн хохирол,
мөн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр .... УНЭ улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн автомашинтай нэвтрэн орж улмаар хохирогч Б.Ө-гийн хөрөнгө болох 4 ширхэг обуд, дугуйг ашиглан хулгайлж 12,600,000 төгрөгийн хохирол,
2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр .... УНЭ улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн автомашин ашиглан хохирогч С.Н-ийн хөрөнгө болох Бриджестоне брэндийн 275/65/Р16 хэмжээтэй 4 ширхэг өвлийн дугуйг хулгайлж 300,000 төгрөгийн хохирол тус тус учруулж үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг машин ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас нийт 4,004,000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б-ын А-т 600,000 (зургаан зуун мянга) төгрөг, Д-ын Г-т 800,000 (найман зуун мянга) төгрөг, Б-гийн Э-т 2,304,000 (хоёр сая гурван зуун дөрвөн мянга) төгрөг, С-ны Н-д 300,000 (гурван зуун мянга) төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... УНЭ улсын дугаартай “Lexus HS250h-F10” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СО (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Э- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б- овогтой Э- миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/2285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Б- овогтой Э- миний бие Ховд аймаг, .... суманд төрж өссөн. Одоогийн байдлаар эхнэр болох Б- овогтой М-, хүү болох Э-ы Э-ийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Э- тоотод амьдарч байгаа. Хүү маань одоогоор сургууль, цэцэрлэгт явдаггүй. Эхнэр минь гэртээ 3 настай хүүгээ хардаг. Эхнэр минь одоогоор ажил хийх боломжгүй, чихний хагалгаанд ороод удаагүй, мөн дахин хагалгаанд орох гэж байгаа. Тиймээс ар гэрийн байдал минь хүндхэн байгаа тул оногдуулсан ял шийтгэлийг хорихоос өөр шийтгэлээр өөрчилж өгөхийг миний бие хичээнгүйлэн гуйж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Т.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлдэл, холбогдлын тухайд шүүгдэгч Б.Э- нь хэргийн материал танилцуулахад маргасан зүйл байдаггүй. Давж заалдах гомдол гаргасантай нь холбоотойгоор шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд Б.Э-ы давж заалдах гомдлын дагуу түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүнд шийтгүүлсэн байдлыг нь харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэх давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.
Анхан шатны шүүх хуралдааны явцад гарсан процессын алдааг давж заалдах шатны шүүх дээр ярихаас өөр аргагүй байдал, хэрэг танилцах явцад үүссэн. 2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар талд 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр №637 яллах дүгнэлт үйлдсэн. 50 дугаар талд 10 дугаар сарын 2-ны өдөр яллах дүгнэлтээ гардуулж өгсөн. Улмаар тухайн өдрөө буюу 10 дугаар сарын 2-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн үйл явц харагддаг. Мөн оныхоо 09 дүгээр сарын 09-ний өдөр улсын яллагч нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан тул тодорхой ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулсан. Үүний дунд хэд, хэдэн удаа шүүх хуралдаан зарлаж, улсын яллагчийн өвчтэй, чөлөөтэй гэх хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар 10 дугаар сарын 2-ны өдөр шүүх хуралдаан явагдаж, шүүгдэгчид 2 жил 3 сарын хорих ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар шүүхээс 60 хоног олгоод, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан хугацаанд яллах дүгнэлтийг нэмж гардуулах тухай ойлголт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан прокурор яллах дүгнэлтийг гардуулаад, 3 хоногийн дараа хэргийг шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Уг зүйл заалт өөрчлөн найруулагдахын өмнө 72 цагийн дотор шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй байх зохицуулалттай байсан. Прокурор яллах дүгнэлтийг гардуулдаг болсонтой холбогдуулан 2025 оны 6 дугаар сард орсон өөрчлөлтөөр прокурор яллах дүгнэлтээ гардуулсны дараа, 3 хоногийн дараа шүүхэд хэргийн материалыг хүргүүлнэ. Түүний дараа шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудал яригдах хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл шүүх хуралдаан болох өдөр яллах дүгнэлтийг гардуулаад байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилт, зарчмыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байгаа. Эдгээрийг засаж, залруулсны дараа хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу гардуулагдах ажиллагаа явагдаагүй. Түүнээс хойш тоологдох хугацаа тоологдоогүй. Үүнийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч, хуулийн зөрчлийг арилгах арга хэмжээг авч өгнө үү.
Шүүгдэгч Б.Э- тухайн үедээ өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлнө гэдэг байдлаар явсан юм билээ. Яллах дүгнэлтийг гардаж аваад 72 цагийн дотор хэрэг хэлэлцдэггүй байсан хуучин зохицуулалт ямар учиртай байсан гэхээр өөрийнхөө ямар хэрэгт, ямар зүйл ангитай хэрэгт холбогдсон, цаашид өөрийгөө өмгөөлөх юм уу, эсхүл бусдаар өмгөөлүүлэх юм уу гэх наад захын суурь эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгодог байсан. Уг зохицуулалтыг өөрчлөн найруулахдаа прокурор яллах дүгнэлтийг гардуулаад 3 хоногийн дараа материалыг шүүхэд хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл, гардуулсан өдрөө шүүхэд хэргийг хүргэхгүй л гэсэн үг.
Хэрэг шалгагдах явцдаа шүүгдэгч хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Гадуур байсан. Иймд Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг хийлгэхээр зайлшгүй буцаах шаардлагатай гэж үзвэл миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өгнө үү...” гэв.
Прокурор Г.Өлзийжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Э-д холбогдох хэрэгт шүүхийн шатаас оролцсон. Хяналтын прокурор н.Энх-Амгалан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож, шүүх хуралдааны хэлэлцүүлэг явагдсан. Томилолтоор шүүх хуралдаанд оролцох явцад яллах дүгнэлтийн хэргийн товч утга болон мөн тогтоох хэсэг дээр зөрүүтэй техникийн шинжтэй алдаа гаргаж яллах дүгнэлтийг явуулж, гэм буруугийн хуралдаан зарлагдсан байсан нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 буюу учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглаж уг төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн боловч учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашигласан тохиолдолд уг ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно гэж хуульд заасан байхад уг автомашин хэний нэр дээр бүртгэгдсэн, хаана байгаа нь тодорхойгүй. Мөн автомашинд үнэлгээ хийлгээгүй байсан. Иймд эдгээр нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, улсын яллагчийн зүгээс гэм буруугийн санал дээр шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулах саналыг шүүхэд тавьсан. 60 хоног хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Лексус Эйч Эс 250 маркийн автомашины үнэлгээг эд хөрөнгийн үнэлгээний компаниар хийлгүүлсэн. Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвийн газраас уг тээврийн хэрэгсэл хэний нэр дээр бүртгэлтэй, хэдэн төгрөгийн үнэлгээтэй болох талаар ажиллагаануудыг хийсэн. Хяналтын прокурор Энх-Амгалангийн яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн техникийн шинжтэй алдааг засах нь зүйтэй гэж үзэж, техникийн шинжтэй алдааг засаж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан зарлагдсан. 7 хоногийн өмнөөс шүүгдэгч Б.Э-д яллах дүгнэлт гардуулах гээд дуудсан боловч прокурорын байгууллагад ирээгүй. Ховд аймаг руу явсан талаар ярьдаг. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10-т яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлэхдээ яллагдагчид яллах дүгнэлтийг 3 хоногийн өмнө гардуулж, хэргийг шүүхэд шилжүүлнэ гэх заалт байгаа. Ямар нэгэн байдлаар хэргийг би шүүх рүү шилжүүлээгүй. Өмнө нь хяналтын прокурор Энх-Амгалан яллах дүгнэлт гардуулаад, 3 хоногийн дараа буюу хугацаа өнгөрсний дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байдаг. Миний хувьд 2 төрлийн ажиллагаа хийж, дахин яллах дүгнэлтийг Б.Э-д гардуулж, шүүх рүү шилжүүлсэн. Мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан 3 хоногийн дараа шүүх рүү шилжүүлнэ гэх зүйл заалт нь дээрх зохицуулалтыг хуульчилсан гэж ойлгож байгаа. Яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааг засаад, 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, 10 дугаар сарын 2-ны өдөр шүүгдэгч Б.Э-д гардуулсан. Улмаар шүүх хуралдааныг үргэлжилж, шийтгэх тогтоол гарсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа.Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирол, төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Иймд улсын яллагчийн зүгээс хэдий хохирол, төлбөр төлөгдөөгүй байсан ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг харгалзаж, 2 жилийн хорих ялыг шүүхэд санал болгосон. Шүүхээс шүүгдэгчид 2 жил 3 сарын хорих ял оногдуулсан байгаа. Тухайн зүйл анги нь хорих ял оногдуулах ялын санкцтай учраас шүүгдэгчийн гаргасан гомдлыг нь хэрэгсэхгүй болгож, 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э-ы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
шүүгдэгч Б.Э- нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү .... хотхоны В1 давхарт .... УНЭ улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн автомашинтай нэвтрэн орж, улмаар хохирогч Б.А-ийн эзэмшлийн 225/60/17 хэмжээтэй 4 ширхэг автомашины дугуйг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол,
хохирогч Д.Г-ийн эзэмшлийн 235/55/18 хэмжээтэй 4 ширхэг автомашины дугуйг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол,
үргэжилсэн үйлдлээр дээрх газраас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Э-ын Тоуо брэндийн 275/65/П18 хэмжээтэй 4 ширхэг өвлийн дугуйг хулгайлж 2,304,000 төгрөгийн хохирол,
2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 250 хохирогч Б.Ө-гийн 4 ширхэг обуд, дугуйг хулгайлж 12,600,000 төгрөгийн хохирол,
2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.Н-ийн хөрөнгө болох Бриджестоне брэндийн 275/65/Р16 хэмжээтэй 4 ширхэг өвлийн дугуйг хулгайлж 300,000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг машин ашиглаж үйлдсэн болох нь:
Хохирогч Б.А-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү .... хотхоны 116 дугаар байрны R-41 зогсоолд тээврийн хэрэгсэл болон машины дугуйг тавьдаг. ...өвлийн 225/60РТ хэмжээтэй дугуйг 1 ширхгийг 500,000 төгрөгөөр 2021 онд худалдаж авч байсан Тус дугуйнууд нь өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед байсан. Гэтэл өнөөдөр 18 цагийн үед машинаа зогсоолдоо тавих гэтэл дугуйнууд алга болсон байсан. Би өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” (хх 152-153),
хохирогч Д.Г-ийн: “... Би өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, 114/2 дугаар байрны В1 давхрын 92 дугаартай зогсоолд 235/55R18 хэмжээтэй, өвлийн япон 4 ширхэг дугуйг тавьсан байсан. Өгөөмөр захаас 2024 оны 09 дүгээр сард нэг дугуйг 200,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл өнөөдөр өглөө 10 цагийн үед машинаа унаад гарахад дугуй байсан, орой 19 цагийн үед ирэхэд дугуйнууд алга болсон байсан, ямар нэгэн түгжээ байгаагүй. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” (хх 156-157),
хохирогч Б.Э-ын: “...Би 2024 оны 04 дүгээр сард Тоёота Ланд Круйзер маркийн .... УЕП улсын дугаартай автомашиныхаа 4 ширхэг өвлийн дугуйг зуны дугуйгаар сольсон. Тэгээд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү .... хотхоны 1 дүгээр ээлжийн барилгын Р2 давхрын 171 номерын зогсоол дээр өөрийн сольсон 4 ширхэг Тоуо брэндийн 275/65R18 маркийн өвлийн дугуйгаа давхарлаж орхиод цагаан өнгийн даавуугаар бүтээчихсэн байсан. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр машинаа унах гээд граж руугаа ороход зогсоолын хойд талд байсан 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан. Байрныхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 23 цаг 11 минутад цайвар цэнхэр өнгийн Lexus НS250 маркийн автомашинтай хүн зогсоол дээр ухарч ороод 7-8 минутын дараагаар эргээд гарч яваа бичлэг бичигдэн үлдсэн байсан. Машины жолооч нь залуухан, хар өнгийн хувцастай хүн байсан. Алдсан 4 ширхэг дугуйгаа 2023 оны 10 дугаар сарын орчим Энхтайваны гүүрний доод талд байх Петровис колонкийн харалдаа үйл ажиллагаа явуулдаг автомашины дугуйн дэлгүүрээс 1 ширхгийг 720,000 төгрөгөөр худалдан авч байсан” (хх 35-36),
хохирогч Б.Ө-гийн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05-ны өдөр гэртээ ирээгүй ажилтай байсан юм. Тухайн үед машины зогсоол дээр машин байгаагүй, харин машиныхаа 4 ширхэг обудтай дугуйг үлдээсэн байсан. 05-ны өдөр гэртээ ирээд машинаа байрлуулах үедээ үзэхэд байхгүй болсон байсан. Дугуйгаа олохоор Фейсбүүкийн зар харж байтал 11 дүгээр сарын 07-ны өдөр миний алдсан дугуйны зургийг тавьсан зар байхаар нь чатаар нь холбогдож Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол орчимд уулзаж дугуйг үзэхэд миний алдсан дугуй мөн байсан. Нийт 14,000,000 төгрөгийн хохирол учирсан байсан” (хх 110-111),
хохирогч С.Н-ийн: “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү .... хотхоны 1 дүгээр ээлжийн барилгын Р2 давхрын 0111 дүгээр зогсоол дээр давхарлан орхисон 215/65R16 хэмжээтэй Вirdgestone брэндийн 4 ширхэг өвлийн дугуйгаа шалгахад хулгайд алдагдсан байсан. Би алдсан 4 ширхэг өвлийн дугуйгаа 2021 онд Таван богдоос 1 ширхгийг нь 400,000 төгрөгөөр буюу 1,600,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” (хх 74-75),
гэрч Э.М-ийн: “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4Runner-ын фейсбүүк чат групп дээр автомашины 4 ширхэг дугуй зарна гээд М- дугаараас зар оруулсан байсан. ...Үнийн мэдээллийг авахад 4 дугуй нийлээд 2,800,000 төгрөг гэж байсан. Очоод дугуй болон обудыг нь үзэхэд хужаа обуд байна гэж хэлээд үнийг хямдруулаад 2,300,000 төгрөгөөр авахаар тохирсон. Тэгээд 2,300,000 төгрөгийг өөрийн Хаан банкны М- дугаартай данснаас тухайн хүний өгсөн Хаан банкны М- дугаартай данс руу “дугуй” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлгийг хийсэн. ... Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдэж байсан бол худалдан авахгүй байсан. Тухайн дугуйг надад зарсан хүн М- гэсэн Юнителийн дугаартай, Хаан банкны М- дугаартай данстай, 23-25 настай, 170-175 см орчим өндөртэй, буржгар үстэй, ажлын нормын цацруулагчтай бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн байсан. Би хулгайн дугуй гэдгийг нь мэдээд зарсан хүнээс нь мөнгөө нэхсээр байгаад авсан, надад ямар нэгэн хохирол, гомдол санал байхгүй” (хх 115-116),
Шүүгдэгч Б Э-ы: “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү .... хотхоны 116, 117 дугаар байрны В2 давхрын автомашины зогсоолд өрөөд тавьчихсан байсан 225/60R17 хэмжээтэй обудгүй машины 4 ширхэг дугуй байхыг хараад хулгайлсан. Энэ дугуйг өөрийн эзэмшпийн Лексус Эйч Эс 250 маркийн машиныхаа багаажинд ачсан” (хх 174-175) гэсэн мэдүүлгүүд,
-102 тусгай дугаарт ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хх 144),
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 146-149),
-“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн ХУ1-24-325 дугаартай: “...225/60/17 хэмжээтэй, 4 ширхэг өвлийн дугуй 600,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хх 160-163),
-Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх өргөдөл (хх 5),
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн: “...Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү .... хотхоны гражийн үүд рүү тусгалтай бичлэгт 2024 оны 10 дугаар сарын 28-ны 23 цаг 10 минут 57 секундэд автомашин дотогшоо орж байна. Р2 давхрын гражийн үүд рүү тусгалтай хяналтын камерын бичлэгт 2024 оны 10 дугаар сарын 28-ны 23 цаг 11 минут 04 секундэд Lexus НS250 маркийн, усан цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл граж руу орж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байв. Р2 давхрын Р171 дүгээр зогсоол руу тусгалтай хяналтын камерын бичлэгт 2024 оны 10 дугаар сарын 28-ны 23 цаг 11 минут 58 секундэд сэжигтэй тээврийн хэрэгсэл R171 дүгээр зогсоол руу ухарч машин байршиж байна. Хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн шүүхэд тус тээврийн хэрэгслээс сэжигтэй этгээд 23 цаг 12 минут 18 секундэд бууж машинаа цоожилчхоод багана тойроод явж байгаа бичлэг бичигдсэн байв. Бичлэгийг үргэлжлүүлэн шүүхэд 23 цаг 15 минут 37 секундэд сэжигтэй этгээд эргэн машин дээрээ ирж байгаа бичлэг бичигдсэн байв. Үргэлжлүүлэн шүүхэд сэжигтэй тээврийн хэрэгсэл 23 цаг 15 минут 37 секундэд хөдөлж байгаа бичлэг бичигдсэн байв” гэсэн тэмдэглэл (хх 8-12),
- Хаан банкны М-, М- дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Б.М-ын эзэмшлийн Хаан банкны М- дугаартай, Б.Э-ы эзэмшлийн Хаан банкны М- дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хх 13-25),
- “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн х-102 дугаартай: “...Тоуо брэндийн 275/65R18 размерын 4 ширхэг дугуй 2,304,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан (хх 37-38),
- Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх өргөдөл (хх 101),
- “Тэнцвэр эстимэйт үнэлгээ" ХХК-ийн х-98 дугаартай: “...ВFGoodrich брэндийн АК Тгаin загварын 285/65R18 хэмжээтэй 4 ширхэг дугуй, Меthod брэндийн 4 ширхэг offroad обуд 12,600,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан (хх 117-118),
-Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх өргөдөл (хх 70),
-“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн х-103 дугаартай: “...Bridgestone брэндийн 215/65R16 хэмжээтэй 4 ширхэг дугуй 300,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан (хх 76-77),
-“Онцгой үнэлгээ” ХХК-ийн ХУД/46 дугаартай: “...Мацумод ХХК-ийн эзэмшлийн .... УНЭ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол Улсад орж ирсэн Lexus НS250h маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 21,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэсэн үнэлгээний тайлан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Э-ыг “гэмт хэргийг хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Э-ы машин механизм ашиглан бусдын зогсоолд тавьсан байсан автомашины дугуйг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Э- нь “...ар гэрийн байдал хүнд байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн шийтгэлээр сольж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулахаар хуульчилсан тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй харин шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг ойлгож, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Э-ы ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Т.Баасанжаргал “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтийг гардуулаагүй...” гэсэн тайлбар гаргасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, яллах дүгнэлтэд гарсан алдааг зөвтгөж, хуульд нийцүүлэн үйлдэж, шүүгдэгчид гардуулах ажиллагааг хийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлэхийг прокурорт даалгаж шийдвэрлэжээ.
2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд прокурор ирээгүй үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон байх бөгөөд прокурор 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүгдэгч Б.Э-д 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргуулан өгч, шүүгчийн захирамжид заасан хугацаанд яллах дүгнэлтийг дахин үйлдэж, гардуулаагүй үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй байна.
Мөн шүүгдэгч Б.Э- нь прокурорын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн яллах дүгнэлтийг гардуулсан хугацааны хувьд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргаагүй, мөн гэм буруугийн талаар маргаагүй, давж заалдах шатны шүүхэд “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э- нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2285 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 61 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш хохирол төлбөрт нийт 4,004,000 төгрөг төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2285 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ы 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, 4,004,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР