Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2019/00037

 

*******ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00129 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын хүсэлттэй

2010-2012 оны хооронд Ачит Ихт ХХК-д ерөнхий инженер болон Барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Дашням, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Монгол, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******* би 2010 оноос Орхон аймагт "Эрдмин ХХК-ийн цэвэр зэс боловсруулах үйлдвэртэй адилхан үйлдвэрийг Ачит-ихт ХХК / цэвэр зэс үйлдвэрлэх үйлдвэр / барих болж намайг урин ажлаас маань гаргаж ерөнхий инженерээр ажиллуулж эхэлснээр би Барилгын тухай хуульд зааснаар барилгын "зөвлөх үйлчилгээ" давхар эрхлэн гүйцэтгэж ирсэн Үүнд:

Хөрөнгө оруулалтын судалгаа хийлгэх ажлыг хариуцаж байгаа бөгөөд тухайн үйлдвэрийн удирдлага болох /тухайн үед/ гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Бат-Оч бид хоёр БНХАУ-ын Бээжингийн судалгааны хүрээлэн Улсын үйлдвэрийн газар дээр очиж уулзан гэрээ хийж ирсэн бөгөөд 2011 оны 5-р сард ажил гүйцэтгэгч гэрээгээ зөрчсөн учир гэрээгээ цуцалж дээрх ажлыг би өөрөө бүрэн хариуцаж ажилласан. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, норм нормативын баримт бичиг боловсруулалтын түвшинг тогтоох барьж байгаа үйлдвэр маань химийн үйлдвэр учир зураг, төсөв, норм нормотивийг миний заавраар хийж гүйцэтгэсэн. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг захиалж суурилуулж байгаа бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг захиалга хийх, үйлдвэрлүүлэх зэрэг ажлуудыг би өөрийн биеэр удирдан захиалж өөрийн гарын үсгээрээ баталгаажуулж байсан юм. Барилгын ажлын үе шатанд хяналт тавих, барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төсөвт дүгнэлт гаргах буюу барилгын ажлын бүх шатанд хяналт тавьж 7 хоног болгон хөрөнгө оруулагчид тайлан гаргаж өгдөг байсан. Төслийн удирдлага, зохион байгуулалт, технологийн түвшинг хариуцан би төслийг өөрөө удирдаж, тоног төхөөрөмжийн сонголт, технологийн сонголтыг зөв удирдаж ажилласан учир өнөөдрийг хүртэл үйлдвэр тасралтгүй ажиллаж үйлдвэрлэх хүчин чадлаасаа 20%-иар илүүгээр үйлдвэрлэлээ явуулж ашигтай ажиллаж байна. Би өөрийн мэргэжил, мэргэшлийн ур чадвараа ашиглан Орхон аймаг дахь "Эрдэнэт үйлдвэрийн өөрийнх нь технологид таардаггүй хүдэр буюу овоолгыг ашиглаж уусгалтын аргаар цэвэр зэс үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах боломжийг эхнээс нь дуустал нь зураг төсөл, тоног төхөөрөмж технологийг алдаагүй хийж гүйцэтгэснээрээ би барилгын тухай хуульд заасан зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна. Иймд ******* намайг 2010 оноос 2012 оны хооронд Ачит Ихт ХХК-д ерөнхий инженер болон барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00129 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Саян овгийн Сайжрахын Цэвэгжавыг 2010 оны 12 дугаар 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ачит Ихт ХХК-д ерөнхий инженерээр, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан байдлыг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ачит Ихт ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэгт ...2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31- ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсныг сэргээн тогтоосугай гэж заасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Ачит Ихт ХХК-ий захирлын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/2010 тоот тушаалаар нэхэмжлэгч *******ыг тус компанийн Ерөнхий инженерийн албан тушаалд томилон ажиллуулсан. Улмаар нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тус компанийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/16 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн болно. Түүнчлэн *******ыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Төслийн зөвлөхөөр ажиллуулж байгаад нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр мөн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлсөн болно. ******* нь 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс Өмнөговь аймгийн нутагт орших Эрдэнэс таван толгой ХК-д Дэд бүтцийн асуудал эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилогдон ажилласан байдаг. ******* нь Төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт өндөр албан тушаал эрхэлж байхдаа Ачит Ихт ХХК-аас Төслийн зөвлөх нэрээр давхар цалин авч хууль зөрчиж байсан байх ба барилгын зөвлөхөөр ажиллах ямар ч боломжгүй байсан байна. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанд буюу 2010 оны 12 дугаар сарын 01-нээс 2012 оны 05 сарын 01 хүртэл Ачит Ихт ХХК-д зөвхөн ерөнхий инженерээр ажиллаж байсан болохоос барилгын зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж байгаагүй бөгөөд шүүх ч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт *******ыг 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ачит Ихт" ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байсан хэмээн хэргийг шийдвэрлэсэн. Харин шүүх шийдвэртээ 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан хэмээн шийдвэрлэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч ******* нь Ачит Ихт ХХК-д 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төслийн зөвлөхөөр л ажиллахаар тушаал гарсан.

Шүүх ч энэ талаар шийдвэртээ ...Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар бүртгүүлээгүй ч энэ нь түүний Ачит Ихт ХХК-д хийж байсан ажил, ажиллаж байсан байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ хэмээн нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлагыг хангаж эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй талаар шийдвэртээ дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Барилгын тухай хууль болон Засгийн Газрын 2018 оны 319 дүгээр тогтоол /Тухайн үеийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 196-р тушаал Дүрэм батлах тухай/-оор Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, бүртгэх журам-д заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй бөгөөд зөвхөн 1991 онд Политехникийн дээд сургуулийг Автын механикч инженер мэргэжлээр төгссөн дипломын хуулбар л хавтаст хэрэгт авагдсан болно. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд Барилгын тухай хуульд болон Засгийн газрын 2018 оны 319 дүгээр тогтоол /Тухайн үеийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 196-р тушаал Дүрэм батлах тухай/-д заасан шаардлагыг хангасан талаарх баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй, түүнчлэн Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэний хувьд буюу Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй нь үйл баримтаар тогтоогдсоор атал шүүхээс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан хэмээн шийдвэрлэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Тиймээс хуулийн энэ зохицуулалт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч *******ыг Ачит Ихт ХХК-д зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх Ачит Ихт ХХК нь *******ыг 2010 оны 12 дугаар сарын 01-нээс ерөнхий инженерийн ажилд томилохдоо сард 2.500.000 төгрөгөөр цалинжуулахаар тохирч хөдөлмөрийн гэрээ /хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан 03/2010 тоот тушаал / байгуулсан байх боловч 2011 оны 3 дугаар сараас түүний цалин хөлсийг сард 4.000.000-4.000.500 төгрөг болгон нэмэгдүүлсэн байгаагаас түүний мэргэжил тусгай мэдлэг ур чадварыг ашиглан зөвлөх үйлчилгээг авч байснаа компани хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл боллоо хэмээн шийдвэрлэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хавтаст хэрэгт нэхэмжлэгчийг Ерөнхий инженерээр ажиллахтай холбоотой гарч байсан тушаал, хөдөлмөрийн гэрээ авагдсан бөгөөд энэ албан тушаал дээр нь л цалин хөлс нь нэмэгдсэн байдаг.

Гэтэл шүүх цалин хөлс нь нэмэгдсэн учир түүнийг тушаал шийдвэргүй Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаан дах ажилтны ажил эрхэлж байсан байдлын талаарх гол нотлох баримт болох нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын дэвтэрт түүнийг Зөвлөх үйлчилгээ эрхэлж байсан талаарх бичилт огт байхгүй бөгөөд харин Ерөнхий инженерээр ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн нь нэхэмжлэгчийн 192361 дугаартай нийгмийн даатгалын лавлагаагаар нотлогддог. Шүүх гэрч Т.Насанбатын мэдүүлгийг үндэслэн Зөвлөх үйлчилгээ авч байсан гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ачит -Ихт ХХК нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зураг төслийн товчоотой Зэс боловсруулах үйлдвэрийн ерөнхий төлөвлөлтийн зураг төсөл хийх гэрээ 2011 онд байгуулах үед гэрч Т.Насанбат нь уг товчоонд ажиллаж байгаад дээрх зураг төслийн ажилд оролцжээ. Гэтэл тэрээр Шүүх хурал дээр Захиалагч Ачит- Ихт ХХК- ийн ерөнхий инженертэй танил байсан, мөн *******ын удирдлага дор ажиллаж, зөвлөгөө авсан гэсэн нь барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж үзэх үндэслэл биш юм. Ачит Ихт ХХК нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн зураг төслийн товчоотой гэрээ байгуулан ажилласан бөгөөд хувь хүн Т.Насанбаттай гэрээ байгуулаагүй. Т.Насанбат нь уг байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг багаар хийснийг өөрөө хийсэн мэтээр шүүхэд илтэд худал мэдүүлэг өгснийг шүүх алдаатай үнэлсэн гэж үзэж байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ төслийн танилцуулга, цахим захидлууд, Янг Жиатонгоос ирсэн захидал зэргийг үндэслэн нэхэмжлэгчийг Зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан хэмээн хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд Хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн шүүх нэхэмжлэгчийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөхөөр ажиллаж байсныг буюу гэдэг холбоос үг ашиглан Төслийн зөвлөхийг Зөвлөх үйлчилгээтэй адилтган хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн хувьд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус компанид зөвхөн төслийн зөвлөхийн албан тушаал дээр ажиллаж байсан, энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог бөгөөд харин Барилгын тухай хууль болон Засгийн Газрын 2018 оны 319 дүгээр тогтоол /Тухайн үеийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 196-р тушаал Дүрэм батлах тухай/-оор батлагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, бүртгэх журам-д заасан шаардлагыг хангасан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий нотлох баримт байхгүй, мөн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй атал шүүх хууль журмаар тавигдах тусгай шаардлага , эрхлэх чиг үүрэг 2 өөр албан тушаалыг адилтган нэхэмжлэгч *******ыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан хэмээн шийдвэрлэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх байдлаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ/2019/00129 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсныг сэргээн тогтоосугай гэж заасныг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөхөөр ажиллаж байсныг сэргээн тогтоосугай гэж өөрчлөн, дээрх заалтын ... буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан байдлыг ... гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Монгол давж заалдсан гомдолдоо:

******* нь Ачит-Ихт ХХК-нд хөдөлмөрийн гэрээний дагуу ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тэрээр 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс Өмнөговь аймгийн нутагт орших Эрдэнэс таван толгой ХК-нд Дэд бүтцийн асуудал эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилогдон 2017 он хүртэл тасралтгүй ажилласан байдаг. Түүнийг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл Ачит-Ихт ХХК-нд төслийн зөвлөхөөр ажиллуулахаар тушаал гарсан боловч энэ ажлыг хийж гүйцэтгэхэд орон зайн алслагдмал байдал, Төрийн өмчит улсын үйлдвэрт ажиллах болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хориглосон ажил үйлчилгээ байсан зэргээс шалтгаалан уг ажлыг хийх боломжгүй болсон байна. Тэрээр энэ хугацаанд Ачит-ихт ХХК-д ямар нэг ажил хийж гүйцэтгэсэн талаар ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тийм нотолгоо ч байхгүй. Иймд *******ыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 02 ноос 31-ний өдөр хүртэлх хугацаанд барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан гэж үзэх үндэслэлгүй, тийм нөхцөл байдлыг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Ачит-ихт ХХК нь үйлдвэрийн барилгын ажлыг барилгын тухай хуулийн дагуу зураг төсөвтэйгөө хийж гүйцэтгэсэн байхад, шүүгч 2014 онд батлагдсан Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг барилгын зураг төсөв-тэй андуурч илтэд ташаа дүгнэлт хийснийг эс зөвшөөрч байна. Үйлдвэрийн барилгыг Ачит-ихтХХК захиалж барилгын гүйцэтгэгч компаниудаар бариулсан бөгөөд барилгын тухай хуульд зааснаар тухайн гүйцэтгэгч компаниуд шаардлагатай гэж үзсэн бол өөрснөө барилгын зөвлөх үйлчилгээ авч байсныг анхаарна уу. Мөн зарим компаниуд барилгын зөвлөх үйлчилгээ авах шаардлагагүй байдаг. Иймд шүүгч, захиалагч компанийг заавал барилгын зөвлөх үйлчилгээ авах ёстой гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ачитихт ХХК барилгын инженертэй, хэлтэстэй байсан ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй тул нотлох баримт гаргах шаардлагагүй байсан болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00129 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсгээс ...буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан байдлыг... гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээлгэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь 2010-2012 оны хооронд Ачит Ихт ХХК-д ерөнхий инженер буюу барилгын зөвлөх үйлчилгээ эрхэлж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч *******ын онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч ******* 2010 оноос Ачит Ихт ХХК-д цэвэр зэс үйлдвэрлэх үйлдвэрийг барих төслийн ажилд ерөнхий инженер, барилгын зөвлөх үйлчилгээ эрхэлж байсан ба хүдрийн овоолгын шинж чанарыг тодорхойлж ямар төрлийн технологиор уусгалт хийж зэс гаргах болон химийн үйлдвэрийн зураг төсөв, норм нормативыг боловсруулах тоног төхөөрөмжийг суурилуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар / Ачит Ихт ХХК ийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/2010 дугаар тушаал, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/16 дугаар тушаал, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/116 дугаар тушаал / тогтоогдсон байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ачит Ихт ХХК-ийг түүний хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. заасантай нийцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Ачит Ихт ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас барилгын зөвлөхөөр ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүхийн Ачит Ихт ХХК-ийн захирлын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/2010 тушаалд... катодын зэс төслийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан С.Цэвэгжавыг үйлдвэрийн ерөнхий инженерийн албан тушаалд 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс томилсугай, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/16 дугаар тушаалд ...үйлдвэрийн ерөнхий инженер *******ыг 2012 оны 05 дугаар сарын 01-нээс тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй .... *******ыг үйлдвэрийн зураг төслийн ажилд үр бүтээлтэй ажиллаж байсныг тэмдэглэн сайшааж төслийн зөвлөхөөр урьж ажиллуулсугай... 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/116 дугаар тушаалаар төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа *******ыг 2012 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн нотлох баримтууд болон гэрч Т.Насанбатын мэдүүлэг, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн улс төрийн тойм сонинд *******ын өгсөн ярилцлага зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Ачит Ихт ХХК цэвэр зэс боловсруулах үйлдвэр барих, барилгын үе шатны ажил гүйцэтгэх, норм нормативын баримт бичиг боловсруулах барилгын материалын үйлдвэр технологийн сонголт, механик автоматжуулалт тохируулга, зүгшрүүлэлт, чанар аюулгүй байдлын түвшин төлөв тогтоох ажилд *******ыг ажиллуулж түүний мэргэжил мэдлэг, ур чадварыг ашиглан зөвлөх үйлчилгээ авч байсан гэсэн дүгнэлт хийж *******ыг 2010 оны 12 дугаар сарын 01-нээс 2012 оны 05 дугаар сарын 01 хүртэл Ачит Ихт ХХК-ийн ерөнхий инженер, 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсныг сэргээн тогтоосон нь зөв иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133, 135 дугаар зүйлд заасантай нийцжээ.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч *******ын барилгын зөвлөхөөр ажиллаж байснаа тогтоолгох талаар шүүхэд гаргасан нотлох баримтыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт баримт авагдаагүй байна.

Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00129 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Монгол нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Монгол нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ