Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/1430

 

2025            12             17                                                                       2025/ДШМ/1430

 

 

Л.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Л.Д- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2437 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д-, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Д-т холбогдох 2508027921488 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овогт Л-ын Д-, ........, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /РД:Л-/.

Шүүгдэгч Л.Д- нь урьдын харилцааны явцад үүссэн танил байдлаа ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох зорилгоор “Хятад улсаас үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирээд хамтран ажиллана” гэж төөрөгдөлд оруулан хуурч иргэн Ц.С-оос 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр “.......”-гийн 11-р гудамжны ....... тоотод байрлах өөрийн гэртээ байхад нь 20.000.000 төгрөгийг Хаан банкны ....... дугаартай дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш- овогт Л-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-ыг 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-аас нийт 19.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.С-т олгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Д- давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л-а овогтой Д- миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2437 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би 2024 оны 07 дугаар сард буюу наадмын үеэр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүүхдийн автомат тоглоом ажиллуулж байхдаа Ц.С- ахтай танилцсан. Ц.С- ах тухайн үед наадмын талбайд автомат тоглоом ажиллуулж байсан бөгөөд хоорондоо ярилцан тохирч БНХАУ-ын Гуанжоу хотоос шингэн вок, аяга таваг угаагч, шил арчигч, хийлдэг жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулан ирж хамтарч ажиллахаар хэлцэл хийсэн. Энэ асуудал зохиомол хэрэг байгаагүй. Би анхнаасаа ганцаараа судалж байсан бөгөөд тухайн үед Ц.С- ах Эрдэнэтээс надруу ярьж “ахад нь 40.000.000 төгрөг байна. Ах нь 5.000.000 төгрөгийг нь авч үлдээд 35,000,000 төгрөг шилжүүлье гээд 15,000,000 төгрөгийг хүнд зээлдүүлсэн тул 20,000,000 төгрөгийг шилжүүллээ” гээд Эрдэнэтэд байхдаа шилжүүлсэн юм. Энэ үед “чи футболкны хэвлэл хийж байснаас байнгын ажил хий, ах нь хөдөө бараа тарааж явдаг юм чинь саван вокыг борлуулж болно гэж хэлсэн. Тухайн үед надад 2000 гаруй футболк хувцасны хэвлэлийн машин байсан бөгөөд хүмүүс цагаан сараар гарын бэлгэнд футболк их авдаг. Үзэсгэлэн дээр гараад мөнгөө гарган ав гэхээр нь үзэсгэлэн худалдаан дээр лангуу түрээслээд Ц.С- ахын өгсөн мөнгийг өсгөх гэсэн боловч болоогүй. Үйлдвэрийн тоног төхөөрөмж бол зохиомол биш Ц.С- ах 15,000,000 төгрөг нэмж өгч чадахгүй болсон үлдэгдэл мөнгийг намайг зохицуулж тоног төхөөрөмжөө оруулж ир гэж хэлсэн. Би өөрөө мөнгөө өсгөн 56,000,000 төгрөг гарган үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэх бодол санаа маань бүтээгүй. Би одоогийн байдлаар 20,000,000 төгрөг төлсөн. Урагшаа явж Өвөрмонголын үзэсгэлэн дээр Монгол бичиг зурагтай футболк сайн зарагддаг гэж дуулаад зураг хэвлээд футболкоо авч явж борлуулах гээд хугацаа алдсан. Зориулалтын бусаар ашигласан боловч нөхөөд тоног төхөөрөмжөө оруулж ирнэ гэж тооцоолсон нь миний гэм буруутай үйлдэл юм. 20,000,000 төгрөгийн хохирлыг төлж, Ц.С- ахыг хохиролгүй болгосон. Бага насны 2 хүүхэдтэй болохыг харгалзан надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Л.Д-ын өмгөөлөгч Б.Мандхай давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч Л.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Л.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байна. Л.Д- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх зэрэг олон сонголт байх тул гэр бүлтэй, хоёр бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчоос 20.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, дансны хуулганы баримтаар 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 106 удаагийн гүйлгээгээр хувийн хэрэгцээнд зарцуулсан байдаг. Мөн хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, хохирогчийн мэдүүлэг, “Хаан” банкны харилцах дансны хуулга, гэрч М-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ямар нэгэн үйлдвэрлэлтэй холбоотой тоног төхөөрөмж оруулж ирсэн, хөрөнгө оруулалт хийж санхүүжүүлсэн үйл баримт тогтоогддоггүй. Тиймээс улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг хянаж шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад;

Шүүгдэгч Л.Д- нь урьдын харилцааны явцад үүссэн танил байдлаа ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох зорилгоор “Хятад улсаас үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирээд хамтран ажиллана” гэж төөрөгдөлд оруулан хуурч иргэн Ц.С-оос 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр “.......”-гийн 11-р гудамжны ....... тоотод байрлах өөрийн гэртээ байхад нь 20.000.000 төгрөгийг Хаан банкны ....... дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Ц.С-ын: "... Би Л.Д- гэх залуутай 2024 оны 07 дугаар сард санагдаж байна Сэлэнгэ аймгийн Ерөө суманд анх танилцаж байсан, тухайн үед Д- нь наадмын талбай дээр хүүхдийн тоглоом тоглуулдаг байсан би бас хажууд нь хүүхдийн тоглоом тоглуулж байсан, түүнээс хойш Д- нь ахаа хоёулаа дорвитой юм хийе гэж ярьдаг байсан ба 2, 3 аймаг сумдын наадамд хамт явж тоглоом тоглуулж явсан гэтэл 2025 оны 01 дүгээр сард Хятадаас саван вокны үүдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэх хэрэгтэй байна хоёулаа хамтарч оруулж ирье тэр тоног төхөөрөмж нь нийт 56 сая төгрөгт орж ирэх юм байна гэж хэлсэн тэгэхээр нь би ахад нь байгаа нь 20 сая төгрөг байна гэж хэлээд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны М- тоот данснаас Д-ын Хаан банкны ....... дансанд 1 удаагийн гүйлгээгээр нийт 20 сая төгрөгийг шилжүүлсэн үүнээс хойш 2025 оны 03 дугаар сарын 10-наас 15-ны хооронд тоног төхөөрөмж бүрэн ороод ирэх юм байна гэж хэлсэн гэтэл заагдсан хугацаанд ирэхгүй болохоор нь яасан бэ гэхэд найдвартай юм хийхгүй бол болохгүй байна, Хятадын нэг хотоос Эрээн рүү явж байхдаа тоног төхөөрөмж ачсан машин нь унасан, тоног төхөөрөмж эвдэрч гэмтсэн наймаа буцахаар боллоо би хүлээж аваагүй болохоор мөнгөө буцааж авах боломжтой боллоо гэж хэлсэн түүнээс хойш хоног хугацаа өнгөрөөж өдийг хүрсэн тийм учраас хохирлоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” /хх 9-13/,

гэрч Д.М-гийн: “...2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал 14 хоногийн хугацаанд “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” зохион байгуулж иргэдэд лангуу түрээсэлсэн мөнгөө лангууны дугаараар түрээсийн мөнгийг манай компани Хаан банкны М- тоот дугаарын дансанд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А6-46 гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн байх гэж бодож байна. Тухайн үед лангуу түрээсийн мөнгийг манай компани дансаар орж ирсэн байгаа...” /хх 121-124/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 6-8/,

Хаан банкны М- дугаартай харилцах данснаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн баримт /хх 14/,

Хаан банкны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 29/8755 дугаартай албан бичиг /хх 31 40/,

Хаан банкны ....... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 56-91/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2 48/5520 дугаартай албан бичиг /хх 96/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Д-ыг урьдын харицааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд  прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан, тус хэрэгт нэмж хүн шалгах, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдохгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, эдгээр баримт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийвэрлэхэд хүрэлцээтэй байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй зэргийг харгалзан хорих ял оногдуулсныг буруутган дүгнэх боломжгүй юм.

Шүүгдэгч Л.Д-, түүний өмгөөлөгч Б.Мандхай нар нь “...хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, хохирогч Ц.С- нь “1,000,000 төгрөгийг урьдчилж авсан, 19,000,000 төгрөгийг Хаан банкны М- дугаар дансанд шилжүүлсэн” гэх хүсэлт, банкны хуулга зэрэг баримтыг гаргаж өгчээ.  /хх 194-195/  

Шүүгдэгч Л.Д- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн түүний шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж, хохирогч Ц.С-т хохирол төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2437 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “шүүгдэгч Л.Д- нь хохирогч Ц.С-т 19,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Д-ын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийн нэг хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, эдлэх ялаас нь хасаж тооцсугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д-ыг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                   Н.БААСАНБАТ 

 

            ШҮҮГЧ                                                                   Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                                   П.ГАНДОЛГОР