| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1222/Э |
| Дугаар | 1273 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Халх овогт Д.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0684 51515 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Н
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Булгачины гудамжинд иргэн Х.Төмөр-Очиртой маргалдан, улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Төмөр-Очирын: …2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 20-21 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дармаагийн дэлгүүрийн орчимд эхнэр Ганбаганын хамт халамцуухан зогсож байтал тэр хавиар манай хадам ээжийн төрсөн дүүгийн хүүхэд болох Д.Н мөн адил халамцуу явж надтай таарсан. Би Д.Н хандаж чи эгчид өгөх ёстой мөнгөө өгөөч, эсвэл одоо надад өг гэтэл Д.Н битгий хуц чамд өгөхгүй гэж хэрэлдээд улмаар бид хоёр заамдалцаж ноцолдож газарт унасан. Энэ үед Д.Н газраас чулуу аваад миний духны зүүн хэсэгт нэг удаа цохиж хагалсан. Тэгээд толгойноос цус гартал Д.Н бид хоёр хэн хэн нь сандарч Хонхорын эмнэлэгт очтол эмч нь цагдаа дуудчихсан юм. Би өөрөө цагдаа огт дуудаагүй, надад гомдол санал байхгүй. Уг хэрэг болсон өдөр бид хоёр хэн хэн нь халамцуудуу л хоорондоо маргалдаж ийм хэрэг гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10335 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Х.Төмөр-Очирын биед духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Нын: ...Орой 21 цагийн орчимд Хонхорын Дармаагийн дэлгүүрийн үүдэнд Төмөр-Очир, Ганбагана нартай дахиж таарсан. Тэр үед Төмөр-Очир ах нэлээн уусан шинжтэй их согтуу байсан ба надад хандаж чи манай эгчид өгөх ёстой мөнгөө надад өг гэж хэлсэн. Учир нь би Төмөр-Очирын төрсөн эгч Алтанцэцэгт мөөг заруулдаг ба заруулсан хөлсөндөө би түүнд мөнгө өгдөг юм. Тэр мөөгийг Төмөр-Очир надаас нэхээд байсан юм. Би ч өгөхгүй гээд түүнийг урдаас уурлаж улмаар бид хоёр заамдалцаж ноцолдож газарт унасан ба би уурандаа газраас чулуу аваад духны хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл Төмөр-Очир ахын дух шалбарч цус гарч Төмөр-Очир ах бид хоёр Хонхорын эмнэлэг орсон. Тэгтэл Хонхорын эмнэлгийн эмч цагдаа дуудчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
- Шүүгдэгч Д.Нын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 6, 9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Булагчны гудманд иргэн Х.Төмөр-Очиртой маргалдан, улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Д.Нод холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Д.Н нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Булагчны гудманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Х.Төмөр-Очиртой маргалдан, улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Хохирогч Х.Төмөр-Очир нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ болон бичгээр гаргасан хүсэлтэндээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 19, 24 дүгээр тал/
Шүүгдэгч Д.Нод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Нод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Халх овогт Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ныг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Нод оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ