Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/1434

 

2025           12             17                                                                         2025/ДШМ/1434

 

А.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Сонинмөнх,

шүүгдэгч А.А- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Марал-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2289 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Марал-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор А.А-д холбогдох эрүүгийн 241000000451 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт А-ийн А-, ........., /РД:А-/,

Шүүгдэгч А.А- нь “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Н.А-д "ээж машинаа томруулах гээд мөнгө хэрэгтэй байна" хэмээн 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр "ээжийн цалингийн зээлийн үлдэгдэл төлж зээл авах гэсэн юм" хэмээн 2,390,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “зээлийн үлдэгдэл төлөх гэсэн хүрэхгүй байна мөнгө зээлээч” хэмээн 2,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “аавын эмчилгээнд тариа авах гэсэн 1 юм” хэмээн 3,500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “аавын эмчилгээнд мөнгө төлөх хэрэгтэй байна” хэмээн 850,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Н- захиралд байраа зарах гэж байгаа байрны үлдэгдэл зээлийн төлбөрөө дуусгах хэрэгтэй байна” хэмээн 20,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “байр түрээслэх гэсэн 1 жилийн төлбөр төлөх хэрэгтэй байна” хэмээн 3,390,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “аавын эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна" хэмээн 2,300,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 23- ны өдөр “эгч А.Т- машин мөргөчихлөө ажил дээрээ очоод даргаасаа аваад өгье” хэмээн 2,000,000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний ажлын байр болох Сүхбаатар дүүрэг 01 дүгээр хороо Парк паласд байхдаа Голомт банкны Т- тоот данснаас шилжүүлсэн нийт 46,130,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Т-, Т- тоот дансаар,

-2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн З.А-т "богино хугацаанд эргүүлэн өгнө" хэмээн 5.000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-ны хооронд "байрны түрээсээ жилээр төлөх гэж байгаа юм түр зээлээч" хэмээн 10.000.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр "аавын бие муудаад байна мөнгө зээлээч" хэмээн 5,300,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “аавын эмчилгээнд тариа авах гэсэн юм” хэмээн 5,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "өмгөөлөгч авах мөнгө төлөх хэрэгтэй байна" хэмээн 3.000.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр "өөр хүний өрийг төлөх хэрэгтэй байна" хэмээн 2.000.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр "цагаан сарын бэлтгэлд хэрэглэх хэрэгтэй байна" хэмээн 1,000,000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Парк паласд байхдаа Голомт банкны А-, А-, А- тоот данснаас шилжүүлсэн нийт 32,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Т- тоот дансаар,

- 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.Б-т “зээлтэй иргэдийн зээлийг дараад 1.3 хувийн хүү авах боломжтой, мөнгө хурдан хугацаанд өсгөх боломж байна. Та мөнгө зээлэх юм бол өдрийн 1.5 хувийг өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас түүний Баянгол дүүргийн 12 дугаар хороо Б- байранд байхдаа Б-, Б- тоот данснаас шилжүүлсэн 50,000,000 төгрөг, мөн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б- тоот данснаас шилжүүлсэн 15,000,000 төгрөг буюу нийт 65,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Т- тоот дансаар,

- 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Э-т"... шугамын зээлээ хаагаад зээлээ ахиулж авах хэрэгтэй байна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Наадам центр" төвд байхдаа Э- тоот данснаас шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Т- тоот дансаар,

-2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.Ц-д “...шугамын зээлээ хаагаад зээлээ ахиулж авах хэрэгтэй байна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо “Имарт” дэлгүүрийн ойролцоо явж байхдаа өөрийн эзэмшлийн Ц- тоот данснаас шилжүүлсэн 145,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Т- тоот дансаар,

- 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн М.Д-д "манай аавын бие муу төлбөрийг нь шилжүүлэх хэрэг гараад байна 7 хонгийн дотор буцааж өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо Меру таурт байхдаа Голомт банкны Д- тоот данснаас шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Д- тоот дансаар,

- 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ө.С-д "аавын бие муу, ухаангүй БНХАУ-ын Бээжин хотод эмчилгээ хийлгэж байгаа яаралтай эмчилгээний зардал шилжүүлэх хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас түүний эцэг Т.Ө-ын Голомт банкны Ө- тоот данснаас шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Т- тоот дансаар,

- 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн М.Б-ид "өр зээлээ дарах хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас түүний Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал хаус” ресторанд байхдаа Б- тоот данснаас шилжүүлсэн 20,000,000 төгрөг, мөн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны Б- дугаартай данснаас шилжүүлсэн 2,900,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Т- тоот дансаар буюу 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 356,330,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан ..." гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч А.А-йн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын Газраас Б- овогт А-ийн А-т холбогдуулан ирүүлсэн эрүүгийн 241000000451 дугаартай хэргээс хохирогч Д.Б-т холбогдох 65.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Ц-д холбогдох 145.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Э-т холбогдох 30.000.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Б-ид холбогдох 22.900.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б- овогт А-ийн А-йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А-д 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч А.А-йн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.А-д оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, шүүгдэгч А.А-йн төрсөн хүү болох А-йн М-ын асран хамгаалагч тогтоохыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-ас 43,000,000 /дөчин гурван сая/ төгрөг гаргуулж хохирогч Н.А-д олгож, хохирогч Н.А-д 3.000.000 /гурван сая/ төгрөг, хохирогч М.Д-д 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Ө.С-д 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн болохыг дурдаж, Энэ хэрэгт эрүүгийн 2410000000557, 2409007940858, 2409007930866, 2409007910870, 2409007920871, 2405015770179, 2405015780180 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Марал-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б- овогт А-ийн А-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэж, 2025 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 2025/ШЦТ/2289 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.А-йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.А-ас 43.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.А-д олгохоор шийдвэрлэсэн.

А.А- нь шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу хохирогч Н.А-д 43.000.000 төгрөгийн хохирлыг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулсан ба дээрх Шийтгэх тогтоолоор хохирогч Н.А-гаас бусад хохирогч нарт учруулсан хохирол төлөгдсөн талаар шийтгэх тогтоолын 9 дэх хэсэгт дурдсан болно.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан, хохирол хор уршгийг арилгасан билээ.

Шүүгдэгчийн хувийн болон гэр бүлийн байдлын талаар:

А.А- нь ……..

А.А-д дээрх шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулснаар хүү А.М-ын хамгийн эхний хэрэгцээ болох хооллох, асрах, хайрлан халамжлуулах эх үрийн холбоог мэдрэх ээнэгших хэрэгцээ хангагдах боломжгүй болж, хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, жингийн алдагдалтай, биеийн ерөнхий хөгжил хоцрогдож, аливаа дуу чимээ болон үйлдэлд хариу үзүүлэх рефлекс буурч эхэлсэн талаар эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон бөгөөд энэ байдал цааш үргэлжилсээр байвал хүүхдийн сэтгэц, тархины хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Мөн өөрөө амаржаад удаагүй байгаа тул бие нь бүрэн тэнхрээгүй, эмчилгээ хийлгүүлж, гам барих шаардлагатай байгаа бөгөөд цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид эмчилгээ хийлгэж байгаа болно.

Шүүгчдэгчийн аав Н.Э- нь ходоодны цоорол оноштой, ходоодоо тайруулсан хүнд өвчтэй бөгөөд байнгын асаргаанд байдаг, А.А- нь ажил хөдөлмөр эрхэлж аавынхаа эмчилгээний зардалд хувь нэмэр оруулж, шаардлагатай үед аавыгаа асарч гэр бүлийнхэндээ тус дэм болсоор ирсэн.

А.А-йн боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн талаар:

А.А- нь .......

.....

Шүүгдэгч А.А- нь:

1 Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан, хохирол хор уршгийг арилгасан.

2. ......,

3. Хувийн болон гэр бүлийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн, хангалттай нотлогдож байгаа, хорих ялыг торгох ялаар солиход ял биелэгдэх бүрэн боломжтой зэргийг харгалзаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2289 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу А.А-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Сонинмөнх эсэргүүцэлдээ: “... Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх би, яллагдагч А.А-д холбогдох эрүүгийн 2410000000451 дугаартай хэрэгт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 291 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд, “Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б- овогт А-ийн А-д холбогдуулан ирүүлсэн эрүүгийн 2410000000451 дугаартай хэргээс, хохирогч Д.Б-т холбогдох 65,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Ц-д холбогдох 145,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Э-т холбогдох 30,000,000 төгрөгийн хохирол, хохирогч М.Б-ид холбогдох 22,9000,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн 2025/ШЦТ/2289 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн бодитой дүгнэлт хийлгүй, шүүгдэгчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь ял завших боломжийг бүрдүүлсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар, А.А- нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 8 иргэнтэй урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч нийт 356,330,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байх нь тухайн гэмт хэргийн гол шинж.

Шүүгдэгч А.А- нь хамт ажилладаг хүмүүс болон бусад ажил хэргийн шугамаар таньж мэддэг болсон иргэдээс “Аавын бие муу эмчилгээний зардал шилжүүлэх хэрэгтэй байна”, “шугамын зээлээ хаагаад зээлээ ахиулж авах хэрэгтэй байна”, “байр түрээслэх гэсэн 1 жилийн төлбөр төлөх хэрэгтэй байна" “хүүтэй зээлнэ” “мөнгө зээлээч” хэмээн бодит байдлыг нуух замаар 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн дансаар шилжүүлэн авч. улмаар 1 хbet мөрийтэй тоглоомын сайтад оруулах, нэг зээлээ нөгөөгөөр хаах зэргээр захиран зарцуулсан түүний үйлдэл нь Залилах гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангасан атал шүүхээс түүний 4 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзлээ.

Тодруулбал, шүүх хохирогч Д.Б-т “...зээлтэй иргэдийн зээлийг дараад 1.3 хувийн хүү авах боломжтой, мөнгө хурдан хугацаанд өсгөх боломж байна...” гэж, хохирогч, М.Б-ид “...өр зээлээ дарах хэрэгтэй байна...” гэж, хохирогч Б.Э-, Д.Ц- нарт “...шугамын зээлээ хаагаад ахиулж авах хэрэгтэй байна...” хэмээн хуурч мэхэлсэн үйл явц, үйлдлийн аргыг иргэд хоорондын зээлийн харилцаа буюу иргэний эрхзүйн харилцаа үүссэн гэсэн нь туйлын ойлгомжгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, чадаагүй.

Мөн гэрч Б.Х-гийн "...би тухайн хүнийг танихгүй миний бие бооцоот тоглоомын агентыг 1 хbet гэсэн аппликейшнаар хийдэг бөгөөд тухайн хүний аппликейшны ая ди дугаар нь Х- гэсэн дугаартай байдаг бөгөөд хэзээнээс агент хийлгэж эхэлсэн талаар мэдэхгүй...надаар агент хийлгэхдээ нэлээн их хэмжээгээр хийлгэдэг байсан...” гэх, гэрч С.Ц- “...А-ийн А- гэх хүнийг танихгүй. Х- дугаарыг 2016 онд...Худалдаж аваад одоог хүртэл ашиглаж байна. ...1хbet нэртэй бооцоот тоглоомын агент хийж байсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлгүүд, мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “...Х- овогтой С-гийн С- дугаарын утас руу холбогдож ярихад С- тоот данс бол миний Хас банкны данс байсан юм. Одоо ашиглахгүй байгаа. ...тухайн үед над руу энэ дансаар дандаа 1хbet сайтын дансыг хүмүүс цэнэглүүлдэг байсан...” гэж ярьсан болохыг мөрдөгчийн тэмдэглэл, “...А.А-йн Хаан банкны Т- дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.А- нь бусдыг хуурч авсан 356.330.000 төгрөгийг аавынхаа эмчилгээнд зарцуулсан, шугамын зээл хааж, зээлээ ахиулж авсан үйл баримт тогтоогдоогүй болно.

2. Анхан шатны шүүх хохирогч Д.Б-, Д.Ц-, Б.Э-. М.Б- нарт холбогдох 4 хохирогчийн 262,900,000 төгрөгийн хохирол учирсан хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой дурдаагүй, прокурорын яллах дүгнэлтэд заасан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хуулийн заалттай нийцэхгүй, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2289 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.А- нь хохирогч Н.А-гаас 46,130,000 төгрөг, хохирогч З.А-аас 32,300,000 төгрөг, М.Д-өөс 5,000,000 төгрөг, Ө.С-огоос 10,000,000 төгрөгийг тус тус залилан авч нийт 93.430.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Д-, Т-, Т- тоот дансуудад шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.А-гийн /1 хх 146-148/, /3 хх 73-74/, гэрч Б.Х-гийн / 1 хх 160-161/, гэрч М.Н-гийн /1хх 164/, хохирогч З.А-ын /2 хх 184-185/, /3 хх 76-77/, гэрч С.Ц-гийн / 3 хх 115-116/, хохирогч М.Д-ий /2 хх 128-129/, / Зхх 79-80/, хохирогч Ө.Солонгын /2 хх 240-241/ нарын мэдүүлгүүд,

Хохирогч Н- овогтой А-гаас гаргаж өгсөн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон цахим гүйлгээний баримтын хуулбарууд / 2хх-ийн 80-94 хуудас/,

Н-ы А-гийн эзэмшлийн Голомт банкны Т- дугаартай дансны хуулга /1 хх 194-250/,

Н-ы А-гийн “Зээлийн дансны хуулга” мэдээллүүд / 2 хх 2-5/,

З.А-аас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл болон өөрийн эзэмшлийн Голомт банкны А- дугаартай дансны хуулга, А.А-тай харилцаж байсан талаарх мессеж захидлын хуулбарууд /2 хх 186-207/,

Мобиком корпораци ХХК-ны нууцын ажилтан Ш.Д-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...Х- дугаарын эзэмшигчийн шилжилт хөД-ий мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн 4/8275 дугаартай албан бичиг/3 хх 84-85/,

Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хх 208-210/,

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд /2 хх 152- 160/,

А-ийн А-йн эзэмшлийн Хас банкны Д- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 144-151/,

Т-ын Ө-ын эзэмшлийн Голомт банкны Ө- дугаартай, Ө-ын Солонгын эзэмшлийн Голомт банкны Т- дугаартай дансны хуулгууд /3 хх 15-19/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.А- ямар гэмт хэрэгт гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч А.А-йн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.А-йн хохирогч Д.Б-, Б.Э-, Д.Ц- нараас мөнгө зээлэн, хүү нэмж өгөхөөр тохиролцсон, зээлсэн мөнгөний хүүг тодорхой хэмжээнд өгч байсан нөхцөл байдал тогтоогдсон, мөн М.Б-ид мөнгө зээлэх санал тавьж мөнгө шилжүүлсэн байх бөгөөд дээрх хохирогч нараас мөнгө зээлсэн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон тул шийтгэх тогтоолыг энэ үндэслэлээр хүчингүй болгуулах талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж аваагүй болно.

Шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Марал-Эрдэнэ нараас “... хохирогч Н.А-д 43,000,000 төгрөгийн хохирлыг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулсан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Н.А-гаас бусад хохирогч нарт учруулсан хохирлыг төлөгдсөн талаар шийтгэх тогтоолын 9 дэх хэсэгт дурдсан. Иймд шүүгдэгч А.А-йн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.А-йн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 4 сартай нялх хүүхэдтэй, ажил эрхэлж орлого олдог гэх баримтуудыг үндэслэн, түүний эдгээр хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгийн торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.А- торгох ял оногдуулсантай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш цагдан хоригдсон 78 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасч, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Марал-Эрдэнэ нарын “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.А-йг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.А-йг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсаныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой байна.

Шүүгдэгч А.А- нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Н.А-д 43.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2289 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А-д 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.А-йн цагдан хоригдсон 78 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 78х15000=1,170,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, торгох ялын хэмжээг 10.830.000 /арван сая найман зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч А.А-д мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч А.А- нь хохирогч Н.А-д 43,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                         Н.БААСАНБАТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                         П.ГАНДОЛГОР