Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1271

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          улсын яллагч Ч.Батбаяр,

          шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  О овогт Н.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0637 81518 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Н.Э

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Н.Э нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эхнэр хохирогч О.Сарантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: 07 дугаар сарын 30-ны өдөр айлд архи уугаад гэр рүүгээ явж байгаад эхнэртэйгээ таарсан. Эхнэр намайг харь гэж хэлсэн. Гэр рүү явах гэж байхад хөдөлгөөнт эргүүлийн машин явж байхаар нь цагдаа дуудсан байна гэж бодоод зугтах гэхэд гарнаас   татахаар нь түлхэх явцад түүний биед гэмтэл учирсан байсан  гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Сарантуяагийн: …2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Улиастайн хуучин “Болор” дэлгүүрийн хажууд манай нөхөр Н.Э согтуу, танихгүй хүүхэнтэй явж байгаад надтай таарахаар нь би гэртээ ор гэж хэлээд бид хоёр гэр рүүгээ явж байтал хашааны буланд цагдаагийн алаг тэрэг зогсож байсан. Тэр үед манай нөхөр намайг цагдаа дуудсан гэж ойлгоод чи дуудсан байна гээд миний баруун талын хөмсөг хэсэг гараараа нэг удаа цохисон. Тэр үед хажуугаар явж байсан хүмүүс цагдаа дуудсан. Өмнө зодож, цохиж байсан удаа байхгүй. Энэ удаа харин намайг буруу ойлгоод намайг цохисон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаад 4 жил болж байна. 3-18 насны хоёр хүүхэдтэй. Нөхөр бид хоёр хоорондоо учир зүйгээ олсон болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/,

          Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 353 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

          1. О.Сарантуяад духны шарх, хамрын нуруу, баруун хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.

          3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. Шинжээч эмч С.Наранцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Эын: ...2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай тойрог гэдэг газар тэр хавийн хүмүүстэй нийлж гурван шил архи хувааж уугаад дахиж архи авах гэж явж байгаад Мишээл дэлгүүрийн гадаа эхнэр О.Сарантуяатай таарсан. Тэр үед эхнэр намайг архи уулаа гээд уурлаад эхнэр бид хоёр гудамжинд маргалдаад эхнэр цагдаа дуудаж чамайг барьж өгнө гэхээр нь би айгаад зугтах гэхэд эхнэр миний баруун гарнаас зугтаалгахгүй гээд бариад авахаар нь би баруун гараа хүчтэй татах үед миний бөгжтэй хуруунд эхнэрийн дух хэсэг цохигдож, дух нь оногдож цус гараад тогтохгүй байхаар нь би айгаад шууд зугтаад гэртээ ирсэн. Дараа нь удалгүй хоёр цагдаа гэрээс намайг барьсан. Өмнө бид хоёр зодолдож, цохилцож байгаагүй. Би хэрэг гардаг өдөр эхнэрээ санаатай цохиогүй, эхнэр цагдаа дуудна гээд байхаар нь айгаад цохисон. Эхнэрээ гэмтээсэн нь миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

          - Шүүгдэгч Н.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 34, 35 дугаар тал/,

          - Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-5 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Э нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эхнэр хохирогч О.Сарантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Н.Эт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

        Шүүгдэгч Н.Э нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эхнэр хохирогч О.Сарантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч О.Сарантуяа нь гомдол саналгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон бичгээр гаргасан хүсэлтэндээ илэрхийлсэн, хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 7-9, 36 дугаар тал/

Шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. О овогт Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Э 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Эт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.АЛТАНЦЭЦЭГ