Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/1426

 

    2025            12            16                                         2025/ДШМ/1426

 

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.М,

цагаатгагдсан этгээд Б.С, түүний өмгөөлөгч Д.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/2266 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.М-н бичсэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Б.С-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаатгагдсан этгээд Б.С нь “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит ХХК-нд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ашиглалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилд орж, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас гарахдаа Dell Inspiron 311 i7 1165G7 маркийн зөөврийн компьютер, Dell Inspiron 5515 Ryzen7 5700 U маркийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5,664,470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.М бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх уг гэмт хэргийн субьектив шинж хангагдаагүй гэх үндэслэлээ дүгнэн тайлбарлахдаа яллагдагчийн мэдүүлэгт тулгуурлаж хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, субьектив шинж хангагдахгүй буюу гэм буруутай үйлдэл, хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэл муутай болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас харахад Б.С-ын бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч байгаа үйлдэл нь түүний субьектив санаа зорилгыг илэрхийлж буй нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, субьектив санаа зорилгыг тогтоохын тулд түүний үйлдэл, эс үйлдэхүй, учруулсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоог авч үзэх нь чухал юм. Б.С-ын үйлдлийн улмаас “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-нд бодит хохирол учирсан болох нь тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хохирол хор уршгийг арилгасан нь хохирол учраагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар шүүхийн цагаатгах тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Хэргийн зүйлчлэлийг өөрчилж “Завших” гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэсэн байхад энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэснийг хангахгүй байна. Энэ нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэх үндэслэлгүй,  хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/2266 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө  үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тус газарт төслийн мэргэжилтэн хийж байгаад ажлын цагт, ажлын байран дээрээ хийж амжаагүй ажлаа ажлын бус өдөрт гэртээ очиж хийж гүйцээх зорилгоор албан хэрэгцээний өөрөө байнга хэрэглэдэг 1, хурлын зааланд байдаг 1 компьютерыг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны баасан гарагт ажил дээрээсээ төслийн ахлагч Э.Т-д хэлээд авч явсан. Урьд өмнө нь ч энэ компьютерүүдийг авч гэрээрээ ажлаа хийдэг, гэр бүлийнхнээрээ бичих, шивэх ажлыг хийлгэж туслуулдаг байсан. Гэвч энэ өдөр замдаа багын найз З.Б-тэй тааралдаад түүний хүссэнээр хорооллын “.....” нэртэй баар, караокед орж архи, пиво хэтрүүлэн хэрэглэснээс болж авч явсан компьютерүүдээ хаяж үрэгдүүлсэн. Маргааш нь би орсон баарандаа очиж камер шүүлгэхэд яалт ч үгүй компьютероо цүнхтэй нь үүрээд гарсан бичлэг байсан. Үйлчлүүлсэн таксигаа олоогүй, хамт байсан найз маань мэдэхгүй байсан. Ингээд “....” 1, 2 дугаар хорооллын орон сууцны барилгын сайдад танилцуулах танилцуулга бэлтгэж дуусгах нь бүү хэл тэр талаар мэдээлэл агуулж байсан компьютеруудаа олоогүй тул ажилдаа очих зүрх хүрээгүй. Тэр чигтээ утсаа хаагаад энэ хооронд шагнал урамшуулалтай зар фейсбүүкээр өгч, хариу хүлээж, хуучин шинэ компьютерын засвар, задаргаа, худалдааны газруудаар явж эрж хайсаар сар гаруй болсон. Ингээд эцэст нь олдох найдваргүй болохоор нь ээж, аавдаа хэлж мөнгө олж адилхан хоёр  шинэ компьютер худалдан авч ажил руугаа найзаараа өгүүлсэн. Нэгэнт би архидан согтуурч ажлын газрынхаа өмч хөрөнгийг хаяж гээсэн болохоор маш их харамсаж, гэмшиж, өөрийн буруугаа ойлгож, аль болох л чанарын өндөр үзүүлэлттэй компьютерүүд худалдан авч өгч байгууллагаа хохиролгүй болгосон. Тэгээд ч би тэр компьютеруудыг нууж хааж авч гараагүй, төслийн ахлагчдаа болон үүдний жижүүрт хэлээд авч гарсан юм. Хувийн компьютер болгож ашиглаагүй, хувьдаа аваагүй, ашиг хонжоо олох, зарж үрэх шунахай зорилго надад үнэндээ байгаагүй. Ухаан мэдрэлгүй болтлоо архи уусандаа маш их харамсаж байна. Тийм ч учраас эрж хайгаад олдохгүй болохоор нь 100 хувь миний буруу юм чинь гэдгийг ойлгоод шинэ компьютерүүд авч өгсөн. Манай байгууллагынхан ч компьютероо төлж өгсний дараа намайг зөвөөр ойлгоод буцаад ажилдаа орсон ч болно гэдэг байсан. Гэтэл дарга удирдлага солигдоод намайг ажлаас гарснаас хойш жил гаруйн дараа хулгайлсан гэж шинээр ажилд орсон хүмүүс цагдаад мэдээлж шалгуулсан байсан. Прокурор намайг чухам яагаад хулгайч гэж үзээд байгааг хууль мэдэхгүй болохоор үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ би хулгай хийгээгүй, өмнө нь ч ийм байдлаар компьютер авч гарч гэртээ ажлаа хийдэг байсан. Ганц би ч биш манайхан ингэж ажиллах тохиолдол байдаг л байсан.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.С-ын өмгөөлөгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч энэ хоёр компьютерыг хулгайлах санаа, зорилгогүй байсан. Төслийн ахлах Т-д зөөврийн компьютерыг авч явах гэж байгаагаа хэлж, тухайн үед бааранд хаясан уу, таксинд хаясан уу гэдгээ мэддэггүй. Үүнээс болж ажилдаа очиж чадалгүй 2 сарын дараа Б.С-ын аав  нь хоёр зөөврийн компьютер аваачиж өгсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Чингэлтэй дүүргийн прокуророос Б.С-ыг “...“Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит ХХК-нд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ашиглалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилд орж, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас гарахдаа Dell Inspiron 311 i7 1165G7 маркийн зөөврийн компьютер, Dell Inspiron 5515 Ryzen7 5700 U маркийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5,664,470 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

Тодруулбал, Эрүүгийн хуульд тодорхойлон заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба, энэхүү хоёр шинжийн аль, аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.С нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит ХХК-нд ашиглалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр туршилтын 3 сарын хугацаагаар томилогдон ажиллаж байгаад, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн томилогдсон, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Захиргаа удирдлагын газрын тайлан, цаг бүртгэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс төслийн хэлтэст төслийн мэргэжилтнээр, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн төслийн мэргэжилтнээр түр томилогдон тус тус ажиллаж байсан болох нь ажил олгогчийн тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогджээ. /хх 28-39/ 

Тэрээр ажиллах хугацаандаа төслийн ажилтнуудын дунд өгсөн Dell Inspiron 311 i7 1165G7 загварын зөөврийн компьютерыг ажлын хэрэгцээнд ашигладаг байсан ба 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажлаасаа гарч явахдаа зөөврийн компьютер болон хурлын заалны Dell Inspiron 5515 Ryzen7 5700 U маркийн зөөврийн компьютерыг авч явсан үйл баримт тогтоогдсон байна.

Энэ үйл баримтын талаар:

- Б.С нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны баасан гаригийн орой ажил тарах үед хийх ёстой байсан ажлуудаа амжихгүй, 1 дэх өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-нд Сайдын шуурхай хуралд танилцуулах ёстой байсан “..... 1, 2” төсөлтэй холбоотой танилцуулга материал бэлтгэхээр ажиллаж байсан, тухайн үед хийх ажил их байсан болохоор хагас, бүтэн сайнд гэртээ хийж дуусгахаар төлөвлөн ажлын компьютерыг авч гарсан. Ер нь бичиг цаасны ажил ихтэй болохоор гэр орондоо очиж хийх явдал байнга гардаг, тэр болгонд компьютероо авч явдаг байсан, үүнийг манай тухайн үеийн дарга удирдлага, хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

...Тухайн орой гэртээ харьж байх замдаа найзтайгаа тааран сонин хачин ярьж тамхилж ганц нэг аяга пиво уухаар болж хорооллын ..... хойно байрлах “.....” гэх газар сууж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас ихээхэн согтож такси барьж арайхийн гэртээ харьсан байсан. Өглөө сэрээд компьютероо хаяснаа мэдсэн. ...Тэгээд арга буюу аав ээждээ учир байдлаа хэлж аав маань Төрийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал Б, хэлтсийн дарга М нартай ажил дээр нь очиж уулзан уучлалт гуйж, миний хаяж үрэгдүүлсэн хоёр компьютерыг төлж, байгууллагыг хохиролгүй болгох талаар ярилцаж тохиролцсон юм. Дарга нар хохирлоо арилга гэсэн шаардлага тавьсан. Ингээд ижил төстэй хоёр шинэ компьютер худалдан авч, найзаараа дамжуулан тухайн үеийн санхүүгийн даргад хүлээлгэн өгсөн. Ингээд асуудал дууссан гэж ойлгож явсан. Гэтэл сүүлд миний өгсөн компьютерыг  үзүүлэлт хүрэхгүй байна гэх шалтгаанаар намайг цагдаад өгсөн байсан. ...” /хх 74-75/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...С нь манай байгууллагын зөөврийн компьютерыг зөвшөөрөлгүй авч явсан байсан. ...С-ын аав гэх хүн 2023 оны 2 дугаар сард хоёр ширхэг зөөврийн компьютер авчирч өгсөн байдаг боловч ...ажил хийж болохгүй үзүүлэлтүүд нь хүрэхгүй байсан...” гэж тус тус мэдүүлжээ. /хх 51/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” бол гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулахаар хуульчлагдсан бөгөөд тус гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, нууц, далд аргаар үйлдэгддэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг юм.

Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой тул хулгайлах гэмт хэргийг тогтоохдоо тухайн хүний гэмт хэрэгт хандаж буй сэтгэхүйн харьцаа, үйлдлийн арга, санаа зорилго, сэдэлт зэрэгт хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Анхан шатны шүүхээс Б.С нь “...ажил олгогчийн хоёр ширхэг зөөврийн компьютерыг авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлгүй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхгүй, мөн шүүгдэгч нь авч явсан хоёр  ширхэг компьютерын оронд өөр компьютер орлуулж өгсөн, уг хоёр компьютерыг (өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл) байгууллагын эд хөрөнгөд бүртгэж авсан,

мөн хохирогч байгууллагын зүгээс Б.С-д “Төрийн орон сууц корпораци” Төрийн өмчит ХХК-нд ажиллаж байх хугацаанд нь 3,499,900 төгрөгийн үнэлгээтэй Dell Inspiron 311 i7 1165G7 загварын зөөврийн компьютерыг итгэмжлэн хүлээлгэн өгсөн акт үйлдэлгүйгээр ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээлгэн өгсөн, харин хурлын өрөөнд ашигладаг байсан 3,359,900 төгрөгийн үнэтэй Dell Inspiron 5515 Ryzen7 5700 U загварын зөөврийн компьютерыг хүлээлгэн өгөөгүй гэх зэргээр түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Б.С-ын үйлдэлд субьектив талын шинж буюу байгууллагын өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах, хулгайлах санаа зорилго тогтоогдохгүй байгаа талаар хийсэн дүгнэлт хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэх учиртай.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн цогц дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.

Ийнхүү тухайн хэрэгт хамааралтай бүх л нотлох баримтыг шалгаад үнэлсний дараа ч тухайн хэргийн нөхцөл байдлын талаар эргэлзээ байсаар байвал шүүх шүүгдэгчид хамгийн ашигтай байх хэргийн нөхцөл байдлын хувилбарт үндэслэж шийдвэрээ гаргах тул эргэлзээ бүхий байдал үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хэдийгээр Б.С нь өөрийн ажлын хэрэгцээнд ашигладаг болон хурлын заалны хоёр ширхэг зөөврийн компьютерыг авч явсанд маргахгүй байгаа боловч “тухайн компьютерүүдийг гэртээ ажлаа хийхээр авч явсан, ажил их болохоор гэртээ очиж  хийх явдал байнга гардаг, тэр болгонд компьютерыг авч явдаг байсан, ашиглах материалууд нь хоёр тусдаа компьютерт байсан тул нэгээс нөгөөд нь шилжүүлэх зорилгоор авч явсан” гэж мэдүүлснийг /хх 75/ бусад баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Прокуророос хохирол хор уршгийг арилгасан байдал нь хохирол учраагүй гэж үзэх үндэслэлгүй гэх ба дан ганц хохирол нь гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлэхгүй, гэмт хэрэгт тооцох хуульд заасан шинжийг хангасан байх шалгуур, субьектив сэдэлтийг тогтоох нь чухал ач холбогдолтой.

Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэхэд Б.С-ын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн субьектив шинж хангалттай тогтоогдоогүй байна.

Мөн прокурор эсэргүүцэлдээ “...шүүхийн цагаатгах тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Хэргийн зүйлчлэлийг өөрчилж “Завших” гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэсэн байхад энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэргийн хүрээнд Б.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/2266 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/2266 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,                                                 

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                Т.АЛТАНТУЯА