Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          улсын яллагч Ч.Батбаяр,

          шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт О.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0363 11519 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, О.Б

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

О.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС-ны нийтийн байранд өөрийн үерхдэг эмэгтэй хохирогч М.Энхгэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Энхгэрэлийн: …2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр миний төгссөн сургууль болох “Амгалан” цогцолборын ой болоод ангийнхантайгаа сургууль дээр уулзаад, ангийнхантайгаа ууж идээд үдээс хойш 17 цагийн орчимд би ангийнхаа Баярхүү, Мөнх-Эрдэнэ, Цэрэнханд нарын хамт Баянзүрх дүүргийн 12-р хороонд өөрийн амьдарч байсан нийтийн байранд ирсэн юм. Бид нар манай гэрт ирээд юм ярилцад сууж байтал 20 цагийн орчимд манай найз залуу болох О.Б ирээд хаалгаар шагайж харчихаад гэрт орж ирэлгүй явчихсан. Тэгээд О.Б над руу утсаар залгаад байхаар нь би угаасаа хэрүүл хийх гэж байгаа байх гэж бодоод утсыг нь авахгүй байсан ба О.Бийг гэрээр шагайж харснаас хойш 20 орчим минутын дараа бие засахаар гартал гадаа хашаан дотор О.Б зогсож байсан ба надтай нэг ч үг солилгүй, миний нүүрэн тус газарт олон удаа чанга чанга алгадаж байгаад намайг түлхэж унагаасан. Намайг унасан байхад миний нүүрэн тус газарт  нэг удаа өшиглөсөн. Уг өшиглөлт нь миний баруун нүдийг оносон. Би зодуулж байгаад чанга орилтол манай найз Гэрэлээ гарч ирээд чи яагаад хүүхэд зодоод байгаа юм гэхэд наадах чинь угаасаа миний дургүйг хүргээд байдаг юм гэж хэлчихээд явчихсан юм. Бид хоёр үерхээд жил гаруй л хугацаа өнгөрч байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй, зүгээр үерхдэг юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Уг асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4951 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. М.Энхгэрэлийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун ташаа, зүүн чамархай, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.

          3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,

          - Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 22 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.Бий: ...Тухайн үед Энхгэрэл гэртээ 2 эмэгтэй, 1 залуугийн хамт дөрвүүлээ согтуу байцгааж байхаар нь би орохгүй буцаад гарсан юм. Тэгтэл миний араас Энхгэрэл гарч ирэхээр нь би түүнд хандаж чи архи дарс уулаа гээд уурлаад түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа хүчтэй алгадаж, цохиж байгаад түүнийг түлхэж унагачихаад явсан юм. Тэр өдрөөс хойш хэсэг хугацаанд Энхгэрэлтэй уулзахгүй байж байгаад буцаж очиж уучлалт гуйсан. Одоо бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Би Энхгэрэлтэй үерхээд нэг жил болж байна. Энэ хугацаанд 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр түүнтэй маргалдаж улмаар алгадаж, цагдаагийн байгууллагад торгуулж байсан. Өөр цохиж, зодож байсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

          - Шүүгдэгч О.Бий урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 16-18 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС-ны нийтийн байранд өөрийн үерхдэг эмэгтэй хохирогч М.Энхгэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       О.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

        Шүүгдэгч О.Б нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС-ны нийтийн байранд 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн үерхдэг эмэгтэй хохирогч М.Энхгэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч М.Энхгэрэл нь гомдол саналгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон бичгээр гаргасан хүсэлтэндээ илэрхийлсэн бөгөөд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 10-11, 33 дугаар тал/

Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Боржигон овогт О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан 500 /таван  зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.АЛТАНЦЭЦЭГ