Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2019/00042

 

 

Орхон Инженеринг Менежмент ХХК-ийн

нэхэмжлэлтэй хариуцагч Натурал Текстайл

Групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00141 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Натурал Текстайл Групп ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох,

Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь төмөр эдлэлийн үйлдвэрлэл, цахилгаан болон сантехникийн засвар үйлчилгээ, барилгын заслын чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын эхээр *******ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Цэцгээ гэх хүн ******* ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилчидтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажилчдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажилчдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичигт гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан үйлдэл юм. Б.Цэцгээгийн зохион байгуулж байгаа уулзалтуудын үеэр түүний дуудсанаар ажлын байраа орхиж явж байгаа нь тухайн ажилтны ажлын бүтээмжийг бууруулахаас гадна компанид болон ажилчдад хохиролтой байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү удаа дараа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг/2018 оны 11 сарын 12-ны өдөр № 87 дугаартай, 11 сарын 19-ний өдөр № 93 дугаартай/ ирүүлсэн, *******ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй, Өөр компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь *******ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Натурал Текстайл Групп ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК *******ХХК-иуд нь Эрдэнэт хивс' гэсэн ХК буюу хувьцаат компани байгаад улмаар Эрдэнэт хивс ХХК болсны дараа Эрдэнэт хивс ХХК-ийг өөрчлөх, тусгаарлах замаар үүсгэн байгуулагдсан толгой болон охин компанийн статустайгаар дүрмэндээ зааж улсын бүртгэлд бүртгүүлсэн компаниуд юм. Шүүх нэхэмжлэгч болон түүний толгой компани Натурал текстайл группын дүрэм, гэрчилгээ, компаний зохион байгуулалтыг өөрчилсөн толгой компанийн ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 30-ны 15/02 тоот тушаалын хуулбар улсын бүртгэлээс ирсний дараа /Манайх шүүхэд хүсэлт гаргасан/ энэ байдалд тодорхой болно гэж ойлгож байна. Энэ маргаанд Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч хуулийн этгээдийн эрх зүйн байдал маргааны үндэслэл болж байгаа тул дээрх баримтууд гол хариулт болж өгнө. Нэг корпус барилга дотор үйл ажиллагаагаа явуулдаг нэг чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компани нь үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтаа өөрчилсөнтэй холбогдуулан үйл ажиллагааны зохицол, нийлэмжийг харгалзан Эрдэнэт хивс ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2015 оны 08 дугаар сарын 26-нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж нэршлээ өөрчлөн *******ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ шинээр авсан. Ингэснээр Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хуучин Эрдэнэт хивс ХХК-ийн үндсэн ба туслах цехүүдэд ажиллаж байсан гишүүд шинээр байгуулагдсан компаниуддаа харьяалагдан гишүүнчлэл хэвээрээ байгаа. Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу дээр дурдсан толгой ба охин таван компанийн удирдлага ажил олгогчийг төлөөлж, манай Үйлдвэрчний эвлэлийн хороо ажилтныг төлөөлж хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ гэрээний хугацаа дуусаж дараагийн хамтын гэрээг байгуулах санал яригдах үеэс саналын зөрүү гарч улмаар манай Үйлдвэрчний эвлэлийн хороог ганцхан толгой компани буюу *******ХХК-тай Хамтын гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн байдлыг хуульч М.Ганзоригийн ятгалга дор хамтын гэрээний оролцогч бусад компани тавих болсон. Энэ талаар удаа дараа тайлбарласан бичиг өгч, ерөнхий захирал Ш.Энхбаярт хандсан боловч амжилт олоогүй, ажил олгогч компаниуд ойлгохыг хүсээгүй. Үйлдвэрчний эвлэлийн хороо компанийн зохион байгуулалтыг дагаж зөвхөн нэршлээ өөрчилсөн, манай гишүүд нэхэмжлэгч компани ажиллаж байгаа, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны хамтын гэрээнд нэхэмжлэгч ******* ХХК нь ажил олгогчийн талд оролцож байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг 2018 оны 05 дугаар сар хүртэл суутган өгч байсан зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь манай Үйлдвэрчний эвлэлийн хороотой Хамтын гэрээ байгуулах субъект мөн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00141 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ нар давж заалдсан гомдолдоо:

Шүүх маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэгч - ажил олгогч талын эрх ашгийг хамгаалахдаа, тэнд ажиллагсдын Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрх, түүнийгээ эх баталгааг дордуулан хуулийг тайлбарлаж, энэ талаарх Монгол Улсын Олон улсын гэрээний заалтыг эс хэрэгссэнээс үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадсангүй. Үүнд:

Ажил олгогч хуулийн этгээд болон ҮЭ-ийн эрх зүйн байдал хэрхэн өөрчлөгдсөн, хүлээн зөвшөөрсөн тухайд "Эрдэнэт хивс" гэж нэг хуулийн этгээд болох XXК ажиллаж байгаад Компанийн болон Иргэний хуульд заасан журмаар толгой болон охин 5 компани болон өөрчлөн байгуулагдсан уламжлалт "Эрдэнэт хивс" нэрээ нэг охин компанид үлдээсэн болох нь Эрдэнэт хивс" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын 2015 оны 05 сарын 29-ний №3 тоот тогтоолоор тодорхой байна. Нэгэнт компани өөрчлөн байгуулагдсан тул "Эрдэнэт хивс" ХХК-ийн Үйлдвэрчний хороо хэвээр байх нь цаашид нэршлийн хувьд дан ганц "Эрдэнэт хивс" гэх охин компанид хамаарах шинжтэй болох тул Үйлдвэрчний эвлэлийн хорооны Тэргүүлэгчид 2015 оны 08 ын 26-нд 29 тоот тогтоол гаргаж компанийн бүтэц өөрчлөгдсөн тул "Эрдэнэт хивс" ХХК-ийн ҮЭ-ийн хороог "Натурал текстайл групп" ҮЭ-ийн хороо болгон толгой компанийн нэршлээр өөрчлөн гэрчилгээ, тамга солиулахаар шийдвэрлэж хэрэгжүүлсэн байна. Дээрх өөрчлөлтөөр "Эрдэнэт хивс" ХХК"ийн ҮЭ-ийн хороонд бүртгэлтэй ҮЭ-ийн гишүүд толгой болон охин компанийн ажиллагсад болон тархсан бөгөөд ҮЭ-ийн гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Энэ нь "Эрдэнэт хивс" ХХК 2018 оны 5 дугаар сар хүртэл 200 орчим /186-220/ гишүүний ҮЭ-ийн татварыг хамтын гэрээнд тохирсноор суутган ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлж байснаар батлагдаж байна. "Натурал текстайл групп" ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Эрдэнэт хивс" ХХК-тай Хамтын гэрээ байгуулах субъект болох эсэх эрх зүйн байдлын талаар. Ажил олгогчийн маргаж шүүхэд шаардлага болгон тавьж байгаа асуудал нь энэ тул шүүх зөв дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх ёстой. Хэрэгт авагдсан ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн төлөөллийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны тайлан сонгуулийн хурлын бүх материалаар гишүүд нь охин ба толгой компанид тархан байрласан нэг ҮЭ-ийн хороо ажиллаж байгаа болох нь толгой болон охин компанид ажиллаж байгаа ҮЭ-ийн гишүүд төлөөллөө сонгон төлөөлөгчдийн хурал хийж эрхээ хэрэгжүүлсэн болох нь тодорхой харагдана. Гишүүд нь бүх охин компаниудад тархан байрлаж ажиллаж байгаа ҮЭ-ийн хороо нь өмнө мөрдөж байсан нэг Хамтын гэрээний хугацаа дууссаны дараа шинэ Хамтын нэг гэрээ байгуулах санал тавьснаас талуудын хооронд хамтын маргаан үүсч Хөдөлмөрийн тухай хуульд заасан процесс явагдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд заасан эрх ажилтны төлөөлөлд үүссэн байгаа. Ажил олгогч талтай нэг хамтын гэрээ байгуулахаар ҮЭ-г зориод байгаа гол үндэслэл нь толгой компани "Нартурал текстайл групп" ХХК-ийн хувьцааны 76 хувийг Шагдарсүрэнгийн Энхбаяр, 23 хувийг Шагдарсүрэнгийн Баярсайхан гэх нэг ашиг сонирхолтой хүмүүс эзэмшдэг, "Эрдэнэт хивс" ХХК-ийн энгийн хувьцааг 100 хувь "Натурал текстайл групп" ХХК эзэмшдэг учраас охин компаниудын удирдлага, өмчлөл, санхүү эдийн засгийн бүхий л гол шийдвэрийг гаргах эрх толгой компани, түүний хувьцаа эзэмшигчдэд байгаа тул нэг хамтын гэрээ ажилтны эрх ашгийг илүү хамгаалах үндэслэлтэй холбоотой юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл ажил олгогч ******* ХХК бие даасан хуулийн этгээд гэдэг үүднээс маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль эрх зүйн зохицуулалтыг бүрэн судлан үзэж зөв хэрэглээгүй, ажиллагсдын эвлэлдэн нэгдэх эрхийг хууль бусаар үгүйсгэж, Үндсэн хуульд заасан эрх зүйн байдлыг дордуулан Хамтын гэрээ байгуулах замаар эрх ашгаа эвлэлдэн нэгдэж хамгаалах эрхийг үгүйсгэх замаар хүний үндсэн эрхэд халдсан байна. Шүүгч зөвхөн нэхэмжлэгчийн нэр, гарын үсэг өөр, нэхэмжлэлийн агуулга, хариуцагч нэг "Эрдэнэт текс" ХХК, "Эрдэнэт хивс" ХХК-ийн нэхэмжлэлтэй хоёр хэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.3-т зааснаар нэгтгэн шийдвэрлэх нь зохимжтой байхад татгалзаж хэргийн оролцогчдод илүү түвэгшил бий болгосон нь буруу бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давхардал чирэгдэлтэй болгосон гэж үзнэ.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний 141 тоот шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Орхон инженеринг менежмент ХХК нь хариуцагч *******ХХК-ийн Үйлвэрчний эвлэлийн холбоотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Эрдэнэт хивс ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор *******ХХК гэсэн нэртэй толгой ХХК болж Эрдэнэт хивс ХХК, Эрдэнэт текс ХХК, Эрдэнэт кашмер ХХК, Орхон инженеринг ХХК охин компаниуд болгон үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд *******ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь компаний нийт ажилтнуудыг төлөөлж нөгөө талаас ажил олгогчийг төлөөлж компаний ерөнхий захирал Ш.Энхбаяр охин компаниудын гүйцэтгэх захирлууд төлөөлөн хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлын баталгаажуулалт, үйлдвэрлэлийг тогтвортой явуулж ашигтай ажиллах, ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг зохицуулахаар *******ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороотой 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хамтын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байжээ.

Гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна. Хамтын гэрээний хугацаа дуусгавар болсноор *******ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Цэцгээ толгой компани болон охин компани болох Орхон инженеринг ХХК-ийн захирлуудад хамтын гэрээ байгуулах талаар удаа дараа хандан албан бичиг, шаардлага хүргүүлж байсан боловч хүлээн аваагүй байна. Хариуцагч үйлдвэрчний эвлэлийн хороо нь хамтын маргаан үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн арбитрыг томилуулан зохих зөвлөмжийг авч нэхэмжлэгч Орхон инженеринг менежмент ХХК-д *******ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой компанийн ажиллагсдын хөдөлмөр эрхлэлт, түүнтэй холбогдсон ашиг сонирхлыг зохицуулах үүрэг бүхий хамтын гэрээ байгуулах хэлцлийг тодорхой хугацааны дотор байгуулахыг шаардаж байсан байна.

Хариуцагч Орхон инженеринг менежмент ХХК нь *******ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Цэцгээг ажлын цагаар төлөвлөгөөгүй уулзалт зохион байгуулж, хууль бус ажил хаялтанд уриалж ажилтнууд норм төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэн биелүүлэхэд саад учруулж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэж буруутган *******ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгохоор шаарджээ.

Нэхэмжлэгч Орхон инженеринг менежмент ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. *******ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь улсын бүртгэлд зөвхөн *******ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэл гэсэн нэртэй бүртгэгдсэн байх ба Орхон инженеринг менежмент ХХК-ийн ажиллагсдын дэргэд Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдаагүй болох нь Улсын бүртгэлийн лавлагаа зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Хамтын гэрээ гэдэг нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлтэйгөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлэх ба хөдөлмөрийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.-т аж ахуйн нэгж байгууллага өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөл Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулах, охин компаниуд үйлдвэрчний эвлэлийн хороотой байх эсхүл тэдгээрийн нэгтгэсэн үйлдвэрчний эвлэлийн хорооны нэгдсэн хороотой байх эсэх асуудлыг гишүүдээсээ чөлөөт байдлаар санал авч шийдвэрлэх боломжтой байхад *******ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь охин компаниудын ажиллагсад толгой компанийн үйлдвэрчний эвлэлийн хороонд гишүүнчлэлтэй хамтын гэрээ байгуулах ёстой гэж шаардах эрхгүй болно. Тухайн охин компаний ажиллагсад нь бие даасан хуулийн этгээд болох охин компанид ажил үүргээ гүйцэтгэж буй тул үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуульд зааснаар хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардах эрхгүй юм.

Шүүх үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд хариуцагч *******ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь зөвхөн тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороо гэж Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул бие даасан компаниудыг төлөөлөх эрх үүсээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ