Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          улсын яллагч Д.Уянга,

          шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Солоон овогт Ц.П холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0677 61537 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Ц.П

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Ц.П нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” баарны гадна иргэн Ц.Цогтбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П мэдүүлэхдээ: Бид Отгонбаатарын гэрт бөөнөөрөө байсан. Цогтбаатартай тухайн өдөр танилцсан. Отгонбаатарын гэрт пиво ууж байгаад шөнийн 11 цагийн үед “Венус” бааранд очсон. Тэндээс 0,75 граммтай архи аваад дараа нь дахиад гаднаас 0,75 граммтай архи авсан. Би текэн дээр сууж байхад Отгонбаатар, Цогтбаатар нар ширээн дээрээ юм яриад сууж байсан. Удалгүй зохион байгуулагч нь над дээр ирээд танай найз нар чинь бакал хагалаад байна гэж хэлэхээр нь хартал тэд барилцаад зогсож байсан. Миний зүгээс тэр хоёрыг салгах гээд Отгонбаатарыг нэг, Цогтбаатарыг хоёр удаа цохисон. Бид бааранд зодолдоогүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Цогтбаатарын: …Ингээд бид нар орой 22:00 цаг болж байхад Сансарт байдаг “Венус” нэртэй бааранд орсон. Бааранд ороод байж байхад Отгоо намайг найз охинтойгоо хардлаа гэх шалтгаанаар надтай маргалдаж эхэлсэн. Маргалдаж байхад танилцсан Диймаа /Ц.П/ бид хоёрын дундуур ороод маргааныг салгаад гурвуулаа баарнаас гарахаар болсон. Бид  гурав  баарнаас гараад “Пицца хат”-ын үүдэнд ирээд Диймаа надад хандаж чи эр юм байж ямар арчаагүй юм бэ гэж хэлэхээр нь би хардсан зүйл байхгүй гэж хэлэхэд Диймаа найз Отгоогоо цохиод газар унагаасан. Түүнийхээ дараа эргэж хараад шууд миний талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед би нүдээ дараад доош тонгойгоод байж байхад Отгоо уурлаж босч ирээд намайг татаж өндийлгөөд миний нүүр рүү нэг гараараа цохисон. Би дахиад доош тонгойгоод нүүрээ дараад байж байхад Диймаа миний нүүр нүд рүү гурван  удаа өшиглөсөн. Би газар унасан ба намайг унасны дараа нэг нь татаж босгосон. Хэн татаж босгосныг мэдэхгүй. Би босонгуутаа шууд зугтаагаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Отгонбаатарын: ...Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” нэртэй бааранд найз Диймаа, Буянаа, Түвшээ, Маралаа, Болороо, Цогтоо, Заяа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нарын хамт орсон. Бид нар бааранд ороод байж байхад Цогтоо намайг найз охин Заяатай хардаад түүнээс болоод бид хоёр  маргалдаж эхэлсэн. Энэ үед бид хоёр  Диймаа /Ц.П/ салгаад бид хоёрыг дагуулаад баарнаас гарсан. Баарнаас гараад бид хоёр  боль гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Бас Цогтоог цохисон. Энэ үйл явдал болсны дараа гэр рүүгээ явсан. Диймаа Цогтоогийн цээж рүү, нүүр рүү нэг, нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Буянжаргалын: ...Бид бааранд ороод байж байхад Отгоо үл таних залуугийн найз охинтой бүжиглэсэн чинь найз охиноо Отгоотой хардаад маргалдахад Диймаа үл таних залуу болон Отгоог аваад гадаа гарсан. Бид нар араас хэсэг хугацааны дараа гарахад Диймаа, Отгоо, үл таних залуу  гурав  “Пицца хат” тал руу урагшаа явж байсан. Миний араас Маралаа болон үл таних залуугийн найз охин гарч ирэхэд Диймаа хойшоо эргээд алхаж байсан. Бид нар зөрөөд урагшаа Отгоо болон үл таних залуу дээр очиход Отгоо үл таних залуу хоёр  нэг нэгнээ заамдаад барьцалдаад зогсож байсан. Отгоо болон үл таних залуу хоёрын нүүрнээс цус гарч байсан. Бид нар маргааныг салгахад үл таних залуу холдоод яваад өгсөн. Найз охин нь баар руу ороод цүнхээ аваад ирье гэж хэлээд ирэх хооронд нөгөө залуу алга болсон байсан. Би цохих үйлдлийг бол хараагүй. Харин Отгоо үл таних залуу хоёр  заамдалцаад зогсож байхыг харсан. Сүүлд Диймаа цохисон болохыг Отгоо, Түвшээ хоёр ярьж байхыг би сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10101 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Ц.Цогтбаатарын биед дээд уруулын дотор хэсэгт шарх, зүүн доод зовхинд шарх, зүүн дээд доод зовхи гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,

          - Шүүгдэгч Ц.Пгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.П нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” баарны гадна иргэн Ц.Цогтбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Ц.Пд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

        Шүүгдэгч Ц.П нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” баарны гадна 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ц.Цогтбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Ц.Цогтбаатар нь гомдол саналгүй, хохирлын мөнгийг авсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 48 дугаар тал/

Шүүгдэгч Ц.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Ц.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Пд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Пд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.АЛТАНЦЭЦЭГ