Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/1425

 

 

   2025             12            16                                         2025/ДШМ/1425

 

 

Д.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Б,

хохирогч Т.Б-ийн өмгөөлөгч С.П,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Х.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Т-д холбогдох ........................ дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Т нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн үед ...... дүүргийн ... дугаар хороо, ....дүгээр сургуулийн баруун урд зам дээр “Toyota Crown” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ хохирогч Т.Б-тай “замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Т.Б нь Д.Т-ийн унаж явсан тээврийн хэрэгсэлд нь чирэгдэн газарт унах үед зүүн хөлний өвдгийг хойд дугуйгаараа дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох ........... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, Д.Т нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-аас нийт 11,076,663 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б-д 10,767,483 төгрөгийг олгох, 309,180 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн санд төлүүлж, хохирогч Т.Б цаашид гарах эмчилгээний зардал, шатахууны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хэрэг гарснаас хойш надаас болж алдсан гэж байгаа орлогоо дансны хуулгаар нотлох. Тухайн үеийн камерын бичлэгийг сэргээх, ойр хавийн камерын бичлэгийг олох, хохирогчийн хөл дээр гарсан эсвэл замын брожур өвдгөлж унасан эсэхийг нотолмоор байна. Шинжээч томилж дахин гэмтсэн хөлийг үзүүлмээр байна. Хэрэг гардаг өдөр намайг цонхоор гараа оруулаад хоёр удаа цохисон, шүүх хурал дээр цохиогүй гэж мэдүүлсэн. Энэ бас камер шүүх нэг баримт. Бас намайг ханцуйнаас зуураад машинаар чирсэн гэж худал мэдүүлэг өгсөн. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ойр орчмын камерыг үзэхэд тухайн осол болсон газар очиход яг тэр байрлал руу харсан 4 камер байсан. Замын нэг, эмийн сангийн нэг, паб караоке намайг очоод бичлэг хуулж авах гэтэл олдохгүй гэх мэдээлэл өгсөн. Ийм байх боломжгүй. Тухайн үед нэг цагдаа паб караокены бичлэгийг очиж үзсэн гэж караокены хүн хэлсэн. Тэр хүнийг гэрчээр дуудах, хэрэг гардаг өдөр миний машины ард зогсож байсан цайвар өнгийн .... эсвэл ..... гэсэн машиныг олж тогтоон гэрчээр дуудах хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Х.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Б охинтойгоо сууж явсан машин буюу охиных нь машин Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгал руу орж, хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах үйлдэл хийсэн болох хавтаст хэрэгт авагдсан баримт, тэр дундаа хавтаст хэргийн 133 дугаар талд авагдсан фото зургийн үзүүлэлтээр тогтоогдсон гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгалд зогсож, хохирогч Т.Б машинаасаа бууж ирэн “чи цаашаагаа ухар” гэж олон нийтийн газар, өглөөгүүр орилж, хашхирч, танхайрсан. Мөн тээврийн хэрэгслийн урд очиж “намайг дайрвал дайр” гэж хэлсэн. Хохирогч Т.Б өөрөө сурган хүмүүжүүлэгч мөртлөө Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй явж байгаа хүний эрх чөлөөнд халдсан гэж үзэж байна. Эхлээд би ерөөсөө энэ хүнд хүрээгүй гэж байснаа танд хууль сануулсан, та энэ хүний биед халдсан уу гэхэд “би ёворсон” гэж мэдүүлсэн. Мөн чирэгдсэн гэдэг асуудал ярьж буруутгадаг. Чирэгдсэнээс болж гэмтэл учраагүй, тиймээс хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг шүүгдэгч өөрөө хэллээ. Тухайн хохирлыг ихэсгэхэд Т.Б-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн учир хохирол төлбөрийн тодорхой хэсгийг хохирогч хариуцах ёстой. Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон. Шүүх шинжилгээний тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, ангид сэтгэцэд учир хохирлын үнэлгээ хийлгэх зохицуулалт байхгүй. Шүүх хуралдаанд энэ талаар хэлсэн. Мөн жишиг аргачлалын 3.6-д “шинжилгээний байгууллага, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мал хулгайлах, залилах, зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зүйл, ангиудад сэтгэл санааны хохирлыг гаргуулна” гэж заасан. Анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хуульд заагаагүй байхад хохирогчийн сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний биед хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан зүйл байхгүй, санамсар, болгоомжгүйгээр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч Т.Б-ийн өмгөөлөгч С.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлтээ гаргаагүй байж одоо шүүхэд гаргаж байгааг гайхаж байна. Хохирогчийн зүгээс хохирлын нотлох баримтыг бүгдийг гаргаж өгсөн. Тэтгэмжийн мөнгөө авсан учраас үлдсэн хохирлын асуудлаа хэлсэн. Хохирогчийн хөл дээр дугуй гарсан эсэх тал дээр ярьж байгаа боловч хохирогч, гэрчийн хэлж байгаагаар зогссон байсан машины жолооч хохирогчийн гарыг барьсан байж байхдаа огцом хөдөлж байгаа бөгөөд ойролцоогоор 3000-4000 моторын эргэлтийн үед хүний хөл дээр гарсан үгүйг өөрөө ч мэдэх боломжгүй, өөрөө ч мэдээгүй гэж байгаа. Хохирогч хажуу тийшээ гурвалжлаад унасан, гурвалжлаад унасан хүний хөл дээр гараад явсан, гурвалжилж унаж байгаа учраас хавирга нь хугарсан. Сэтгэцийн хор уршгийн хувьд хуульд Эрүүгийн зүйл хэсэг бүлгээрээ байдаг. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэх өнцөг гаргаж байгаа боловч энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзах, багасгах нөхцөл ба, хохирлын хэмжээг багасгах үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхээс сэтгэцийн хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийг мэдээгүй байсан, болгоомжгүй гэмт хэрэг байсан талаар ярих боловч энэ нь түүний үйлчлүүлэгчийн хувьд оногдуулах ял, хохирол өөрөөр яригдах буюу эрх зүйн байдал нь дордох тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор П.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч “камерын бичлэг аваагүй, дахин шинжээч томилуулмаар байна” гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Шүүгдэгч Д.Т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж мэдүүлэг өгсөн. Мөн хэргийн материалтай танилцсан. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад санал, хүсэлт гаргаагүй, шүүхэд хэргийг шилжүүлсний дараа нэмэлт ажиллагаа  хийлгэх санал, хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа давж заалдах шатны шүүхэд нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан нь тогтоогдож байна. Шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн цалин, хөлстэй холбоотой баримт дансаар тогтоогдох боломжгүй, нийгмийн даатгалаас хохирогчийн хүлээж авсан зөрүү баримтаар тогтоогдож байна. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Н.Б-г шүүх хуралдаанд оролцуулах санал гаргасан. Гэвч хохирогч Н.Б эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, суга таягтай гэдэг нөхцөл байдал цахимаар оролцоход харагдаж байсан. Шүүгдэгч тал хохирогч Н.Б-г оролцуулаагүй мэтээр дурдсан байсан. Хэргийн оролцогчийг оролцуулаагүй нөхцөл байдал байхгүй гэдгийг хэлье. Шүүгдэгчийн өмгөөлөгч “энэ гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, зам тээврийн осол” гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг нь зам тээврийн ослоос ялгагдаж байгаа гол шинжийн хувьд хохирогч, шүүгдэгч нарын хооронд ямар харилцаа үүссэн байх ёсгүй. Гэтэл зам дээр түгжрэл үүсгэсэн гэдэг асуудлаар маргаж, улмаар хөдөлгөөнийг зохицуулж, машиндаа суух гэж байсан хохирогчийг доромжилж, доромжилсон үг сонссон хохирогч эгдүүцэж, шүүгдэгчийн жолоодож явсан машин руу очиж, эгдүүцлээ илэрхийлж, цохих гэж оролдон гараа хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч Д.Т улмаар замын хөдөлгөөнөө үргэлжлүүлж, явсны улмаас хохирогч унаж, дайрагдсан болох нь тогтоогдсон. Тиймээс тус гэмт хэргүүд ялгаатай гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй. Шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Хуульд заасны дагуу худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг ухамсарлаж, өгсөн хохирогч, гэрчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулсан нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, үндэслэлгүй” гэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд халдаж, гэмтэл учруулсан хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн гаргуулахаар зохицуулсан учир хуулийн зүйл, заалтыг буруу ойлгосон гэж үзэж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

1. Шүүгдэгч Д.Т нь ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, .... дүгээр сургуулийн баруун урд замд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн үед “Toyota Crown” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ, хохирогч Т.Б-тай “замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Т. нь Д.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд нь чирэгдэн газарт унах үед зүүн хөлний өвдгийг хойд дугуйгаараа дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

хохирогч Т.Б-ийн “...Би машинаасаа буугаад урд зогссон машиныг холдуулаад, урд байсан машин гараад явчихсан. Тэгэхээр нь манай охин араас нь гарах гэтэл өөдөөс ирсэн машин тулаад явуулахгүй гэрлээрээ дохиод байхаар нь манай охин цонхоороо “хойшоо ухраач, би гараад явчихъя” гэхэд “битгий хуцаад бай, өөрөө яв, зайлаач” гээд байсан. Тэгэхээр нь би Crown машины арын машинуудыг ухраагаад Т-гийн жолоодож байсан Crown машиныг “хойшоо ухарчих” гэтэл “балай минь зайлаач” гээд байсан. Тэгэхээр нь “хоёулаа хэрэлдээд яах вэ, Монгол хүмүүс байна учраа олоод явчихъя, чи жоохон ухарчих” гэхэд хойшоо жоохон ухарсан. Манай охин машинтайгаа хажуугаар нь гараад яваад өгсөн. Мөн машинууд яваад бөглөрөл арилсан. Би машинууд гараад яваад байхаар нь хашлага талаар нь гараад явах гэтэл Т “пизда авгай минь зайлаач, мэдрэл муутай юм уу” гэхээр нь би “чи одоо юу гэж хүн доромжлоод байгаа юм” гээд цонхоор нь зүүн гараа оруулаад цохих гэтэл Т миний гарын ханцуйнаас татаад тэр чигтээ хаазлаад хөдлөөд явчихсан. Тэгээд машиных нь хажууд чирэгдээд газар унахад, машины баруун хойд дугуй зүүн өвдгөн дээгүүр  гараад явчихсан. Манай охин нөгөө машины араас түгжрэхээр нь гүйцэж очоод “чи хүн мөргөчихлөө” гээд цонх руу нь цохитол тэр чигтээ хаяад зугтаад яваад өгсөн байсан. ...Тухайн машины жолооч хөдлөөд явах үедээ намайг байгааг сайн мэдэж байсан. ...миний ханцуйнаас татаад машинаараа санаатай чирч унагаагаад мөргөөд газар унасан хойно баруун хойд дугуй нь зүүн өвдгөн дээгүүр дайраад яваад өгсөн. ...” /1хх 19-20/,

гэрч У.Э-ий “...Би баруун талын эгнээ рүүгээ орох гэтэл өөдөөс ирсэн машин намайг оруулахгүй өөдөөс шахаад хүрээд ирсэн. Миний ард машин байсан болохоор би ухарч болохгүй болохоор “ухарчхаач, би баруун тал руугаа орчихъё” гэтэл ухрахгүй өөдөөс гэрлээрээ дохиод байсан. Манай ээж тэр машины ард байсан машинуудыг хойш нь ухраагаад тухайн өөдөөс орж ирээд байсан хар Crown маркийн машиныг “ухарчхаач” гэтэл бөөн юм болж байгаад хойшоогоо жоохон ухраад бага зэрэг зай гарахаар нь би маневр хийж байгаад өөрийнхөө эгнээ рүү орсон. Миний ард байсан машинууд ороод зам чөлөөтэй болсон. Тэгээд машинаас буугаад ээжийг дуудах гэтэл тухайн машины жолоочийн цонх руу ээжийн зүүн гар нь орчихсон чирээд цаашаагаа хаазлаад явах үед нь ээж чирэгдэж  унаад хөл дээгүүр нь машины дугуй дайраад уулзвараар баруун эргээд урт цагаан тал руугаа явчихаар нь би араас нь гүйгээд зогсчихсон байхаар нь очоод цонхыг нь тогшоод “чи хүн дайрчихлаа, буугаад ир, хөөе” гэтэл тэр чигтээ цонхоо хаагаад яваад өгсөн. Тухайн жолооч ээжийг машины баруун талд байгааг нь мэдэж байсан. Хоорондоо маргалдаад зогсож байгаад шууд хаазлаад гараас нь чирч унагаагаад дайраад явсан. ...” /1хх 22-23/  гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 708 дугаартай “...Т.Б-ийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биеийн ар хэсгийн урагдал, өвдөгний үений холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, баруун 3 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн өвдөгт няцарсан шарх, баруун бугалга, зүүн гуя, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (шинжээч Ц.Б) /1хх 44-46/ гэсэн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэг /1хх 96-97/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-16/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгах, үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Т-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Т-гийн хохирогч Т.Б-тай “замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Т.Б нь Д.Т-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд нь чирэгдэн газарт унах үед түүний зүүн хөлний өвдгийг хойд дугуйгаараа дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

2. Шүүгдэгч Д.Т-аас “хохирогчийн хөл дээгүүр тээврийн хэрэгслээр гарч явсан эсэхийг тогтоолгохоор гэрч асуулгах, бичлэг гаргуулах, шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх. ...”, түүний өмгөөлөгч Х.Д-ээс “...гэмт хэрэг үйлдэгдээгүй, Д.Т нь болгоомжгүй үйлдлээр хүндэвтэр гэмтэл учруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхийг тогтоогоогүй, мөн хохирогчийн буруутай үйл ажиллагаа, түүний үйлдлээс хохирол ихэсгэхэд шууд нөлөөлсөн тул хохирлын зохих хэсгийг өөрт нь хариуцуулах, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон журмаар Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэтгэцийн хор уршиг гаргуулах зохицуулалтгүй байхад анхан шатны шүүх Д.Т-гаас сэтгэл санааны хохирол гаргуулахаар заасан нь үндэслэлгүй.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

2.1 Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотлохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг явуулж, яллах ба өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоох учиртай.

Шүүхээс хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах үндэс болох бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй, шударга байх шинжийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба, тус гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив талыг бүрдүүлдэг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн талаар хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж заажээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч, хохирогч нар нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр замын түгжрэлээс болж хоорондоо маргалдсан үйл баримт тогтоогдсон ба, Д.Т нь “пизда авгай минь зайлаач, мэдрэл муутай юм уу” гэж үг хэлээр доромжилсны улмаас хохирогч Т.Б түүний тээврийн хэрэгслийн цонхоор гараа оруулж цохих үйлдэл хийх гэх үед Д.Т нь автомашинаа шууд хөдөлгөж явсан байх бөгөөд энэ талаар хохирогч болон гэрч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хохирогчийн зүүн гар шүүгдэгч Д.Т-ийн машины цонхоор орох үед жолооч гарын ханцуйнаас татаад тэр чигтээ хаазлаад хөдлөөд явчихсан, ...машиных нь хажууд чирэгдээд газар унахад, машины баруун хойд дугуй зүүн өвдгөн дээр гараад явчихсан...” гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч Д.Т нь хохирогч Т.Б-ийн зүүн гар машины цонхоор орсныг мэдсээр байж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэн явсны улмаас хохирогч автомашинд нь чирэгдэн газарт унах үед зүүн хөлний өвдгийг машиныхаа хойд дугуйгаараа дайрч гэмтэл учруулсан, хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Д.Т-г гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд шүүгдэгч Д.Т тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явсан боловч замын түгжрэл үүсэж, зам дээр автомашинтайгаа түр зогссон байх үедээ хохирогчтой маргаан үүсгэж, улмаар жолоодлогыг үргэлжлүүлэн хохирогчийг автомашинаар чирч гэмтэл учруулсан нөхцөл байдал нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргээр зүйлчлэх, гэмт хэргийг болгоомжгүйгээр буюу хайхрамжгүйгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч нь олон нийтийн газар орилж хашхирч танхайрсан гэх боловч хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж дүгнэн, Эрүүгийн хуульд заасан зүйл хэсгээр тайлбарлан хэрэглэх үндэслэлгүй, тодруулбал хүмүүс хоорондын зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, бие махбодод нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэхгүй, шүүгдэгч, хохирогч нарын хооронд болсон үйлдэл нь олон нийтийн эсрэг биш, тэдний хооронд болсон маргаан байна.

2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Б-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 708 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Ц.Б гаргасан дүгнэлтийнхээ талаар “...Т.Б-ийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их биеийн ар хэсгийн урагдал, өвдөгний үений холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, баруун 3 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн өвдөгт няцарсан шарх, баруун бугалга, зүүн гуя, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд, мөргөгдөх, дарагдах, шахагдах гэх мэт үйлдлийн үед үүсэх боломжтой. ...” /1хх 96-97/ гэж тодорхой мэдүүлдэг бөгөөд энэ хэрэгт урьд дүгнэлт гаргаж байгаагүй, хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий шинжээч хуульд заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна.

2.3 Хэргийн нөхцөл байдлыг харуулсан хяналтын камерын бичлэгийг сэргээх, ойр хавийн камерын бичлэгийг олох гэх гомдлын тухайд ойр орчмын камерын бичлэгт цаг хугацааны хувьд хадгалагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн, хэрэгт авагдсан өөр бусад баримтын хүрээнд шүүгдэгч Д.Т “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа тул прокуророос анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

2.4 Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг) хамаарч байна.

1 дэх хавтас хэргийн 81-83 дугаар талд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 608 дугаартай “...хохирогч Т.Б-д гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна, энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэсэн дүгнэлт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж хохирогчид сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон холбогдох  журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын “хоёрдугаар” зэрэглэлд зааснаар буюу сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр тооцож, 7,920,000 (792,000х10) төгрөг гаргуулахаар дүгнэсэн, мөн тогтоох хэсэгт дээрх хэмжээгээр тооцож гаргуулахаар заасан атлаа “гуравдугаар зэрэглэл”-д хамаарч байна гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг тэмдэглэв.

2.5 Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж хуульчилсан.

Тухайн хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Т нь эхэлж хохирогч Т.Б-г үг хэлээр доромжилсноор маргааныг үүсгэсэн ба, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн гэх нөхцөл тогтоогдоогүй тул хохирлын зарим хэсгийг хохирогч Т.Б-д өөрт нь хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хохирогч Т.Б-д эмчилгээний зардал, сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр, цалингийн зөрүү зэрэгт 11,076,663 төгрөг олгохоор шийдвэрлэснээс цалингийн зөрүүг 1,221,931 төгрөгөөр тооцжээ.

Шүүгдэгч Д.Т-гаас хохирогч нь ажлаа хийж байгаа эсэхийг мэдэхгүй гэх боловч хохирогч Т.Б нь ..... аймагт ...... боловсролын .... сургуульд нийгмийн ажилтнаар ажилладаг байсан байх ба, гэмтсэний улмаас ажлаа эрхэлж чадаагүй үндэслэлээр цалингийн зөрүү нэхэмжилж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн тооцоо баримтыг ажил олгогчоос гаргуулж, хэрэгт өгсөн байна. /1хх 220-223/ Анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн хохирогчийн цалингийн зөрүүд 1,221,931 төгрөг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд эдгээр үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2228 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                               Т.АЛТАНТУЯА