Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 130/2016/00541/и |
Дугаар | 001/ХТ2017/00529 |
Огноо | 2017-04-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2017/00529
Ш.Молданиязын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгийн аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00014 дүгээр магадлал,
Нэхэмжлэгч : Ш.Молданияз,
Хариуцагч : Баян-Өлгий аймгийн Засаг дарга,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : К.Салтанат,
Нэхэмжлэлийн шаардлага : Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016.8.10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Баян-өлгийн аймгийн Улаан хус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Базар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Аймгийн Засаг дарга 2014.6.16-ны өдөр Ш.Молданиязыг Б/356 захирамжаар жинхлэн томилсон бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаагүй, сайн ажиллаж ирсэн билээ. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга /А.Гылымхан/ 2016.8.10-ны өдөр Б/444 захирамжаар ажлаас халсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2016 оны 09-09-000/175 дүгнэлт, 2016 оны 09-06-031/27 акт, 2016.7.27-ны өдрийн шүүхийн 1737-р захирамжийн 2 дахь заалтад заасан гомдол гаргах эрхгүй болохыг дурдсаныг тэмдэглэж, мөн аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.8-г зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т заасныг үндэслэл болгосон. Байцаагчийн 2016.3.17-ны өдрийн 04-06-031/27 акт, шүүхийн 2016.7.27-ны өдрийн 1737 захирамжуудыг үндэслэл болгож сахилгын шийтгэл ногдуулсан. Багш Ш.Турсынд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний /3.007.400 төгрөг/ тэтгэмж олгосон гэх зөрчлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хяналт шалгалтаар илрүүлж уг мөнгөн тэтгэмжийг багш Ш.Турсынаас нөхөн төлүүлж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Багш Ш.Турсынд мөнгөн тэтгэмж олгох 3 дугаартай тушаал 2016.01.12-ны өдөр гарсан билээ. Сахилгын зөрчил гарснаас хойш 7 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 5 сар өнгөрсний дараа ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т нийцээгүй, сахилгын шийтгэл ногдуулах, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 1737 захирамжийн хувьд улсын байцаагчийн актыг баталгаажуулж Ш.Турсынаас 3.004.700 төгрөгийг албадан гаргуулахаар заасан болохоос биш захиралд арга хэмжээ тооцохоор заагаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа акт гарсан өдөр 2016.3.17-ны өдрөөс эхлэн тоологдоно. Мөн ажлаас халах Б/444 захирамжид хөдөлмөрийн гэрээг баримтлаагүй, дээрх тэтгэмжийн мөнгөтэй холбоотой асуудлын талаар хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил хэсэгт тусгайлан заагаагүй. Иймд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016.8.10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дугаартай захирамжийг хүчингүй болгож Ш.Молданияз намайг Хөх хөтөлийн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлаар Ш.Молданияз нь 2013.4.02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. 2014.3.17-ны өдөр Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Ш.Молданиязыг байлцуулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэжээ. Уг шалгалтаар хууль зөрчиж тэтгэмжийн мөнгө олгосон нь тогтоогдож улмаар 2016.3.17-ны өдрийн Улсын байцаагчийн актаар сургуулийн захирал Ш.Молданиязд 3.004.700 төгрөг сургуулийн дотуур байрны багш Ш.Турсынаас суутган тооцож сургуулийг хохиролгүй болгохыг Ш.Молданиязд хариуцуулсан. Уг улсын байцаагчийн актыг 2016.7.27-ны өдрийн 1737 дугаар захирамжаар баталгаажуулсан. Тус хууль бус үйлдэл нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.8-д заасан Төсвийн тухай хуулийг чанд сахиж мөрдөж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Салтанат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирлын албан тушаалд 2016.8.26-ны өдөр аймгийн Засаг Даргын захирамжаар томилогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-д заасны дагуу гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү гэжээ.
Баян-Өлгийн аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Молданиязыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00014 дугаартай магадлал гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан” гэсний дараа “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 дүгээр захирамжийг хүчингүй болгож,” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ш.Молданияз нь өөрийн төрсөн охиныг тухайн сургуульд багшаар авч ажиллуулаад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн ба зөрчлийг арилгуулах талаар өмнөх аймгийн Засаг даргын албан тоотоор удаа дараа албан бичиг явуулж чиглэл өгч байсан боловч зөрчилөө арилгаагүй МХГ-ын байцаагч нарын дүгнэлтээр тогтоогдож байсан. Мөн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Зауре, Боловсролын хяналтын улсын байцаагч А.Болат, Санхүүгийн хяналтын улсын байцаагч Ш.Жарденбек нар нь 2014.3.17-ны өдөр Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Ш.Молданиязыг байлцуулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэжээ. Уг шалгалтаар хууль зөрчиж тэтгэмжийн мөнгө олгосон нь тогтоогдож улмаар 2016.3.17-ны өдрийн Улсын байцаагчийн актаар сургуулийн захирал Ш.Молданиязд 30.044.700 төгрөг сургуулийн дотуур байрны багш Ш.Турсынаас суутган тооцож сургуулийг хохиролгүй болгохыг Ш.Молданиязд хариуцуулсан байна. Уг улсын байцаагчийн актыг 2016.7.27-ны өдрийн 1737 дугаар Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар баталгаажуулсан шийдвэр гарсан байна. Сургуулийн захирал Ш.Молданиязын тус хууль бус үйлдэл нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.8-д заасан Төсвийн тухай хуулийг чанд сахиж мөрдөж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Энэ байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Ш.Молданияз нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.
Анхан шатны шүүх Ш.Молданиязыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосныг давж заалдах шатны шүүх өөрчлөхдөө, шийдвэрт Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 дугаар захирамжийг хүчингүй болгосон нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч хяналтын гомдолдоо “...нэхэмжлэгч өөрийн төрсөн охиныг сургуульдаа багшаар авч ажиллуулж хууль зөрчсөн ба зөрчил арилаагүй нь тогтоогдсон... мөн хууль зөрчиж тэтгэмжийн мөнгө олгосон... нь тогтоогдсон тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Баян-Өлгий аймгийн засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б/444 дүгээр тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 131-р зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-г үндэслэн, аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 09-09-000/175 дугаар тоотоор аймгийн Засаг дарга ирүүлсэн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 04-06-031/27 акт, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн 1737 дугаар захирамж, хөдөлмөрийн гэрээний 4.8-г зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан /хх 5, 20/ байх боловч тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.
Тухайлбал, ажил олгогч Б/444 дугаар тушаалд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09-09-000/175 дугаар дүгнэлт /хх 24-26/-г үндэслэсэн боловч сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04-06-031/27 акт, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн 1737 дугаар захирамжид /хх 27-29, 32/ Ш.Молданияз зөрчил гаргасан талаар дурдагдаагүй тул ажил олгогчийн Б/444 дугаар тушаалын энэ хэсэгт холбогдох үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.8-д “...Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, журам, дүрэм, зааврыг чанд сахиж, түүнтэй нийцүүлэн гаргасан байгууллагын дотоод журмыг мөрдөн ажиллана...” гэж /хх 6-7, 11-23/ заасан байх бөгөөд энэ хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах, ноцтой зөрчилд хамааруулах тулаар заалт байхгүй тул ажил олгогчийн тушаалын энэ үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчжээ.
Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргах, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргах, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зэрэг тухайн маргаанд хамааралтай эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн дүгнэлт хийж, уг зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангах боломжгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00014 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ