Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 939

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Э*******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга

Гуравдагч этгээд: Б.Э*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Д.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “Нэхэмжлэгч С.Э******* миний бие Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Л******* 62

дугаар байрны 5 тоотыг өмчилдөг бөгөөд Ч******* нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Гэтэл 2016 оны 3 дугаар сараас манай дэлгүүрийн цонхыг хааж иргэн Б.Э******* 25 м.кв ТҮЦ байрлуулан ажиллуулах болсон. ТҮЦ нь байрны гадна цахилгааны хайрцагны хаалгыг онгойх нөхцөлгүй болгож тавигдсан. Үүнээс болоод засвар үйлчилгээ хийх, галын аюул гарсан үед ашиглах боломжгүй болгож аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн. ТҮЦ-ийг хэний шийдвэрээр тавьсныг судлахад Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах гэрээг тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийг төлөөлж нарийн бичгийн дарга Д.Б*******, иргэн Б.Э*******тэй байгуулсаныг Ц.Содхүү дарга баталсан болохыг мэдсэн. ТҮЦ-ийг миний өмчлөлийн Ч******* дэлгүүрийн хойно байрлуулахаар гэрээнд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэл хийсэн байна. Энэхүү гэрээний дагуу ТҮЦ тавигдсан.

Энэхүү гэрээ нь хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2015 оны 3 дугаар сарын 31 -ний өдрийн А/Зб тоот тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан байршлыг зөрчсөн бөгөөд энэхүү хавсралтанд манай Ч******* дэлгүүрийн хойно гэсэн байршил байхгүй. Мөн тус ТҮЦ нь газар ашиглах зөвшөөрөлгүй бөгөөд эрчим хүчний хамгаалалтын зурвас зөрчиж байрласан нь орчиндоо аюул үүсгэх нөхцөл бүрдүүлээд байна. Иймд бид Чингэлтэй дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хууль тогтоомж зөрчин зэргэлдээ орших эд хөрөнгөд аюултай нөхцөл байдал үүсгэн ТҮЦ хамтран ажиллуулахаар байгуулсан гэрээ хууль бус байх тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах гэрээг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэл: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” батлагдан 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс нийслэлийн хэмжээнд мөрдүүлэхээр нийслэлийн Засаг даргад үүрэг өгсөн. Тус журмын 2.1.2 дах заалтанд тухайн зөвшөөрөгдсөн цэгт байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежер тушаалаар батална гэсэн заалтын дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан байршилд Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нь ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн дүүргийн иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эдийн засгийн хямралтай өнөө үед иргэдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх чиглэл өгсний дагуу энэхүү журмын 1.3 дахь “түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно.” заалтыг үндэслэн дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б.Э*******д 6 дугаар хорооны 62 дугаар байрны хойд буланд ТҮЦ байршуулан үйл ажиллагааг эхлүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Иргэн С.Э******* түүний эхнэр н.Ариунаа нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд тухайн ТҮЦ нь байрны гадна цахилгааны хайрцгийг онгойлгох боломжгүй болгосон талаар өргөдөл ирүүлж байсан ба тухайн байршил нь Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан байршил бөгөөд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвөөс ирүүлсэн 2016 оны 32/220 тоот албан бичигт шугам сүлжээг шилжүүлэх зардлыг ТҮЦ эзэмшигчтэй тохиролцон ажлын зардлыг эзэмшигчээс гаргуулах болсон тул ямар нэгэн гомдол хүсэлтгүй гэсэн байдаг.

Иймд иргэн С.Э*******оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Э******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Батсайхан овогтой Э******* миний бие нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр цэцэрлэгийн хажууд, 62/1 байрны хүнсний “Ч*******” дэлгүүрийн арын зайнд хүнсний мухлаг ажиллуулахаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг байгуулан уг зайнд байсан хог хаягдал бохирдлыг цэвэрлэн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн төмс хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн хүнсний мухлаг байрлах газрын төлбөрөө газрын албанд төлсөн. Үйл ажиллагаа эхлүүлснээс хойш “Ч*******” дэлгүүрийн эзэн Э******* гэгч нь янз бүрийн байдлаар бид нарт (худалдагч болох эгч М*******) дарамт шахалт үзүүлж байсан болохыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гаргасан мартериалаас харж болно. Н.Э*******ын бичсэн цэцгийн мандал хийх гэж байсан гэдэг нь худлаа болохыг оршин суугчид ярьж байсан. Манай хүнсний мухлаг байгаа тэр газрыг өөрийн дэлгүүрээ өргөтгөх гэж хундаам цутгаж байгаад оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгаран болиулсан гэдэг.  

Иймд Монгол Улсын иргэний хувьд эрхийнхээ дагуу хүсэлт гарган хүсэлтийг минь зөвшөөрсний дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг минь хангаж өгнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр “Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/147 дугаар захирамжаар тус дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлийг байгуулсан байх бөгөөд энэ зөвлөл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг хэрэгжүүлж, дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл олгож гэрээ байгуулан ажилладаг байна. 

Тус дүүргийн иргэн Б.Э******* хүнс, хүнсний ногоо зарж борлуулах түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хүсэлтээ гаргасны дагуу дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл түүнтэй “Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах 25 дугаар гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, гэрээнд “6 дугаар хорооны Ч******* дэлгүүрийн хойно” хэмээн байршлыг заажээ. 

Гэтэл Улаанбаатар хотын ерөнхий менежер 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/36 дугаар тушаалаар дүүргүүдийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах байршил, тоог тогтоосны дотор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7 түргэн үйлчилгээний цэг ажиллуулахаар байршлыг баталсан, үүнд “6 дугаар хорооны Ч******* дэлгүүрийн буюу уг дэлгүүр байрших 62 дугаар байрны хойд тал” гэсэн байршил батлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдийн баталсан байршлаас өөр байршилд түргэн үйлчилгээний цэг ажиллуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 25 дугаартай гэрээ байгуулсан нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмын 2.1.1 “түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана”, 2.1.2 “тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер тушаалаар батална.”, 4.3 “дүүргээс зөвшөөрөгдөөгүй байршилд үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчжээ. 

Түүнчлэн Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн шийдвэрийг үндэслэн байгуулсан гэх атлаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/147 дугаар захирамжаар байгуулагдсан дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Гэр хороолол дахь захирагчийн ажлын албаны дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга, Өмч, газрын харилцааны албаны дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн дарга, Замын цагдаагийн тасгийн дарга, хороодын Засаг дарга нар, ХЭАХН-гийн тэргүүн, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл тухайн өдөр хуралдаж гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь тогтоогдохгүй, энэ талаар шийдвэр, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтыг хариуцагч талаас шаардсан боловч ирүүлээгүй болно. 

Нэхэмжлэгч С.Э******* нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2202014288 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Л.Л******* 62 дугаар байрны 5 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд уг объектод Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон 03/0008 тоот тусгай зөвшөөрлийн дагуу Ч******* нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг, шүүхээс хийсэн үзлэгээр Б.Э*******гийн түргэн үйлчилгээний цэг нь 62 дугаар байрны хойд талаас буюу Ч******* дэлгүүрийн хойд талын цонхноос 107 см зайд, ЧД-0601 дугаартай гадна гэрэлтүүлгийн удирдлагын самбараас 43 см зайд байрлуулсан нь тогтоогдсон, дүүргийн гадна гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцсан “Соён Дрийм Лимитед” ХХК-иас “ЧД-0601 дугаартай гадна гэрэлтүүлгийн удирдлагын самбарт засвар үйлчилгээ хийх боломжгүйн улмаас орон сууц болон авто замын гэрэлтүүлгүүд унтарсан мөн тэжээлийн кабель гэмтсэн” талаар хүсэлт ирүүлснээс гадна “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвөөс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 32/163 тоот албан бичгээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргад “уг ТҮЦ нь манай ашиглалтын ХТП-270 дэд станцаас ХТП-241 дэд станц хоорондох 6 кВ-ын кабель шугам, ХТП-270 дэд станцаас  60 дугаар байр хоорондох 0,4 кВ-ын кабель шугам дээр тавигдаж кабель шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн тул яаралтай нүүлгэх арга хэмжээ авна уу” хэмээн мэдэгдэж, 2016 оны 3 дугаар сарын 15, 9 дүгээр сарын 8-ны өдөр эрчим хүчний хамгаалалтын зурвасыг чөлөөлөх “Шаардлага”-ыг ТҮЦ эзэмшигчид өгсөн байна. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасныг үгүйсгэх боломжгүй байна.

Ийнхүү зөвшөөрөгдөөгүй байршилд, эрчим хүчний хамгаалалтын зурваст түргэн үйлчилгээний цэг ажиллуулахаар гэрээ байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байх тул Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 32/220 тоот албан бичгээр “62 дугаар байрны хойд талд иргэн Б.Э*******гийн ажиллуулж буй хүнс, ногооны ТҮЦ-ний байршилд кабель шугам байгаа бөгөөд түүнийг аюулгүй байдал стандартад нийцүүлэн тойруулан шилжүүлэх талаар ТҮЦ эзэмшигчтэй тохиролцон уг ажлын зардлыг гаргуулахаар болсон”, мөн дүүргийн гадна гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцсан “Соён Дрийм Лимитед” ХХК-иас “ЧД-0601 дугаартай гадна гэрэлтүүлгийн удирдлагын самбарыг ТҮЦ эзэмшигч Б.Э*******гээр зардлыг гаргуулан шилжүүлэхээр тохирсон” гэх хэдий ч кабель шугамыг болон гадна гэрэлтүүлгийн удирдлагын самбарыг шилжүүлэх ажил хийгдээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 32/619 тоот албан бичигт “ашиглалтын кабель 

 

 

 

 

шугам байхгүй” гэж тодорхойлсон “60/1 дүгээр байрны хажууд” гэх байршил нь энэ хэрэгт хамааралгүй болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэгчийн эхнэр О.Ариунаагийн гаргасан гомдолд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/976 тоот албан бичгээр өгсөн хариуг хариуцагч тал нэхэмжлэгч С.Э*******од ажлын өдөр биечлэн гардуулж өгсөн гэх хэдий ч гардуулан өгсөн тэмдэглэл, баримт үйлдээгүй, өөрөөр хэлбэл хэдийд гардуулснаа нотлоогүй, гомдол гаргагч О.Ариунаа нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр буцаж орж ирсэн, нэхэмжлэгч С.Э******* нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарч 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн нь тэдгээрийн гадаад паспорт дээрх хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын дардсаар тогтоогдож байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын амралтын өдрүүдийн дараах ажлын өдөр 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж байх тул 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын баталсан “Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах” тухай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн иөлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА