Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 119

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй,

Монголын Хуульчдын холбооны

зөвлөлд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ    

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг,

Тус зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж заасныг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

Хариуцагчаас 150,000 төгрөг гаргуулах”,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/ШШ2020/0001 дүгээр шийдвэртэй,

          Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-О нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч Д.М-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/ШШ2020/0001 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-гаас Монголын Хуульчдын холбооны зөвлөлд холбогдуулан гаргасан “Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг хүчингүй төгөлдөр бус болохыг тогтоолгох, тус зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагчаас 150,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гомдлын үндэслэл:

2. Нэхэмжлэгч Д.М гаргасан гомдолдоо: “... шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 221/ШШ2020/0001 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасныг баримталсан.

3. Гэвч шүүхээс маргаан бүхий тогтоолуудыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх тухай Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь заалтын хамт хэрэглэх ёстой байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн. Гэтэл дараах байдлаар миний эрх зөрчигдсөн, зөрчигдсөөр байна.

4. Үүнд: Би нэхэмжлэлдээ ч, шүүхийн хэлэлцүүлэгт ч миний “150,000” төгрөгийг хүчин төгөлдөр бус тогтоолын дагуу авсан нь миний өмчлөх эрхийг зөрчсөн талаар тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан нэхэмжлэгч миний өмчлөх эрх зөрчигдсөн. Хариуцагч 150,000 төгрөгийг ямар зорилгоор авч байгаагаа мэдэгдээгүй, чухам ямар зорилготойгоо хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан ч хэрхэн зарцуулснаа баримтаар нотлоогүй. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу миний мэдээлэл авах эрх зөрчигдсөн, зөрчигдсөөр байна. Надаас хураан авсан 150,000 төгрөг юунд зарцуулагдсан нь одоо ч тодорхой бус байна.

5. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль /ХЭЗБтХ/-ийн 19 дүгээр зүйлд зааснаар өргөдөлдөө шалгалтад тэнцсэн батламж, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сэтгэцийн эмгэггүйг нотолсон баримт гээд нийт 3 баримтыг өгснөөр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авах эрхтэй. Гэтэл хариуцагч хуулиас авсан зүйлийг шаардаж, 150,000 төгрөг төлсөн баримтаа хавсаргахыг шаардсанаар миний ашиг сонирхлыг хөндсөн.

6. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө”, 44.6-д “Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална” гэж заасныг баримталсан. Хуулийг тайлбарлан хэрэглэхдээ үгийн шууд утгыг анхаарч үзвэл тус холбоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ““хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг” гэж заасны дагуу хуульчдад хамаарахаар байгаа буюу хуульч болоогүй байгаа этгээдэд хамаарахгүй гэж үзэж болохоор байна. Хуулийн дээрх заалтыг 150,000 төгрөгийг хураан авах эрхийг олгосон гэж шууд тайлбарлах боломжгүй.

7. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульчдын холбооны зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага байна" заасныг тус тус баримталсан гэжээ. Дээрх заалт нь энэхүү маргаанд хамаарахгүй тул баримтлах шаардлагагүй байсан.

8. Шүүх дараах хуулийн заалтуудыг баримтлах ёстой байсан. Үүнд: Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-т “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэж заасныг баримтлах ёстой байсан.

9. ...Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасныг зөрчсөн боловч ...маргаан бүхий тогтоолуудыг батлах үед Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхлээгүй байсан тул хэм хэмжээний актын төслийг байрлуулж санал аваагүй, хэлэлцүүлэг хийгээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй хэдий ч өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүйг зөвтгөх үндэслэлгүй.

10. Шүүх ийнхүү дүгнэлт хийчхээд дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргасан. Маргаан бүхий тогтоолууд эрх зүйн зөрчилтэй гэж дүгнэж л байгаа бол ямар ч “боловч” байхгүйгээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох ёстой байсан.

11. Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх“ гэж заасныг баримтлах ёстой байсан. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар нэхэмжлэгч нь шалгалтад тэнцсэн батламж, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сэтгэцийн эмгэггүйг нотолсон баримтыг л бүрдүүлэхээр заасан. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашгаас бүрдэнэ” гэснээс үзвэл энэ хуулиар гишүүн бус этгээдээс хураамж авах ганцхан тохиолдлыг тусгайлан заасан байх буюу нийтийн эрх зүйд “зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим" хэрэгжих ёстой. Хариуцагч нь хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж хэмээн 50,000 төгрөг авчихаад давхар 150,000 төгрөг авч байгаа нь хууль бус байна. Маргаан бүхий тогтоолуудад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслээгүйгээс гадна хуулийн энэ заалтын хүрээнд 50,000 төгрөг хураан авдаг. Ийм учраас маргаан бүхий тогтоолууд нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалт, зорилгод нийцээгүй юм.

12. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж заасныг баримтлах ёстой байсан. Хариуцагч намайг бүртгэхийн тулд 150,000 төгрөг авсан гэдгээ урд өмнө тайлбарлаж, мэдэгдэж байгаагүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлсэн. Хэрэв тийм зорилготой байсан бол яг энэ зорилгынхоо хүрээнд 150,000 төгрөгийг зарцуулсан эсэхээ нотлох, тайлбарлах үүрэгтэй ч нотлоогүй, тайлбарлаагүй.

13. Мөн бодит нөхцөлд тохирсон эсэх нь эргэлзээтэй. Учир нь шалгалтын хураамж хэмээн 50,000 төгрөг хураан авсан. Дараа нь 150,000 төгрөг дахиад авсан. Нэг сая биш, 500,000 төгрөг биш, 20,000 төгрөг биш чухам яагаад 150,000 төгрөг хураан авч байна вэ? Бодит нөхцөл нь чухам юу вэ? гэдгээ захиргаа тайлбарлаж, нотолж чадахгүй байна. Фактын үндэслэл буюу үнэхээр 150,000 төгрөг хураах шаардлага байсан уу? гэдэг нь ч тодорхойгүй байх тул шүүх хариуцагчийг хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж дүгнэх ёстой байсан.

14. Нотлох баримтыг буруу үнэлсэн, үнэлээгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй талаар: “Хууль зүй, дотоод хэргийн яамны 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 3-2/118 тоот албан бичгээр маргаан бүхий тогтоолууд хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй талаарх лавлагаа” бол маргаан бүхий тогтоолууд эрх зүйн зөрчилтэй төдийгүй хүчин төгөлдөр бус болохыг нотолсон гол баримт атал шүүх энэ баримтыг үнэлээгүй.

15. Нэхэмжлэгч анх 2018 оны 11 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх буюу түүнээс хойш 2018 оны 12 сарын 07-ны өдөр 150,000 төгрөгийг төлсөн үйл баримтыг анхаарч үзэлгүйгээр “...нэгэнт гишүүнээр элсэх хураамж болох 150,000 төгрөгийг төлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаар нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий тогтоолуудын үйлчлэл нь дуусгавар болжээ...” гэж буруу дүгнэсэн. Учир нь маргааны гол асуудал нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан, аваагүйтэй холбоогүй, харин 150,000 төгрөг хурааж байгаа нь хуульд нийцсэн үү? гэдэг асуудал юм. Мөн мөнгөө төлсөн л бол дараа нь маргах эрхгүй мэтээр байж боломгүй өрөөсгөл дүгнэлт хийснээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй.

16. Шүүх Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 228 дугаар тушаал хэрэгт баримтаар авагдсан ч үнэлээгүй. Энэ баримт нь 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс өмнө хуульч бус этгээд болох нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэнийг харуулж байгаа бол энэ өдрөөс хойш хуульч Д.М  болон хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэнийг харуулж байна. Энэ тохиолдолд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6 дахь хэсгийн заалтууд нь 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс хойш үйлчлэх үр дагавартай.

17. Шүүх нотлох зарчмаа хангалттай хэрэгжүүлээгүй. 150,000 төгрөгийг юунд зарцуулсныг тодруулаагүй. Монголын Хуульчдын холбоо 2016 оноос одоог хүртэл хичнээн хүнээс 150,000 төгрөгийн хураамж авсан эсэх тэр бүх хүмүүс мөнгөө буцаагаад авах эсэх асуудал нь надад огт хамаагүй бөгөөд би зөвхөн өөрийгөө төлөөлж, өөрийнхөө 150,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх л шатны шүүхүүд дээр яригддаг үндсэн асуудал нь миний зөрчигдсөн эрхийг сэргээх талаар бус хичнээн хүн 150,000 төгрөг нэхэх гээд байна. Тэр мөнгийг олгохоор болвол хуульчдын татвараас гаргах уу? гэх нэхэмжлэгч надад огт хамааралгүй байтал Монголын Хуульчдын холбоо дараагийн асуудлуудыг шүүх бүрэлдэхүүний зүгээс гаргаж тавьдаг, түүгээр ч зогсохгүй “зуун тавьхан мянган төгрөг дээр сүртэй юм” гэх хандлагыг шүүхийн зүгээс илтэд гаргаснаар нэхэмжлэгч надад сэтгэл санааны багагүй хохирол учирсан.

18. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 11 шүүгчээс 9 нь хэргийн харьяаллаа мэдэхгүй байсны улмаас миний бие 2018 оны 11 сарын 22-ны өдрөөс хойш 456 хоног зөрчигдсөн эрхээ, сэргээлгэхээр шүүхээр явж, урт хугацаа зарцуулаад зогсохгүй, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт үүссэн үр дагавар хохирол болох 150,000 төгрөгөө гаргуулахын тулд шүүхэд нийт 351,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн харьяаллаа мэддэгсэн бол би энэхүү улсын тэмдэгтийн хураамжийн 140,400 төгрөгийг төлөх шаардлагагүй, цаг алдахгүй байжээ.

19. Эрх зүйт төртэй, хуулийг дагаж мөрддөг, шударга шүүхтэй нийгэмд амьдарч байгаа гэх итгэлдээ хөтлөгдөн өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр энэхүү гомдлыг гаргалаа.

20. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/ШШ2020/0001 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Монголын хуульчдын холбоо (цаашид Хуульчдын холбоо гэх)-ны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор “Монголын хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ыг баталсан, уг журмын 3.3 дугаар зүйлийн 1-д “хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг холбооны Зөвлөл тогтооно” гэж, мөн Зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолоор дээр дурдсан журмын 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн “Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөг” гэж тус тус заасан, иргэн Д.М-гаас “... хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан /байхад/ ... хуульчийн гэрчилгээгээ авах гэтэл нэмж 150,000 төгрөг төлөхийг шаардсан, ...  хуульчийн шалгалтад тэнцсэн эрх зүйчээс төлбөр хураамж авах зохицуулалт байхгүй байтал хариуцагч маргаан бүхий журмын заалтаар өөртөө эрх олгож, өөрийн холбооны гишүүн бус этгээдээс 150,000 хураах талаар шийдвэрлэсэн нь ... хууль бус” гэж, хариуцагчаас “...хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардаж буй  “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”, ... зөвлөлийн 108 дугаар тогтоол нь нийтэд буюу гадагш чиглээгүй, захиргааны хэм хэмжээний акт биш тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой, ... урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам хангаагүй” гэж тус тус маргажээ.

22. Д.М-ийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны зөвлөлд холбогдох “... Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,  хариуцагчаас 150,000 төгрөг гаргуулах, тус зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж заасныг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0295 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0356 дугаар магадлалыг хянаад гаргасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор “... /маргаан бүхий тогтоол нь/ гадагш чиглэсэн, байнга давтагдах шинжтэй ... захиргааны хэм хэмжээний акт болно, ... анх шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь ... хэргийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байна.

 23. Иймд, шүүхээс “... маргаан бүхий тогтоолууд нь захиргааны хэм хэмжээний акт мөн эсэх” талаар дахин дүгнэлт хийхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй.

24. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор заасан, Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолоор “... холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөг” гэж тогтоосон нь Хуульчдын холбоонд гишүүнээр элсэхэд 150,000 төгрөг төлөх “заавал дагаж мөрдөх” үүргийг элсэгч этгээдэд хүлээлгэсэн, Хуульчдын холбоонд элсэхийг хүсэгч уг хураамжийг төлөөгүй тохиолдолд  гишүүн болох боломжгүй буюу тухайн хүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх хязгаарлагдахаар байна.

25. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “... /Хуульчдын холбоо/ гэж хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг /ойлгоно/”, 19.5-д “ ... /Хуульчдын холбооноос/ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй”, 44 дүгээр зүйлийн 44.2-т “хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байна” гэж тус тус заасан, “хуульч” мэргэжлээр ажиллахын тулд заавал Хуульчдын холбооны гишүүн байх энэ хуулийн зохицуулалт нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хэн бүхэнд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломж адил тэгш олгогдох зарчмын үндсэн дээр “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” хүний үндсэн эрхийн агуулгыг хангана, Хуульчдын холбоо, түүний зөвлөлөөс “мөнгөн төлбөр төлөх” гэх мэт хуулиар заагаагүй аливаа нөхцөл шаардлагыг “журам”-аар тогтоох нь хүний эрхийг хязгаарлах, тэгш бус байдал үүсгэх үр дагавартай юм.

26. Түүнчлэн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргах”-аар, 19.2-т “... /өргөдөл гаргахдаа/ хуульчийн шалгалтад тэнцсэн батламж, ... ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, ... хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт .../зэргийг хавсаргах/”-аар, 19.3-т “Хуульчдын холбоо нь өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, хуульчид тавигдах зан байдлын болон эрүүл мэндийн шаардлагыг харгалзан гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хуульд заасан шаардлагыг хангасан иргэн өргөдөл, холбогдох баримтаа ирүүлсэн бөгөөд эдгээр нь “үнэн зөв” тохиолдолд “Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хуульд заасан шаардлагыг хангасан” гэж үзэхээр, хуулиар шаардаагүй өөр бусад нөхцлийг хэм хэмжээний актаар шаардах нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “... хэм хэмжээний акт нь ... хуульд нийцсэн байх, ... тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх, ... хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж зааснаар “зөвшөөрөгдөөгүй” болно.

27. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө”, 44.6-д “...бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална” гэж зааснаас үзэхэд, хариуцагч Хуульчдын холбооны зөвлөл нь “бүртгэл хөтлөх журам тогтоох” эрхтэй, харин Хуульчдын холбооны гишүүнээр элсэхэд нэмэлт нөхцөл, шаардлага тогтоох эрхгүй, маргаан бүхий 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ыг батлахдаа “хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээг тогтоох”-оор, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Хуульчдын холбооны гишүүнээр элсэхэд 150,000 төгрөгийн хураамж авахаар тогтоосон нь тус тус хуульд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан дээрх хэм хэмжээний актад хуулиар тусгайлан тогтоосон нөхцөл шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.

28. Давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д дэх хэсгийг тайлбарлан хэрэглээгүй, маргаан бүхий тогтоол, журмын заалтын дагуу 150,000 төгрөг “заавал төлөх” үүрэг хүлээсэн, төлсөн нэхэмжлэгчийн “эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

29. Гэхдээ, хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монголын хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг холбооны Зөвлөл тогтооно”, мөн Зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтаар “Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөг” гэсэн заалтуудыг  захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

30. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, маргаан бүхий журмын заалтын дагуу хуульд заасан шаардлага хангасан, өргөдөл гаргасан хүн нэг бүрээс 150,000 төгрөгийн хураамж авсан, хариуцагчаас “уг хураамж нь сургалтын багц цагийн төлбөр, сургагч багшийн хөлс, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, энгэрийн тэмдгийн үнэ, дүрэм журмын эмхтгэл ном, танхимын түрээсийн төлбөр, цайны материалын төсөв, тор, тангарагын хуудасны үнэ, ёслолын зардал зэрэгт буюу гишүүнээр элсэж байгаа этгээдэд өөрт нь зарцуулагддаг” гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс уг баримттай маргаагүй, тухайлбал, Хуульчдын холбооны гишүүнээр элсэхдээ “... гэрчилгээ, энгэрийн тэмдэг аваагүй” гэж маргаагүй байна.

31. Хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан хүнээс “... холбооны гишүүнээр элсэх”, “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох”-д төлбөр шаардах нь дээрх байдлаар хуульд нийцэхгүй, харин “гэрчилгээний үнэ”, “сургалтын багц цагийн төлбөр” зэрэг бодит зардал, хууль тогтоомжийн дагуу хуульчдад үйлчилгээ үзүүлсний төлбөрийг тухайн этгээдээс гаргуулахаар хураамжийн хэмжээ тогтоох нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашгаас бүрдэнэ” гэж заасантай нийцнэ, тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс “гэрчилгээний үнэ” зэргийг гаргуулсныг “хууль бус” гэж үзэхгүй, шүүх аль зардал нь “бодитой”, гэрчилгээний үнэ зэрэг нь хэд байвал зохистой талаар дүгнэлт хийх боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул хариуцагчаас хуульд нийцүүлж дахин шинэ акт гаргах нь зүйтэй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч Д.М-ийн “хариуцагчаас 150,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

32. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/ШШ2020/0001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6, 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг тус тус баримтлан Монголын хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монголын хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг холбооны Зөвлөл тогтооно”, мөн Зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтаар “Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөг” гэсэн заалтуудыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчаас 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2-т “Хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий “Монголын хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1, “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтаар “Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөг” гэсэн заалтууд хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмэн, шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА