Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2019/00048

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Строй Инвест ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Строй Инвест ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14.193.260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Ж.Ундахжавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Ж.Ундахжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Ж.Ундахжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус компани нь Орхон аймгийн Строй Инвест" ХХК-ийн барилгын үйлдвэрлэлд зориулж 2007-2008 онд өөрийн Барилгын чулуу бутлан ангилах үйлдвэрийн бүтээгдэхүүн буталсан хайрга нийлүүлсэн юм. Энэ хайрганы тооцооноос 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Строй Инвест ХХК нь ******* ХХК-д 29.905.820 төгрөгийн өртэй гарсныг харилцан зөвшилцөж хоёр талын гарын үсэг, тэмдэг бүхий тооцооны үлдэгдлийн баталгааг хийсэн болно. Энэ тооцооны хүрээнд Строй Инвест ХХК нь тус компанид 2009 онд 712.610 төгрөгийн материал нийлүүлж, 2011 онд 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үлдэгдэл тооцоо 14.193.260 төгрөг болохыг Строй Инвест ХХК-ийн ерөнхий захирал Г.Зориглон, ерөнхий нягтлан бодогч Б.Аптанпүрэв нар болон ******* ХХК-ийн захирал Ж.Ундрахжав миний бие тус тус байлцаж 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр харилцан баталгаажуулсан болно. Ингээд 2012 оны 02 дугаар сарын 02-оос хойш Строй Инвест ХХК нь тооцооны үлдэгдэл өрөө барагдуулахгүй өдийг хүрлээ. Ерөнхий захирал Г.Зориглонгийн 99011385 дугаарын утас руу залгаж авлагын үлдэгдлээ нэхдэг боловч өгнө гэсээр өгөлгүй өдий хүрсэн тул манай компанийн авлагын үлдэгдэл 14.193.260 төгрөгийг Г.Зориглон захиралтай Строй Инвест ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Строй Инвест ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн асуудлыг нарийвчлан судалж үүссэн өглөгийн дүн, манай авсан материалын орлого болон төлбөрийн баримтыг судлах шаардлагатай байна. Түүнчлэн тухайн асуудлаар хууль, эрх зүйн өмгөөлөл оролцуулж нэхэмжлэлийн материалтай танилцуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00215 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Строй Инвест ХХК-д холбогдуулан гаргасан 14.193.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.920 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Ж.Ундахжав давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-д заасан эрхийн дагуу Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргаж байгаа тул зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Строй Инвест ХХК-д холбогдуулан бэлтгэн нийлүүлсэн буталсан хайрганы үнийн үлдэгдэл-14.193.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тус компаний захирал Г.Зориглон ...манай авсан материалын орлого болон төлбөрийн баримтыг судлах шаардлагатай байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан байна.

Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Строй Инвест ХХК-д нэхэмжлэгч ******* ХХК-иас буталсан хайрга бэлтгэн нийлүүлж улмаар 2008 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 2 тал борлуулалтын төлбөрийн талаар тооцоо хийхэд хариуцагч тал 29.905.820 төгрөгийн төлбөр төлөх ёстой байснаас 2009 онд 712.610 төгрөгийн материал, 2011 оны 5 сард 15.000.000 төгрөгийг бэлэн бусаар төлж буталсан хайрганы үнэ 14.193.260 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна.

Хариуцагч Строй Инвест ХХК нь санхүүгийн тооцоо хийснээс хойш 4 жилийн хугацаанд нийт 15.712.610 төгрөг төлсөн, 2 талын хооронд хийсэн санхүүгийн тооцооны төлбөрийг хариуцагч бүрэн төлж барагдуулаагүй байхад шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан, хариуцагч Строй Инвест ХХК-ний зүгээс ******* ХХК-д урьдчилгаа олгох, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох нөхцөл үүсээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Талууд худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан, гэрээний гол нөхцөл буюу бэлтгэн нийлүүлсэн барааны төлбөрийг төлж дуусах хугацааны талаар харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгч хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны дотор шүүхэд нэхэмжлэгч гаргасан байх тул хариуцагч Строй Инвест ХХК-иас буталсан хайрганы үнэ 14.193.260 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ******* ХХК-ний гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00215 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Строй Инвест ХХК-д холбогдуулан гаргасан 14.193.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1.-д зааснаар хариуцагч Строй Инвест ХХК-иас буталсан хайрганы үлдэгдэл үнэ 14.193.260 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай... гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд ...228.920 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж гэсний дараа хариуцагч Строй Инвест ХХК-иас 228.920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59-.3.-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Ж.Ундахжавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.920 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ