Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,    

            улсын яллагч Ж.Энх-Амгалан,    

            шүүгдэгч Б.Дарьбазар, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсайханы Дарьбазарт холбогдох эрүүгийн 2017 2601 0768 дугаартай хэргийг тус шүүхийн хэргийн хувиарлалтаас дахин хувиарлагдсан шийдвэрийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Боржигон овгийн Батсайханы Дарьбазар Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 91 дүгээр гудамж 12а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл:

1. 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 93 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2406 тоот Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 10 сар 26 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, 

2. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 689 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон  /РД:ВО87113016/.

             

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.

Б.Дарьбазар нь Ц.Чинзоригтой бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамж 2а тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж, орон байранд нэвтэрч 32 инчийн “ТСЛ” загварын зурагт хулгайлж хохирогч Н.Бямбадоржид 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дарьбазар: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2017 2601 0768 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Н.Бямбадоржийн мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 38 дугаар гудамжны 2а тоотод байх гэрээсээ өглөө эрт 06 цаг 30 минут гэж байхад гарсан. Гэрээсээ гарахад манай дүү Баярсайхан гэрт ганцаараа үлдсэн. Эхнэр Мөнгөнцэцэг бид хоёр гэрээсээ хамт өглөө гарсан юм. Тэгээд манай дүү Баярсайхан гэрээсээ 10 цаг өнгөрч  байхад хичээлдээ явахаар гэрийн хаалгыг Хятад цагаан өнгийн цоожоор цоожлоод явсан гэсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад эхнэр Мөнгөнцэцэг бид хоёр гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга онгорхой хаалганы даруулсан тавыг хажуу тийш нь нугалж хөшөөд гэрт хулгай ороод манай гэрийн хойморт мөлхөө тавиур дээр байсан “ТСЛ” загварын 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад явсан байсан. 2016 оны 02 дугаар сард 3, 4 дүгээр хорооллын “Next” электрон барааны дэлгүүрээс 520,000 төгрөгөөр худалдан авсан. 400,000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг [1] ,

 

2.Хохирогч Н.Бямбадоржийн мөрдөн байцаалтад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дахин мэдүүлсэн “... Гэрийн цоожийг нэхэмжлэхгүй, одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг [2],

 

3.Иргэний нэхэмжлэгч “Тулгуур стандарт” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүнжинлхамын мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Миний ажиллаж байгаа “Тулгуур стандарт” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс барилгын материалын худалдаа, барилгын цахилгаан угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. ...Амжиргаагаа дээшлүүлэхийн тулд хувиараа бизнес хийхээр үйл ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчим байр түрээслэн барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулахаар ажил эхлүүлсэн. Барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулах эрх, тусгай зөвшөөрлийг аваагүй байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Мягмар овогтой Эрдэнэбилэг /РД:ДЮ68030416/ гэсэн хүнээс иргэний бичиг баримтыг нь үндэслэн “ажил явдал гарчихлаа” гээд тэр хөгшин хүн гуйгаад, мөн наана нь хоёр 30 гаран насны гэмээр залуу хамт явсан. Нэг залуу нь надад хэлэхдээ “энэ манай аав байгаа юм аа, ажил явдал гарчихлаа, мөнгөний хэрэг байна” гээд байхаар нь “ТСЛ” загварын 32 инчийн зурагтыг  150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй барьцаанд авсан юм. Тухайн үед зурагтыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, зурагтын бичиг баримт гэж ерөөсөө шалгаж авсан зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Гэрч М.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сраын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би “Тоёота Флатз” маркийн машинтайгаа халтууранд явж байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Шинэ давхараас Өндөр насангийн орчимоос хоёр 30 гаран насны эрэгтэй хүнийг аваад машиндаа суулгасан чинь 5 дугаар хорооны гэр хороолол, дундуур явж байгаад нэг улаан хашаатай айлын гадаа зогсоод нэг нь “ах, дүү нь эхнэртэйгээ хэрэлдчихсэн, гэрээс юмаа аваад гараад ирье” гээд нөгөө хоёр залуу машинаас буусан. Удалгүй нөгөө хоёр гэрээсээ зурагтаа барьж гарч ирээд “түц машин орж иргэний үнэмлэхийн лавлагаа авна, тэгэхгүй бол ломбард авахгүй” гээд лабортарын эсрэг талд байдаг “Сүү” ХХК-ний “түц” машин дээр ирсэн. Тэгээд мөнгө байхгүй гээд надад байсан ганц 1000 төгрөгийг аваад лавлагаагаа авах гэсэн боловч нөгөө түц машин нь мөнгө уншихгүй байсан. Тэгээд буцаад гэр лүүгээ явна гээд байхаар нь миний машины бензин дууслаа гэсэн чинь намайг бичиг баримтаараа ломбарданд зурагт тавиад өг, тэгээд та мөнгөө ав гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 21 дүгээр хорооллын автобусны буудлын ард байдаг нэг ломбард руу орсон. Тэгээд нөгөө хоёрын 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг нь тавьж өгөөд унааны 10.000 төгрөг аваад салсан. ...гэх мэдүүлэг [4]

 

5.Гэрч Х.Батсайханы мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Дарьбазар бол 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн. Айлын 7 дахь хүүхэд, дээрээ 6 ахтай доороо 1 охин дүүтэй. 10 жилийн сургуульд 8 дугаар анги төгсөөд Монголын сургалт үйлдвэрийн төвд суралцаж жолооч мэргэжлээр төгсөж байсан. Тэгээд ерөнхийдөө мал дээр хэдэн жил байж байгаад 2009 онд хотод орж ирж байсан. Толгойтод ээж, аав дээрээ амьдрах болсон. Сүүлийн үед эхнэр бид хоёр бол зүүн хараад амьдрах болсон. Дарьбазар хотод ганцаараа үлдсэн. Саяхан цагдаад баригдаад хоригдлоо гэж байсан. Дарьбазар эхнэр хүүхэдгүй. ...” гэх мэдүүлэг [5]

 

6.Гэрч Д.Чимгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...Дарьбазар нь 1987 оны 11 дүгээр сарын 30-нд Баянхонгор аймагт төрсөн. Одоо 31 настай, бүрэн дунд боловсролтой. Этгээд гажуу зан байхгүй, архи уучихаад байдаг. ...2017 оны 07 дугаар сард хоригдож байгаад гараад цагдаа руу очдог л байсан. Би юу болж байна гэж асуухад нөгөө хүн нь болох Чинзориг нь олдохгүй байна л гэж хэлдэг байсан. 2017 оны намар Баянхонгор луу яваад цаашаа уурхайд ажиллахаар явсан сураг гараад, бидэнтэй ч холбоо барихгүй байсаар 2018 он гарсаар хааяа холбоо барьдаг болсон. Цагдаагаас дуудахгүй болохоор нь ажил төрлөө л хийгээд явж байгаа болохоор нь дуудахыг боддоггүй байсан. Тэгтэл 4 сарын сүүлээр эрүүгийн мөрдөгч Цэрэгсүрэн гэх байцаагч ирээд Дарьбазарыг дуудах хэрэгтэй байна. Нөгөө хүн нь олдсон гэж хэлсэн. Тэгээд би Дарьбазарыг дуудуулснаар 2018 оны 5 дугаар сарын 04-нд ирсэн юм. ...” гэх мэдүүлэг [6],

 

7.Ц.Чинзоригийн мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр байх дүү Батзоригийн гэрт байж байгаад 12 цаг өнгөрөөд 13 цагийн орчим гэрээс нь гадагш гараад өөрийн 99641662 дугаарийн утаснаас 13 цаг өнгөрч байхад нутгийн найз болох Дарьбазартай 99647674 дугаарийн утас руу залгаад “чи хаана байна ойрд уулзаагүй, уулзах уу” гэж хэлсэн чинь за за би яваад очъё гээд манай дүүгийн гэрийнх нь үзүүрийн дэлгүүрийн тэнд уулзсан. Дээшээ өгсөж тамхи авах гэж алхаж байгаад зурагт авсан айлынхаа үзүүрийн нэг нэрийг нь мэдэхгүй дэлгүүрээс тамхи авч татаад, тэр гудамжны үзүүр дээрээс нь нэвт нөгөө талын гудамжны үзүүр лүү автобусны буудал орохоор алхаж явтал улаан хүрэн өнгийн хашаатай айлын гадаа хашааны жижиг хаалга нь онгорхой гэрийн хаалга нь гаднаасаа цоожтой харагдсан. Дарьбазар бид хоёр хоорондоо яриад энэ айлын гэрт нь орж зурагтыг нь авъя гээд, хамт айлын хашаа руу орсон. Тэгээд гэрийн хаяанд байсан 1 метр гарантай нарийн труба шиг төмрөөр тухайн айлын гэрийн хаалганы цоожний тавыг нь хөшиж хаалгыг онгойлгоод гэрт орж гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан жижигхэн ЛСД дэлгэцтэй зурагт байхаар нь тэрийг нь аваад гэрийн гадаа хашаанд нөгөө зурагтаа үлдээсэн. Тэндээсээ гараад яг тэр айлын харалдаа урд эзэнгүй байсан айлын хашаагаар дамжиж гараад төв зам дээрээс саарал өнгийн жижиг тэргийг бариад гэрээсээ зурагтаа аваад яваадахий гэж хэлээд нөгөө эзэнгүй айлын гадаа ирээд буцаж дамжиж нөгөө айлын хашаанаас зурагтаа аваад таксинд суугаад 21-р хорооллын автобусны ломбарданд таксины жолоочийн бичиг баримтыг гуйгаад таны бичиг баримтаар тавчихъя гэж хэлсэн. Нөгөө зурагтаа 150.000 төгрөгөөр тавиад таксины жолоочид 10.000 төгрөг өгч явуулаад тэндээсээ Дарьбазар бид хоёр миний гар утсыг тавьсан ломбарднаас очиж аваад, үлдсэн мөнгөөр нь нөгөө зурагт хулгайлсан айлынхаа гудамжны үзүүрийн дэлгүүрээс архи авч уугаад, түүний дараа цагдаад баригдсан. Энэ хооронд Дарьбазар надтай хамт явж байгаад цагдаад баригдахад хашаа явсан юм мэдэхгүй алга болсон байсан. Би Дарьбазарыг яг одоо хаана байгааг нь мэдэхгүй магадгүй би даалтанд гарах юм бол сураглаж байгаад олно байх. ...” гэх мэдүүлэг [7],

 

8.Б.Дарьбазарын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойтын эцэст урьд хамт ажиллаж байсан Оргил гэх залуутай уулзаад эхлээд гудамжинд 1 шил архи хувааж уусан. Дахин 1 шил архи аваад Оргилын гэрт нь очиж хувааж уугаад байж байтал багын найз Чинзориг утсаар залгаж яриад уулзъя, 21 дүгээр хороололд такси бариад ир гэсэн. Тэр үед 15 цаг болж байсан. Би такси бариад 21 дүгээр хороололд ирэхэд автобусны буудлын баруун талын байшингийн үүдэнд Чинзориг машин дотор сууж байсан. Тэгээд би арын суудал дээр нь орж суухад Чинзориг энэ зурагтыг хоёулаа ломбарданд тавьчихъя, чи барьчих гэхээр нь би зурагтыг барихгүй буухад Чинзориг өөрөө бариад буусан. Тэр үед Чинзориг бичиг баримт байхгүй гээд сууж явсан таксины жолоочийг гуйгаад ломбард руу хамт дагуулж ороод зурагтыг таксины жолоочийн бичиг баримтаар 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэндээсээ таксигаараа ханын материал хүргүүлээд нэг ломбарднаас Чинзориг гар утсаа аваад таксины жолоочид 10.000 төгрөг өгөөд буусан. Тэндээсээ “Хилчин” хотхонд байдаг Нараа гэх эгчийнд очоод дэлгүүрээс авч орсон 2 шил архиа хувааж уугаад орой 22 цагийн орчим гараад явж байхад Чинзориг чанга, чангаар дуулаад тэгтэл машинтай цагдаа ирээд чимээгүй байгаач гэхэд нь Чинзориг өөдөөс нь үг сөрж маргалдаад тэгтэл нөгөөх цагдаа машиндаа суулгаад аваад явсан. Маргааш өглөө нь Чинзориг над руу яриад эрүүлжүүлэхэд байна, энэ хавиар битгий үзэгдээрэй гэхээр нь би уулзаагүй.

Би хулгайн гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй. Чинзориг над руу утсаар яриад 21 дүгээр хороололд хүрээд ир гэхээр нь явж очиход таксин дотор зурагт тавьчихсан сууж байсан. Тэгээд өөрөө бичиг баримтгүй гээд таксины жолоочийн бичиг баримтаар зурагтыг ломбарданд тавьсан. ...” гэх мэдүүлэг [8] ,

 

9.Б.Дарьбазарын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “...Би 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 хороо, Толгойтын 91-12а тоотод байх гэртээ байж байхад Ц.Чинзориг над руу яриад, уулзъя шинэ давхар дээр хүрээд ир гэсэн. Тэгээд бид хоёр “Хилчин” хотхоны шинэ давхарын тэнд уулзсан. Тэгэхэд Чинзориг энд эзэнгүй айл байна оръё гээд намайг хүн харж бай, гээд тэр айл руу орсон. Тэр айлын чанх урд талынх нь айл эзэнгүй айл байсан. Тэгээд Чинзориг ороод ТСЛ маркийн 32 инчийн зурагт аваад гараад ирсэн. Би урд талынх нь эзэнгүй хашаанд зогсож байсан. Чинзориг хашаа давуулж өгсөн. Тэгээд зурагтыг нь эзэнгүй айлын байшингийнх нь хажууд тавьчихаад зам дээр гарч такси бариад нөгөө эзэнгүй айлын гадаа үүдэнд дээр нь зогсоод Чинзориг бууж зурагтаа авч гарч ирсэн. Тэгээд таксины жолоочид Чинзориг хэлэхдээ авгайтайгаа маргалдаад зурагтаа аваад гарч ирлээ гэж хэлсэн. Ингээд 21 хороолол руу очоод таксины жолоочоос 1.000 төгрөг аваад ТҮЦ машинаас лавлагаа авсан. Тэгээд ломбарданд очоод Чинзориг намайг зурагтаа барьчих гээд, би зурагтыг нь тэврээд 21 хорооллын “Заант хад” гэсэн ломбард байсан санагдаж байна. Таксины жолоочийн бичиг баримтыг гуйж ломбарданд тавьсан. Лавлагаагаар үйлчлэхгүй гээд тэр ахыг гуйж бичиг баримтаар тавьсан байх. Тэнд зурагтыг 150,000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Унаж явсан машин нь халтуур хийж байсан таксины ахад таксины мөнгө 10.000 төгрөг өгсөн. Бид хоёр ханын материалын эцэс ороод Чинзориг ломбарданд 90.000 төгрөгөөр утсаа тавьчихсан байсныгаа аваад үлдсэн мөнгөөр нь нэг, нэг хайрцаг тамхи аваад 2 шил архи аваад Чинзориг манай хуурай  эгчийнд очъё гээд тэднийд очиж архиа уусан. Тэднийхээс орой 22 цаг өнгөрч байхад хоёулаа гараад явж байхад Чинзориг чихэвч зүүгээд чанга дуулаад явж байхад цагдаа таараад чимээгүй яв, гэхэд нь өөдөөс нь хэрэлдээд баригдсан. Намайг тэндээс явуулсан учир би гэртээ харьсан.

Чинзориг бид хоёр зүгээр явж байгаад тэр айлын гадаа уулзаагүй, намайг очихоос өмнө Чинзориг тэр айл хүнгүй байгааг мэдсэн байсан. Тэгээд надад энэ санаагаа хэлээд бид хоёр хулгай хийхээр болсон юм. Бусад асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Би 2017 оны 07 дугаар сарын 17-нд цагдан хорих 461 дүгээр ангиас шүүгчийн захирамжаар суллагдсан. Ингээд хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Би хошууч Баярсайхан байцаагч дээр ирж мэдүүлэг өгдөг байсан. 1 сар орчим байсан. Харин Чинзоригийг ирэхгүй байна гэдэг байсан. Тэгээд сүүлдээ би ч очихоо больсон. Намайг ч дуудаад байгаагүй. Тэгэж байгаад 2017 оны намар Баянхонгор аймаг руу яваад, тэндээсээ хөдөө хувийн уурхайд ажиллаад явчихсан юм. Гэрийнхэнтэйгээ ч бараг холбогдож байгаагүй. Тэгэж байгаад саяхан манай гэрээр Цэрэгсүрэн байцаагч ирсэн юм байна лээ. Тэгээд ээжид намайг ирж уулз гэж хэлүүлсэн байсан. Түүний дагуу би хэргээ шийдүүлье гээд 2018 оны 05 дугаар сарын 04-нд ирсэн. Одоо бол энэ асуудлаа хурдан шуурхай шийдүүлмээр байна. Энэ хэргийн хувьд ТСЛ маркийн зурагтыг ломбардаас авч өгсөн байгаа, харин ломбардны мөнгийг төлөөгүй байна. 150.000 төгрөгийг Чинзоригтой хувааж төлөх болно. ...” гэх мэдүүлэг [9],

 

10.2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [10], Эд зүйлийн үнэлгээ [11] “Тулгуур стандарт” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр  М.Эрдэнэбилэгийн байгуулсан барьцаат зээлийн гэрээ, тус команиас 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зурагт хураан авсан тухай тэмдэглэл [12], 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зурагтад үзлэг хийж Н.Бямбадоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл[13],

 

11.2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Тулгуур стандар” ХХК-ний хяналтын камерийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...17 цаг 53 минутад яллагдагч Чинзориг нь гэрч М.Эрдэнэбилэгийн хамт орж ирсэн байх ба, хулгай хийсэн зурагтыг ломбардын ширээн дээр асааж тавьсан байдалтай байв. Тус зурагтыг М.Эрдэнэбилэг гэгч нь өөрийн бичиг баримтаар тавьж буй дүрс бичлэг гарах бөгөөд хажууд нь Чинзориг байх ба үүдний хэсэгт яллагдагч Б.Дарьбазар орж ирж буй дүрс бичлэг гарна. ...” гэх тэмдэглэл[14],

 

12.Сонгинохайрхан дүүргийн тухай прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Ц.Чинзориг нь байгаа газар нь мэдэгдэхгүй байх тул Б.Дарьбазарт холбогдох эрүүгийн 2017 2601 0768 дугаар хэргээс Ц.Чинзоригт холбогдох хэргийг эрүүгийн 1808 0000 00655 дугаартай хэргээр тусгаарлах тухай тогтоол [15],

 

13.Б.Дарьбазарын иргэний үнэмлэхийн лавлагаа [16], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [17], Б.Дарьбазарын нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлгүй тухай лавлагаа [18], Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 07  дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2406 дугаартай тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 689 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [19], Б.Дарьбазарын зан байдал, суллагдсан тухай тодорхойлолтын хуулбар [20] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Дарьбазарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Дарьбазар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Ц.Чинзоригтой бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамж 2а тоотод байрлах иргэн Н.Бямбадоржийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж, орон байранд нэвтэрч 32 инчийн “ТСЛ” загварын зурагтыг хулгайлж,  хохирогч Н.Бямбадоржид 400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Н.Бямбадоржийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 38 дугаар гудамжны 2а тоотод байх гэрээсээ 06 цаг 30 минут гэж байхад гарсан.  ...18 цаг өнгөрч байхад эхнэр Мөнгөнцэцэг бид хоёр гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой гэрийн хаалга онгорхой хаалга даруулсан тавыг хажуу тийш нь нугалж хөшөөд гэрт хулгай ороод манай гэрийн хойморт мөлхөө тавиур дээр байсан ТСЛ маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг [21]

-Иргэний нэхэмжлэгч “Тулгуур стандарт” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Гүнжинлхамын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Мягмар овогтой Эрдэнэбилэг гэсэн хүнээс иргэний бичиг баримтыг нь үндэслэн “ажил явдал гарчихлаа” гээд тэр хөгшин хүн гуйгаад, наана нь хоёр 30 гаран насны гэмээр залуу хамт явсан. Нэг залуу нь надад хэлэхдээ “энэ манай аав байгаа юм, ажил явдал гарчихлаа, мөнгөний хэрэг байна” гээд байхаар нь TСЛ загварын 32 инчийн зурагтыг  150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй барьцаанд авсан юм. Тухайн үед зурагтыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй ...” гэх мэдүүлэг [22],

-Гэрч М.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би “Тоёота Флатз” загварын машинтайгаа халтууранд явж байхад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Шинэ давхараас Өндөр насангийн орчимоос хоёр 30 гаран насны эрэгтэй хүнийг аваад машиндаа суулгасан чинь 5 дугаар хорооны гэр хороолол дундуур явж байгаад нэг улаан хашаатай айлын гадаа зогсоод нэг нь “ах, дүү нь эхнэртэйгээ хэрэлдчихсэн, гэрээс юмаа аваад гараад ирье” гээд нөгөө хоёр залуу машинаас буусан. ...удалгүй нөгөө хоёр гэрээсээ зурагтаа барьж гарч ирсэн. ...намайг бичиг баримтаараа ломбарданд зурагт тавиад өг, тэгээд та мөнгөө ав гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 21 дүгээр хорооллын автобусны буудлын ард байдаг нэг ломбард руу орсон. Тэгээд нөгөө хоёрын 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг нь тавьж өгөөд унааны 10.000 төгрөг аваад салсан. ...гэх мэдүүлэг [23],

-Ц.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...тэр өдөр ...өөрийн 99641662 дугаарийн утаснаас 13 цаг өнгөрч байхад нутгийн найз болох Дарьбазартай 99647674 дугаарийн утас руу залгаад ...манай дүүгийн гэрийнх нь үзүүрийн дэлгүүрийн тэнд уулзсан. ...дээшээ өгсөж ...дэлгүүрээс тамхи авч татаад, тэр гудамжны үзүүр дээрээс нь нэвт нөгөө талын гудамжны үзүүр лүү явтал улаан хүрэн өнгийн хашаатай айлын гадаа хашааны жижиг хаалга онгорхой, гэрийн хаалга нь гаднаасаа цоожтой харагдсан. Тэгээд Дарьбазар бид хоёр хоорондоо яриад, энэ айлын гэрт нь орж зурагтыг нь авъя гээд хамт айлын хашаа руу орсон. ...гэрийн хаяанд байсан 1 метр гарантай нарийн труба шиг төмрөөр гэрийн хаалганы цоожний тавыг нь хөшиж онгойлгоод гэрт нь орж хойморт зурагтын тавиур дээр байсан жижигхэн ЛСД дэлгэцтэй зурагтыг аваад гэрийн гадаа хашаанд нь нөгөө зурагтаа үлдээгээд, тэндээсээ гараад яг тэр айлын харалдаа урд эзэнгүй байсан айлын хашаагаар дамжиж гарсан. Төв зам дээрээс саарал өнгийн жижиг машиныг бариад гэрээсээ зурагтаа аваадхий гэж хэлээд нөгөө эзэнгүй айлын гадаа ирээд буцаж дамжиж нөгөө айлын хашаанаас зурагтыг аваад таксинд суусан. 21 дүгээр хорооллын автобусны ломбарданд таксины жолоочийн бичиг баримтыг гуйгаад таны бичиг баримтаар тавчихъя гэж хэлээд нөгөө зурагтаа 150.000 төгрөгөөр тавиад таксины жолоочид 10.000 төгрөг өгч явуулсан. ...” гэх мэдүүлэг [24]

-Б.Дарьбазарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин мэдүүлсэн “...Би 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ...Ц.Чинзориг над руу яриад уулзъя шинэ давхар дээр хүрээд ир гэсэн. ...бид хоёр Хилчин хотхоны шинэ давхарын тэнд уулзсан. Чинзориг энд эзэнгүй айл байна оръё гээд намайг хүн харж бай гээд тэр айл руу орсон. Тэр айлын чанх урд талынх нь айл эзэнгүй айл байсан. Чинзориг ороод ТСЛ маркийн 32 инчийн зурагт аваад гарч ирсэн. Чинзориг хашаа давуулж өгсөн. Тэгээд зурагтыг нь эзэнгүй айлын байшингийнх нь хажууд тавьчихаад зам дээр гарч такси бариад нөгөө эзэнгүй айлын гадаа үүдэнд дээр нь зогсоод Чинзориг бууж зурагтаа авч гарч ирсэн. ...Таксины жолоочид Чинзориг “...авгайтайгаа маргалдаад зурагтаа аваад гарч ирлээ...” гэж хэлсэн. Ингээд 21 дүгээр хорооллын “Заант хад” гэсэн ломбардад ...таксины жолоочийн бичиг баримтыг гуйж ...зурагтыг 150,000 төгрөгөөр ломбарданд тавьсан.  ...Чинзориг бид хоёр зүгээр явж байгаад тэр айлын гадаа уулзаагүй, намайг очихоос өмнө Чинзориг тэр айл хүнгүй байгааг мэдсэн байсан. Тэгээд надад энэ санаагаа хэлээд бид хоёр хулгай хийхээр болсон юм. ...Энэ хэргийн хувьд ТСЛ маркийн зурагтыг ломбардаас авч өгсөн байгаа, харин ломбардны мөнгийг төлөөгүй байна. 150.000 төгрөгийн Чинзоригтой хувааж төлөх болно. ...” гэх мэдүүлэг [25],

-2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [26], Эд зүйлийн үнэлгээ [27]  “Тулгуур стандарт” ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зурагт хураан авсан тухай тэмдэглэл [28], 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зурагтад үзлэг хийж Н.Бямбадоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл[29], 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр  М.Эрдэнэбилэгийн байгуулсан барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Тулгуур стандарт” ХХК-ний хяналтын камерийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд [30] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан баримтаас нотлох баримтаар хэлэлцүүлэхгүй байх, хасах гэсэн саналыг гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Дарьбазар нь гэм буруугийн талаар маргаж байсан хэдий ч дахин яллагдагчаар мэдүүлэг гаргахдаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн байх ба, шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн тул дахин мэдүүлэг гаргахгүй гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дарьбазарыг Ц.Чинзоригтой бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж орон байранд нэвтэрч иргэн Н.Бямбадоржийн эзэмшлийн 32 инчийн ТСЛ зурагтыг хулгайлж 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нь гэм буруугийн талаар гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж,

-Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Дээр дурдсан хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү, гэм буруугийн талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Дарьбазар нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Чинзоригтой бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба тус цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж, мөрдсөн.

Шүүгдэгч Б.Дарьбазар нь тус хэргийн улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан ба бусадтай бүлэглэсэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэсэн, орон байранд нэвтэрсэн үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх шинжийг буюу мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан оногдуулах ялын төрөл, хэмжээ нь “...эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /240.000 төгрөгийг х 51-250 дахин буюу 12.240.000-60.000.000/ төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Харин түүний үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад нийцэж, хамаарахаар байх ба тус заалтад заасан ялын төрөл хэмжээ нь “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан.

Эдгээр хуулийн заалтыг харьцуулан үзвэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 24 дэх заалтад заасан хүнд ялын буюу хорих ялын доод хэмжээ нь 8 жил, харин 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүнд ялын буюу хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл байх ба ялын төрөл, хэмжээний хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан оногдуулах ял нь хөнгөрсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Дарьбазарт холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн байх ба улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Дарьбазарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Дарьбазартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн яллагдагч Ц.Чинзориг нь хаа байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа үндэслэлээр Б.Дарьбазарт холбогдох эрүүгийн хэргээс Ц.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04-ний тогтоолоор эрүүгийн 1808 0000 00655 дугаартай хэргээр тусгаарласан [31] байх ба Б.Дарьбазарт холбогдох хэргийг тал бүрээс бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд саад болохгүй, мөн шүүгдэгч Б.Дарьбазар гэм буруугийн талаар маргаагүй тул хэрэг тусгаарласан тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн  хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдав.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Б.Дарьбазар нь Ц.Чинзоригтой бүлэглэж хохирогч Н.Бямбадоржийн эзэмшлийн 32 инчийн ТСЛ загварын зурагтыг хулгайлж Н.Бямбадоржид бага бус хэмжээний хохирол учруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Дарьбазар, Ц.Чинзориг нар нь бүлэглэж үйлдэн хулгайлсан зурагтаа “Тулгуур стандарт” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсныг хураан авч, хохирогч Н.Бямбадоржид зурагтыг хүлээлгэн өгсөн байх тул тус Б.Дарьбазар нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцсон “Тулгуур стандарт” ХХК-ний 150.000 төгрөг төлөгдөөгүй байх тул гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэж үйлдсэн Б.Дарьбазар, Ц.Чинзориг нараас хувь тэнцүүлэн төлбөрийг гаргах үндэстэй. Иймд Б.Дарьбазараас 75,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Тулгуур стандарт” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт олгох, иргэний нэхэмжлэгч байгууллага нь үлдэх төлбөрөө буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дарьбазарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дарьбазарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгч Б.Дарьбазарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Дарьбазар нь ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Дарьбазарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 6 сар хорих ял шийтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

3.Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Б.Дарьбазарын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал сэжигтнээр, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал яллагдагчаар, шүүхийн шатанд 2018 оны  6 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл шүүгдэгчээр цагдан хоригдсон, нийт 78 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Дарьбазарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Тулгуур стандарт” ХХК-ний хяналтын камерийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн бичлэг бүхий Cи Ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 


[1] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 210-211 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 157-158 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 214-215 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 3-6 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 10 дугаар тал.

[12] Хавтаст хэрийн 30-35 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 221 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 98 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 95 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 160-161 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 99-103 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 214-215 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 3-6 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 10 дугаар тал.

[28] Хавтаст хэрийн 30-35 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 221 дүгээр тал.