Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2019/00049

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00205 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Эрүүгийн хэрэгт шалгагдаж, хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие анх 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр улсын прокурорын мөрдөн байцаалтанд очиж гадуур 2 сар гаруй байцаагдаж байгаад 1986 оны 04 дүгээр сарын 03-нд цагдан хорих байрны мөрдөнд 82 хоног цагдан хоригдож байгаад, гадуур батлан даалтанд гарч 1986 оны 12 сард надад холбогдох хэргийг олон хүүхэдтэй гэж өршөөлийн зарлигт оруулан хэрэгсэхгүй болгосон юм. Надад холбогдох хэргийг сэргээж хэрэг бүртгэх мөрдөн байцаалт шинээр явуулсны улмаар надад холбогдох эрүүгийн хуулийн 123А-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6.1.2-р зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгон БНМАУ-ын ерөнхий прокурорын газраас 1990 оны 5-р сарын 02-ны өдрийн 3/12-84 тоот албан бичгийг УЦС газар болсон Орхон аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн ба УЦС газрын даргын 1990 оны 07 сарын 06-ны өдрийн тушаалаар эргэж офицерын бүрэлдэхүүнд орж уг тушаалыг үндэслэн дээрх өдрөөр жижүүрийн офицероор томилогдон ажиллаж байгаад 1990 оны 12 сард цэргийн тэтгэврээ тогтоолгосон юм.

Миний бие 1986 оны 01 сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл ажил хөдөлмөргүй цалин хөлсгүй хохирлоо. 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр намайг хууль бусаар ажлаас халж хөдөлмөр нийгэм халамжийн хэлтэст шилжүүлсэн.1986 оны 02 дугаар сараас 1988 оны 06 дугаар сараас 03 хүртэл цалин хөлсгүй ажил төрөлгүй хохироосон юм. Би сард 950 төгрөгийн цалин авдаг байсан. Ойролцоогоор 2 сая 600 гаруй төгрөгөөр хохирчээ. Цэргийн албанд ажилласан жилийг тасралтгүйгээр тэтгэвэрт нэмж оруулж өгөх, миний биед учирсан материаллаг, оюун санааны хохирлыг яаж барагдуулах, ингэж хохирсон хүнд улсаас ямар хэмжээний нөхөн олговор олгодог журмаар шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсч нэхэмжлэлээ гаргав гэжээ.

Прокурор Ц.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Баянжаргал нь 1986 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж 82 хоног цагдан хоригдсон, хэргийг маань хэрэгсэхгүй болгож цагаатгасан гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, яллагдагчаар татсан тогтоол, цагдан хорьсон шийдвэр, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр зэрэг нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэгч Б.Баянжаргалыг ямар хэрэгт холбогдуулан шалгасан болох, хэзээ хэний ямар шийдвэрээр цагдан хорьсон, хэргийг нь ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч Б.Баянжаргалын гаргасан нэхэмжлэлд надад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан талаар дурдагдсан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйл нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль явуулж болохгүй тохиолдол байх ба 2 дугаар зүйл нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэл байна. Иймд нэхэмжлэгч Б.Баянжаргалын нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангалтгүй, энэхүү шүүх хуралдаанаар түүний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00205 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Эрүүгийн хэрэгт шалгагдаж, хууль бусаар цагдан хоригдсоны улмаас өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар төрд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Бүгд найрамдах монгол ард улсын прокурорын газрын 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3/12-84 дугаар бичигт Баазгай овогтой Баянжаргал нь эрүүгийн гэмт хэрэгт шийтгүүлээгүй болох нь тогтоогдож Улсын прокурорын газар түүнд холболдох хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон юм. ******* энэ хэрэгт холбогдох үеийн цол албан тушаалыг нөхөн сэргээх бичиг Орхон аймгийн цагдаагийн газарт явуулсан байдаг. 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар офицерын бүрэлдэхүүнд оруулж хуучин авч байсан цолыг хэвээр үлдээсэн юм. Гэтэл дээрх прокурорын бичиг архивт байхгүй гэсэн албан бичиг миний хэргийн материалд байгаа. Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 1990 оны 10 дугаар сард гарсан № 67 сонинд надаас сурвалжилга авсан юм. Энэ талаарх нотлох баримтаа хэрэгт хавсарган өгсөн байгаа. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагад хариуцлагатай, байр суурьтай хандаж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ...хууль бусаар цагдан хоригдож улмаар цалингаараа хохирсон тул цалин 2.600.000 төгрөгөөр хохирсон, Цэргийн албанд ажилласан жилийг тасралтгүйгээр тэтгэвэрт нэмж оруулж өгөх, миний биед учирсан материаллаг, оюун санааны хохирлыг яаж барагдуулах, ингэж хохирсон хүнд улсаас ямар хэмжээний нөхөн олговор олгодог журмаар шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан ба шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Эрүүгийн хэрэгт шалгагдаж, хууль бусаар цагдан хоригдсоны улмаас өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар төрд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал нэхэмжлэгч ******* нь хууль бусаар цагдан хоригдсоны улмаас өөрт учирсан гэм хорын хохирол нэхэмжилж байгаа бол хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, эсхүл цагдан хоригдсоны улмаас ажилгүй байсан хугацааны цалин 2.600.000 төгрөг гаргуулах, цэргийн албанд ажилласан жилийг тасралтгүйгээр тэтгэвэрт нэмж оруулж өгөх тухай хүсэлт гаргаж байгаа эсэх тодорхой бус байхад гэм хорын хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч *******ын гаргасан хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохирол, цалин 2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулагдсан байх ба шүүх нэхэмжлэгч *******ыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хүсэлт гаргаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчжээ.

Иймд дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ