Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/120

 

                                        Р.Э*******д холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Д аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Н.Бадам /цахим/

Шүүгдэгч Р.Э*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж шийдвэрлэн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Р.Э*******д холбогдох эрүүгийн 2533001060070 дугаартай, 150/2025/0077/Э/208/2025/0091 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл *, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум * дүгээр баг ******* ******* хаягт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт Р******* Э******* (РД: )

Шүүгдэгч Р.Э******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Шар ус 1 дүгээр баг “******* булаг” гэх нэртэй газар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр М.Б маргалдаж улмаар түүний хөл, нүүр хэсэгт модоор цохиж, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Р.Э*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт Рэнцэнгийн Э******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Шүүгдэгч Р.Э******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Р.Э******* гээс 127.100 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бод олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бургасан шилбүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Э*******д буцаан олгож

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Э*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн ... хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний хувьд хохирогч М.Б хөл рүү модоор цохиж түүний биед хохирол учруулсан зүйл байхгүй юм. Харин би түүнийг худаг дээр байсан үхэр мал руу унины хугархай барьчихаад цохиж хөөгөөд байсан болохоор нь би өөрийнхөө барьж явсан шилбүүрээр чамайг ингээд цохиод байвал ямар байна гэж хэлээд нэг л удаа мөрөн тус газар нь шалбуурдсан юм. Гэтэл М.Б нь бяруугаа мотоциклоороо хөөж байгаад унахдаа бэртсэн гэмтлээ намайг учруулсан гэж худал мэдүүлэг өгч намайг гэмт хэрэгт гүтгэж байгаад маш их гомдолтой байна.

Худаг дээр маргаан болж муудалцахаас өмнөх өдөр нь М.Б нь бяруугаа мотоциклоороо хөөж байгаад мотоциклтэйгээ унасан, уначхаад доголоод байсан, эхнэр нь машинтай явж байсан, бяруугаа барьж аваад машиндаа чихээд явсныг миний нөхөр өөрийн биеэр харсан юм байна. Энэ талаар надад огт хэлээгүй тул би мэдээгүй байж байгаад шүүх хурлын дараа нөхөр маань надад хэлэхэд нь мэдсэн юм.

Б нь мотоциклоос унаж гэмтсэнээ өөрөө мэдсээр байж намайг мөрөн тус газар руу нарийхан шилбүүрээр ороолгосныг далимдуулж гүтгэж байгаад гомдолтой байна. Ийм учраас түүний мотоциклоос унасан үйл баримтыг шалган тогтоолгох саналтай байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Р.Э******* гийн хувьд би хохирогчийг хөл рүү нь цохиогүй. Мөр тус газар нь нэг удаа нарийн шилбүүрээр шавхуурдсан. Өөр байдлаар цохиж, зодоогүй учраас уг гэмтлийг мотоциклоос унахдаа авсан гэмтэл байна гэж үзэж гомдол гаргаад байгаа юм. Мэдээж хөл рүү нь цохичихсон байсан бол мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Би огт зохиогүй гэж энэ хүртэл яваад байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс Р.Э******* г хөл рүү нь цохиогүй юм байна. Мотоциклоос унахдаа хөлөө гэмтээсэн байх магадлалтай юм байна гэж үзэж дүгнэж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шүүх хурлын дараа нөхөр маань надад хэлэхээр нь би мэдсэн гэх асуудлыг ярьж байна. Уг гэмт хэрэг нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болсон. Анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шийдсэн. Өөрөөр хэлбэл 4 сарын дараа нөхөр нь хамтдаа явж байсан байж гэнэт нөхцөл байдал эсрэгээр эргэв гэх эргэлзээ төрж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн дүгнэлтийг зөв хийсэн гэж үзсэн. Цаашилбал Д аймгийн шүүх шинжилгээний газраас гарсан 546 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх хохирогч М.Б Р.Э******* хөл рүү модоор цохисон, нүүр лүү самардаад байсан гэх хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гэж үзэж анхан шатны шүүхээс шийдсэн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна хэмээн дүгнэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Р.Э*******д холбогдох эрүүгийн 2533001060070 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

2. Шүүгдэгч Р.Э******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Шар ус 1 дүгээр баг ******* булаг гэх нэртэй газар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр М.Б той маргалдаж улмаар түүний хөл, нүүр хэсэгт модоор цохиж, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч М.Б “...2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед өвөлжөөн дээр байдаг худаг дээрээ эхнэр Б хамтаар ирсэн юмаа тэгсэн чинь , Э*******, гурав ирчихсэн байсан тэгээд бид 2-ыг хараад худгийн түлхүүр үлдээхгүй яасан юм бэ, худгаа түгжээд алга болчих юмаа гээд загнаж эхэлсэн, 2 хоног услах байсан юм гээд байсан. Тэгээд би Э******* эгчид малаа услах гэж байгаа бол өөрөө очоод түлхүүр авахгүй яасан юм бэ гэж хэлсэн, тэгээд тухайн айлын үхэрнүүд шаланк руу дайраад байхаар нь би үхэрнүүдийг цохиод холдуулсан чинь чи яахаараа үхэр цохидог юм бэ? гээд Э******* эгч намайг хөл рүү модоор цохиод шалбуурдаад бас нүүр лүү араас самардаад байсан би тэгээд тэр үедээ эмэгтэй хүн гэж бодоод цагдаа дуудаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 тал/,

-Хохирогч М.Б ын “...Р.Э******* гэх хүн мал хариулдаг шилбүүр буюу 1 метр гаран урттай мод барисан явж байсан тэгээд би үхрүүдийг нь худгаас холдуулж байсан чинь ирээд чи яагаад үхэр мал зодоод байдаг юм бэ гээд барьж явсан модоороо миний хөл рүү чи яасан их үхрийн хөл өшиглөдөг юм бэ гээд цохисон би эхний цохилтыг нь тоогоогүй, дахин 2 удаа цохих үед нь боль гээд гар далайгаад холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 016-017 тал/

-Гэрч Ц.Батцэнгэл ийн “...манай нөхөр үхэрнүүдийг хөлөөрөө цохиж хөөсөн чинь Э******* үхэр цохиж зодлоо гээд манай нөхөр Быг барьж байсан шилбүүрээрээ хөл рүү нь 3-4 удаа цохиж хөлөөрөө бас өшиглөөд байсан. Тэгсэн манай хүн босож ирээд битгий давраад байгаарай гээд гар далайсан цохиж зодоогүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 тал/

-Гэрч Б. гийн “...Б үхэр шаваад байна гээд унь бариад үхэр цохиод байхаар нь Э******* эгч очоод чи үхэр цохилоо гээд барьж байсан шилбүүрээрээ нуруу руу нь л ороолгосон би тэрийг л харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/

-Гэрч Р. ын “...Э******* эгч очоод Б дал хэсэг хүү нь чи үхэр цохиод байхдаа яадаг юм бэ гээд барьж явсан шилбүүрээрээ 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/

-Хохирогч, шүүгдэгч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

-Хохирогч М.Б ын эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар, /хх-ийн 066 тал/

-Д аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний эмчийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 546 дугаартай “...М.Б ын бид зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

3. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Р.Э******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн.

Шүүгдэгч Р.Э******* хохирогч М.Б ыг үхэр зодлоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн хөл рүү модоор цохисны улмаас түүний зүүн хөлийн өвдөг, зүүн гуяанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсч улмаар түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Шүүгдэгч Р.Э******* гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх төдийгүй хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь болсон үйл явдлын талаар агуулгын хувьд зөрүүгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Р.Э*******гийн гаргасан “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шинжлэн судласан нотлох  баримтуудаар  шүүгдэгчийн гэм буруугийн  талаар хэргийн бодот байдлыг тогтоож дүгнэж чадаагүй ” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хохирогчид учирсан гэх хөлний гэмтэл нь түүний мотоцикл унаж яваад унаснаас үүүсэн гэж маргадаг боловч түүний энэ мэдүүлэг бусад баримтуудаар нотлогдоогүй мөн “хохирогчид үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээр нотлогдсон ба анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудыг хэлэлцүүлэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.  

5. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Э*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,

1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                  

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ