Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/121

 

                Э.Э******* холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгч Э.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Э.Э******* холбогдох эрүүгийн 2531000000272 дугаартай, 316/2025/0203/Э/208/2025/0093 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ургийн овогт ******* Э, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эцэг, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар баг, Салхит *-р хэсэг *** тоотод оршин суух хаягтай, (РД: ******* ), урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123,2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 179.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жил 7 сар хорих ял,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөг торгох ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сар 25 өдрийн хугацаагаар хасаж, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Э.Э нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 30 минутад үед Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт "******* *******" загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, согтуурсан мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ..

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр жилийн хугацаагаар хасч, 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07- ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сар 25 хоногийн эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасан ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр жилийн хугацаагаар хасах эрх хасах ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг нийт 4 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар, мөн шийтгэх оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 1 сар 22 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дуусан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* Э******* оногдуулсан 08 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ...шийдвэрийг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* Э миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

Э.Э надад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, жолоодох эрхийг 2 жил хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, гэм буруутай эсэхэд болон хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй, зөвшөөрнө. Мөн жолоодох эрх хассаныг зөв гэж үзэж байгаа. Харин хорих ял сонгон оногдуулсныг эс зөвшөөрч байна.

Э.Э миний бие хувийн амьдралын тогтворгүй байдал /болох болгоомжгүй гэмт хэргийн улмаас шүүхийн шийдвэрээр өр төлдөг, эхнэр хаяж явсан байдлаас шалтгаалан сэтгэл зүйн тогтворгүй байдалтай, яаж хэвийн сэтгэл зүйгээ эргүүлэн авахад учраа олохгүй нөхцөл байдалтай, сүүлийн хэдэн жилийн өнгөрөөж байгаа/-аас шалтгаалж удаа дараа "энэ гэмт хэргийг үйлдсэн" гэж өөрийн үйлдлээ дүгнэх юм. Энэ байдал нь цэвэр Э.Э миний буруугаас үүдэлтэй хүвь хүний хариуцлага гэдгийг ойлгож байна.

Би 70 настай аавыгаа асран хамгаалаад нэлээн хэдэн жил болж байгаа. Аав маань чих хатуу, өөрөө гэрээ дулаацуулж чадахгүй, бие дааж нийгмийн харилцаанд ордоггүй. Хүнс, хоол унднаас авахуулаад асран хамгаалдаг хүн нь хүү Э.Э би юм. Надаас өөр аавыг минь асрах хүн Сэлэнгэ аймагт байхгүй. Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой аавыгаа халамжилж, байнгын асаргаанд байлгах шаардлагатай нөхцөл байдлыг минь харгалзаж анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хорих ялыг өөрчилж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Энэ удаа л надад итгэл хүлээлгэвэл "дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй томоотой амьдарч чадна" гэдгээ амлаж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна. Аавтайгаа амьдардаг. Хүү маань энэ жил оюутан болж байгаа. Тийм учраас ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Э.Э******* оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримтад дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.Э******* холбогдох эрүүгийн 2531000000272 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Э.Э******* Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг холбогдуулан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

3.Шүүгдэгч Э.Э нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 30 минутад үед Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “******* *******” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан  нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 4.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг тухайн үйл баримтад оновчтой тайлбарлан хэрэглэсэн байх ба хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

5.Шүүгдэгч Э.Э нь урьд урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сар 25 хоногийн эрх хасах ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах эрх хасах ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг нийт 4 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Э ын урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 1 сар 22 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 сар 22 хоногийн хугацаагаар тогтоогджээ.

6.Шүүхээс шүүгдэгч Э.Э ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг нэмж нэгтгэж  шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

7.Шүүгдэгч Э.Э нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...шүүгдэгч нь миний бие үйлдсэн гэмт хэргээ чин санаанаасаа гэмшин ухамсарласан, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн гачигдалтай, өндөр насны байнгын асрамжид байдаг эцгээ асардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар өөрчлүүлэх тухай гомдол  гаргажээ.

8.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг тодорхойлсон байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

9.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

10.Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг хэрхэн сонгож хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарах боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс чухам алийг нь сонгож хэрэглэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой тайлбарлаж тусгасан байхыг шаардах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэх бөгөөд шүүгдэгч Э.Э нь урьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг удаа дараа зөрчсөн, энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан түүнд хорих ялыг сонгон хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байх тул  шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                   

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ        

                            ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР      

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН