Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буурайн Баттөр |
Хэргийн индекс | 132/2016/00660/И |
Дугаар | 54 |
Огноо | 2019-04-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 54
2019 04 11 54
*******ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00099 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ******* нь Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа татварт 26.817.614 төгрөг, нийгмийн даатгалд 9.480.047.73 төгрөг, нийт 36.297.661 төгрөгийн төлбөрт унагаж компанийг хохироосон тул 36.297.661 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
Нэхэмжлэгч ******* 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие ******* нь Анаг ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг бөгөөд ******* нь үлдэх 50 хувийг эзэмшиж, компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байсан. Гэтэл ******* нь Анаг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хууль тогтоомжуудыг зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ажилтнуудын цалин хөлс, бусад харилцагч нарт их хэмжээний өр үүсгэн компанид хохирол учруулсан байна. Үүнд: нийгмийн даатгалын шимтгэл 9.480.047 төгрөг,татварын өр 23.332.095 төгрөг, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Баярмаагаас өндөг, тахианы мах зээлээр авсан 1.776.650 төгрөг, Өрнөхөөс мах зээлээр авсан өр 6.087.000 төгрөг, Мөнхбатаас зээлсэн мөнгө 2.000.000 төгрөг, компанийн хувьцааны 50% болох 12.624.500 төгрөг, нийт 61.140.476 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн ийм хууль бус үйл ажиллагаа эрхэлж компанийн нэр хүндийг унагаж, харилцагч, үйлчлүүлэгчдийн итгэл алдсан үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаа тул компанийн хувьцааны 50 хувийг буцаан авч, захирлын албан тушаалаас чөлөөлж, би өөрөө бүх удирдлагыг гартаа авах хүсэлтэй байна.Учир нь компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.2-т ял шийтгэл эдэлж байгаа бол компанийн эрх бүхий албан тушаалд ажиллахыг хориглоно" гэсэн байх бөгөөд тус хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан гэдэгт гүйцэтгэх захирал хамаарч байна.Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.4-т заасан компанийн эрх бүхий албан тушаалтан нь хууль, компанийн дүрэмд нийцүүлэн эрх мэдлээ хэрэгжүүлэх хуулийн заалтыг зөрчиж, нийгмийн даатгал, татвар, харилцагч нарт өр үүсгэж, компанийн нэр хүндэд болон эд хөрөнгөнд хохирол учруулсан тул компанийн тухай хуулийн дагуу өөрийн эд хөрөнгөөр хариуцлага хүлээх ёстой. Дээрх үндэслэлээр *******гээс компанид учруулсан хохирол болох нийт 61.140.476 (жаран нэгэн сая нэг зуун дөчин мянга дөрвөн зуун далан зургаан) төгрөгийг төлүүлж, хувьцаа эзэмшигчийн итгэлийг алдсан тул компаний хувьцааны 50 хувийг гаргуулан авч, компаний захирлын үүрэгт ажлыг өөртөө авах нэхэмжлэлийн шаардлага тавьж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн :
Тус шүүхэд хандан ******* миний бие *******д холбогдуулан *******гээс компанид учруулсан хохирол, компаний хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай, *******гээс нийт 61.140.476 төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэл гаргасан.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэхээр түр татан авч байна. *******гээс компанийн хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг *******, Д.Туяа, ******* нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ийн гишүүдийн өөрчлөлтийн тухай хэлцлийг хүчингүйд тооцуулах гэж өөрчлөн, ******* нь Анаг ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас Нийгмийн даатгалын шимтгэл 9.480.047 төгрөг, татварын өр 23.332.095 төгрөг, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Баярмаагаас өндөг тахианы мах зээлээр авсан 1.776.650 төгрөг, Өрнөхөөс мах зээлээр авсан өр 6.087.000 төгрөг, Мөнхбатаас зээлсэн мөнгө 2.000.000 төгрөг, компаний хувьцааны 50% болох 12.624.000 төгрөг нийтдээ 61.140.476 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр түр татан авч байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн :
Тус шүүхэд хандан ******* миний бие *******д холбогдуулан *******гээс компанид учруулсан хохирол, компаний хувьцаа гүйцэтгэх удирдлагыг авах тухай, *******гээс нийт 61.140.476 төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэхээр түр татан авч татан авч буйтай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах хүсэлт гарган, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу *******гээс хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг *******, Д.Туяа, ******* нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ний гишүүдийн өөрчлөлтийн тухай хэлцлийг хүчингүйд тооцуулах гэж өөрчлөн, ******* нь Анаг ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхийн хугацааг сэргээлгэх гэж нэмэгдүүлсэн болно.
Нэхэмжлэгч надад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх, ихэсгэх, багасгах эрх олгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: Анаг" ХХК-ний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байх үе буюу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* төлөх үүрэгтэй байсан нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 9.480.047 төгрөг, Булган аймаг дахь татварын хэлтэст төлсөн 23.332.095 төгрөг, мөн Ч.Баярмаад өндөг тахианы мах зээлээр авсны төлбөр 1.780.000 төгрөг, Өрнөхбатаас мах зээлээр авсны төлбөр 6.087.000 төгрөгийг нийтдээ 40.679.142 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. ******* нь Анаг ХХК-ний дүрмийн 4-р зүйл 4.4 дэх хэсэг болон компаний тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж буй болно. Жич: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийн 361.346 төгрөг байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр банк хоорондын гүйлгээгээр ******* миний бие төрийн сан 0000000041400941 тоот дансанд шилжүүлсэн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463.700 төгрөгөөс 361.346 төгрөгийг суутган тооцож үлдэх 102.354 төгрөгийг надад эргүүлэн олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ :
******* миний нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Анаг ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, учир нь эдгээр дүрмүүд нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн, мөн хувьцаа эзэмшигч ******* миний гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг. Хүчин төгөлдөр бусд тооцуулах дүрмүүд болон тогтоолууд хавтаст хэрэг хангалттай цугласан байгаа гэжээ.
Нэхэмжлэгч ******* 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлыг тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Анаг ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ******* нь Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа татварт 26.817.614 төгрөг,нийгмийн даатгалд 9.480.047.73 төгрөг нийт 36.297.661 төгрөгийн төлбөрт унагаж компанийг хохироосон тул дээрх 36.297.661 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Эдгээрээс бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч ******* 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* миний бие *******ээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Миний Анаг ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаанд орон нутгийн ажилгүй иргэдийг байнгын ажлын байраар хангаж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчилгүй ажиллаж ирсний үр дүнд харилцагч байгууллага болон төр засгийн зүгээс манай хамт олон /компанийг/ найдвартай татвар төлөгч, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын шагнал үйлчилгээний онцлох байгууллага, Монголын тогооч нарын холбооны итгэмжлэгдсэн байгууллага, хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, гэх мэт шагнал урамшуулал нь тус компанийн нэр хүндийг тодотгож байна. Иймд дээрх нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч ******* 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
*******ийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэлт шаардлагатай нотлох баримтыг хуулийн дагуу гаргаж өгөх болно гэжээ.
Хариуцагч ******* 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
*******ийн нэхэмжлэлтэй ******* надад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. *******, Д.Туяа, ******* нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ийн гишүүдийн өөрчлөлтийн тухай хэлцлийг хүчингүйд тооцуулах гэжээ. Энэ шаардлагаа нотлох гэж тухайн үеийн хурлын тэмдэглэлийг хавсаргаж өгчээ. ******* нь Анаг ХХК-ийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус ажиллагаа явуулж байсан болохыг тогтоох гэсэн шаардлагыг тавиад намайг ямар хууль бус ажиллагаа явуулж байсан талаар дурдаагүй байна. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар сэргээлгэх гэжээ. Анаг ХХК-ийн үйл ажиллагааг удирдан явуулахдаа өөрийн компанийн дүрэм болон ямар нэгэн хууль зөрчиж байгаагүй, компанийхаа үйл ажиллагааг хэвийн явуулахад бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж ирсэн. Үүний үр дүнд компани санхүүгийн чадавхтай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажлын байрыг олноор бий болгож, орон нутагт үнэлэгдэхүйц нэр хүндтэй компани болж чадсан. 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх гэсэн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх асуудал нь хуульд зааснаар тодорхой шалтгаантай байх ёстой. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан байхыг шаардана. Ийм шалтгаан байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудлыг урьд нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 459 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдсэн учир дахин энэ асуудлаар шаардлага гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
*******, Д.Туяа, ******* нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гишүүдийн хэлцлийг хүчингүйд тооцуулах гэсэн шаардлага нь ойлгомжгүй бөгөөд чухам ямар үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухайгаа дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Гэхдээ 2017 оны 06 дугаар сарын 07-нд энэ талаар шүүхэд тайлбар өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын өөрчилсөн 2 дахь заалт нь ойлгомжгүй байна. Намайг Анаг ХХК-ийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох гэжээ. Миний бие тус компанийн захирлын ажлыг хийж байхдаа хууль бус ажиллагаа явуулж байгаагүй болно. Энэ тухай 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байгаа. Анаг ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гишүүдийн өөрчлөлтийн тухай хэлцлийг хүчингүйд тооцуулах гэснийг гишүүдийн өөрчлөлтийн талаарх хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах гэж өөрчилж байна гэжээ. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Анаг ХХК-ийн гишүүдийн өөрчлөлтийн талаарх хурал болоогүй болно. Мөн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийнхээ хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэсэн шаардлагыг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т хүндэтгэн үзэх шалтгаантай бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх тухай заажээ. Энэ 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Хариуцагч ******* 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие өөрийн эзэмшлийн Анаг компданид ямар ч хохирол учруулаагүй. Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хууль бус ажиллагаа явуулж байгаагүй. Компанийн төлөх ёстой өглөгийг миний бие төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Гомдол гаргах эрхийн хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.
Хариуцагч ******* 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг компанийн дүрэм нь хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр батлагдсан юм. 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Анаг ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Дээрх дүрмүүдэд ******* нь өөрөө гарын үсгээ зурсан бөгөөд зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд өгсөн байдаг. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00099 дугаар шийдвэрээр:
Нэхэмжлэгч *******ийн, *******г Анаг ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, *******гээс: Ч.Баярмаагаас өндөг тахианы мах зээлээр авсны төлбөр 1.780.000 төгрөг, Өрнөхбатаас зээлээр авсан махны төлбөр 6.087.000 төгрөг гаргуулах шаардлагуудаасаа татгалзсан татгалзлыг, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Мөнхбатаас зээлсэн 2.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагуудаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д заасныг тус тус баримтлан Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн дүрмийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Анаг ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул *******гийн Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа компанид учруулсан хохирол гэх татварт төлөх 26.817.614 төгрөг, нийгмийн даатгалд төлөх 9.480.047.73 төгрөг гаргуулах *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.010.850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдсан гомдолдоо:
Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Д.Туяа оролцоогүй. Д.Туяагийн гэрчийн мэдүүлгээр энэ нь нотлогддог. /хх2 - 8 хуудас/ хурлын тэмдэглэлийн агуулга нь Д.Туяа өөрийн оруулсан 12.624.500 төгрөгийн хөрөнгөө компаниас авч гаран түүний оронд нь ******* 12.624.500 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцож байгаа мэтээр хийсэн хэлцэл байдаг. Уг хэлцэл дээрх Д.Туяагийн гарын үсгийг ******* хуурамчаар зурсан нь нотлогддог. Шинжээчийн дүгнэлтээр 2003 оны 10 сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр ******* гарын үсэг зурсан гэх боловч ******* нь компанийн 50 хувийг шилжүүлж авч байгаа нь зохигчид 2002 оны Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан хориглох хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогддог. Дээрх хоёр үндэслэл нь 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК- ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл нь хууль зөрчиж хийсэн хэлцэл болох нь тодорхой байна. Шүүх нэхэмжлэгчийг гарын үсэг зурсан өдрөөсөө эхлэн өөрийнхөө эрхийг зөрчигдөж байгааг мэдэх ёстой гэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг үндэслэн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааны талаар нарийвчлан заагаад өгчихсөн байгаа. Нэхэмжлэгч ах дүү нараа өвийн тухай нэхэмжлэл гаргах тэр үед /2016 он/ ******* хууль зөрчин хурлын тэмдэглэл үйлдсэн, дүрмийг батлуулсан талаар олж мэдсэн гэж тайлбарладаг. Энэ нь улсын бүртгэлийн газраас авсан *******ийн лавлагаагаар нотлогдоно. /х/х З-61 хуудас/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэг ч удаа компанийн дүрэмтэй танилцаагүй, лавлагаа авч байгаагүй. Зөвхөн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг л ашиглаж байсан талаар тайлбар хийдэг бөгөөд зохигчид энэ талаар маргадаггүй. Иймээс 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хэлцэл байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оноос тоологдоно. Учир нь нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнөө мэдсэн үеэс шаардлагаа гаргасан.
Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Хувьцаа эзэмшигч *******ийн хүсэл зоригийн илэрхийлэл болох Хувьцаа эзэмшигчийн шийдвэр Улсын бүртгэлийн газарт байдаггүй. Хариуцагч ******* компанийн 50 хувийн эрхийг шилжүүлж авсан гэх боловч худалдаж авсан, бэлэглэлээр авсан эсэх талаараа тайлбар хэлж чаддаггүй. Энэ нь ******* хуурамч, дутуу материал бүрдүүлж танил талаараа 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн дүрмийг батлуулсан нь харагдаж байна. 2003 оны 10 сард шинэ Иргэний хууль, Бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд дагаж мөрдөгдөөд эхэлчихсэн байсан. Хувьцааг шилжүүлж авахдаа худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ 2-ын аль нэгээр нь шилжүүлж авах бөгөөд тухайн гэрээгээ заавал нотариатаар баталгаажуулахыг улсын бүртгэлийн газраас шаарддаг. Мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэргүйгээр хэзээ ч хувьцааг шилжүүлдэггүй. Иймд компанийн хувьцааг шилжүүлж авсан, компанийн дүрмийг бүртгүүлсэн зэрэг нь хууль зөрчсөн байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь Анаг ХХК-ийн 2003 оны 10 сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлтэй адилхан юм.
Анаг ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Энэ дүрэм дээр хувьцаа эзэмшигч ******* гарын үсэг зураагүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Шүүх улсын бүртгэл хүчинтэй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэ бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэрэг Булган аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр түдгэлзсэн байгаа. Түдгэлзсэн үндэслэл нь иргэний хэргийг шийдвэрлэж дууссаны дараа захиргааны хэргийг хянан хэлэлцэхээр захирамжилсан байдаг. Бүртгэлийн байгууллага компанийн дүрэмд тамга дарагдсан, гишүүд бүгд гарын үсэг зурсан эсэх талаар л анхаардаг болохоос хувьцаа эзэмшигч өөрөө гарын үсгээ зурсан эсэх талаар шалгадаггүй. Шалгадаг ч байгууллага биш. Нэхэмжлэлийн шаардлага бол тодорхой. Хувьцаа эзэмшигч өөрөө гарын үсэг зураагүй, тэр ч байтугай ******* гэдэг хүнийг хувьцаа эзэмшигч болсон талаар ч мэдээгүй байхад өөрийнх нь өмнөөс гарын үсэг зурж компанийн дүрмийг шинэчлэн баталсан нь хууль зөрчсөн байна. Үүнийг тогтоож өгөөч гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага юм. Иймд хууль зүйн хувьд үндэслэл бүхий болж чадаагүй Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17 ны өдрийн 142/ШШ2019/00099 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж дээрх гурван нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн компанийн дүрмийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ******* нь Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа татварт 26.817.614 төгрөг, нийгмийн даатгалд 9.480.047.73 төгрөг, нийт 36.297.661 төгрөгийн төлбөрт унагаж компанийг хохироосон тул 36.297.661 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг нэхэмжлэгч *******ийн, *******г Анаг ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, *******гээс: Ч.Баярмаагаас өндөг тахианы мах зээлээр авсны төлбөр 1.780.000 төгрөг, н.Өрнөхбатаас зээлээр авсан махны төлбөр 6.087.000 төгрөг гаргуулах шаардлагуудаасаа татгалзсан татгалзлыг, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Мөнхбатаас зээлсэн 2.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагуудаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д заасныг тус тус баримтлан Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хурлын тэмдэглэл, Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Компанийн дүрмийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Анаг ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул *******гийн Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа компанид учруулсан хохирол гэх татварт төлөх 26.817.614 төгрөг, нийгмийн даатгалд төлөх 9.480.047.73 төгрөг гаргуулах *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анаг ХХК-ийг Ш.Цэрэнхүү, Д.Туяа нар үүсгэн байгуулж, 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр компаний дүрэм баталж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан ба тус компанийг үүсгэн байгуулагч Ш.Цэрэнхүү нь 2003 оны 7 дугаар сарны 01-ний өдөр нас барсны дараа буюу 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Анаг ХХК-ний хөрөнгө эзэмшигч, захирлыг сонгох хуралдаанаар *******г компанийн гишүүнээр авч, захирлаар томилжээ.
Мөн өдрөө компаний дүрмээ баталж, хурлын тэмдэглэл болон дүрэмд П. Бүрнээ, ******* нар гарын үсэг зурсан болох хэрэгт авагдсан нотлох баримтуудар тогтоогджээ.
Шүүх нэхэмжлэгчийг гарын үсэг зурсан өдрөөсөө эхлэн өөрийнхөө эрхийг зөрчигдөж байгааг мэдэх ёстой байсан 2016 оноос энэ эрхээ мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь зөв болжээ.
Анаг ХХК-ийн 2003 оны 10 сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Д.Туяа нь оролцоогүй талаар гэрчийн мэдүүлэг өгчээ. Гэхдээ Д.Туяа нь уг хэлцэл дээрх өөрийнхөө гарын үсгийн талаар хуурамч, хуурамч биш талаар маргадаггүй, энэ талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй мөн зохигчид энэ талаар маргаан үүсгээгүй байгаа тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.
2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээр ******* нь компанийн 50 хувь болох 12.649.000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлж авчээ.
Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1.т өвлөгч нь өвлөгдөх эд хөрөнгийг бусад өвлөгчдийн ирэхийг хүлээхгүйгээр авч болох боловч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрөөгүй буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүртэл уг эд хөрөнгийг худалдах, бэлэглэх буюу барьцаалах, гэрээслэх эрхгүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.т өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заажээ.
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10 ны өдрийн 459 дугаар шийдвэрээр ... Хариуцагч ******* нь өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй тул түүнийг өв хүлээн авсан гэж үзнэ... гэжээ. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна.
Нэхэмжлэгч ******* нь эцгийнхээ хөрөнгийг өв залгамжлан авч 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээр *******д компанийн 50 хувийн хөрөнгийг шилжүүлсэн өгсөн үйлдэл нь хууль зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж Анаг ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагуудыг 2016 онд мэдэж, шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Анаг ХХК-ийн дүрмийг 2013 онд шинэчлэн баталсныг бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байхад, компанийн өргөдөл, хурлын шийдвэр байхгүй байхад компанийн дүрмийг баталсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэл компанийн дүрмийг компанийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн эсэхийг шалгаж байж бүртгэдэг, Иймд Анаг ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хэрэгсэхгүй болгож, *******гийн Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа компанид учруулсан хохирол гэх татварт төлөх 26.817.614 төгрөг, нийгмийн даатгалд төлөх 9.480.047.73 төгрөг гаргуулах *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагуудаа нотлож чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.
Тухайлбал хариуцагч *******гийн шүүхэд гаргасан ...Цэрэндэжид нь компаний хувьцаа эзэмшигч, менежирээр ажиллаж байсан, манай компани тогтвортой үйл ажиллагаа олон жил явуулж байсан ба 2013 онд Эрдэнэт Үйлдвэр ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай болсон тул компаний дүрмээ өөрчилснийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байсан... гэх тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 480.640 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР