Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2019/00057

 

 

*******ны Орхон салбарын

нэхэмжлэлтэй,хариуцагч *******,

******* нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00239 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, 8.614.736.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ш.Сэлэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч *******ны Орхон салбарын тооцооны төвийн захирал Б.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Чулуунбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 30-нд *******ны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс №130400444665 дугаар зээлийн гэрээ байгуулан 10.454.000 төгрөгийг жилийн 24% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан.Зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх 36 сарын цалингийн орлого, НТС маркийн 40 инчийн зурагт, Престиж маркийн хөлдөөгч болон гэрийн бусад тавилга, эд хогшлыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2018 оны 3 дугаар сарын 20, 2018 оны 3 дугаар сарын 26, 2018 оны 3 дугаар сарын 29, 2018 оны 4 дүгээр сарын 18, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн боловч зээлдэгч болон хамтран зээлдэгчийн зүгээс зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, *******, ******* нараас 8.614.736.98 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай нөхөр төрийн банкнаас зээл авсан. Ажлаасаа гарчихсан учир зээлээ төлж чадахгүй байгаа. Зарим үед нь би зээлийг нь төлдөг байсан. Миний цалин хүрэхгүй байгаа учраас нөхрийн цалингийн зээлийг миний нэр дээр шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч боломжгүй гэсэн. Мөн би голомт банкнаас нэмж зээл авах гэтэл нөхөр чинь найдваргүй зээлдэгч байна гээд болохгүй гэсэн. Надад бол нэмж зээл аваад төлөх арга зам байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн дагуу бодсон байх. Миний санал бол нэг дор тийм их мөнгө төлөх боломжгүй. Миний нэр дээр зээл нэмж гаргуулах л боломж байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00239 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан *******, Ж.Сэлэнгэ нартай байгуулсан 2017 оны 05 сарын 30-ны өдөр №130400444665 тоот зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******эс зээлийн гэрээний үүргийн төлбөр 8.614.376.98 төгрөгийг гаргуулж төрийн банк ХХК-ийн Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152786 /нэг зуун тавин хоёр мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 152786 /нэг зуун тавин хоёр мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

*******наас 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нөхөр ******* 10.454.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зээл авах үед заавал эхнэр чинь хамт гарын үсэг зурах ёстой гэж хэлүүлээд би очиж гарын үсэг зурснаар зээл гарсан. Уг мөнгийг нөхөр болох ******* авч Орхон, Булганы цахилгаан түгээх сүлжээ ОНӨХК-д өөрөөс учруулсан төлбөртөө өгсөн. Энэ зээлээс би нэг ч төгрөг аваагүйгээс гадна бидний гэр бүлийн амьдралд нэг ч төгрөг хэрэглэгдээгүй тул би 100 хувь хариуцан төлөх нь бүү хэл надад огт хамааралгүй асуудал юм. Хэрвээ ******* гэж энэ хүн огт байхгүй байгаа бол надаар 100 хувь төлүүлж болно. Гэтэл Ж.Чулуунбаатар ажилгүй л болсон болохоос биш өөрөө байсаар байтал надад хариуцуулж байгаа нь шударга бус боллоо. Би өмнө нь банканд хандаж зээлийг миний нэр дээр шилжүүлээд өгчих тэгвэл би төлөх үүрэг хүлээе гэдэг хүсэлт тавьж байсан боловч банк өөрөө зөвшөөрөөгүй. Тэгсэн мөртлөө шүүхэд хандаад ирэхээрээ надаас нэхэмжлээд байгааг гайхаж байна. Тийм болохоор би энэ зээлийг дангаараа хариуцан төлөх боломжгүй. Хэрэв шүүх намайг хамтран хариуцагч гэж үзэж байгаа бол зээлийн 50 хувийг төлүүлэхээр шийдвэрлэсэн бол шударга шийдвэр болох байсан гэж үзэж байна. Би өөрөө банкны зээлтэй учраас нэмж өөр зээлийг төлөх чадвар надад байхгүй. Тэрнээс гадна банкны нэхэмжилж байгаа 8.614.737 төгрөг нь хэдэн төгрөгийн үндсэн зээл хэдэн төгрөг нь хүү нэмэгдүүлсэн хүү байгаа нь тодорхой тооцоололгүй байхад шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бодлоор бол уг зээлийн гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 30-нд дуусгавар болох бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөр хүүгийн тооцоо хэд байсан гэдэг нь тодорхойгүй байна. Миний тооцоогоор нэхэмжлэл гаргах үед ******* нь үндсэн зээлд 3.582.968 төгрөг, хүүнд 4.651.036 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 58.743 төгрөг нийт 8.292.747 төгрөг төлсөн байхад яаж бодоод 8.614.737 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ 8.614.737 төгрөгийн хэд нь үндсэн зээл юм, хэд нь хүү нь юм, хүү нь хэдий хугацааны хүү юм, эсвэл 2020 он хүртэлх зээлийн хүү юм уу, шүүхэд хандсанаар хүү нь зогссон юм уу зогсоогүй юм уу гэдэг нь ойлгомжгүй тодорхойгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *******ны Орхон салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 8.614.736.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан *******, Ж.Сэлэнгэ нартай байгуулсан 2017 оны 05 сарын 30-ны өдөр №130400444665 тоот зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******эс зээлийн гэрээний үүргийн төлбөр 8.614.376.98 төгрөгийг гаргуулж төрийн банк ХХК-ийн Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 10 ны өдөр хүлээн авч, 01 дүгээр сарын 17 ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаар *******, Ж.Сэлэнгэ нарыг татсан байхад зөвхөн хариуцагч Ж.Сэлэнгэд холбогдуулан ажиллагаа явуулж, хариуцагч *******ыг шүүхэд дуудан ирүүлэх талаар ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэлийн хувийг гардуулж өгөөгүй, эрх үүрэг танилцуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1., 67.1.2., 72.1., 77 дугаар зүйлүүдийг зөрчжээ.

*******ны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нь төрийн банкны Орхон Баян-Өндөр тооцооны төвийн захирал Б.Батжаргал, харилцааны менежер Б.Бат-Орших нарт төлөөлөх итгэмжлэл олгожээ.

Итгэмжлэлд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд нэхэмжлэлээс татгалзахаас бусад бүх эрх, үүргийг эдлэх болно... гэжээ.

Гэтэл Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******ны Орхон салбараас 2019 оны 02 дугаар сарын 19 ний өдөр хүсэлт ирүүлжээ. Хүсэлтдээ Зээлдэгч *******ын нэр дээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно... гэснийг зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан..., нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол ...нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэжээ.

Шүүх дээрх хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ш.Сэлэнгийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ш.Сэлэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.786 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ш.Сэлэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.786 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР