Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Х.Цэвээнжав,

арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О-, хууль ёсны төлөөлөгч Г.З-,

шүүгдэгч Л.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Л-ийн А-од холбогдох эрүүгийн 00000000000000дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Л-ийн А- Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, иргэний бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хайрханы 0-000тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хайрханы 0 дүгээр гудамжны нийтийн байрны 000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Л.А- нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хайрханы 0 дүгээр гудамжны нийтийн байрны 000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй төрсөн хүү Д.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг.

 

1.Шүүгдэгч Л.А- мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би хүүхэдтэйгээ юм яриад сууж байгаад манай хүүхэд намайг архи уулаа гэж уурласан. Би хүүхэддээ өдий насны хүн чамаар би заалгах уу гэж хэлээд ууж байсан цайгаа асгах гэсэн боловч аяга гарнаас мултараад хүүхдээ ончихсон. Тухайн үед би хүүхэд рүүгээ аяга шиднэ гэж бодоогүй гэв.

 

2.Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О- мэдүүлэхдээ:

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би хичээлээ тараад гэртээ очиход ээж Л.А- гэртээ байхгүй байсан. Тэгээд байрны жижүүрээс ээжийг асуухад 101 тоотод байгаа гэж хэлэхээр нь би 101 тоотын өрөөнд ороод харсан чинь манай доод давхарт байдаг Х- гэх ахтай хамт манай ээж архи уугаад сууж байсан. Тэгээд ээж гэртээ орж ирээд над руу аяга шидэж миний зүүн талын хөмсгөнд гэмтэл учруулсан юм. Ээжээсээ нэхэмжлэх зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ үнэн зөв мэдүүлсэн гэв.

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.З- мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.О-ыг төрсөн ээж болох Л.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аяга шидэж хохирогчийн хөмсөг нь тус газарт гэмтэл учруулсан хэрэгт Сонгинохайрхан дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн хөгжлийн хэлтсийн нийгмийн ажилтан миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 16-ны хооронд энэ хэрэгт ажилласан. Энэ хугацаанд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэлтсийн байранд 00 дүгээр хорооны байцаагч Н.Б- хохирогч Д.О-аас 14 цаг 55 минутаас хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан эхний мэдүүлгийг авсан. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Д.О-аас дахин мэдүүлэг авсан. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 16 цагт хохирогчийн найз болох Н.Н-ээс мэдүүлэг авсан. Энэ хугацаанд хохирогчийг хэлтсийн байранд сэтгэл зүйчтэй уулзуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр одоог хүртэл ажиллаж байна. Шүүгдэгчийн том хүүгийн мэдүүлж байгаагаар “ээж нь архи ууж агсам тавих болгонд нь би гэрээс гараад явдаг” гэсэн байдаг. Хохирогч Д.О-ын хувьд одоогоор гомдол, саналгүй гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Л.А-той хэрэг болсны дараа уулзахад “бид бүхэн өмнө нь хүүхдээ бага байхаас нь зодож загнаад өсгөдөг байсан, ямар сүртэй юм” гэж хэлсэн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000000дугаартай хэргээс:

 

1.Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О- хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...Би ээж, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны Хайрханы 0 дүгээр гудамжны нийтийн байрны 000 тоотод түр амьдарч байгаа. Дээр анкетын хэсэгт өгсөн хаягт байдаг. Гэр маань шатаад ээж, ах бид гурав энэ нийтийн байранд амьдарч байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би хичээлээ тараад 14 цаг 30 минутын үед ээж рүүгээ залгасан чинь Х-гийнд байнаа гээд жаахан халамцуудуу ярьсан. 18 цаг 30 миунтын үед би гэртээ ороход манай ах Б- гэртээ ирчихсэн, ээж хаана байна гэхээр нь нийтийн байрны нэг давхарт Х-гийнд байна гэсэн гэхэд ах тэднийх рүү ороод ээжийг авчраад гэртээ оруулсан. Ах хоол идчихээд гараад явсан. Би ээжийг унтуулах санаатай унт гэхэд үгэнд орохгүй нэг жижиг шилтэй 0,33 гр архи гаргаад уух гээд байсан. Наадахаа ууж яах юм, унт гэхэд ээж талыг нь уучихаад талыг нь хая гээд загнаад байхаар нь би цонхоор гаргаад шидчихсэн юм. Ээж хоол идээд хэсэг байж байгаад унтахгүй байхаар нь унт гэж дахин шаардсан чинь өөдөөс үглээд, хашгираад, би та нараар унтахаа заалгах юм уу гээд агсрах маягтай орилоод байхаар нь би гадаа гараад жаахан тоглъё, ээж энэ хооронд унтчих байх гээд гутлаа өмсөх гээд тонгойж байтал нэг юм түс гээд явчихаар нь дээшээ өндийтөл миний нүд рүү шилэн улаан өнгөтэй аягаа шидэж, зүүн хөмсөг орчимд оноод цус гарсан. Би цусаа дараад ээжийг “та яаж байгаа юм” гэхэд “чи цагдаагаа дуудаа” гээд орилоод байсан. Толинд харсан чинь хөмсөгний орчим цус бага зэрэг гарсан, түүнийгээ би нойл орж угаачихаад буцаад гэртээ орж ирэхэд “өө миний хүү ээжийгээ уучлаарай” гээд байсан. Би 102 луу залгаж дуудлага өгсөн. Цагдаа над руу залгаад би гэрээ зааж өгснөөр цагдаа ирээд ээжийг саатуулж авч явсан. Манай ээж байнга архидан согтуураад байдаггүй, хааяа найзуудаа ирэхээр уудаг. Ах бид хоёрыг зоддоггүй, өмнө цагдаад дуудлага өгч байгаагүй. Энэ анх удаа юм. Биднийг ээж бага байхад аавтай амьдраад аав агсан согтуу тавиад байдаг байсан учир 102-т дуудлага өгөөд аавыг эрүүлжүүлдэг байсан тул би энэ өдөр ээжийг ингээд агсан тавиад байвал эрүүлжүүлэхэд хонуулаад маргааш нь авчихна гэж бодож байсан юм. Тийм үүднээс 102-т дуудлага өгсөн. Манай аав их архи уудаг хүн байсан. Ээжээс салаад нилээд олон жил болж байна. Манай ээж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг хүн бишээ, архи хаяа уухаараа агсан зантай хүн учир би ээжийнхээ занг мэддэг тул гараад явчихдаг юм. Тэгээд орж ирэхээр унтсан байдаг юм. Ээж ганцаараа ажил хийдэг, ах бид хоёрыг юугаар ч дутаадаггүй, ээжийн үүргийг сайн гүйцэтгэдэг. Манай ах тухайн өдөр гарч яваад гэртээ ирж хоноогүй, ээж бид хоёр л байсан. Энэ гэмтлийг ээж над руу аяга шидсэнээс болж учруулсан. Би ээждээ гомдолгүй, би ингэж хэрэг үүсэж арга хэмжээ авдаг гэж бодоогүй. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч Д.Б-ы хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Би гэрээрээ ээж , дүү хоёртойгоо хамт байгаад байдаггүй. Яг хэзээ өдрийг нь санахгүй байна. Ээж дүү хоёр муудалцдаг өдөр би гэртээ байж байгаад гараад явсан. Тэр өдөр нийтийн байрны Х-гийнх гэдэг айлд архи ууж байхаар нь би гэртээ оруулж ирээд гараад явсан. Дүү О- гэртээ ээжийн хамт үлдсэн. Би тэр өдөртөө гэртээ очоогүй, писи тоглоод гадуур хоносон. Маргааш нь дүү над руу хөмсөгний дээр шалбарсан зургаа явуулсан, би яасан юм гэж асуусан чинь надад юм яриагүй өнгөрсөн. Би дотроо ээжийг л ийм болгосон байна гэж бодсон. Манай ээж намайг сургуулиа хаячихсан учир уурлаад намайг харахаараа үглэж загнаад байдаг учир би гараад явчихдаг. Тэрнээс архи дарс байнга ууж дүү бид хоёрыг дарамталж хүчирхийлсэн зүйл байхгүй. Ээж надад хэлэхдээ барьж байсан аягаа ширээн дээр тавих гэтэл гарнаас нь мултраад аяга нь очоод дүүг оночихсон гэж ярьсан. Би өөрөө зөнгөөрөө дураараа 7 дугаар ангиа төгсөөд гарсан. Хэн нэгэн хүн намайг дарамталж, хүчээр сургуулиас гаргаагүй. Манай ээж архи уучихаараа жаахан тавтиргүй зантай болохоос бусдаараа сайн ээж. ...” гэх мэдүүлэг [2]

 

    3.Л.А-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дарханаас найз хүүхнүүд ирээд Цайз захын орчим нэг бааранд уулзаж амьдралынхаа болох болохгүй зүйлийг ярьж жаал уйлж, хоёр шил архи хувааж уучихаад гэртээ 17 цагийн үед ирсэн. Тэгээд сэтгэл санаа тавгүйрхээд байхаар нь нийтийн байрныхаа Х-гийнд орж жижиг 0,33 граммын архи хувааж ууж байтал том хүү намайг дуудаж гэртээ оруулаад яваад өгсөн. Гэртээ ортол бага хүү О- таныг уруу татаж архи уулгаад байгаа Х-г чинь ална шүү гэхээр нь ээж нь хүнд уруу татагдана гэж юу байхав, ээж нь өөрөө архи авч ороод уусан юмаа гээд хэлсэн чинь хүү уурлаад байхаар нь би гараад дэлгүүр орж 200 грамм Хараа архи авчраад түүнийхээ талыг уугаад талыг нь хүүдээ өгөөд энийг асга, ээж нь одоо боллоо гэхэд бага хүү уурлаад архийг авч асгаад, надад уурлаад байсан. Би ширээний ард ундаа ууж сууж байгаад ширээн дээр байсан ундааг аяганд хийж ууж байтал хүү амандаа юм хэлээд байхаар нь чи юу гээд байгаа юм гээд аягатай ундаагаа хий цацах гэтэл аяга гарнаас мултраад ширээнд цохигдон хүүг маань оночихсон юм. Хүүгийн маань зүүн хөмсөг нь зүсэгдэж цус гарсан. Би хүүдээ гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Би байнга архидан согтуурч, хүүхдүүдээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг хүн биш. Нөхөр маань 2004 онд хүү бид гурвыг хаяад өөр хүнтэй суусан. Тэрнээс хойш би хоёр хүүгээ тэжээж өсгөж, сургууль соёлд сургаж явж байна. Том хүү Б- 7 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Сурах сонирхолгүй гээд сурахгүй юм. Төв аймагт мэргэжил сургалтын төвд оруулаад мэргэжил эзэмшүүлэх гэхэд 1 сар сураад хаячихсан. Одоо хааяа машин угаалга, машин засварын газар ажиллаад байдаг, бага хүү О- 36 дугаар сургуулийн 9е ангид сурдаг, сурлага сайтай, зөв хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Цаашид хоёр хүүгээ аваад явахад хүндрэлтэй зүйл байхгүй, би өсгөөд явж чадна. Гэр маань шатаад одоо төрийн бус байгууллагаар гэр авахаар хөөцөлдөөд явж байна. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4572 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний дотор хэсэгт ташуу байрлалтай 1,3х0,3см зах ирмэг бус бага зэрэг ангайсан шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2018.04.05-ны ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт гэжээ.

Дүгнэлт:

1.2. Д.О-ын биед зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ц.Бадрал/...” гэсэн дүгнэлт [4],

 

5.Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, мэдээлэл [5], арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О-ын төрсний гэрчилгээний хуулбар [6], Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [7], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл  байдлын үнэлгээний маягт [8], Аюулгүй зэргийн үнэлгээний маягт [9], Д-ийн О-ын нас тоолсон тухай тэмдэглэл [10]

 

6.Шүүгдэгч Л.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [11], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [12], Л.А-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа [13], Л.А-ын өмчлөлд тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа [14], Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [15] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хайрханы 0 дүгээр гудамжны нийтийн байрны 000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй төрсөн хүү Д.О- руу аяга авч шидэн, зүүн талын хөмсөгт нь цохиж,  зүүн хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О- хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би хичээлээ тараад 14 цаг 30 минутын үед ээж рүүгээ залгасан чинь Х-гийнд байна гээд халамцуу  ярьсан. 18 цаг 30 миунтын үед би гэртээ ороход манай ах Б- Х-гийнхээс ээжийг авчраад гэртээ оруулсан. ...Би ээжийг унтуулах санаатай унт гэхэд үгэнд орохгүй нэг жижиг шилтэй 0,33 гр архи гаргаад уух гээд байсан. Наадахаа ууж яах юм, унт гэхэд ээж талыг нь уучихаад талыг нь хая гээд загнаад байхаар нь би цонхоор гаргаад шидсэн. ...унт гэж дахин шаардсан чинь өөдөөс үглээд, хашгираад, би та нараар унтахаа заалгах юм уу гээд агсрах маягтай орилоод байхаар нь би гадаа гараад жаахан тоглъё, ээж энэ хооронд унтчих байх гээд гутлаа өмсөх гээд тонгойж байтал нэг юм түс гээд явчихаар нь дээшээ өндийтөл миний нүд рүү шилэн улаан өнгөтэй аягаа шидсэн, зүүн хөмсөг орчим оноод цус гарсан. Би цусаа дараад ээжийг та яаж байгаа юм гээд хэлтэл чи цагдаагаа дуудаа гээд орилоод байсан. ...толинд харсан чинь хөмсөгний орчим цус бага зэрэг гарсан байсан....” гэх мэдүүлэг [16],

-Гэрч Д.Б-ы хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...дүү над руу хөмсөгний дээр шалбарсан зургаа явуулсан, би яасан юм гэж асуусан чинь надад юм яриагүй өнгөрсөн. Би дотроо ээжийг л ийм болгосон байна гэж бодсон. ...Ээж надад хэлэхдээ барьж байсан аягаа ширээн дээр тавих гэтэл гарнаас нь мултраад аяга нь очоод дүүг оночихсон гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг [17]

-Л.А-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...бага хүү О- таныг уруу татаж архи уулгаад байгаа Х-г чинь ална шүү гэхээр нь ээж нь хүнд уруу татагдана гэж юу байхав, ээж нь өөрөө архи авч ороод уусан юмаа гэсэн чинь хүү уурлаад байсан. ...би гараад дэлгүүр орж 200 грамм Хараа архи авчраад түүнийхээ талыг уусан. Тэгээд...би ширээний ард ундаа ууж сууж байгаад ширээн дээр байсан ундааг аяганд хийж ууж байтал хүү амандаа юм хэлээд байхаар нь чи юу гээд байгаа юм гээд аягатай ундаагаа хий цацах гэтэл аяга гарнаас мултраад ширээнд цохигдон хүүг маань оночихсон юм. Хүүгийн маань зүүн хөмсөг нь зүсэгдэж цус гарсан. Би хүүдээ гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [18],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4572 тоот дүгнэлт [19], Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [20], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл  байдлын үнэлгээний маягт [21], Аюулгүй зэргийн үнэлгээний маягт [22], арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О-ын төрсний гэрчилгээний хуулбар [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Харин арван зургаан насанд хүрээгүй гэрч Н.Н-ээс мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгчөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Г.З-ыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, тус гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасч тооцов. Учир нь дээрх хуульд зааснаар арван зургаан насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, төрөл садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулна гэж заасан, хууль ёсны төлөөлөгч гэдэгт төрсөн болон үрчилж авсан эцэг, эх байхаар заасан байхад ямар шалтгааны улмаас гэрчийн эцэг, эхийг бус, төрийн захиргааны ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан нь тодорхой бус, нөгөө талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гэрчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж мэдүүлэг авсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулах заалтыг зөрчсөн гэж үзэв.

 

Хууль зүйн дүгнэлт

            Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд Л.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн аяга шидэж арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасан ба, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл арван зургаан насанд хүрээгүй Д.О- нь төрсөн эх Л.А-од архи уулаа, архи уусан үедээ агсан согтуу тавьлаа гэсэн шаардлага тавихад шүүгдэгч Л.А- нь чи надад заах гэлээ гэсэн шалтгаанаар аяга авч шидэж хохирогчийн зүүн хөмсгийг сэтэлж, хөнгөн гэмтэл учруулсан байна. Тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нь шүүгдэгч Л.А- нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар насанд хүрээгүй хүүхдийнхээ дэргэд архийг хэрэглэх зэргээр зүй зохисгүй байдал гаргасан байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг тодорхойлсон байдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд төрүүлсэн хүүхэд хамаарахаар хуульчилсан.  

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О- нь шүүгдэгч Л.А-ын төрсөн хүүхэд болох нь төрсний гэрчилгээгээр тогтоогдсон ба, тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд  шүүгдэгч Л.А- нь төрсөн хүү Д.О- руу аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг заасан ба, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь  мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Л.А- нь төрсөн хүү Д.О- руу аяга шидэж зүүн талын хөмсөгт нь цохиж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Л.А-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Л.А- нь арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О-ын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хууль ёсны төлөөлөгч, арван зургаан насанд хүрээгүй хохирогч Д.О- нар нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор мэдүүлэхдээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн  тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Л.А- нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй боловч хөнгөн ял оноож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Л.А-од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.А- нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар урьд нэг удаа ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байсан байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршигийг арилгах талаар арга хэмжээ аваагүй зэргийг харгалзан Л.А-од 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Нөгөө талаас шүүгдэгч Л.А- нь эрхэлсэн ажилгүй, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлоготой эсэхийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй тул түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй байна.

 

3.Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Л.А-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 


[1] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 87-88 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 18-16 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 72 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 77 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 66 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 80-86 дугаар  тал.

[16] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 18-16 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 16 дугаар тал.