| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2502000320171 |
| Дугаар | 2025/ДШМ/1192 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/1192
2025 10 07 2025/ДШМ/1192
Б.Гд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл,
шүүгдэгч Б.Г,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1907 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2502000320171 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Замын-Үүд сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Б.Г нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй 0.08 /0,0850/ грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны ............ тоотод болох өөрийн гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа зиплок ууттай 0,0850 грамм цэвэр жинтэй мөсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эцэг Баярсайханы эрүүл мэндийн байдал муу байгаа бөгөөд би өрх толгойлсон эцэг, 1 охинтой. Мөн банкны 80 гаруй сая төгрөгийн зээлтэй зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...2024 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө А гэх манай урд талын орцонд амьдардаг охин залгаад манайд орж ирээд өвсийг хэрэглэсэн. Намайг “сорох уу” гэхээр нь би сорсон. Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад гараад явсан. Гэтэл Б над руу залгаад “Танайд очлоо” гэхээр нь би босоод гэрээ цэвэрлэж байтал манай гэрт үлдээсэн мөсийг нь олсон. Тэгээд би орж ирээд авах байх гээд куртикний халаасандаа хийсэн. Б “танай гэрийн гадаа ирчихлээ” гээд орж ирэхээр нь хаалгаа тайлтал цагдаа нарыг дагуулж орж ирсэн. Би баригдсан өдрөө мэдүүлэг өгөхдөө “Минийх биш, Агийнх, өмгөөлөгчтэй байцаалт өгнө” гэж хэлээд явсан. Дараа нь өмгөөлөгч аваад зөвшилцтөл “Минийх биш, Агийнх гээд олуулаа болох тусам хүндэрч, хүнд ял өгчих байх” гэж бодоод эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд "минийх" гэж хэлсэн. Тэгээд анхан шатны шүүх хуралдаанаар орж 3 жил 2 сарын хорих ял шийтгүүлсэн. Хэдийгээр хэрэглэсэн нь миний буруу ч хууль бусаар олж авч, хадгалсан гэж хорих ялаар шийтгүүлсэнтэй санал нийлэхгүй, эрх зүйн байдлыг минь хэт дордуулсан юм шиг санагдаж байна. Учир нь, хэрэгт нотлох баримтаар хадгалагдсан 0,08 грамм мөс минийх биш. Тийм учраас би А гэх охиноос мэдүүлэг авхуулмаар байна. Ямар зорилгоор намайг гэртээ байхад орж ирээд, надад хэрэглүүлсэн, улмаар буйдангийн завсраар хийж үлдээснийг мэдмээр байна. Намайг зохион байгуулалттайгаар уруу татаж, хэрэгт оруулсан мэт санагдаж байна. Би 2017 онд энэ зүйл ангиар 3 жилийн хорих ял авч, ялаа эдлэн гарч, муу хорт зуршлаасаа салахын тулд ажил хийж, аав, охин хоёроо асраад нийгэмшиж амьдарч байсан. Миний аав өндөр настай хүн байдаг бөгөөд хүнд хагалгаанд орж зүрхний систем тавиулсан. Би аавыгаа асарч хамгаалахаар 80 гаруй сая төгрөгийг банкнаас зээлж, эмчилгээнд нь тус дэм болох гэж эргэж тойрч байсан. Миний охин надтай амьдардаг ба ээж нь байхгүй тул одоо асран хамгаалах хүнгүй үлдсэн. Би амьдралынхаа бүхий л юмыг энэ зүйлээс болж алдаад байгаа тул надад маш их хэцүү байна. Хэдийгээр уруу татагдаж хэрэглэсэн нь миний буруу ч хууль бусаар олж авч, хадгалсан гэх зүйл ангиар ийм өндөр ял шийтгүүлсэн нь миний эрх зүйн байдлыг хэт дордуулсан тул Агээс мэдүүлэг авч, тухайн хар тамхины эзнийг үнэн зөвөөр олж тогтоож, миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Түүнчлэн, шийтгэх тогтоолын 5, 6 дахь заалтад “шүүгдэгч Б.Г нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй 0.08 /0,0850/ грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны 29 тоотод болох өөрийн гэртээ хадгалсан үйл баримт нь” гэж дүгнэсэн. Үйл явдал 2024 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө байтал намайг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хадгалаад хэрэглэж байсан юм шиг бичиж, намайг ялласан. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь талд “2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны ......... тоотод болох өөрийн гэртээ хадгалсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Улмаар шүүгдэгчийг олж авсан хадгалсан бодисоо тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжилгээний дүгнэлтэд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох нь эргэлзээгүй нотлогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ нь намайг энэ хугацаанд тасралтгүй хэрэглэж, хадгалсан мэтээр харагдуулж байна. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А гэх эмэгтэй орж ирсэн, тэр орой хэрэглэсэн болохоос удаан хугацаагаар хэрэглэж, олж авч хадгалсан зүйл байхгүй байхад ямар учраас ингэж дүгнэснийг шалгуулмаар байна. …” гэв.
Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Н гэх хүн манай гэрт орж ирсэн, орж ирээд миний халаасанд хийсэн” талаар мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагааг төөрөгдүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Гэтэл Н гэх хүн гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон тул хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн яриад байгаа хувийн байдалтай холбоотойгоор түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэхгүй. Урьд энэ төрлийн гэмт хэрэгт нэг удаа шийтгэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн хувийн байдалтай. Прокуророос урьд шүүхээр эрүүгийн хариуцлага оногдуулаад байхад дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, Монгол Улсын удмын санд нөлөөлдөг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн зэргийг харгалзан 3 жил 2 сарын хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүх энэ хэмжээгээр хорих ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмуудад нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс А гэх өөр этгээдийн талаар ярьж байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй бөгөөд өөр Н гэх хүнийг ярьж байсан тул тус тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие үйчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна. Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч болсон хэрэг явдлынхаа талаар үнэн зөвөөр мэдүүлгээ тогтвортой өгч мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй. Тэрээр гэмт хэрэгт холбогдсондоо чин санаанаасаа гэмшиж дахин мансууруулах төрлийн бодис огт хэрэглэхгүй байж ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгээ илэрхийлсээр байна. Ам бүлийн хувьд өсвөр насны охин болон өвчтэй аавтайгаа хамт амьдардаг бөгөөд олон арван сая төгрөгийн зээлтэй байна. Түүний хувьд аль болох бага хугацаагаар хорих ялаа эдэлж гарч ирээд охиноо өсгөж хүмүүжүүлэх, өвчтэй ааваа асрах явдал нэн чухал байгаа юм. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй, ухаарч ойлгосон байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлуудад хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Г нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй 0.08 /0,0850/ грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны .............. тоотод болох өөрийн гэртээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Б.Г яллагдагчаар өгсөн “...Би анх цагдаад баригддаг өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнөөс 2 хоногийн өмнө гэртээ их цэвэрлэгээ хийж байгаад буйдангийнхаа доороос зиплок ууттай мөс гэх нэршилтэй мансууруулах бодис олсон юм. Тэгээд гайхаад гэрээр ойрын үед орж гарсан найзуудаасаа тухайн мөсний талаар асуухад мэдэх хүн байгаагүй. Тэгэхээр нь олсон юм чинь гэж бодоод тухайн мөснөөсөө бага зэргийг хэрэглэсэн. Харин миний цагдаад баригддаг өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө найз Б “хонох газар байхгүй, танайд очоод хоночихъё” гэхээр нь зөвшөөрсөн. Б ирэхдээ цагдаа нартай цуг ирсэн. Цагдаа нар гэрт нэгжлэг хийнэ гээд надаас “мансууруулах бодис гэрт чинь байгаа юу, сайн дураараа гаргаж өгөх үү” гэхэд нь би өөрөө сайн дураараа мөсөө гаргаж өгсөн. Хэрэг болдог өдөр Б гэрт ирэхдээ цагдаа дагуулаад ирлээ гэж би ойлгосон. Тэгээд бодохдоо Бийг гэрт өмнө нь ирэхдээ мөсөө үлдээсэн болохоор хорлох гэж цагдаа дагуулж ирлээ гэж бодсон. Би Бийг хардаад өмнө нь худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Би буруу хардсан байна. Энэ хэрэгт Б болон Н гэх эмэгтэй хоёр ямар ч хамаагүй. Гэмгүй хүмүүсийг хэрэгт холбох гэж байсан байна лээ. Хэрэг болсон өдөр Б болон Н нар гэрт ирээгүй. Б өмнө нь манай гэрт ирж байсан. Н гэх эмэгтэй бол ирж байгаагүй. Би танихгүй. Өмнө ч уулзаж байгаагүй. Манай гэрт хэн мөс үлдээсэн эсэхийг таамаглаж байгаа хүн алга. Манай гэрээр найзууд, найзын найзууд гэх мэтчилэн олон хүмүүс гарч орж байсан. Хэн үлдээсэн байж болох талаар мэдэх зүйл алга. Манайд найз охин З ирэн, очин байдаг. ...” /хх 120/ гэсэн,
Г.Н-Эрдэнийн сэжигтнээр өгсөн “...Би Б.Г гэх хүнийг танихгүй. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н.Бтэй анх танилцсан. Бид хоёр найзуудаараа дамжуулж танилцсан ба 21 цагийн үед таван буудлын “Лазер” караокед 1 шил пиво уусан. Тухайн үед Бий утас дуугараад “за, за одоо гарлаа” гэснээ “хоёулаа Алтай хотхон орж найзаас пүүз аваадахъя” гэсэн. Би зөвшөөрөөд хамт Алтай хотхон руу явсан ба 22 цагийн үед очсон боловч лифтэнд суух гэж байхад цагдаа нар орж ирсэн. Цагдаа нар Бээс “найзынх чинь хаана юм” гээд найзыг нь дуудуулаад найзынх нь гэр лүү орсон. Би тэндээс явсан. Г гэр лүү тэр өдөр ороогүй. Тухайн өдрийн 22 цагийн үед л анх удаа харсан. Би тухайн өдөр мансууруулах бодис хэрэглээгүй, бусдад өгөөгүй. ...” /хх 47- 48/ гэсэн,
Б.Г сэжигтнээр өгсөн “...Б.Г нь манай найз юм. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н гэх эмэгтэйтэй танилцсан ба уг эмэгтэйн хамт орой 22 цагийн үед нэлээн согтуу Гд орох гээд Алтай хотхонд гэрийнх нь хаалганы гадаа очсон чинь үүдэнд цагдаа нар байсан. Цагдаа нар надаар Г дуудуулж гарч ирэхэд нь баривчилсан. Тэр өдөр тэдний гэрт цагдаа нартай л орсон. Өөрөөр Н бид хоёр тэднийд орсон асуудал байхгүй. ...” /хх 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №705 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г “2024.12.25” гэж хаягласан шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. “Б.Г “2024.12.25” гэж хаягласан шээснээс Метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна. ...” /хх 53-54/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №706 дугаартай шинжээчийн “...Шүүх шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нутаг бодисоос Метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг бодисын цэвэр жин 0,0850 грамм байна. ...” /хх 58-59/ гэсэн,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын шинжээчийн Б.Г нь 2024.01.02-2024.01.12-ны хооронд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Олон төрлийн сэтгэц идэвхт бодисын хэтрүүлэн хэрэглээ гэсэн өвчнөөр 1 удаа хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх байна. Б.Г нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Б.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Г нь мансууруулах бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” /хх 161-163/ гэсэн дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, нэгжпэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-12/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Г ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Г Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй 0.08 /0,0850/ грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны 29 тоотод болох өөрийн гэртээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Г “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Харин шүүгдэгч Б.Г нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаж байх тул шүүгдэгч Б.Гд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг багасгаж, өөрчлөх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Шүүгдэгч Б.Г нь “Шүүх сэтгэц эмгэг судлалын 598 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Г нь 2024.01.02-2024.01.12-ны хооронд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Олон төрлийн сэтгэц идэвхт бодисын хэтрүүлэн хэрэглээ гэсэн өвчнөөр 1 удаа хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх байна. ...” /хх 161-163/, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал нь хэдийгээр түүнд оногдуулах ял шийтгэлийг хуульд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл болохгүй хэдий ч хувийн байдалд хамаарах болохыг тэмдэглэв.
Харин шүүгдэгч Б.Г хувийн байдлын хувьд 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 12 настай Г.Ц /РД:УХ13252566/ буюу 18 насанд хүрээгүй хүүхэдтэй, ам бүл 2 болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд “...өрх толгойлсон эцэг, нэг охинтой. ...” гэсэн тайлбар гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгчийн хүүхэд хэний асрамж, хяналтад, хаана оршин суугаа эсэх нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална. ...” гэж тус тус заасны дагуу хүүхдүүдийн асрамжийн асуудлыг тухайн оршин суугаа газрын Засаг даргад хандан хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Б.Г охин Г.Ц асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална. ...” гэж заасны дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг тухайн оршин суугаа газрын Засаг даргад буюу Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар Б.Г шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1907 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...“Шүүгдэгч Б.Г охин Г.Ц асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг тухайн оршин суугаа газрын Засаг даргад буюу Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ