Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2019/00060

 

*******ын нэхэмжлэлтэй

хариуцагч *******ид холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00333 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ид холбогдох,

Гэм хорын хохиролд 8.758.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч О.Энхсаруул нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч О.Энхсаруул, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах ГОК гарден хотхоны урд талын авто зам дээр согтуугаар 70-33 ОРО улсын дугаартай КИА-5 маркийн авто машиныг жолоодон явсан жолооч ******* нь эсрэг урсгал сөрж зам чөлөөлж зогссон 36-50 ОРХ дугаартай ачааны машинаас бууж байсан намайг мөргөж баруун шилбэний шаант ясны дээд хэсгийн үе доторх далд хугарал, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, өвдөгний үеийн гадна хажуугийн холбоос болон булчингийн урагдал, үе дотор цус хуралт, баруун шилбэнд язарсан шарх, зүүн өвдөгний гадна тал 2 тооны зулгаралт, дух нуруунд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг гэмтэл учруулсан. Гэмтэл учруулснаас хойш одоо болтол ажлаа хийгээгүй. Байнга эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэж байна. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин гэж 999.000 төгрөг төлсөн. Листний мөнгийг хасаад цалингийн зөрүү болох мөнгийг төлсөн байгаа. Эрүүгийн хэргийн шүүх хэргийг хэлэлцэхэд эмчилгээний баримтаа гаргаж өгөөгүй учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. 2018 оны 06 дугаар сараас одоо хүртэл эмнэлэгт үзүүлэн тасралтгүй эм тариа авч эмчилгээ хийлгэж байгаа. Үүний зардлыг *******оос нэхэмжилнэ. Орхон аймгийн БОЭТ-д үзүүлэхэд гэмтлийн эмч Улаанбаатар хот руу явж үзүүл. Энд үзээд эмчилгээ хийлгэх боломжгүй байна гэсэн. Үүний дагуу Улаанбаатар хот руу 2018 оны 08 дугаар сарын 7-нд, 16-нд, 28-нд 3 удаа явахдаа машинд бензин хийж явсан. Учир нь автобусаар явах боломжгүй хүнээр өргүүлэн түшүүлэн ар талын суудалд хэвтэж явсан. 2018 оны 12 дугаар сард 2 удаа Улаанбаатар хот явж үзүүлсэн. Замын зардалд 239.000 төгрөг. Эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 785.700 төгрөг. Баримтаар ийм зардал гарсан гэж байгаа боловч баримтгүй маш их зардал гарсан. Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхдээ 1-2 өдөр болдог. Улаанбаатар хот дотор нааш цаашаа автобусаар явна. Эмнэлэгт үзүүлчхээд өдөржин юм идэхгүй явна гэж байхгүй хоол унд, ойр зуурын нойтон сальфитик гэх мэтээр баримтгүй маш их зардал гардаг. Би гэртээ ганцаараа ажил хийдэг. Бага насны 3 хүүхэдтэй, цалингийн зээлтэй, эмчилгээний зардал байнга гарч байгаа нь манай гэрийн санхүүд маш хүндээр тусч байна. Орхон АЗЗА ХХК-нд замчнаар 650.000 төгрөгийн цалин авдаг байсан. Би 8 сард группэд орсон. Эрүүл саруул ажил төрлөө хийгээд явж байсан бол банкны зээлээ дараад гэр бүлийнхэн минь хүртэл санхүүгийн асуудалгүй байх байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр УБ СОНГДО эмнэлэгт үзүүлэн МРI зураг авахуулахад өвдөгний зөөлөн эд тасарсан байна. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж өвдөгний зөөлөн эдний хагалгаанд ороорой гэсэн. Хагалгааны төлбөр нь 3.000.000 төгрөг. Мөнгөгүй улмаас өдий хүртэл хагалгаанд орж чадалгүй байж байна. *******ийг сайн дураар эмчилгээний зардал эм тарианы мөнгийг өгчих байх гэж хүлээсэн. ******* нь эрүүгийн шүүх хуралдаан болох хүртэл холбоотой байж байгаад тэрнээс хойш холбоогүй болсон. Утас руу нь залгахаар утсаа авдаггүй. Хурдан эрүүл саруул болчих юм бол ажил төрлөө хиймээр байна. Улаанбаатар хот руу ирж очсон тээврийн зардалд 239.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 785.700 төгрөг, бусад зардалд 500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.250.000 төгрөг, өвдөгний зөөлөн эдний хагалгааны төлбөр 3.000.000 төгрөг нийт 7.774.700 төгрөгийг *******оос гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид нэхэмжлэгчид байнга мөнгө, төгрөг өгч байсан. Нэхэмжлэгчийг хагалгаанд орох гэж байгаа гээд утсаар ярихад нь эрүүл мэндийн даатгал төлдөг юм чинь заавал хувийн эмнэлэг гэхгүй улсын эмнэлэгт үзүүлж хагалгаанд орж болдоггүй юм уу гэхэд улсын эмнэлэг хагалгаанд орох шаардлагагүй гэсэн тул би хувийн эмнэлгээр явж байгаа гэж ярьсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сард 3 удаа Улаанбаатар хот явж байсан гэж байгаа боловч 8 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хурал Орхон аймагт болж нэхэмжлэгч тус шүүх хуралд орсон. Шүүх хурал болохоос өмнө огт Улаанбаатар явж байгаагүй. Бид нарыг байнга дуудаж, бид эмнэлэг рүү хүргэн өгч боолт хийлгүүлж, эм тариа авч өгөөд гэрт нь буцаагаад хүргэж өгдөг байсан. Мөн хариуцагч ******* нэхэмжлэгч *******т 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу битүүний өдөр сар шинэ болж байгаа учир 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие *******оос ажилгүй байсан хугацааны цалин 3.250.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь 10, 11, 12, 1, 2 дугаар сарууд юм. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 6, 7, 8 дугаар сарын цалингийн зөрүү гэж 990.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. 9 сарын листны зөрүү 330.000 төгрөг, 3 сарын цалин болох 650.000 төгрөг нийт 980.000 төгрөг, өвчин намдаах эмийн 3.800 төгрөг, 983.800 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд нийт 8.758.500 төгрөг болсон үүнээс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 300.000 төгрөгийг хасч 8.458.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Миний бие өндөр насны тэтгэвэрт байдаг. Тэтгэврийн зээл авч хохирлын мөнгө төлсөн. Эрүүгийн шүүх хурал болоход 1.156.446 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 300.000 төгрөг тус тус төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зөрүү төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд 3.000.000 төгрөгийг төлнө бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00333 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч *******оос 6.109.853 /зургаан сая нэг зуун есөн мянга найман зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.348.647 /хоёр сая гурван зуун дөчин найман мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч *******оос 112.708 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч О.Энхсаруул нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд нийт 8.758.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх онош тодруулах, эм, эмчилгээний төлбөр, нотариатын зардал, унааны төлбөрт нийт 960.920, мэс заслын төлбөрт 3.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.648.933 төгрөг, нийт 6.109.853 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс онош тодруулах, эм, эмчилгээний төлбөр, нотариатын зардал, унааны төлбөрт нийт 960.920 төгрөг, мэс заслын төлбөрт 3.000.000 төгрөг нийт 3.960.920 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь баруун өвдөгний үеийн дурангийн мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай эсэх, тус мэс заслыг улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар хийлгэх боломжтой эсэх, хэрэв хагалгааг улсын эмнэлэгт хийлгэх боломжтой бол хэдэн төгрөгийн төлбөр гарах эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. Хуульд зааснаар нэхэмжлэгч өөрийн гаргасан зардлыг гэм хор учруулснаас үүссэн зайлшгүй зардал гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлж, зайлшгүй зардал гэдэг нь тогтоогдсон тохиолдолд шүүх уг нэхэмжлэлийг хангах ёстой. Нэхэмжлэгч өвдөгний хагалгаа хийлгэх зардал гэж 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Уг зардлыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Сонгдо эмнэлгийн эмч М.Тэмүүлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хагалгаа хийх шаардлагатай гэх баримтыг гаргаж өгсөн. Дээрх баримт нь нэхэмжлэгчид зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай гэдгийг бүрэн нотолсон, тогтоосон баримт биш, эргэлзээтэй байсан учир хариуцагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд зохигчдын мэтгэлцэх эрхийн талаар зохицуулсан бөгөөд зохигчид нэхэмжлэл, татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа гаргаж, тайлбар гаргаж мэтгэлцэхээр заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар зохигчид гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах эрхтэй талаар заасан. Хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагатай асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан ойлголтонд хамааралгүй гэж хангахаас татгалзсан нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн эмчлүүлэгчийн дэвтрийг шүүх хуралдаанд судлахад өвдөгний хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай талаар эмчийн эмчийн заавар байдаггүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд шүүгчийн асуусан асуултанд ...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч өвдөгний хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай гэж хэлдэггүй... гэж хариулсан. Нэхэмжлэгч 3.000.000 сая төгрөгийн хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг бүрэн нотлоогүй, хэрэв хагалгаа хийх шаардлагатай бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтны хувьд Улсын эмнэлгээр хийлгэхгүй, заавал өндөр төлбөр бүхий хувийн эмнэлгээр хийлгэнэ гэдгээ нотлохгүй, уг байдлыг нь тодруулахаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд улсын эмнэлгийн эмч хагалгаа хийлгэх шаардлагагүй гэж гэж тайлбарлаад байхад үндэслэлгүйгээр 3.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн Хаан банкны дансруу шилжүүлсэн ба нэхэмжлэгч нь маргадаггүй болно. Хариуцагчийн зүгээс эм тариа, эмчилгээний төлбөрийг цаг тухай бүрт нь шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас Улаанбаатар хотруу явж онош тодруулах, эм, эмчилгээний төлбөр, нотариатын зардал, унааны төлбөрт нийт 960.920 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00333 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, онош тодруулах, эм, эмчилгээний төлбөр, нотариатын зардал, унааны төлбөрт нийт 960.920 төгрөг, мэс заслын төлбөрт 3.000.000 төгрөг нийт 3.960.920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос гэм хорын хохирол 8.758.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Гок гарден хотхоны урд талын авто зам дээр хариуцагч ******* нь согтуугаар 70-33 ОРО улсын дугаартай киа-5 маркийн авто машиныг жолоодон яваад эсрэг урсгалд зам чөлөөлөн зогсож байсан ачааны авто машинаас бууж байсан *******ыг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт болон Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоол зэрэгт үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа иргэн *******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар магадлалаар нотлогдон тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь шийтгэх тогтоол гарсны дараа эмчилгээ хийлгэсэн эмчилгээний зардалд 789.500 төгрөг, Улаанбаатар хот руу явсан, ирсэн зардалд 239.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, группийн зөрүүнд 4.230.000 төгрөг, өвдөгний үеийн зөөлөн эдийн хагалгаа хийлгэх төлбөр 3.000.000 төгрөг, нийт 8.758.500 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч ******* нь цалингийн зөрүүг төлөхөд татгалзахгүй, эм тарианы зардлыг өмнө нь өгч байсан, Улсын эмнэлэг өвдөгний үений зөөлөн эдийн хагалгаанд орох шаардлагатай гэж үзээгүй байхад өөрөө хувийн эмнэлэгт үзүүлж өвдөгний зөөлөн эдийн хагалгаанд орох 3.000.000 төгрөг нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын талаар зөвшөөрөхгүй маргаж буй татгалзлаа нотлох баримтаар няцааж, өөрийн гэм буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос өвдөгний зөөлөн эдийн мэс засал хийлгэхэд гарах зардлыг нэхэмжлэх эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн эмчилгээний болон унааны зардал 960.920 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин группийн зөрүү 2.648.933 төгрөг,эмчилгээ хийлгэх зардал 3.000.000 төгрөг, нийт 6.109.853 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв Иргэний хуульд нийцжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч О.Энхсаруул нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч О.Энхсаруул нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.330 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ