Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2019/00061

 

 

Цогзол финанс ББСБ-ын нэхэмжлэлтэй

хариуцагч Хоёрмөнх зул ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00245 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Цогзол финанс ББСБ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хоёрмөнх зул ХХК-д холбогдох,

72.923.313 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Н.Жамъян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, Ж.Сангичимаа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Цогзол финанс ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хоёрмөнх зул" ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхтуяа нь 2015 онд манай ББСБ-аас 30.000.000 төгрөгийг мөн эргэлтийн хөрөнгөндөө зориулан зээлж, зээлийг гэрээний хугацаанд нь төлж барагдуулсан байсан тул бид Хоёрмөнх зул" ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхтуяад зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд Н.Мөнхтуяа /үндсэн зээлдэгч/, хамтран зээлдэгч У.Мөнх-Од нарт 40.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4.0 хувийн хүүтэй зээлийг Орхон аймгийн Хүрэнбулаг баг, Уртцагааны Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох павильоныг газрын хамт, мөн 00-42 ОРО улсын дугаартай бенз спринтер 211 сидия маркийн микробус суудлын зориулалттай автомашиныг тус тус барьцаалан, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №032/16 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон. Зээлийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой байсан. Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг зохих хууль журамд нийцүүлэн, талуудын тэгш эрхийн үндсэн дээр, харилцан тохиролцож байгуулан, нотариатаар батлуулан, барьцааны гэрээг /үл хөдлөх хөрөнгийн/ хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээл олгосноос хойш зээлдэгчид нь нийт 9.450.020 төгрөгийн хүү төлсөн, үндсэн зээл төлөөгүй. Зээлийн хугацаа дуусахаас өмнө, мөн зээлийн хугацаа дууссаны дараа ч зээлдэгч нар руу манай байгууллагын зүгээс удаа дараа ярьж, биечлэн уулзаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж, мэдэгдэл өгөх зэргээр шүүхийн бус замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрэлгүй өдий хүрч байгаа тул гэрээнд заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот барьцаат зээлийн гэрээнд зааснаар Хоёрмөнх зул ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мнхтуяа, хамтран зээлдэгч У.Мөнх-Од нарын барьцааны үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Уртцагааны Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох 2638665 регистрийн дугаартай, Ү-2101009500 үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай павильон, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Галерей дотор байршилтай нэгж талбарын 18430433544318 дугаартай газар, 00-42 улсын дугаартай бенз спринтер 211 СИДИАЯ маркийн микробус суудлын автомашины буюу барьцааны эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс зээлийн гэрээний үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 13.803.313 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 944.000 төгрөг нийт 54.747.313 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 08 сарын 01-ний өдөр Нацагдорж овогтой Мөнхтуяа миний бие Ундрах овогтой Мөнх-Одтой хамтарч Цогзол финанс ББСБ-тай 40,0сая төгрөгийг /Дөчин сая/ сарын 4,0 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн барьцаанд миний "Хоёрмөнх зул" ХХК-ний хүнсний дэлгүүр У.Мөнх-од нь герман улсад үйлдвэрлэсэн шинэ 8-н хүний суудалтай микро автобусыг тус тус тавьсан болно, Уг зээлийн гэрээнд хэдийгээр би хамтран зээлдэгчээр оролцсон боловч У.Мөнх-од, н.Отгонхүү нар цуг ирж зээлсэн мөнгө бүгдийг нь буюу 40.000.000 төгрөгийг Цогзол финанс" ББСБ-н байранд тухайн өдөр нь эдийн засагч М,Мөнхцэцэгийн дэргэд тоолж торонд хийгээд аваад гарсан юм. Тухайн зээлийг намайг барьцаа хөрөнгөтэй болохоор У.Мөнх-од, н.Отгонхүү нар удаа дараа гуйгаад байхаар нь зөвшөөрч зээлдэгчээр орж өгсөн болно. Өмнө нь 2015 -2016 онуудад У.Мөнх-од, Н.Отгонхүү нар нь миний барьцааг мөн тавиулж 30.000.000 / гучин сая/ төгрөгийг 4,0 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, Цогзол финанс" ББСБ-аас зээлж аваад ямар ч маргаангүй төлж дуусгасан байсан учир би итгэж дахин зээл авахад нь тусалсан юм аа. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр М.Мөнхцэцэг нь У.Мөнх-од, н.Отгонхүү 2 зээлээ төлөхгүй байна би ийм мессэж бичиж явууллаа гээд над руу тэр мессэжээ илгээсэн байсан, тэр өдрөөс хойш У.Мөнх-Од, н.Отгонхүү хоёрыг хайж байгаад 09 сард н.Отгонхүүтэй холбогдоход үндсэн зээл болон хүүгээ төлж бараг дуусаж байгаа жаахан хүүний үлдэгдэл тооцоотой удахгүй түүнийгээ цэгцлээд чиний барьцааг чөлөөлж авч өгнө гэж хэлсэн. Тийм учраас 54.747.313 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. У.Мөнх-Од, н.Отгонхүү нарт зээлийн төлбөрийн баримтууд нь байгаа гэж ойлгож байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь У.Мөнх-Одын өмчлөлийн шинэ герман микро автобус зах зээлийн үнэ нь 50.000.000 төгрөг болох учир У.Мөнх-Одын автомашинаар зээлийн төлбөрийг бүрэн хаах боломжтой юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Цогзол финанс ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Хоёрмөнх зул ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот зээлийн гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №032/16 тоот барьцааны гэрээний үндсэн дээр 40.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээл авсан. Зээл олгосноос хойш зээлдэгч нь нийт 9.450.020 төгрөгийн хүү төлсөн, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Цогзол финанс ББСБ нь 2017 оны 10-р сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш цаг хугацаа өнгөрсөөр 284 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацааны үндсэн хүү 15.146.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.029.333 төгрөг, нийт 18.176.000 төгрөгийг үндсэн нэхэмжлэл дээрээ нэмж нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг Урт цагааны Оюу төвд байршилтай, 58 метр кв талбайтай Ү-2101009500 үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай, Павильон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг Галерей доор байршилтай, нэгж талбарын 18430433544318 дугаартай газар болох барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн нэхэмжилж буй зээлийн гэрээнд хэдийгээр манай компани хамтран зээлдэгчээр оролцсон боловч У.Мөнх-Од, Г.Отгонхүү нар цуг ирж зээлсэн мөнгө бүгдийг нь буюу 40.000.000 төгрөгийг Цогзол финанс ББСБ-ийн эдийн засагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэгийн дэргэд тоолж торонд хийгээд аваад гарсан юм. Тухайн зээлэнд намайг барьцаа хөрөнгөтэй болохоор У.Мөнх-Од, Г.Отгонхүү нар удаа дараа гуйгаад байхаар нь би зөвшөөрч зээлдэгчээр орж өгсөн болно. Намайг ганц ч төгрөг аваагүйг Цогзол финанс ББСБ-ийн эдийн засагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг сайн мэдэж байгаа. Гэтэл 2017 оны 06 сарын 28-ны өдөр М.Мөнхцэцэг нь надруу У.Мөнх-Од, Г.Отгонхүү хоёр зээлээ төлөхгүй байна, тэгээд би тэр 2 луу мессеж илгээлээ гээд надруу мессэж явуулсан. У.Мөнх-Од, Г.Отгонхүү нартай холбогдоход үндсэн зээл болон хүүгээ төлж бараг дуусаж байгаа жаахан хүүний үлдэгдэл тооцоотой, удахгүй түүнийгээ цэгцлээд чиний барьцааг чөлөөлж аваад өгнө гэж хэлсэн. У.Мөнх-Од, Г.Отгонхүү нарт зээлийн төлбөрийн баримтууд нь байгаа гэж ойлгож байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00245 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Цогзол финанс ББСБ-ийн гаргасан 72.923.313 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680.517 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг давж заалдсан гомдолдоо:

Цогзол Финанс ББСБ ХХК нь хариуцагч Хоёрмөнх Зул ХХК-ний захирал Н.Мөнхтуяатай зээл, барьцааны гэрээ байгуулж зээл олгохдоо: МУ-ын Иргэний хуулийн 15-р бүлэгт заасан гэрээний чөлөөт байдал, төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш, үүргийн гүйцэтгэл, хугацаа, урьдчилан сануулах, гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасныг үндэслэн тус хуулийн 42.2, 282.4, 451.1, 452.2, 453.1-дэх хэсэгт зааснаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, хариуцагчид 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн зээлийг бэлэн мөнгөөр хууль, дүрэм журамд заасны дагуу ОЛГОСОН. / Хавтас хэрэгт энэ талаар хангалттай нотлох баримт байгаа./ Нэхэмжлэгч "Цогзол Финанс ББСБ ХХК-аас 2016-08-01 ний өдөр хариуцагч Хоёрмөнх-Зул ХХК-ний захирал Н.Мөнхтуяа нь авсан зээл, зээлийн хүүгээ гэрээний дагуу эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, үүргийн гүйцэтгэлээ хангахгүй болсны улмаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т заасны дагуу арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгээд, 2019 оны 02 сарын 07-ны өдрийн хурлаар шийдвэрлэж, №142/1111112019/00245 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь хэт нэг талыг барьж хариуцагч Н.Мөнхтуяагийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 д зааснаар хэргийн оролцогч бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, 25.1-д зааснаар хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 38.4 т заасан заалтуудыг зөрчиж байгаа талаар нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт цугларсан тодорхой нотлох баримтанд тулгуурлан тайлбар хийж шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд харилцан мэтгэлцсэн боловч хариуцагчийн талд ашигтай байдлаар шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Зөвхөн түүний шүүхэд худал хэлсэн мэдүүлгийг үндэслэл болгож шүүхийн шийдвэрийг гаргасанд гомдолтой/ байна. Нэхэмжлэгч Цогзол Финанс ББСБ нь хуулийн этгээд Хоёрмөнх Зул ХХК болон хувь хүн У.Мөнх-Од нартай зээлийн гэрээ байгуулсан байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг 2 этгээдтэй байгуулж, Н.Мөнхтуяа компанийг төлөөлж гарын үсэг зурсан боловч зээлийг У.Мөнх-Од авч хэрэглэсэн, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан байна гэж дүгнэх үндэстэй гэх зэргээр хэрэгт ямар ч нотлох баримтгүй, зээл, барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй хүмүүсийг зээлийн гэрээ байгуулж бэлэн мөнгийг хүлээн авсан мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийг хангахаас татгалзсан шийдвэр гаргаж байгааг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2-р сарын 27 ны өдрийн 142/ШШ2019/00245 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэжээ. Гэтэл ийнхүү хариуцагч Хоёрмөнх зул ХХК-ийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч мөнгийг Мөнхтуяад бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байна.... гэжээ. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчээс хариуцагч Мөнхтуяад бэлнээр өгсөн мөнгөний баримтаа нотариатаар баталгаажуулсан хуулбар, мөн шүүх хуралдаанд зээлийг бэлнээр өгсөн мөнгөний баримтаа эх хувиар нь судлуулсан байхад үүнийг огт анхаараагүй, мөн энэхүү баримтанд зээлийг буюу бэлэн мөнгө авсан баримтанд Мөнхтуяа гарын үсгээ зурж, Хоёрмөнх зул ХХК-ийн тамга дарсан байхад энэхүү гол нотлох баримтыг огт үнэлээгүй хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үндэслэлтэй үнэлж дүгнээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...2 зээлдэгчийн хувьд чухам хэнийх нь өмчлөлд зээлийг шилжүүлж, үүрэг хүлээснийг тогтоох шаардлагатай, маргаантай байгаа энэ нөхцөлд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу хариуцагчийн дансанд гүйлгээ хийгдээгүй байх тул зээлийг олгосонд тооцох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.... гэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаар зээл авахыг Хоёрмөнх зул ХХК-ийн захирал н.Мөнхтуяа хүсэж, зээл авах тухай хүсэлт гаргасан, мөн зээлийн барьцаанд газар, болон үл хөдлөх хөрөнгөө тавьж барьцаалсан, зээл болох 40.000.000 төгрөгийг хүлээн авч, гарын үсэг зурж тамга дарсан байхад шүүх ...2 зээлдэгчийн хувьд чухам хэнийх нь өмчлөлд зээлийг шилжүүлж, үүрэг хүлээснийг тогтоох шаардлагатай, маргаантай байгаа... гэсэн нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №142/ШШ2019/00245 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Цогзол Финанс ББСБ нь хариуцагч Хоёрмөнх зул ХХК, У.Мөнх-Од нараас зээлийн гэрээний үүрэгт 72.923.313 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Хоёрмөнх зул ХХК-ийн захирал Н.Мөнхтуяа нь У.Мөнх-Од, н.Отгонхүү нарын гуйлтаар өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалж 40.000 000 төгрөгийн зээл авч өгсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Цогзол финанс ББСБ нь хариуцагч Хоёрмөнх зул ХХК болон У.Мөнх-Од нартай №032/16 тоот зээлийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулж 40.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж зээлийн барьцаанд Орхон аймгийн Хүрэн булаг баг Уртцагааны Оюут төвд байршилтай павилон газрын хамт, мөн 00-42 оро улсын дугаартай бенз спринтер 211сидия маркийн суудлын зориулалттай микро авто бус машиныг тус тус барьцаалсан үйл баримт тогтоогдож талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Цогзол Финанс ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа У.Мөнх-Одыг хамтран хариуцагчаар татсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хаана байгаа нь тодорхойгүй учраас эрэн сурвалжилж Япон улсын хилээр нэвтэрч гарсан болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд хамтран зээлдэгч болох У.Мөнх-Од нь Япон улс руу 2017 оны 06 дугаар сард гарсан болох нь тогтоогдсон ба харин үндсэн зээлдэгч Хоёрмөнх зул ХХК-ийн захирал Ц.Мөнхтуяа оршин суух хаягтаа байгаа тул хариуцагч У.Мөнх-Одыг хариуцагчаар татсанаа Монгол улсын хилээр гарсан хэзээ ирэх нь тодорхойгүй үндэслэлээр татгалзаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 97 дугаар захирамжаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд нэхэмжлэгч хариуцагчаас татгалзах тухай тусгайлсан зохицуулалт байхгүй хариуцагч У.Мөнх-Од үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас./ 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 794 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь хариуцагч У.Мөнх-Одыг хилээр гарсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан байх тул хариуцагч түүний өмгөөлөгч нарын хариуцагч У.Мөнх-Одыг Япон улсаас дуудан ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа захирамжийн 4 дэх заалтанд нэхэмжлэгч нь хариуцагч У.Мөнх-Одыг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн зэрэг нь хоорондоо зөрчилтэй болжээ. / хх 152-155 тал /

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 993 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн У.Мөнх-Одын эд хөрөнгө эзэмших эрх ашиг сонирхол хөндөгдсөн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөх тул гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг мөн татгалзаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн эдгээр захирамжуудаас үзэхэд шүүх У.Мөнх-Одыг хариуцагчаар оролцуулахаас нэхэмжлэгч татгалзах хуулийн зохицуулалт байхгүй хариуцагчаар оролцуулах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа, нэхэмжлэгч нь хариуцагчаас татгалзсан болохыг дурдаж, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь У.Мөнхболдын эрх зүйн байдлыг үндэслэлтэй зөв тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орхигдуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй, / иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3., 29 дүгээр зүйлийн 29.3.-т заасныг зөрчсөн, У.Мөнхболдын эрх зүйн байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 522.567 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ