Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 608

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч М.Сансарсайхан /томилолтоор/,

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О-ийн Б-ид холбогдох эрүүгийн 0000000000000дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б овгийн О-ийн Б- Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошууны 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Зэвсэгт хүчний 000 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаа, урьд ял шийтгэлгүй, 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Х баарны гадаа О.Б-ийг шалтгаангүйгээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-аас мэдүүлэхдээ: Би 4 найзтайгаа хамт “Х” гэх бааранд орсон. Тэгээд тухайн баарнаас гарах үед баарны гадна манай найз бөөлжөөд сууж байхад хохирогч гэх залуу над дээр ирээд “утсаа өгч бай” гэхээр нь би байхгүй гэж хэлэхэд хохирогч надаас дахин “утсаа өгч бай, ганц яръя” гэхээр нь би “байхгүй” гэж байна гэтэл О.Б-э “ямар том банди вэ” гэж хэлээд намайг цохисон.  Намайг цохихоор нь би зөрүүлээд О.Б-ий нүүр рүү нь хоёроос гурван удаа цохисон. Энэ үед манай найзууд гараад ирсэн чинь О.Б-э зугтаагаад явсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000000000000дугаартай хэргээс:

 

1. Хохирогч О.Б-ий хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд найз Г-той 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр уулзсан 21 дүгээр хороололд байдаг “Х” нэртэй караоке бааранд орж пиво захиалчихаад буцаад гарч тамхи татаад зогсож байтал үүдэнд нь хоёр залуу муудалцаж байсан. Манай найз Г- салгасан чинь надаас ялимгүй өндөр нуруутай туранхай биетэй шар царайтай дэлдэн чихтэй залуу ирээд муудалцсан. Тэгээд караоке баарны үүднээс зугтаад “Х” төвийн  хажуугаар яваад нэг цэцэрлэгт орж суусан. ...Г- бид хоёр дөрвөн залууд баригдсан чинь караоке баарны үүдэнд надтай муудалцсан залуу миний нүдний доор юмаар цохичих шиг болсон. Миний нүүрнээс цус гарах үед би нүд сохорчихлоо гэж  хэлтэл тэд нар зугтсан. Хамт явсан махлагдуу залууг нь барьж аваад цагдаад дуудлага өгч өргөдөл гаргаж өгсөн. Г- бид хоёр тамхи татаад үүдэнд нь зогсож байсан чинь 2 залуу муудалцаад байхаар нь салгасан чинь муудалцаж эхлээд л тэгээд зодоон болсон. Тухайн үед зодуулж байх үед Г-ын түрүүвч надад байсан гэж бодсон чинь сүүлд машины суудал доороос түрүүвчтэй мөнгө гадаад паспортоо бүрэн бүтэн олсон байгаа. Одоо харин зодуулсандаа л гомдолтой байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн №48694 дугаартай дүгнэлтээр гарсан дээрхи бүх гэмтлийг надтай маргалдаж байхдаа миний нүүр лүү цохисон шар царайтай дэлдэн чихтэй туранхай залуу зодож учруулсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Толгойны зураг 120.000 төгрөгөөр авахуулсан, үүнийгээ авчихвал гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Хохирогч О.Б-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дахин мэдүүлсэн “...Намайг зодсон гэх залууг би огт танихгүй. Өмнө таарч байгаагүй тул бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал болж байгаагүй. Тухайн үед би нүдний КТГ-т 120.000 төгрөгөөр харуулж байсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Надад одоо ямар нэгэн баримт байхгүй тул 120.000 төгрөгөө авчихвал өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо Өмнгө говь аймгийн Даланзадгад суманд ус зайлуух шугамын ажил хийж байгаа тул 2018 оны 11 сар хүртэл хотод орж ирэхгүй, би өөрийн биеэр шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [2]

 

            3. Гэрч Г.Г-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо “Х” бааранд Б-, Н- нарын хамт ороод 4-5 шил 0,5 л пиво авч уугаад бүжиглэж байхад тэр хоёр тамхи татлаа гээд гараад явсан. Би хэсэг бүжиглэж байгаад араас нь гартал Б-, Н- хоёр нэг залуутай зодолдсон бололтой байсан. Би тэр залууг нь дуудаад хоёулаа уулзъя гээд “Х” баарны ард талд дагуулж очоод уучлаарай “манай найз нарын буруу цагдаа дуудаад яах юм бэ” гэж хэлсэн. Би уг зодуулсан гэх залууд 30.000-40.000 төгрөг өгөх гэж байтал тэр залуугын найз нь гэх нэг залуу ирээд “миний хэтэвч алга болсон байна би цагдаа дуудна” гээд цагдаа дуудсан. Тухайн үед хэтэвчээ алга болгосон гэх залуутай хамт зодоон болсон гэх газарт нь хэтэвчийг нь хайхаар очих үед цагдаа нар ирсэн байсан. Би зодоонд огт оролцоогүй, намайг бааранд бүжиглэж байгаад гараад ирэхэд зодоон болоод дууссан байсан. Цагдааг ирэх үед манай найзууд байхгүй байсан тул намайг найз нарыгаа олж өг гээд цагдаагийн хэлтэс дээр аваачиж эрүүлжүүлсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан тул Б-, Н- нарын биед ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг анзаарч хараагүй. Зодуулсан гэх залууг цагдаа дээр ирээд харахад нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэр зодуулсан гэх залууг би огт танихгүй. ...” гэх мэдүүлэг [3],

 

            4. Гэрч Г.Н-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын эхээр байсан байх, найз Б-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр буудлын хажууд байдаг “Х” нэртэй пабны дотор Б-ийн хамт пиво уусан. Тухайн үед би их пиво уусан, согтсон байсан. Пабаас гарч ирээд би бөөлжөөд сууж байтал нэг хүн ирээд миний нуруу хэсэг рүү гараараа цохиод босооч гэсэн. Тэгсэн Б- “чи болиоч яагаад байгаа юм бэ” гээд цааш нь түлхээд нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Үүний дараа тэр хоёр барьцалдаж ноцолдсон. Тэгсэн цаанаас нь танихгүй хүмүүс ирээд салгаж байсан. Тэрнээс хойш юу болсны мэдээгүй. Би их согтчихсон байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан маргааш нь байрны гадаа сэрсэн. Тэр өдөр Б- ирээд өнгөрсөн өдрийн болсон явдлын талаар ингэж л хэлсэн. “Х” пабад нэг нь 3-4 шил пиво уусан байсан. Ер нь бол их согтчихсон байсан. Маргааш өдөр нь Б- надад хэлэхдээ “тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохисон” гэж хэлж байсан. ...Б- хүн зодсон нь намайг өмөөрсөн юм. Тухайн үед би Б-ийг цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг [4],

 

            5. Гэрч Х.Д-ын /Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны хэсгийн ахлагч ажилтай/ хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны Баянхошууны 00 дугаар гудамны 00 тоотод О-ийн Б- гэж хүн байдаг. 2017 оны намар цэргийн алба хаахаар явсан. О.Б- гэртээ ээж О-, дүү О.Н-, О.Э- нарын хамт амьдардаг. О.Б-ийн ээж нь архины хамааралтай хүн байдаг. Үр хүүхэддээ анхаарал халамж муу тавьдаг. О.Б- нь үе үе архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж харагддаг. ...” гэх мэдүүлэг [5],

 

            6. Гэрч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 2 дугаар ээлжээр О.Б- манай ангид хувиарлагдаж ирсэн. Тухайн үед судалгаа авч байхад гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан гэж байгаагүй юм байна. О.Б- нь зан ааш дөлгөөн ноомой зантай. Муу зан араншин байхгүй байлдагч юм. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

            7. О.Б-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө найз Н-, И-, Г-э, Э- нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд байрлах “Х” нэртэй бааранд орж пиво авч ууцгаасан. Тэр баарнаас 02.00 цагийн үед Н- бид хоёр түрүүлээд гарсан. Н- гадаа гараад бөөлжөөд суусан. Би дэргэд нь сууж байтал үл таних хоёр залуугийн нэг сүүлд нэрийг нь мэдсэн Б-э гэдэг залуу утсаа өгчих гэсэн, байхгүй гэж хэлсэн чинь яваад өгсөн. Хэсэг байж байснаа буцаж хүрч ирээд Н-т хандан мөн л утсаа өгчих гэхээр нь би утас байхгүй гээд байх чинь яах гээд байгаа юм бэ гэтэл тэр залуу намайг юу гээд байнаа гээд нүүрэнд гараараа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг зөрүүлээд нүүрэнд нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохих үед баарнаас найзууд гараад ирсэн. Тэр хоёр залуу зугтаасан. ...Н- бид хоёрыг гадаа сууж байтал танихгүй залуу утас нэхээд би түүнтэй маргалдаж байтал тэр залуу нүүрэнд гараа атгаж байгаад нэг удаа цохисон, би зөрүүлээд 2-3 удаа нүүрэнд нь цохисон. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Гэмтлийг би гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж байхдаа учруулсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг [7],

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8694 тоот дүгнэлтэд:

            Болсон хэргийн товч: 2017 оны 07 дугаар сарын 02-нд “Х” баарны урд бусдад зодуулсан гэх.

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхинд 5х4 см хүрэн ногоон цус хуралттай. Доод зовхинд 2 см хэмжээтэй тав тогтсон шархтай. Зүүн нүдний алимны салстад 1-5 цагийн түвшинд улаан яагаан цус харвалттай. Хамрын нурууны зүүн талаар бага зэрэг дотогш хонхойсон, хамрын амьсгал саадтай. Баруун хөмсөгт 0,2х0,2см хүрэн тав тогтсон зулгаралттай. Баруун нүдний дээд доод зовхины гадна буланд бүдэг хүрэн цус хуралттай.  

ДҮГНЭЛТ:

1.О.Б-э-н биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удааагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ө.Сарангэрэл/ ...” гэсэн дүгнэлт [8],

 

9. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч О.Б-ийн мэдүүлгийг  газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл , гэрэл зураг [9],

 

10. О.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа [10], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[11], Tранс банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банкууд данс эзэмшдэггүй тухай лавлагаанууд[12] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Б-ид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсэгр, “Х” баарны гадаа О.Б-ийг шалтгаангүйгээр зодож, түүний биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч О.Б-ий хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд “Х” нэртэй караоке бааранд орж пиво захиалчихаад буцаад гарч тамхи татаад зогсож байтал үүдэнд нь хоёр залуу муудалцаж байсан. ...манай найз Г- салгасан чинь надаас ялимгүй өндөр нуруутай туранхай биетэй шар царайтай дэлдэн чихтэй залуу ирээд муудалцсан. ...надтай муудалцсан залуу миний нүдний доор юмаар цохичих шиг болсон. ...миний нүүрнээс цус гарах үед би нүд сохорчихлоо гэж  хэлтэл тэд нар зугтсан. ...Г- бид хоёр тамхи татаад үүдэнд нь зогсож байсан чинь 2 залуу муудалцаад байхаар нь салгасан чинь муудалцаж эхлээд л тэгээд зодоон болсон. ...надтай маргалдаж байхдаа миний нүүр лүү цохисон шар царайтай дэлдэн чихтэй туранхай залуу зодож гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг [13]

-Гэрч Г.Г-ий хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо “Х” бааранд Б-, Н- нарын хамт ороод 4-5 шил 0,5 л пиво авч уугаад бүжиглэж байхад тэр хоёр тамхи татлаа гээд гараад явсан. Би хэсэг бүжиглэж байгаад араас нь гартал Б-, Н- хоёр нэг залуутай зодолдсон бололтой байсан. ...Зодуулсан гэх залууг цагдаа дээр ирээд харахад нүд нь хөхөрч хавдсан байсан ...” гэх мэдүүлэг [14],

-Гэрч Г.Н-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын эхээр байсан байх, найз Б-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр буудлын хажууд байдаг “Х” нэртэй пабад хамт пиво уусан.Тухайн үед би их пиво уусан согтсон байсан. Пабаас гарч ирээд би бөөлжөөд сууж байтал нэг хүн ирээд миний нуруу хэсэг рүү гараараа цохиод босооч гэсэн. Тэгсэн Б- чи болиоч яагаад байгаа юм бэ гээд цааш нь түлхээд нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Үүний дараа тэр хоёр барьцалдаж ноцолдсон, тэгсэн цаанаас нь танихгүй хүмүүс ирээд салгаж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй. ...Маргааш өдөр нь Б- надад хэлэхдээ тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохисон гэж хэлж байсан. ...Б- хүн зодсон нь намайг өмөөрсөн юм....” гэх мэдүүлэг [15],

-О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө найз Н-, И-, Г-э, Э- нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд байрлах Хнэртэй бааранд орж пиво авч уусан. ... баарнаас 02.00 цагийн үед Н- бид хоёр түрүүлээд гарсан. Н- гадаа гараад бөөлжөөд суусан, би дэргэд нь сууж байтал үл таних хоёр залуугийн нэг сүүлд нэрийг нь мэдсэн Б-э гэдэг залуу утсаа өгчих гэсэн, байхгүй гэж хэлсэн чинь яваад өгсөн. Хэсэг байж байснаа буцаж хүрч ирээд Н-т хандан мөн л утсаа өгчих гэхээр нь би утас байхгүй гээд байх чинь яах гээд байгаа юм бэ гэтэл тэр залуу намайг юу гээд байнаа гээд нүүрэнд гараараа цохисон. Би тэр залууг зөрүүлээд нүүрэнд нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. ...Гэмтлийг би гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж байхдаа учруулсан гэмтэл. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг [16],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8694 тоот дүгнэлт [17] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Харин шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг” [18]-ийг нотлох баримтаас хасч шийдвэрлэв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.” гэж заасан байхад мөрдөгч нь тус хэрэгт хохирогч О.Б-ий зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл яллагдагчийн зөвшөөрснөөр эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулахаар хуульчилсан байхад хохирогчийн зөвшөөрснөөр уг ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, уг ажиллагааны тэмдэглэлд баримталсан хуулийн заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй, зүйл буюу 153 гэх зүйл баримталсан зэрэг зөрчилтэй тул 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг зэргийг нотлох баримтаас хасч шийдвэрлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөхдөө гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргаж, улсын яллагчийн дүгнэлтэд мэтгэлцээгүй.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч О.Б-э, шүүгдэгч О.Б- нарын хооронд үл ойлголцол үүсч, улмаар харилцан зодолдож, хохирогч О.Б-ий биед хөнгөн гэмтлийг учруулсан үйл баримт хангалттай тогтоогдсон байх ба тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нөлөөлжээ.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч О.Б-эд хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлын холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогчоос гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй, 120.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдэгдсэн байх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч О.Б- нь энэ тогтоолоор хохирогчид баримтаар төлөх төлбөр байхгүй байна.

Харин хохирогч нь шинжээчийн 8694 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн талаарх  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Б- нь улсын яллагчийн торгох ялын саналтай мэтгэлцээгүй.

Шүүгдэгч О.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч О.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тус зүйл хэсэгт зааснаар  дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан, тус зүйл хэсэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсонд тооцохоор хуульчилсан,

-мөн дээрх зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. “ гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол”-ыг заасан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалтад “ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол” гэж заажээ.

Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед хохирогч О.Б-ийг шалтгаангүйгээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тус үндэслэлээр О.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, урьд авсан цэргийн удирлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 


[1] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 82 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 76-81 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 36-38 дугара тал.

[10]Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[11]Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[12]Хавтаст хэргийн 57-59 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 76-81 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 36-38 дугаар тал.