Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/1193

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

      2025          10             07                                        2025/ДШМ/1193

 

Ж.Од холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

хохирогч М.Р,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, Ч.Даваасүрэн,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1852 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох 2408032851415 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, .... тоотод байх гэртээ хамтран амьдрагч М.Р 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үснээс нь зулгааж, хөл рүү нь өшиглөж зодсон, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөл рүү нь өшиглөх, гарыг нь цохих зэргээр зодсон, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үснээс зулгааж зодон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, .... тоотод байх гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Р.Мын нүүр хэсэгт гараараа цохиж, түлхүүрийн оосроор цохиж, насанд хүрээгүй хохирогч О.Иийг хөл рүү нь өшиглөж зодсон, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хохирогч О.Бгийн хөл хэсэгт өшиглөж, насанд хүрээгүй хохирогч О.Иий нуруу хэсэгт гараараа цохиж зодсон, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч О.Иий үснээс зулгааж, нүүр хэсэгт гараараа 2 удаа алгадаж зодсон, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч О.Иий хөл рүү 2 удаа өшиглөж, насанд хүрээгүй хохирогч Р.Мыг толгой хэсэгт нь халбагаар цохих, цахилгааны утсаар ороолгох зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хучирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн /нэг/ хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 нэг хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн /нэг/ хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтэн биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Од оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.О давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдаан болох өдөр миний биеийн байдал маш муу байсан бөгөөд энэ байдлаа өмгөөлөгч болон шүүх бүрэлдэхүүнд хэлсэн. Миний бие өөрийн эрх, үүргийн дагуу үг хэлэх, мэдүүлэг өгөх ямар ч чадваргүй байсан. Мэдүүлэг өгөхдөө ямар ч хариулт өгөх чадваргүй байсан. Мөн энэ шүүх хурал болдог өдөр миний бага хүү Мын бие муудаж Халдвар судлалын Үндэсний төвд яаралтайгаар хэвтсэн. Хүү бид хоёрын өвчний онош ижил бөгөөд миний бас Хавдар судлалын Үндэсний төвд яаралтай үзүүлэх бичигтэй явж байсан. Уг бичгээ шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан. Өмгөөлөгч болон миний бие шүүх хурлыг 7 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хүлээж аваагүй. Хорих ангид хоригдсоноос хойш биеийн байдал муудаж хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоог хүртэл биеийн байдал сайжрахгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд эхнэр М.Рг оролцуулах хүсэлт гаргасан боловч мөн л хүсэлтийг хангаагүй.

Хавтаст хэрэгт хүү О.И, эхнэр М.Р нарын мэдүүлэгт “байнга” гэдэг үг давтагдаж бичигдсэн байсан. Энэ талаар эхнэр, хүү маань “тэгж мэдүүлэг өгч байгаагүй” гэж ярьж байсан. О.Иий “манай аав архи байнга уудаг, бид нарыг байнга зоддог” гэсэн. Миний хүү өөрөө хэлэхдээ “ийм юм яриагүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохгүй” гэж өөрөө хэлж, үгүйсгэж байсан. Иймэрхүү буруу ташаа мэдүүлгүүдэд миний бие гомдолтой байна. Охин О.Б “гадаа тоголж байгаад гэртээ орж ирсэн, аав архи уусан байсан, намайг бол зодож, цохиогүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн байсан. Охиноосоо асуухад “надаас хэн ч, хэзээ ч ямар ч байцаагч асуулт, мэдүүлэг аваагүй” гэж өөрөө хэлдэг. Үүнийг ээж нь бас батлан хэлдэг. Миний бие охиндоо хэзээ ч гар хүрч байгаагүй. Үүнийг охин, хүү, эхнэр батлан хэлнэ. Мөн эхнэр М.Р “амьдарч байх хугацаандаа 2016 оноос хойш агсан тавьж, зоддог болсон” гэсэн мэдүүлэг нь зуун хувь худал мэдүүлэг. Учир нь 2016 оны 3 сард эхнэр гэрээсээ ямар ч хэл чимээгүй гарч явсан. Ямар ч сураггүй 1 жил 11 сар гэртээ ирэлгүй алга болж байсан. Би эхнэрээ алга болсон талаар хороо болон цагдаад мэдээлэл өгч байсан. Намайг 3 хүүхэдтэй орхиод явсан. Эхнэрийн “би нөхрөөсөө салмаар байна” гэсэн мэдүүлэгт эргэлзэж байна.

Мөн хэргийн материалд олон өдрийн ижил үйлдлүүд бичигдсэн ба бүгд нэг ижил үйлдэл 2 жил үргэлжилсэн. Гэтэл манай эхнэрийн мэдүүлэгт “намайг зодхоосоо илүү хэл амаар доромжилдог” гэж мэдүүлсн. Би эхнэр, хүүдээ байнга зодоод байдаг хүн биш. Дээрх мэдүүлгүүдийг дахин шалгаж өгнө үү. Миний бие анх удаа эрүүгийн хэрэг хийж, хийсэн хэргээ шийдүүлсэн билээ. Миний хийсэн хэргийн талаарх хөөн хэлэлцэх хугацааг дахин хянаж өгнө үү.

Миний бие 20 жил ханилсан хань болон хүүхдүүдээсээ уучлалт гуйж байна. Өөрийн ийм мунхаг үйлдэл гаргасандаа чин сэтгэлээсээ харамсаж байна. Миний бие гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Би одоо 52 настай, насанд хүрээгүй 5 хүүхэдтэй, эхнэртэйгээ 2005 оноос хойш элэг бүтэн амьдарч байгаа. Манай гэр бүл нийгмийн амьжиргааны түвшин доогуур бөгөөд зорилтод гэр бүлд хамаардаг билээ. Би Улаанбаатар төмөр замын байгууллагад 1999 оноос эхлэн вагон засварчин мэргэжлээр ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан билээ. Учир нь би 2000 онд уушгины сүрьеэ өвчин тусаж, зүүн талынхаа уушгины талыг тайруулж байсан. 2001 оноос одоог хүртэл барилга дээр цагийн ажил хийж амьдралаа авч яваа. Бие маань өвдөж муудхаараа татаж унадаг өвчтэй. Хамгийн бага охин минь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд жоохон л ханиад хүрэх төдийд унаж таталт өгдөг. Энэ нь бидэнд маш хэцүү байдаг. Энэ бүх байдал болон эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг минь харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хянаж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Золзаяа давж заалдах гомдолдоо: “...Ж.О нь хоригдох явцдаа эрүүл мэндийн шалтгаанаар хорих ангийн эмнэлэгт хэвтсэн. Халдварт өвчин, хөл хорионд байсан эрүүл мэндийн шалтгааны улмаас хорих ял эдлэх боломжгүй байна. Ж.О нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гэм буруудаа маргаагүй, хүүхдүүдээ багаас асарч, тэжээн тэтгэж эцэг хүний үүргээ биелүүлж ирсэн, архи уудаггүй болсон, өмнөх хувийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, эрүүл мэндийн байдал хүнд уушигны хагалгаанд орж байсан, сүрьеэ өвчнөөр өвдөж эмчилгээ хийлгэж байсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, төлөх хохирол төлбөргүй, бага насны 5 хүүхэдтэй, хүүхдүүдийг нь харж хандах хүнгүй, эхнэр М.Р нь гэртээ олон хоногоор ирэхгүй хүүхдүүдээ харж ханддаггүй хараа хяналтгүй орхиж явдаг, дахин зөрчил гаргахгүй байх талаар ухамсарлаж ойлгосон гэм буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байгаа, эрүүл мэндийн нөхцөл байдал, биеийн ерөнхий байдал хүнд даралт тогтмол 50 , 70 тай байгаа, байнгын эмчийн хяналтанд, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага үүссэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хрэг, гэээмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугүй хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгиййн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж,гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, чөлөөлж болно” гэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ.” гэж, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “1.2-т заасан хэрийг үйлдсэн бол санкц нь зургаан сараас хоёр жил хүртээл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэжээ. Иймд шиийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нотолбол зохих зүйлийг нотлоогүй тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Хэргийн 4 дэх талд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хохирогч М.Р, үр хүүхэд нь биш 27 дугаар хорооны Засаг дарга гаргасан байдаг. Засаг дарга нь тус хороонд 2 жил ажиллаж байгаа. Гэтэл 2016 оноос хойших үйл явдлыг хамтарсан багийн хурлаар шийдвэрлэсэн асуудал гээд өөрөө гэрчийн мэдүүлэг өгч, өөрөө гомдол гаргасан.  Хэргийн 38-40 дэх талд нийгмийн ажилтан ажил шалгах явцдаа бичлэг хийсэн гэдэг ба тэр талаарх 5 ширхэг зураг авагдсан. Уг бичлэгийн дагуу гомдол гаргаж, хэрэг нээн шалгасан. М.Р мэдүүлэг өгөхдөө “Ариун цэврийн өрөөнд байхад Б Мыг загнаад, дайраад хоолны халбагаар хоёр удаа толгой руу нь цохисон” гэдэг. Нийгмийн ажилтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхад нь бичлэг хийгээд зогссон, улмаар Засаг даргатайгаа нийлж тухайн бичлэгээ үндэслэн гомдол гаргасан нь байж болох зүйл биш. Иймд хэрэгт хийгдвэл зохих ажил хийгдээгүй гэж үзэж байна. Би 2016 оноос Ж.Оыг өмгөөлж байсан. 2016 онд М.Р архины хамааралтай, архи уудаг тул жил, хэдэн сараар хүүхдүүдээ орхиж явдаг байсан. Ж.О огт архи уудаггүй байсан. Өөрөө архи барьж орж ирээд хамт уучхаад цагдаа дуудаад өгчихдөг байсан. 1 жил 3 сар алга болж, Ж.О өөрөө хүүхдүүдээ харж байсан. Би өмгөөлөгчөөр оролцож байхдаа М.Ргийн эх байх эрхийг нь хасуулах гэж цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгч байсан. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд гол нотлох баримт болгосон 5 ширхэг зураг, СиДиг прокурор нотлох баримтаар үнэлж аваагүй, нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. Хэргийн 50 дахь талд авагдсан насанд хүрээгүй хохирогч О.М нийгмийн ажилтны хамт мэдүүлэг өгөхдөө “Аав намайг ёо ёо гэдэг, манай аав ах, эгчийг ерөөсөө зоддоггүй, ганцхан намайг зоддог” гэж, 57 дахь талд насанд хүрээгүй хохирогч О.Э ээжтэйгээ хамт мэдүүлэг өгөхдөө “Байнга зоддог, нүддэг, хоолны халбагаар цохисон” гэсэн. Үүнтэй холбоотойгоор О.Мын цэцэрлэгийн багшаас асуухад “Хальтраад унасан” гэж, энэ талаарх тодорхойлолтыг цэцэрлэгээс нь авсан нь хэрэгт байдаг. Тиймээс унаснаас болсон уу, аав нь зодсон уу гэдгийг мухарлан шалгаагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй. Анхан шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэргийг прокурорт буцаасан нь хэргийн 146-150 дахь талаас харагдана. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, зүйлчлэлийг тогтоох гэж заасан байтал шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа хийгдээгүй буцаан шүүхэд шилжүүлсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хийгдвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. ...” гэв

Хохирогч М.Р тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг алга болдог гэж ярьж байна. Би нөхөртөө хэлээд хааяа самранд явдаг, хааяа өөр бусад ажил хийхээр явдаг. О.Мыг зодсон үеийн бичлэгийг би хийгээгүй, манай О.Э хийсэн. Хийсэн бичлэгээ нийгмийн ажилтан руу чатаар явуулсан байсан тул хорооноос хүмүүс ирээд Ж.Оыг авч явсан. ...” гэв.

Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.О нь 51 настай, хохирогчтой 2005 оноос хойш 20 жил хамтран амьдарч байх хугацаандаа бага насны хүүхдүүдийнхээ эсрэг удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдалд нь зөрчлийн шийтгэврээр хариуцлага тооцсон. Зарим үйлдлийг эрүүгийн хэргээр шалгасан хэдий ч хохирогч, түүний хүүхдүүдээс “гомдол, саналгүй, биед гэмтэл учраагүй” гэх, мөн шүүх эмнэлэгт огт үзүүлж байгаагүй гэх шалтгаанаар гомдлоосоо татгалзсан тул заримыг нь зөрчлөөр арга хэмжээ авахуулж, зарим үйлдэлдээ шийтгэл хүлээгээгүй байдаг. Хамгийн сүүлд болсон үйл явдал буюу дүрс бичлэгийг хүүхэд нь нийгмийн ажилтандаа илгээж, нийгмийн ажилтан холбогдох мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөр энэ гэмт хэрэг шалгагдаж эхэлсэн. Шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад мэдүүлгээ бүрэн өгч чадаагүй гэж байгаа боловч эмч дуудаж оруулж ирээд биеийн байдлыг нь үзүүлж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг шалгахад “Биеийн байдал нь хэвийн байна” гэсэн тул түүнийг мэдүүлгүүдээ бүрэн тодорхо өгсөн гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар мэдүүлгээ өгч чадахгүй нөхцөл байдал байгаагүй. Бхүүгээс огт мэдүүлэг аваагүй гэж байгаа ч Бхүүд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвөөс мэргэжилтэн томилуулж,  түүнийг байлцуулан мэдүүлэг авсан. Энэ мэдүүлэг нь хууль ёсны шаардлага хангасан. Мөн шүүгдэгчийн хүсэлтэд дурдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү, зарим тохиолдолд хүүхдүүд маань буруу мэдүүлэг өгсөн байна, би зодож байгаагүй гээд хохирогчийг буруутгасан мэдүүлэг өгснийг хүлээж авах боломжгүй. Учир нь, дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх үзэхд үндэслэл тогтоогдохгүй  байна.  Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, энэ үйл явдал нь үргэлжилсэн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийг дахин давтсан шинжтэй. Хамгийн сүүлийн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй буюу хуульд заасан 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Шүүгдэгч нь хорих ял эдлэх боломжгүй, өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа гэсэн боловч хорих ял эдлэх боломжгүй гэсэн өвчний онош, албан ёсны эмнэлгийн дүгнэлт гараагүй, энэ талаарх баримтаа хэрэгт хавсаргаагүй. Харин эрүүл мэндийн байдалтай холбоотой тусламж, үйлчилгээг зохих журмын дагуу авч байна. Шаардлагатай бол дараа дараагийн шатны эмнэлгүүдэд хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах боломжтой. Мөн ямар үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаалгах гэсэн нь тодорхойгүй. Харин О.Мын мэдүүлэгт “өөр хүмүүсийг зоддоггүй” гэсэн. Гэвч 5 настай хүүхдийн мэдүүлгийг прокурор, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар тооцоогүй боловч түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогддог. Насанд хүрээгүй хохирогч О.Э, О.Б нарт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс хууль ёсны төлөөлөгч томилж мэдүүлэг авахад анх өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгч, “Аав зоддоггүй” гэсэн мэдүүлгийг удаа дараа өгсөн. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа хийгдээгүй гэдэг боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, захирамжид заагдсан зөрчлүүдийг нэг бүрчлэн зассан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд, хохирогчийн зүгээс “нэмэлт тайлбар байхгүй” гэж хэлээд зогсож байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Учир нь, ямар нэгэн дарамт шахалтад орж ийм зүйл хэлээгүй, гэр бүлийн хүчирхийлэл нь гуравдагч этгээдийн мэдээллээр илэрсэн, гэр бүлийн хүчирхийлэл олон жилийн хугацаанд давтагдсан, маш олон үйлдэл байгаа нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог ч хөөн хэлэлцэх хугацаанд баригдаж, тодорхой хэдэн үйл баримтад дүгнэлт хийж яллах дүгнэлт үйлдсэн. Хэдий хохирогчийг буруутгадаг ч түүний буруутай үйлдэл байлаа гэхэд насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх хөндөгдөх ёсгүй. Тэдэнд халдах эрхийг хэн ч олгоогүй. Иймд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага гэмт хэргийн шинж, үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.Од холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал;

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангахгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Учир нь, прокуророос шүүгдэгч Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, .... тоотод байх гэртээ хамтран амьдрагч М.Рг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үснээс нь зулгааж, хөл рүү нь өшиглөж зодсон, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөл рүү нь өшиглөх, гарыг нь цохих зэргээр зодсон, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үснээс зулгааж зодон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, .... тоотод байх гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Р.Мын нүүр хэсэгт гараараа цохиж, түлхүүрийн оосроор цохиж, насанд хүрээгүй хохирогч О.Иийг хөл рүү нь өшиглөж зодсон, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хохирогч О.Бгийн хөл хэсэгт өшиглөж, насанд хүрээгүй хохирогч О.Иий нуруу хэсэгт гараараа цохиж зодсон, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч О.Иий үснээс зулгааж, нүүр хэсэгт гараараа 2 удаа алгадаж зодсон, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч О.Иий хөл рүү 2 удаа өшиглөж, насанд хүрээгүй хохирогч Р.Мыг толгой хэсэгт нь халбагаар цохих, цахилгааны утсаар ороолгох зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэж хэргийн үйл баримтыг тодорхойлж ирүүлсэн байхад анхан шатны шүүх Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа нэг ял шийтгэл оногдуулсан, мөн дээрх нөхцөл байдалд үйл баримтын дүгнэлт огт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Оын гэр бүлийн хүрээнд гэр бүлийн гишүүдийн эсрэг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйлчлэлийг зөвтгөн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой.

Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ёстой. 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хучирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулахдаа хоёр зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа нэг ял шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх ба шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хэмжээг түүний гэмт үйлдэл, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөгч, прокурор, шүүхээс хэргийн бодит байдал, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ж.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1852 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР

 

                       ШҮҮГЧ                                          Л.ОДОНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ