2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/03457

 

 

 

 

 

 

 

 

2025 04 24 191/ШШ2025/03457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ..... тоотод оршин суух, ..... /РД:...../-ийн хүсэлттэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч.........у, өөрийн байранд байрлах, .....

 

Суралцсан хугацааг цэргийн алба хаасанд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч А.Ам

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Н

Гэрч Р.Да, Ч.Г

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч А.Ам нь шүүхэд хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 ........байгууллагад эмч, мэс засалчаар 40 гаруй жил тасралтгүй ажиллаж гавьяаныхаа амралтанд гарсан. 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх Цэргийн эмчийн мэргэжлээр Батлан хамгаалах яамны захиалгаар элсэн суралцсан, ажилласан 6 жилийг ажилласан жилд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Анх 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Батлан хамгаалах яамны коллегийн 23 дугаар протоколоор хэлэлцүүлэн зөвшөөрч Анагаах ухааны их сургуулийн Цэргийн танхимд сонсогчоор орж суралцаад 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ...... тушаалаар дэслэгч цолоор шагнагдан мөн Эрүүл мэндийн яамны мэдэлд 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Эрүүл мэндийн яамны мэдэлд шилжин ажилласан.

Иймд Цэргийн албаны тухай хууль, болон өөрөөр хэлбэл Анагаах Ухааны дээд сургуулийг цэргийн сургууль-тай адилтган энэхүү сургуульд оюутнаар элссэн хугацааг цэргийн сургуулийн сонсогчоор суралцсан хугацаанд тооцох талаар заагаагүй байх тул энэ хугацаанд ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Батлан хамгаалах яамны системд ажилласан хугацааг цэргийн албанд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Энэхүү хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 заасанд хамаарах тул онцгой ажиллагааны журмаар хүсэлтийг минь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацааг заасан. Уг хугацаанд сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулахаар зохицуулаагүй.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д цэргийн алба гэж зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг, 9 дүгээр зүйлийн 9.1-т цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг сонсогч гэнэ гэж, 9.3 дахь хэсэгт Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад Анагаах ухааны дээд сургууль төрөлжсөн эмч бэлтгэдэг сургууль учраас цэргийн сургуультай адилтган үзэж оюутнаар элссэн хугацааг цэргийн сургуулийн сонсогчоор суралцсан хугацаанд оруулан цэргийн албанд ажилласнаар тооцох хугацаанд оруулан тооцохоор заагаагүй байна.

Цэргийн сургууль гэдэг нь цэргийн мэргэжлийн боловсрол олгодог, офицер, ахлагч, цэргийн бусад мэргэжилтнүүдийг бэлтгэдэг тусгай боловсролын байгууллага юм. Эдгээр сургуулиуд нь оюутнуудад цэргийн тактик, стратеги, удирдлага, инженерчлэл, холбоо, зэвсэглэл, батлан хамгаалах судлал зэрэг олон төрлийн онолын болон практик мэдлэг олгодог. Нэхэмжлэгч нь Анагаах ухааны дээд сургуульд суралцаж байх хугацаандаа байлдагч, түрүүч, ахлагч, офицерын статус, цолтойгоор цэргийн албан үүрэг гүйцэтгэж байгаагүй, БНМАУ-ын Анагаах ухааны дээд сургуулийн ректорын тушаалаар оюутнуудад стипенд олгож үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, туслах эмчээр Батлан хамгаалах яаманд хуваарилсан үйл баримт тогтоогдож байна.

Цэрэгт татагдаж алба хааж байсан хүмүүсийг тушаалаар Анагаах ухааны дээд сургуульд томилдог байсан. Тушаал гаргах хугацаанд нь Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан ч юм уу, хурандаа, генералын зарим нэг хүүхдүүдийг 18 нас хүрээд буюу 10 дугаар анги төгсөхөд нь нэрийг нь оруулаад батлаад явуулж байсан тийм үзэгдэл байсан.

Сонсогчоор суралцсан хугацааг иргэний болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр мөн Цэргийн алба хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ажилласан хугацаанд оруулан тооцож байгаа.

Батлан хамгаалах сайдын 2020 оны ....дугаар тушаалаар Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дүрмийг баталсан. Цэргийн сургууль гэдэг нь цэргийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой тусгай боловсролын байгууллага байна. Гэтэл Анагаах ухааны дээд сургууль нь цэргийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зориулалттай тусгайлсан боловсролын байгууллага биш гэв.

 

2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/

2.2 Номны хуулбар /хх-4-16/

2.3 Гэрч Р.Даваадорж, Ч.Гүрбазар нарын тодорхойлолт /хх-17-23/

2.4 Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/

2.5 Батлан хамгаалахын төв архивын лавлагаа /хх-36-37/

2.6 Диплом, Гэрэл зураг /хх-38-40, 42-43/

2.7 Цэргийн сургуулийн томилолт /хх-41/

2.8 Нийгмийн даатгалын ерөнхий газрын хариу /хх-46/

 

3. Шүүхийн журмаар Батлан хамгаалахын төв архивын лавлагаа /хх-55-57/, Үндэсний төв архив ирүүлсэн баримт /хх-58-87/, Нийслэлийн архивын Ерөнхий газрын тодорхойлолт /хх-88/

 

3. Шүүх гэрч Р.Даваадорж, Ч.Гүрбазар нараас 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Хүсэлт гаргагч А.Ам нь Анагаах ухааны дээд сургуульд суралцсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, Батлан хамгаалах яамны захиалгаар Анагаах ухааны дээд сургуульд цэргийн эмчийн мэргэжлээр суралцсан тул сонсогчийн цэргийн алба хаасан хугацаанд тооцуулах, улмаар ажилласан хугацаанд тооцуулахаар хүсэлт гаргасан гэж тайлбарлав.

 

2. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зохицуулсан.

 

3.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

3.1 Хүсэлт гаргагч А.Амыг Батлан хамгаалах яамны коллегийн 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар протоколоор хэлэлцүүлэн Дотоодын Анагаах ухааны дээд сургуульд суралцуулахаар хуваарилж, цэргийн сургуулийн томилолт олгосон болох нь Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, цэргийн сургуулийн томилолт, тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

3.2 БНМАУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн сургуулийн томилолтод 1981 он ..... МАХН-ын Төв Хорооны тогтоол ёсоор Хэнтий аймгийн ....ыг цэргийн сургуульд хуваарилав гэжээ.

 

3.3 БНМАУ-ын Анагаах ухааны дээд сургуулийн ректорын 1981 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 249 дугаар тушаалаар БХЯ-ны томилолттой, А.Амыг эмчилгээний 17 дугаар хэсгийн оюутнаар элсүүлэн суралцуулж, 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 200 төгрөгийн стипенд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

3.4 Хүсэлт гаргагч А.Ам нь 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Батлан хамгаалах яамны захиалгаар Анагаах ухааны дээд сургуульд тасралтгүй суралцаж байсан болох нь дээр дурдсан баримтаас гадна хэрэгт авагдсан БНМАУ-ын Анагаах ухааны дээд сургуулийн ректорын 1982 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар, 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаар Оюутны стипенд тогтоох тухай тушаал, 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 190 дугаар Үйлдвэрлэлийн дадлагын тухай тушаал, 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаар Оюутны стипенд олгож, анги дэвшүүлэх тухай тушаал, 1986 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 307 дугаар 6 дугаар курсын оюутнуудыг анги хэсгүүдэд хуваарилж туслах эмчийн дадлага хийлгэх тухай тушаал, 1987 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар Эмчилгээ, хүүхдийн эмчилгээний факультетийн 6 дугаар курсийн оюутнуудыг аймаг хотын эмнэлгүүдэд туслах эмчээр ажиллуулах тухай тушаал, Эрүүлийг хамгаалах яамны харьяа Анагаах ухааны дээд сургуулийн ректорын 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн... дугаартай Анагаах ухааны дээд сургуулийг 1988 онд төгсөгчдөд мэргэжлийн цол, диплом эмчийн болон энгэрийн тэмдэг олгох тухай тушаалаар тогтоогджээ.

 

3.5 Анагаах ухааны дээд сургууль нь 6 дугаар курсын оюутнуудыг анги хэсгүүдэд хуваарилж туслах эмчийн дадлага хийлгэхдээ А.Амыг VI хэсэг буюу цэргийн групп гэж үзэн Батлан хамгаалах яаманд хуваарилж байснаас гадна, ЗХЖШ-ын даргын 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар тушаалаар 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн албанд улируулж, ахлах түрүүч цолоор шагнасан болох нь Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар тогтоогдож байна.

 

3.6 А.Ам нь Анагаах ухааны дээд сургуулийг 1987 онд төгсөх байсан хэдий ч төгсөх ангийн улсын шалгалтыг хагалгаанд орж, эрүүл мэндийн шалтгааны улмаас өгөөгүй, 1988 онд сургуулиа төгсөн мэргэжлийн диплом, эмчийн болон энгэрийн тэмдэг зэргийг гардан авсан байна.

 

4. Энэ талаар гэрч А.Г ...Анагаах ухааны дээд сургууль тухайн үед цэргийн ангийн цэргийн эмчилгээний факультеттай 8 багштай байсан..., Америк, Вьетнамын дайн гарч нууцаар цэргийн мэс заслын эмч бэлтгэх шаардлага гарч, биднийг бэлтгэж байсан. Намар болгон Тавантолгойд цугларалтад гардаг. Бид цэргийн мэс заслын эмчээр төгссөн хүмүүс юм. Бүх аймгийн цэргийн ангиудаар дадлага хийж байсан. Байлдааны нэгдсэн үед хээрийн мэс заслыг яаж хийх вэ? ямар плат барих вэ? ямар стандарттай яаж, яаж хийх вэ? энэ талаар бүх сургалтуудад бид бүгд хамрагдсан..., А.Амтай 1 ангид хамт сурч байсан... гэж, гэрч Хишигжаргал ...Тухайн үеийн намын төв хорооны тогтоол, улс орны байдал ч гэсэн ээдрээтэй байсан. Хил хязгаар, улс орон Батлан хамгаалах салбараа мэргэжилтэй боловсон хүчнээр хангах тогтоол, бодлого байсан..., Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх нууц тогтоол байсан юм байна. Тэр журмын хүрээндээ бид Анагаах ухааны дээд сургуульд 1981 онд элсэн орж Батлан хамгаалах яамны нэр дээр төгсөж байсан... гэж тус тус мэдүүлсэн.

 

5. Хэрэгт цугларсан нотлох баримт, тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэвэл хүсэлт гаргагч нь 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Батлан хамгаалах яамны захиалгаар Анагаах ухааны дээд сургуульд суралцаж төгссөн, түүний суралцаж байх хугацааг цэргийн албанд улирахтай адилтган үзэж байснаас гадна цэргийн ахлах түрүүч цолоор шагнасан үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагч болон гэрч нараас тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор төр, нам засгаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд цэргийн эмчээр бэлтгэгдэж байсан, Батлан хамгаалах яамны захиалгаар суралцаж буй оюутнуудын үйлдвэрийн дадлагыг эмнэлгийн байгууллагаас гадна ардын армийн зарим анги нэгтгэлд хийлгэж, сургууль төгссөний дараа эмчээр томилж байсан, Цэргийн эмнэлгийн тэнхимийг 1988 оны 9 дүгээр сард татан буулгаж, багш, ажилтныг Батлан хамгаалах яамны мэдэлд шилжүүлж байсан талаар тайлбар гаргасан.

 

6. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар цэргийн алба хаагч гадаад улс болон орон нутагт албан томилолтоор ажиллах, дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцсаныг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцохоор байх тул Батлан хамгаалах яамны коллегийн хурлын шийдвэрээр А.Амыг Анагаах ухааны дээд сургуульд Цэргийн эмчийн мэргэжлээр суралцсан хугацааг ажил, албан үүргээ гүйцэтгэж байсан хугацаанд тооцох нь зүйтэй байна.

 

7. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т -цэргийн алба гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг, 3.1.13-т цэргийн цол гэж цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг илэрхийлсэн зэрэглэлийг; ойлгох, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн цэргийн албанд татагдах, элсэх, цэргийн мэргэжил эзэмших, цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүрэг гүйцэтгэх, цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн бүртгэлд байх, цэргийн дайчилгааны цугларалт, сургуульд оролцох нь цэргийн үүрэгт хамаарна., 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг сонсогч гэнэ, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно гэж тус тус зохицуулсан.

 

8. Хүсэлт гаргагч А.Ам нь Батлан хамгаалах яамны даалгавраар Анагаах ухааны дээд сургуульд цэргийн эмчийн мэргэжлээр суралцахаар томилолт авч, МАХН-ын төв хорооны тогтоолоор Анагаах ухааны дээд сургуульд Цэргийн эмнэлгийн тэнхимд 1981 онд байгуулагдахад элсэн орж суралцсан, улмаар суралцаж байх хугацаандаа цэргийн цол авч байсан, мөн Анагаах ухааны дээд сургуулийн Цэргийн эмнэлгийн тэнхимийг 1988 онд татан буулгасан зэргээс үзвэл А.Амыг 1981-1988 онд цэргийн сургуульд суралцаж байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

9. Иймд хүсэлт гаргагчийг Батлан хамгаалах яамны коллегийн хурлаас Анагаах ухааны дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс суралцаж төгссөн 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу Анагаах ухааны дээд сургуульд Цэргийн эмчийн мэргэжлээр суралцсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй хэдий ч хүсэлт гаргагч нь 1987 онд сургууль төгсөх байсан хугацаагаар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

10. А.Амын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ..... /РД:...../-ын 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Анагаах ухааны дээд сургуульд Цэргийн эмчийн мэргэжлээр суралцсан хугацааг цэргийн сургуулийн сонсогчоор буюу албан үүргээ гүйцэтгэж байсан хугацаанд тооцож, тус хугацаагаар албан үүргээ гүйцэтгэж /ажиллаж/ байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Амын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ