| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0581/э |
| Дугаар | 606 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2156/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн О-ий Б-д холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овгийн О-ий Б- Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Х” ХХК-нд хамгаалагчаар ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн 00 дүгээр баг 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 000000 тоотыг түрээслэн түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
О.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Махын 000 айлын 0 дугаар орцны подволын байранд иргэн Д.Г-ийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-оос: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Д.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн:
“...Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр найз М-д өвдөгөнд түрхдэг
тосноос өгөх гэж Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо махын 0/00-р байрны 0 дугаар орцны подволд амьдардаг гэрт нь очсон юм. Тэгээд гэрт нь байж байхад орой харанхуй болсон болохоор би тэндээ найзындаа хонох гэж байсан. Тэгээд М- охины хүүхдийг нь унтуулах гэж байсан чинь М-ийн хүү С-оо 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00-01 цагийн үед гэртээ согтуу орж ирээд агсан тавиад ална, хядна гэж хэлж орилж хашгирсан. М-ийн хамтран амьдрагч Б-ийг цохиж авах гэхээр нь би миний хүү болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь намайг холд гээд барьж байсан сандлаараа миний зүүн гар луу цохиж гэмтээсэн. Тэгээд миний гар даагдахгүй сонин болоод би М-ээ түргэн дуудаачээ гэж хэлээд түргэн дуудуулсан. Намайг сандалтай гараараа хол бай гээд холдуулахдаа гарыг маань нэг удаа цохиод гэмтээсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гарын бугуй хэсэг болон мөрөөр байнга янгинаж өвдөж зовиуртай байна. Би гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед М-ийн хамтран амьдрагч Б-, М-, 4 сартай, 2 настай хүүхдүүд байсан. С-оогийн ээж М- нь намайг эмнэлэгт байх хугацаанд эмчилгээний мөнгө төгрөг гэж надад болон хүүхдүүдэд маань өгч байсан. Эмчилгээний зардлын мөнгө 664.000 төгрөг болсон. 570.000 төгрөгийг М- надад болон хүүхдүүдэд маань өгсөн. Б- надад дараа нь 100.000 төгрөг өгснөөр эмчилгээний зардал мөнгийг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэх мэдүүлэг [1],
2.Гэрч М.М-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:
“...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, махын 0/00-р байрны 0 дугаар орцны подвальд байх өөрийн гэртээ нөхөр Б-ийн хамт байхад орой 18 цагийн орчим миний танил Г- гэх эмэгтэй ганцаараа орж ирсэн. Ингээд Г- шинэ жилээр болон ойрд манайхаар ирээгүй байсан болохоор би дэлгүүрээс 0.5 литрийн шилтэй 1 шил архи аваад манай нөхөртэй хамт гурвуулаа хувааж уусан. Ингээд байж байтал манай хүү Б- архи уусан байдалтай орж ирээд согтуурхаад Б-тэй муудалцаад барьцалдаад авсан. Г- болиулах гээд дундуур нь ороод, би тэгэхээр нь гэртээ байсан нялх хүүхдүүдийг нөгөө өрөө рүү оруулаад гараад иртэл Г- гар цохичихлоо гээд ёолж байсан. Тэгээд би түргэн дуудаад эмч ирж үзээд аваад явсан. Б- нь надтай хамтран амьдрагч бөгөөд Б-ын хойд эцэг нь болох хүн юм. Б- архи уусан байдалтай согтуу орж ирэхдээ согтуурхаж, чанга дуугаар агсамнах аястай болсон. Тэгээд Б-тэй үг хэлээ ойлголцохгүй маргалдаж барьцалдаад эхлэхээр нь Г- болиулах санаатай голоор нь орсон. Би тэр үед нялх зээ нараа айчих байх гээд нөгөө өрөө рүү оруулаад гараад иртэл Г- гар луу цохичихлоо ёо ёо гар гээд байхаар нь түргэн дуудсан юм. Б- нилээд согтолтой байсан. Харин Б-, Г- бид 3 зүгээр шахуу байсан. Б- нь 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрж, Хөвсгөл аймагт ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, тодорхой мэргэжилгүй болохоор ажил төрөл эрхэлдэггүй, зун дулааны улиралд барилга дээр ажиллаж өвөлд гэртээ л голдуу байдаг. Эхнэр хүүхэдгүй, ганц бие, зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй тэр бүр яраид байдаггүй, үг дуу цөөтэй, ихэвчлэн гэртээ л байж байдаг, архи согтууруулах ундаа тэр бүр хэрэглээд байдаггүй, хэрэглэсэн үедээ уг нь зүгээр унтаад өгдөг. ...” гэх мэдүүлэг [2]
3.Гэрч Ц.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:
“...: Би Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо махын 0/00-р байрны 0 дугаар байрны подволд буюу 00 тоотод хамтран амьдрагч М-ийн хамт амьдардаг. М-ийн хүү Б- нь өвөлдөө хамт байгаад, дулаан орохоор барилын ажил хийгээд гэртээ байдаггүй юм. Тэгсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр М-ийн найз Г- нь шинэ жилээр ирж чадаагүй гээд хүүхдийнхээ хүүхэдтэй хамт ирсэн. Тэгээд би Г-, М- бид гурав нэг шил архи хувааж ууж хоол унд идээд оройтсон. Г- оройтсон юм чинь гээд хонохоор болоод байж байсан юм. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б- шөнө 00-01 цагийн үед гэртээ согтуу орж ирсэн. Тэгснээ Б- орж ирчихээд архи дарс гэр оронд ууж идлээ гээд ээж болон над руу агсраад байхаар нь би Г-аас санаа зовоод унтуулах санаатай, чи өөрөө шал согтуу байж юу хуцаад байгаан гэж хэлээд Б- бид хоёр маргалдаад заамдалцсан юм. Тэгээд хэрэлдэж байхад Б- нэг сандал бариад “би чамайг цохиж чадна шүү” гэхэд Г- бид хоёрын голоор ороод “миний дүү ингэж болохгүй” гээд Б-ыг болиулах гэхэд Б- “та хол бай” гэж хэлээд түлхсэн. Тэгтэл Г- “гар өвдөөд эвгүй болчихлоо” гэж М-д хэлээд, түргэн дуудсан. Б- тэр үед орон дээрээ тасраад уначихсан байсан. Намайг Б- цохиогүй хувцаснаас заамдаад зогсож байсан. Харин би нэг удаа цохиж авсан. Өмнө ерөөсөө агсан тавьж байгаагүй. Согтуу бол шууд орж ирээд унтаад өгдөг. Ер нь нээх хамт байдаггүй юм. Тухайн үед Б- нилээн согтуу байсан. Гэхдээ намайг сандлаар цохиж чадна шүү гээд цохиж аваагүй болохоор бас гайгүй байсан байхаа гэж бодож байна. М- хүүхдүүд унтуулах гээд хажуу өрөөнд байсан. Хажууд Г- байсан. Б- нь их томоотой хүү байгаа юм. Үг дуу цөөтэй ажилсаг хүү байна лээ. Ээждээ тусалдаг. ...” гэх мэдүүлэг [3]
4. Гэрч Б.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:
“...Манай үеэл ах Б- нь даруу төлөв үг дуу цөөтэй хүн байгаа юм. Архи дарс нээх уугаад байдаггүй найз нөхөдтэйгөө хааяа нийлэхдээ ууж иддэг баяр ёслолоор хаа нэг хэрэглэсэн харагддаг. Архи уухаараа дуу цөөтэй болдог. Хүнтэй маргалдаж муудалцдаггүй, нийтэч, хамт олонсог, ажил хийхдээ үнэнч ажил хийдэг хүн байгаа юм. Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан тавьж байгаагүй. Архи уугаад согтоод ирэхээрээ дуугаа хураагаад сууж байгаад унтаад өгдөг хүн. Эгч М-тэй хамт амьдарч байгаа. Б- нь өмнө цохиж зодож байсан удаа байдаг юм. Тэрнээс болоод Б- тэсгэл алдаад тэр өдөр агсан тавьсан байх гэж бодож байна. Тэрнээс биш хүнд муу зүйл хийдэггүй хүн байгаа юм. Хүнд их тусархуу бусдыг зүгээр байхад хэзээч өдөж оролдож хэрүүл маргаан гаргадаггүй. ...” гэх мэдүүлэг [4]
5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1563 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: зүүн гарын бугалганы доод хэсгээс зүүн сарвуу хүртэл аравч гөлтгөнөн боолттой.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 15659 тоот өвчний түүхээс: хэвтсэн-2018-01-12, 01:35 цаг. Хэвтэх үеийн зовиур: зүүн гарын шуу өвдөнө. Үзлэгт: Биеийн байдал хүндэвтэр, уХ санаа саруул, орчиндоо харьцаатай, зүрхний авиа тод, хэм жигд, уушиг цулцангийн амьсгалтай, хэвлий зөөлөн, зүүн гарын шууны хэсгээр өвчин эмзэглэлтэй, хэлбэр алдагдсан, эмгэг хөдөлгөөнтэй, ясны хавирах чимээтэй гэжээ.
2018 оны 01 дүгээр сарын 12-ны хагалгааны тэмдэглэлд: мөрний сүлжээнд мэдээ алдуулан зүүн шуунд зүслэг хийж ясны хугарлыг эвлүүлэн ялтас тавьж хадав, ариун боолт хийв гэжээ. Онош-зүүн гарын шуу, богтос ясны зөрөөтэй далд хугарал гэжээ.
Дүгнэлт
1.Д.Г-ийн биед зүүн гарын шуу, богтос ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтоггоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт [5]
6.О.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо махын 0/-00-р байрны 0-р орцны подволд буюу 00 тоотод ээж М-ийн хамт амьдардаг юм. Сүүлийн 2-3 жил манай ээжийн хамтран амьдрагч гэх Б- гэх эрэгтэй хүн намайг гэртээ байхгүй байхад ирэх болсон байсан. Би өвөлдөө ээжтэйгээ хамт байдаг, дулаан орохоор барилгын ажил хийгээд хөдөөгөөр яваад ажил дээрээ байрлачихдаг юм. Тэгсэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр найз Даваадоржийн төрсөн өдөр болоод би төрсөн өдөрт нь очоод архи уугаад нилээн согтсон. Гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00-01 цагийн үед орсон. Гэртээ ороход Б-, ээж М-, ээжийн найз эгч Г- нар байсан. Тэр гурав архи хувааж ууссан байдалтай байхад нь би Б- рүү уурлаад “гэр оронд архи уулаа” гэж хэлсэн чинь Б- над руу агсарсан юм. Тэгээд Б- бид хоёр барьцалдаад байж байгаад би сандал бариад “чамайг би цохиж чадна шүү” гээд далайсан чинь Г- эгч Б- бид хоёрын дундуур ороод ирэхээр нь би уул нь Г- эгчийг гэмтээхгүй гээд хол бай гэж хэлээд сандалтай гараараа түлхсэн юм. Би нэг гараараа Б-ийг заамдсан байдалтай, Б- намайг бас заамдсан байсан юм. Тэгээд би сул гараараа холдуулах санаатай түлхсэн юм. Би хэр хүчтэй түлхсэнээ мэдэхгүй байна. Б- бид хоёрын дундуур ороод цохиж зодуулж магадгүй гэж бодоод таньд хамаагүй хол бай гээд л түлхсэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг би учруулсан. Дээрх гэмтлийг гартаа барьж байсан модон сандалтай гараараа холдуулах гэж түлхээд гэмтээсэн. Тухайн үед би нилээн их согтуу байсан хийж байгаа үйлдлээ сайн хянаж чадахааргүй байсан. Би Г- эгчээс уучлалт гуйгаад эмчилгээний 664.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг [6],
7.Хохирогч Ч.Г-ээс ирүүлсэн “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд” үзүүлсэн төлбөр төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын ордер баримт [7], хохирлын баримтууд [8],
8.О.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [9], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [10], оршин суугаа хаягийн тодорхойлолт [11], гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа [12], О.Б-ын нэр дээр /3014ХӨА улсын дугаартай UAZ маркийн/ тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа[13], О.Б-ын “Х” банкинд эзэмшдэг дансны хуулга [14] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Махын 0-00 айлын 0 дугаар орцны подволын байранд иргэн Д.Г-ийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Д.Г-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр найз М-д өвдөгөнд түрхдэг тосноос өгөх гэж Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо махын 0/00-р байрны 0 дугаар орцны подволд амьдардаг гэрт нь очсон юм. ...М-ийн хүү С-оо 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00-01 цагийн үед гэртээ согтуу орж ирээд агсан тавиад ална хядна гэж хэлж орилж хашгирч, ....Б-ийг цохиж авах гэхээр нь би миний хүү болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь намайг холд гээд барьж байсан сандлаараа миний зүүн гар луу цохиж гэмтээсэн. Тэгээд миний гар даагдахгүй сонин болоод би М-ээ түргэн дуудаачээ гэж хэлээд түргэн дуудуулсан....” гэх мэдүүлэг [15],
-Гэрч М.М-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо махын 0/00-р байрны 2 дугаар орцны подвальд байх өөрийн гэртээ нөхөр Б-ийн хамт байхад орой 18 цагийн орчим миний танил Г- гэх эмэгтэй ганцаараа орж ирсэн. ...Ингээд байж байтал манай хүү Б- архи уусан байдалтай орж ирээд согтуурхаад Б-тэй муудалцаад барьцалдаад авсан. Г- болиулах гээд дундуур нь орсон. ...би нялх хүүхдүүдийг нөгөө өрөө рүү оруулаад гараад иртэл Г- гар цохичихлоо гээд ёолж байсан ...” гэх мэдүүлэг [16]
-Гэрч Ц.Б-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо махын 0/-00-р байрны 2 дугаар байрны подволд буюу 00 тоотод хамтран амьдрагч М-ийн хамт амьдардаг. ...найз Г- нь шинэ жилээр ирж чадаагүй гээд хүүхдийнхээ хүүхэдтэй хамт ирсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б- шөнө 00-01 цагийн үед гэртээ согтуу орж ирээд ...архи дарс гэр оронд ууж идлээ гээд ээж болон над руу агсраад байхаар нь ...Б- бид хоёр маргалдаад заамдалцсан юм. Тэгээд хэрэлдэж байхад Б- нэг сандал бариад “би чамайг цохиж чадна шүү” гэхэд Г- бид хоёрын голоор ороод миний дүү ингэж болохгүй гээд Б-ыг болиулах гэхэд Б- та хол бай гэж хэлээд түлхсэн. Тэгтэл Г- гар өвдөөд эвгүй болчихлоо гэж М-д хэлээд, түргэн дуудсан ...” гэх мэдүүлэг [17]
-О.Б-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...Би Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо махын 0/-00-р байрны 2-р орцны подволд буюу 00 тоотод ээж М-ийн хамт амьдардаг юм. ...2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00-01 цагийн үед гэртээ ороод ... тэр 3 архи хувааж ууссан байдалтай байхаар нь би Б- рүү уурлаад “гэр оронд архи уулаа” гэж хэлсэн чинь Б- над руу агсарсан. Б- бид хоёр барьцалдаад, би сандал бариад чамайг “би цохиж чадна шүү” гээд далайсан чинь Г- эгч Б- бид хоёрын дундуур ороод ирсэн. Г- эгчийг гэмтээхгүй гээд хол бай гэж хэлээд сандалтай гараараа түлхсэн. ...хэр хүчтэй түлхсэнээ мэдэхгүй байна. ...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг [18],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1563 дугаартай дүгнэлт [19] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгээс шүүгдэгч О.Б- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа хэргээн хүлээн зөвшөөрч мэдүүлдэг тул гэм буруугийн талаар маргаагүй гэж тайлбарлаж, улсын яллагчын гаргасан дүгнэлтийн талаар мэтгэлцээгүй болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...хойд эцэг Ц.Б-өд ”гэрт архи уулаа” гэж агсан согтуу тавьж, хойд эцэг Ц.Б-тэйгээ маргалдаж, улмаар тэднийг салгах гэсэн иргэн Д.Г-ийг сандлаар цохиж, унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл шууд санаатай үйлдлээр учруулсан нь нөхцөл байдал нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна. Тухайн үед шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад мөн нөлөөлсөн байна.
Шүүгдэгч О.Б- нь хохирогч Д.Г-ийн биед “зүүн гарын шуу, богтос ясны зөрөөтэй далд хугарал бүхий” хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг заалтад зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Хохирогч Д.Г-ийн бие махбодид хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчоос эмчилгээний зардалд 668.400 төгрөг болсон, тус мөнгө төлөгдсөн талаар мэдүүлсэн, харин шүүгдэгч О.Б- нь 668.400 төгрөгийг хохирогч Д.Г-т манай ээж бэлнээр төлсөн байх, би төлөөгүй гэж мэдүүлсэн. Шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Эдгээрээс үзвэл шүүгдэгч О.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг шүүгдэгчийн ар гэр нь нөхөн төлсөн гэж үзэхээр байна. Иймд хохирогч Д.Г- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, ...цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. шүүгдэгч О.Б-ыг үйлдсэн гэмт хэрэгтээ тодорхой хэмжээгээр гэмшээгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгчийн учруулсан хохирлын төлбөрийг эх нь төлсөн, мөн “Х” ХХК-нд ажилладаг гэх тодорхойлолт нь огноо байхгүй, тус тодорхойлолтонд 350.000-450.000 төгрөгийн цалинтай гэсэн атлаа, доторх хүснэгтэд 225.000 төгрөг, 180.000 төгрөгөөр цалинтай талаар бичигдсэн зэргээс ажил хөдөлмөр эрхэлдэг нь тодорхой бус гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэх эрхийг ял оногдуулсан хугацаанд хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг гаргасан дүгнэлтдээ хэргийн нөхцөл байдлыг дүгнэж харахад тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн хойд эцэг Б- гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул түүнийг согтууруулах ундааны зүйл битгий хэрэглэлээ, гэрт архи уулаа гэх шалтгаанаар тэдний хооронд маргаан үүссэн байна. Гэхдээ хохирогч Д.Г-тай маргаан үүсгээгүй, харин маргаанд дунд Д.Г-т гэмтэл учирчих вий гэж, сандалтай гараараа түүнийг түлхсэнээс болж хохирогч Д.Г-т гэмтэл учирсан байна. Түүнээс шууд санаатай үйлдлээр хохирогчид гэмтэл учруулаагүй юм. Энэ нь өөрөө эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч О.Б- нь сандалтай гараараа далайлгаж цохих үйлдэл хийгээгүй, харин түлхсэн. Мөн хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эхийгээ асардаг, ажил хийж орлого олдог байдалд нь халдаж Эрүүгийн хариуцлагыг оноож болохгүй. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нь байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог тул түүнд албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг мансуурах донтой, эмгэгтэй болсон тохиолдолд хэрэглэдэг. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдлээ ухамсарлаж цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. Тухайн хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч энэ нь байнгын архидан согтуурах донтой биш юм. Хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг хэн төлсөн нь хамаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан сонгох санкцтай тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалза нэрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Өмгөөлөгч Х.Баатарбилэгээс шүүгдэгч О.Б- нь эхийгээ асардаг, шүүгдэгчийн хөдөлмөрлөх эрхэд нь халдаж зөрчиж болохгүй гэж мэтгэлцэх боловч хэрэгт гэрч М.М-, Ц.Б- нарын мэдүүлгээр О.Б- нь өвөлдөө хамтдаа байдаг, зуны улиралд барилгын ажил хийгээд тусдаа байдаг талаар мэдүүлж байгаа нь шүүгдэгчийн асаргаанд эх нь байдаг гэж үзэх боломжгүй, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.
Мөн шүүх торгуулын ялыг хэрэглэхдээ хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзах ба О.Б- С-ыг “Х” ХХК-нд ажилладаг тухай тодорхойлолтыг ирүүлсэн боловч тус баримт нь цаг хугацаа тодорхой бус, хэзээ олгосон тодорхойлолт эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан банкны дансны хуулгаас үзэхэд орлого гэсэн хэсэгт цалин хөлс орлого болж орсон бичилтгүй, шүүгдэгчийг ажил эрхэлдэг тухай баримтгүй, мөн О.Б-ын нэр дээрх хөрөнгөтэй эсэх талаар хэрэгт лавлагаа байхгүй зэргээр шүүгдэгч О.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлоготой эсэх нь тодорхой бус байна.
Иймд өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, О.Б-ын хувийн байдал зэргийг харгалзан түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, мөн шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн модон 4 хөлтэй 29 см өндөртэй сандалыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 16 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 18 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.
[7]Хавтаст хэргийн 19 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 24-30 дугаар тал.
[9]Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[10]Хавтаст хэргийн 38дугаар тал.
[11]хавтаст хэргийн 46 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 45 дугаар тал
[13]Хавтаст хэргийн 47 дугаар тал.
[14]Хавтаст хэргийн 40-44 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 16 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.