| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2506013040313 |
| Дугаар | 2025/ДШМ/1215 |
| Огноо | 2025-10-17 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/1215
2025 10 17 2025/ДШМ/1215
Б.Пд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Батзаяа,
хохирогч Ш.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,
шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Сарнай,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1461 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Пд холбогдох 2506013040313 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 814 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нарыг эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Шүүгдэгч Б.П нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ш.Эаас худалдан борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжны 60 дугаар байрны .... тоот 98,7 метр квадрат хэмжээтэй орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр худалдаж төлбөрийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч зарцуулан бусдад их хэмжээний буюу 534,065,156 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Пыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Пыг 14,500 /арван дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Пд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.П торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Паас 536,002,756 /таван зуун гучин зургаан сая хоёр мянга долоон зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Эад олгож, прокурорын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол (13381) Токиогийн гудамж 60 дугаар байрны .... тоот хаягт байршилтай, 98,7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай .... бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хохирогч Ш.Эын өмгөөлөгч Б.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: “...Нотариатын баталсан итгэмжлэлд “төлбөрийг зөвхөн Ш.Эын дансаар хийнэ” гэж заасныг мэдсээр байж М.М, Б.П нар үгсэн тохиролцож өөрсдөө гар бичиг үйлдэн Ш.Эад мэдэгдэхгүйгээр өмчлөгчийн нэр шилжүүлсэн нь үл хөдлөх эд хөрөнгийг завших, залилан авах гэмт хэргийн гол үндэс болсон. Тус хэрэгт М.Мын 200,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, итгэмжлэлд заагдаагүй данс руу 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 60,000,000 төгрөгийг авч ашигласан үйлдэл оролцоог нарийвчлан шалгаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. /1хх63-64, 89-90, 163, 239/
М.М, Ц.Э нар Б.Паас үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч 370,000,000 төгрөгийг шаардаж үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхөөс татгалзаж байгаа нь тэд 530,000,000 гаруй төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж авахын тулд хууран мэхлэх арга хэрэглэж Б.Пыг давхар залилсан байж болзошгүй байгаа юм. Иймээс Ц.Э, М.М нарын харилцаа хамаарал, Ц.Эын үйлдэл оролцоог нарийвчлан шалгаж гэм буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага оногдуулах ёстой байсан.
Гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий худалдах худалдан авах гэрээний талаарх шүүгдэгч Б.П, гэрч М.М нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй байхад нотолсон болон үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй. /1хх56-58, 60-61,63-64, 89-90/
Б.П, М.М нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ бодитой хийгдсэн хэлцэл үү эсвэл барьцаанд тавих зорилгоор хийгдсэн дүр эсгэсэн гэрээ хэлцэл үү гэдгийг тогтоох нь хэргийн шийдвэрлэлтэнд чухал ач холбогдолтой. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хорооллын .... тоотыг хэн, хэрхэн ашиглаж байсан, хэрэглээний зардлыг хэн төлсөн, “Май капитал” Хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн эргэн төлөлтийг хэн, хэрхэн хийж байсан, .... дугаарын мэдээллийг эрх бүхий байгууллагаас авах /албан бичиг хүргүүлсэн боловч хариу авагдаагүй/ зэрэг нотлох баримтыг цуглуулж бодит байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоогоогүй.
Хохирогч Ш.Эын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх гэмт хэргийн замаар алдагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, прокурорын байгууллагаас шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байхад шүүхээс хохирогчийн өмчлөх эрхийг сэргээгээгүй, хохирлыг мөнгөн байдлаар нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх…” зорилтод нийцээгүй. Хохирогч Ш.Эын хүсэл зориг нь үл хөдлөх эд хөрөнгийг өндрөөр үнэлж мөнгөн байдлаар хохирлоо гаргуулах биш, гагцхүү өмчлөх эрхээ сэргээлгэх юм. Ш.Эын өмчлөх эрхийг сэргээж, шүүгдэгч Б.Паас 200,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээдэд олгох нь бодит байдалд нийцэхээр байна.
Урьдаас үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч улмаар барьцаанд тавьсан М.Мын үйлдэл оролцоог тогтоож, дүгнэлт хийгээгүйгээс түүнд ял завших боломж олгосон, мөн хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй, учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, нөхөн төлөх, сэргээх ямар нэгэн идэвхитэй оролдлого огт хийгээгүй, урьд өмнө ял шийтгүүлж байсан, шунахайн сэдэлтээр санаатай гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Пд 14,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Үйл баримтыг цогцоор нь тогтоож нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотловол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.
Иймээс Б.Пд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцааж өгнө үү. …” гэв.
Хохирогч Ш.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд өөрийн эзэмшлийн байрыг авах талаар гомдол гаргасан. Дээрх хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй, эд хөрөнгө завших гэмт хэрэг гэдгийг шүүхээс тогтоосон. Гэтэл хамтарч гэмт хэрэг үйлдсэн Мд гэмт хэрэгт холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, М зарах гэж байсан байрыг барьцаанд тавьж, завших гэмт хэргийг үйлдсэн. Уг гэмт хэргийг Б.П ганцаараа үйлдэж чадахгүй, Мын оролцоо байсан учраас гэмт хэрэг үйлдэгдсэн. Анх тухайн байрыг 460,000,000 төгрөгөөр үнэлж тохиролцсон, сүүлийн үнэлгээгээр 530 гаруй сая төгрөгөөр үнэлсэн. М 200,000,000 төгрөгөөр барьцаалбарт тавьсан. М надтай холбогдож “та миний гаргасан бүх мөнгийг төлсөн нөхцөлд тухайн байрыг буцааж өгнө” гэсэн. Би Мд “за тэгье” гэж тохиролцвол өөрийнхөө байрыг худалдаж авах болчхоод байгаа. Ял шийтгэл хүлээх ёстой хүнтэй тохиролцсон нөхцөлд ойлгомжгүй нөхцөл байдал бий болно. Шүүгдэгч Б.П “би 530 гаруй сая төгрөг төлж чадахгүй” гэж байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийн хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх мөрдөн шалгах ажиллагааны явцад Мтай нүүрлэлдүүлэн байцаах талаар хүсэлт гаргаж байсан. Миний хувьд тус байрыг зарах сэдэл, санаа, зорилго байгаагүй. М “чи барьцаалсны дараа надаас худалдаж авсан нөхцөлд илүү өндөр зээл гарна” гэж хэлсэн. Анх хохирогч Ш.Э “тухайн байрыг 480,000,000 төгрөгөөр зараад өгөөч” гэж надтай тохиролцсон. Би хохирогч талыг буруутгахгүй байгаа, эд хөрөнгө алдсан хүн гомдол гаргах нь ойлгомжтой. М “таньдаг банк бус санхүүгийн байгууллага зээлийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө” гэж хэлсэн. Би байр барьцаалбарын хүү алданги төлж байсан. Гэтэл М утсаа авахгүй болохоор зарим төлбөрийг төлөх талаар хэлсэн. 60,000,000 төгрөгийг Мын дансанд тухайн өдөр шилжүүлсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Сүүлд ямар гэмт хэрэгт холбогдсоноо ойлгосон. Мөрдөн шалгах газарт Мд холбогдуулж гомдол гаргасан боловч манай харьяаллын хэрэг биш гээд Баянгол дүүрэгт шилжүүлсэн. Шүүх хурал болохоос өмнө зээлийг хаах гэж оролдсон боловч би байрыг барьцаалбар хийж мөнгө аваагүй учраас зээлийг хаах боломж олдоогүй, М анх төлбөр хийхдээ “үл хөдлөхийн төлбөр хийв” гэж шилжүүлснийг харахад анхнаасаа зохион байгуулалтай байсан гэдгийг ойлгосон. Сүүлд надаас 350,000,000 төгрөг өгөхийг шаардсан, би “тийм зүйл байхгүй” гэдгийг хэлсэн. Намайг яллагдагчаар татагдсан учраас М намайг энэ хэрэгт холбогдуулсан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч Б.Сарнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ш.Эын өмгөөлөгч Б.Оюунчимэгийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн дагуу худалдан борлуулсан мөнгийг хохирогчид өгөх ёстой байсан гэдгийг шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг. Тухайн орон сууцыг зарах сонирхол шүүгдэгч Б.Пд байгаагүй, М “банк бус санхүүгийн байгууллагаас барьцаалбар хийж мөнгө авах боломжтой” гэсэн учраас мөнгө авч хэрэглэж болох юм байна, удахгүй орон сууцыг буцаагаад авах зорилготойгоор орон сууцыг барьцаалбар хийсэн байдаг. Шүүгдэгч Б.П, Мд залилуулсан гэх асуудлыг тусдаа шийдвэрлүүлэх боломжтой. ...” гэв.
Прокурор М.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нотариатаар баталсан итгэмжлэл хохирогч Ш.Эын дансаар орох байхад шүүгдэгч Б.Пын дансаар гүйлгээ хийгдсэн Мын үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй талаар тайлбартаа дурддаг. Гэтэл Мын гэрчээр өгсөн мэдүүлэгт “би баталгааны итгэмжлэл авсан учраас хохирогч Ш.Э гэх хүний дансанд шилжүүлэх талаар” хэлэхэд Б.П “миний дансанд шилжүүлчих” гэхэд М баримт үйлдэж тухайн мөнгийг шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.П мөн энэ талаар хэлж, хэрэгт нотлох баримт авагдсан гэж байна. Прокуророос Мыг тус хэрэгт холбогдуулж шалгах үндэслэл байхгүй гэж үзсэн. Мөн дээрх асуудлаас өмнө М нь Б.Птай найз нөхдийн холбоотой байсан, хоёр гар утас, дугаарын талаар дурдсан байдаг. Мөн хохирогч Ш.Э, М нар шүүгдэгч Б.Пыг давхар залилсан байж болзошгүй гэж үздэг. Энэ талаар тусаа цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Мөн худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудал байдаг. Энэ талаар Б.П, М нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад, нотолсон болон үгүйсгэсэн баримт байхгүй гэж тайлбартаа дурддаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй байдаг. Харин гэрчээр мэдүүлэг өгсөн Мын хувьд хууль сануулж мэдүүлэг авсан учраас дээрх нотлох баримтуудыг үндэслэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн худалдах, худалдан авах гэрээ бодитой хийсэн хэлцэл мөн үү, эсхүл дүр исгэж хийсэн хэлцэл эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Анх шатны шүүхийн шийтгэх тогтоолд үл хөдлөх хөрөнгийн талаар тодорхой дурдаагүй гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн учраас үл хөдлөх хөрөнгө бусдын эзэмшилд буюу М эзэмшиж байгаа учраас хэрэгт дүн шинжилгээ хийх боломжгүй гэдгийг шүүгч тайлбарласан. Анх хохирогч Ш.Э сайн дураараа Б.Пд өвчлөлийн эрхийг итгэмжлэл хийж шилжүүлсэн. Улмаар Б.П гэрээний дагуу бичиг баримт үйлдэж бусдад худалдах, худалдан авах гэрээгээр зарсан байдаг. Шүүгдэгчийн ял шийтгэл хөнгөдсөн гэж хохирогч талаас тайлбартаа дурдсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн, хохирогч Ш.Э оролцоогүй, хохирогчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч ял авсан нөхцөлд бид нар байр авч чадахгүй нөхцөл байдал бий болох учраас торгох ял оногдуулах” саналыг дэмжиж оролцсон. Мөн шүүгдэгч Б.П 200,000,000 төгрөгийг дансанд байршуулж, төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Б.П нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ш.Эаас худалдан борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжны 60 дугаар байрны .... тоот 98,7 метр квадрат хэмжээтэй орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр худалдаж төлбөрийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч зарцуулан бусдад их хэмжээний буюу 534,065,156 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ш.Эын “...Б.П нь миний дүү Ш.Бы охин Б.Жгийн нөхөр байгаа юм. Энэ хүн хувиараа наймаа арилжаа хийдэг бөгөөд түүнд туслах зорилгоор итгэж өөрийн эзэмшлийн тухайн орон сууцыг хариуцуулдаг байсан. Байр зарахаар болж түүнд өөрийн орон сууцыг зарах итгэмжлэл хийж өгсөн. Байр зарагдсаныг мэдээд түүнийг зарсан эсэхийг асуухад “үгүй” гэсэн. Мөн Э, М нарыг таньдаг эсэхийг асуухад “танихгүй, уулзаж байгаагүй” гэж хэлсэн. Би түүнээс “энэ асуудалд оролцоогүй юу” гэж олон удаа асуух үед “үгүй, би байрыг зараагүй” гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст би өөрөө очиж байгаагүй, Б.Пыг явуулсан тэр надад “тухайн гэрчилгээг гаргаж өгөхгүй” байна гэж хэлээд өнөөдөр хүртэл түүнээс байрны гэрчилгээ асуух үед “гараагүй байна” гэж хэлсэн. Миний хийж өгсөн итгэмжлэлийн дагуу Б.П надад мэдэгдэлгүй миний хөрөнгийг бусдад зарсан. Мөн зарсан талаараа надад хэлээгүй бөгөөд байр зарагдсаныг мэдээд би түүнээс олон удаа “чи холбоогүй биз” гэж асуухад “би холбоогүй, би зараагүй” гэж хэлсэн. Би өөрийн байраа буцааж авмаар байна. Мөн 8811-тэй хоёр дугаарыг Б.Паас авч өөрийн нэр дээр болгуулмаар байна. Гэм буруутай хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Би байраа 480,000,000 төгрөгөөр зарах гэж байсан. Одоо 600,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...” /1хх 35- 37, 39-40/,
гэрч М.Мын “...2022 оны хэдэн сар байсан талаар сайн санахгүй байна Б.П нь надад хандаж “баарандаа засвар хийж байгаа юм аа, чи надад мөнгө зээлээч” гэхээр нь би “бодож байгаад эргээд хариу өгье” гэж хэлсэн. 2022 оны 10 дугаар сар байсан санагдаж байна манай байгууллагад барьцаанд тавьж зээл авсан .... дугаарын эзэмшигч нь зээлсэн мөнгөө төлөөгүй учир гэрээний дагуу тус дугаар байгууллагын өмч болсон. Тухайн сардаа би Б.П руу залгаад түүнд хандаж “надад бэлэн мөнгө алга байна .... гэсэн хоёр дугаар байна, чи энэ хоёр дугаарыг аваад асуудлаа шийдэх үү” гэсэн. Орой нь ирж уулзах үед “чи энэ дугаарыг 60,000,000 төгрөгөөр ав төлбөрөө хэзээ төлж дуусгах уу” гэж асуух үед “би 2023 оны 03 дугаар сар гэхэд дугаарын төлбөр болох 60,000,000 төгрөгийг төлж дуусгана” гэж хэлэхээр нь зөвшөөрч тухайн хоёр дугаарыг Б.Пын нэр лүү шилжүүлж өгсөн. (.... дугаарыг тэр өөрөө барьж байгаа, нөгөө дугаарыг яасан талаар мэдэхгүй байна). 2023 оны 03 дугаар сар болох үед надад нэг ч төгрөг төлөөгүй. Би түүнээс мөнгөө нэхэх үед “дүү нас барсан, гадаад явж ирээд өгье” гэж байсан, сүүлдээ худлаа шалтаг тоочоод надаас зугтах болсон. 2023 оны 05 дугаар сарын үед Б.Птай уулзаж “дугаарын төлбөр төлөх хугацаа хэтэрсэн надад алдагдалтай байгаа учир хүү тооцож мөнгө авна чи хугацаагаа хэл” гэх үед тэр зөвшөөрч гэрээ хийсэн боловч мөнгөө өгөөгүй 2024 оны 02 дугаар сарын сүүл үед Б.П надтай уулзаж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, .... тоот 98,7 м.кв хэмжээ бүхий орон сууцны гэрчилгээг болон итгэмжлэлийг үзүүлсэн бөгөөд тухайн орон сууцыг бид 2 очиж үзсэн. Тэр надад хандаж “би Богд банкнаас зээл авах гэсэн юм аа тэгсэн надад мөнгө хэрэгтэй байна, энэ байраа барьцаанд тавиад зээл авах гэсэн юм” гэхээр нь эргээд холбоо барья гэж хэлсэн. Би тухайн байрыг “Май капитал” ХЗХ-д харуулан зээл авах боломжтой эсэхийг асуухад 200,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой гэж хэлсэн. Би Б.Пд хандаж “би чиний байрыг 305,908,000 төгрөгөөр худалдаж авъя, 200,000,000 төгрөгийн зээл аваад чамд өгье, үлдсэн 105,908,000 төгрөгт 8811-тэй хоёр дугаарын төлбөр болон чи надаас зээлээд өгөөгүй мөнгө төгрөгийн асуудлыг орлуулаад хаая” гэсэн санал тавих үед тэр зөвшөөрсөн. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн хорооллын эцэст И-мартын 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний нотариатч дээр очиж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Нотариатч гэрээ хийж байх үедээ “төлбөр мөнгийг Ш.Эын данс руу хийх юм байна шүү” гэж хэлж байсан. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус орон сууцыг “Май капитал” ХЗХ-д барьцаанд тавьсан. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр миний .... дугаартай данс руу 8710118701001 дугаар данснаас хоёр хувааж 200,000,000 төгрөг орж ирсэн. Мөнгө орж ирсэн талаар Б.Пд хэлээд “гэрээн дээр байгаа Ш.Эын данс руу хийх үү” гэж асуух үед “би чам дээр яваад очъё” гэж хэлсэн. Тэр надтай уулзаж хадам байхгүй байгаа, миний данс руу хийгээд өгчих” гэхээр нь “гэрээн дээр Ш.Эын данс руу хий гэсэн байна, тэгвэл чи надад баталгаа бичиж өг” гэх үед надад баталгаа бичиж өгөөд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өөрийн .... дугаар данснаас түүний .... данс руу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Улсын бүртгэлийн газраас тухайн байрны гэрчилгээ миний нэр дээр гарсан. ...Б.П нь над дээр ирэх үедээ “тухайн орон сууцыг зарах юм уу барьцаанд тавьж мөнгө олох хэрэгтэй байна. Би банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө хэрэг болоод” гэсэн. Би судалж үзээд “байрыг худалдаж авах юм бол надад зээл гарах юм байн”а гэж түүнд хэлэх үед тэр зөвшөөрч надад орон сууцыг зарсан. “Богд банкны зээл гарахаар би чамаас буцаагаад худалдаж авна” гэхээр нь “чи хэр удаж байж буцааж авах юм” гэх үед “3 сарын дотор миний зээл бүтнэ, тэгээд чамаас авъя” гэхээр нь “чи заасан хугацаандаа энэ байраа авахгүй бол би байрыг зарна шүү” гэж түүнд хэлсэн. Түүний заасан хугацаагаар бол 2024 оны 05 дугаар сарын сүүл үед тус байрыг надаас худалдаж авах байсан боловч өнөөдрийг хүртэл байраа аваагүй байгаа. ...”/1хх 56-58, 60-61/,
гэрч Ч.Эын “...2024 онь 10 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн ажлын байран дээрээ байх үед үл таних хоёр эрэгтэй хүн хүрч ирээд үл хөдлөх хөрөнгө худалдах болон худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа талаар хүсэлт гаргасан. Би тухайн хүмүүсийн материалыг нягтлан шалгах үед худалдагч тал Ш.Э гэх иргэн байсан бөгөөд Б.Пд итгэмжлэл олгосон байсныг шалгаж үзэх үед зохих журмын дагуу баталсан байр худалдах эрхийг Б.Пд олгосон итгэмжлэл байсан. Тийм учраас худалдагч тал болох Б.П худалдан авагч тал болох М.М нарын гэрээг зохих журмын дагуу үйлдэж гэрчилсэн. ...Б.Пын итгэмжлэлийг шалгах үед зохих журмын дагуу хийгдсэн хүчинтэй итгэмжлэл байсан. ...” /1хх 50-51/,
гэрч Ц.Эын “...Би найз М.Мтай 2024 оны 10 дугаар сард уулзах үед найз надад хандан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 60 дугаар байрны 1 давхар 103 тоот үйлчилгээний зориулалт бүхий орон сууцыг Б.П гэх хүн итгэмжлэлээр надад нийт 305,908,000 төгрөгөөр худалдсан. Би төлбөрийг нь “Май капитал” ХЗХ-оос 200,000,000 төгрөгийг зээлж, үлдэгдэг 105,908,000 төгрөгт өөрийн эзэмшлийн unitel-ийн .... гэсэн хоёр дугаарыг Б.П гэх хүний нэр дээр шилжүүлж өгч байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулан авсан. Би одоо зээлээ төлөөд явж байна. Гэтэл Б.П нь итгэмжлэлээр надад зарсан орон сууцаа буцааж авах санал тавиад байна. Энэ дээр надад хуулийн талаар зөвлөгөө хэрэгтэй байна гэхээр нь материалыг чинь харж байж дараа дараагийн шийдвэр гаргана гэж хэлж байсан. 2025 оны 01 дүгээр сарын эхээр үл таних эмэгтэй миний дугаар луу залгаж “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 60 дугаар байрны орцны түлхүүрийг хэнээс авах вэ” гэж асуухаар нь “та ямар учиртай хүн бэ тухайн байрыг та худалдаж авч байгаа юм уу, түрээслэх гэж байгаа юм уу, хэнээс үл хөдлөх хөрөнгийг авах гэж байгаа юм бэ” гэж асуухад “би Энхбат гэдэг хүнээс худалдаж авах гэж байгаа юм тийм учир гадна хаалганы түлхүүр хэрэгтэй байна” гэж хариулахаар нь “түлхүүр нь надад байгаа, би танд өгөхгүй яагаад гэвэл наад байр чинь Энхбат гэх хүний байр биш ээ. М гэх хүний худалдаж авсан өмч байгаа юм, одоо зээлийн барьцаанд байгаа өмчлөгчтэй нь яриагүй байж яагаад өөр хүнээс хүний юмыг авна гэж байгаа юм бэ, та нар наад орон сууцандаа орж үйл ажиллагаа явуулах юм бол бусдын хөрөнгөд орсон гэж буруудна шүү” гэхэд “өө за за ойлголоо” гэж надад хэлсэн. ...Б.П гэх хүнтэй холбогдож “чи байраа авах гэж байгаа бол зарсан үнэ өгөөд нэмж зээлийн хүүг төлөх юм бол буцааж өгч болно” гэж хэлэх үед “Богд банкнаас 5 тэрбум төгрөгийн зээл авах гэж байна, өөр банкнаас зээл авах гэж байна, хөрөнгө оруулагч Хятад хүмүүстэй уулзаад ирлээ” гэх мэтээр 2024 оны 11 дүгээр сарын сүүл үеэс өнөөдрийг хүртэл ярьж байгаа. ...” /1хх 46-48/,
гэрч Б.Жгийн “...2014 оны 04 дүгээр сар байсан санагдаж байна нөхөр Б.Птай танилцаж байсан, бид 2-ын дундаас 1 эмэгтэй хүүхэд гарсан бөгөөд хуулийн дагуу гэрлэлтээ батлуулаагүй байгаа. ...Ш.Э нь миний төрсөн эхийн төрсөн ах байгаа юм аа. Бичиг баримттай холбоотой асуудал хөөцөлдөх болоод ах өөрөө гуйсан тохиолдолд нөхөр бид 2 тус болох зорилгоор хөөцөлдөж өгдөг. ...М.Мын эхнэр Дтай 2016 онд танилцаж байсан бөгөөд М.М гэх хүнийг эхнэрээр нь дамжуулж 2017 оноос мэддэг болсон. Түүний эхнэртэй жилд нэг удаа уулзаж хаяа утсаар ярьдаг. 2018 он байсан санагдаж байна оныг нь сайн санахгүй байна, манай нөхөр Б.П надаар дамжуулан танилцсан. Мөнхбаярын Мыг манай нөхөр танина. Ш.Э ах гадаад улс руу явах болсон учир байраа заруулах зорилгоор манай нөхөр Б.Пд итгэмжлэл хийж өгсөн. ...” /1хх 53-54/ гэсэн мэдүүлгүүд,
гомдол, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 27, 2/, Нийслэлийн тойргийн нотариатч Х.Түмэн-Өлзийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0126 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /1хх 123/, Ш.Эын үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1хх 30/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 31/, Нийслэлийн тойргийн нотариатч Ч.Эын 0301 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ /1хх 111/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/1296 дугаартай “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол (13381), Токиогийн гудамж 60 дугаар байрны .... тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт иргэн Ш.Э өмчлөлд бүртгэгдэж, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн М.М өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. ...” гэсэн албан бичиг /1хх 189/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 25-57 дугаартай “...орон сууцны зориулалттай (үйлчилгээний талбай) үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зах зээлийн хандлагаар 534,065,156 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэсэн дүгнэлт /1хх 93-103/, шүүгдэгч Б.Пын эзэмшлийн Голомт банкны .... дугаартай дансны хуулга /1хх 163-165/, М.Маас шүүгдэгч Б.Пд 200,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх банкны баримт /1хх 126/, “....” ХХК-ийн харилцагчийн хувийн хэрэг, зээлийн гэрээ, зээл хүссэн өргөдөл /1хх 147-156/, шүүгдэгч Б.Пын эзэмшлийн Голомт банкны .... дугаартай дансны хуулга болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 239-250, 2хх 1-5/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокурорын газраас шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Пыг 14,500 /арван дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Пд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.П торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Хохирогч Ш.Эын өмгөөлөгч Б.Оюунчимэгээс “...Нотариатын баталсан итгэмжлэлд “төлбөрийг зөвхөн Ш.Эын дансаар хийнэ” гэж заасныг мэдсээр байж М.М, Б.П нар үгсэн тохиролцож өөрсдөө гар бичиг үйлдэн Ш.Эад мэдэгдэхгүйгээр өмчлөгчийн нэр шилжүүлсэн нь үл хөдлөх эд хөрөнгийг завших, залилан авах гэмт хэргийн гол үндэс болсон. Тус хэрэгт М.Мын 200,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, итгэмжлэлд заагдаагүй данс руу 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 60,000,000 төгрөгийг авч ашигласан үйлдэл оролцоог нарийвчлан шалгаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Үйл баримтыг цогцоор нь тогтоож нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоож чадаагүй тул Б.Пд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцааж өгнө үү. ...Хохирогч Ш.Эын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх гэмт хэргийн замаар алдагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, прокурорын байгууллагаас шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байхад шүүхээс хохирогчийн өмчлөх эрхийг сэргээгээгүй, хохирлыг мөнгөн байдлаар нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хууль тогтоогч “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” хэмээн тодорхойлж, гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол. ...” гэж тус тус хуульчлан заажээ.
"Завших” гэмт хэргийн объект нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний өмчлөх эрх байдаг бол субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өмч хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд заасны дагуу бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн хүн байна.
Завших гэдэгт гэмт этгээд түүнд тодорхой нөхцөлтэйгөөр итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулж тухайн эд хөрөнгөнд өөрийн хууль бус өмчлөлийг тогтоосон, эсхүл тухайн эд хөрөнгийг хууль бусаар үнэ төлбөргүйгээр ашиглаж бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх зэрэг хэлбэрээр өмчлөгчид хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжид хамааруулж үзнэ.
Гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн өөрийн үзэмжээр захиран зарцуулж, гэмт санаагаа хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэргийн шинж хангагдана.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.П нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ш.Эаас худалдан борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжны 60 дугаар байрны .... тоот 98,7 метр квадрат хэмжээтэй орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр худалдаж төлбөрийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч зарцуулан бусдад их хэмжээний буюу 534,065,156 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Түүнчлэн, М.Мын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...би баталгааны итгэмжлэл авсан учраас хохирогч Ш.Э гэх хүний дансанд шилжүүлэх талаар хэлэхэд Б.П “миний дансанд шилжүүлчих” гэхэд М.М “баримт үйлдэж тухайн мөнгийг шилжүүлсэн” гэж мэдүүлсэн, хохирогч Ш.Э сайн дураараа Б.Пд өмчлөлийн эрхийг итгэмжлэл хийж шилжүүлсэн боловч улмаар Б.П гэрээний дагуу бичиг баримт үйлдэж бусдад худалдах, худалдан авах гэрээгээр зарсан зэрэг идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Пын дээрх үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байх бөгөөд түүний үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн хавтаст хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ш.Э нь үл хөдлөх эд хөрөнгөө худалдаалах зорилгоор өөрийг нь төлөөлж гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөрийг төлөөлүүлэгч Ш.Эын дансанд шилжүүлэх бүрэн эрхийг итгэмжлэлээр шүүгдэгч Б.Пд олгосон байх ба шүүгдэгч Б.П нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Ш.Эад мэдэгдэлгүйгээр иргэн М.Мтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар түүний өмчлөлд шилжүүлж, төлбөрийг нь өөрийн дансаар хүлээн авч хувийн хэрэгцээндээ захиран зарцуулан хохирогч Ш.Эад 534,065,156 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Пын энэхүү үйлдэлд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул хэргийн үйл баримтын талаарх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр хуульчилсан байтал анхан шатны шүүх прокурорын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол (13381) Токиогийн гудамж 60 дугаар байрны .... тоот хаягт байршилтай, 98,7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай .... бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Ш.Эын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь тухайн гэмт хэргийн улмаас ноцтой зөрчигдсөн нь тогтоогдсон бөгөөд прокурорын байгууллагаас шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байхад шүүх хохирогчийн өмчлөх эрхийг сэргээгээгүй, хохирлыг мөнгөн байдлаар нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгийг түүнд олгож, эрхийг нь сэргээх үндэслэлтэй, харин анхан шатны шүүх нь зохих үндэслэл, баримтгүйгээр зөвхөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон гэх шийдвэрийг хүчингүй болгосон нь дээр дурдсан хууль, зарчимд нийцэхгүй, хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Мөн шүүгдэгч Б.Пын хувьд завших гэмт хэрэг үйлдэх хүрээнд хохирогчийн үл хөдлөх хөрөнгийг иргэн М.Мтай ярилцан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, тухайн зээлээ тодорхой хувиар хувааж авсан, “8811...”-тэй 2 дугаарыг харилцан арилжаалсан эсэх буюу М.Мд 90 гаруй сая төгрөг өгсөн эсэх зэрэг нь шүүгдэгчийн үйлдсэн “завших” гэмт хэргийн зүйлчлэл, түүний улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхэд нөлөөлөх үндэслэлгүй бөгөөд иргэний маргаан бүхий тухайн асуудлаа холбогдох этгээдүүд иргэний журмаар шийдвэрлүүлэхэд уг магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1461 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлын “үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх хохирогчийн эрхийг сэргээх” агуулга бүхий гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1461 дүгээр шийтгэх тогтоолын:
-тогтоох хэсгийн 5, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.
-тогтоох хэсэгт “...хохирогч Ш.Эын өмч болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол (13381) Токиогийн гудамж 60 дугаар байрны .... тоот хаягт байршилтай, 98,7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай .... бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээхийг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ