Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 607

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П-гийн Б-ид холбогдох эрүүгийн 00000000000000дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б овгийн П-гийн Б- Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд төрсөн, эмэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хийдэг гэх, ам бүл 5, нөхөр, 0-8 насны хүүхүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлтээр Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны 0 дугаар гудамжны, 000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

П.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилтын 0-000 тоотод иргэн Д.О-ийг зодож эрүүл мэндэд нь баруун хацар, баруун чихний урд гадаргуун сорви бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б-: 2018 оны 03 дугаар сарын 05-ны  өдөр бэр эгч Д.О- манай ээжийг балай авгай гээд хэл амаар доромжлоод байхаар нь бичлэг хийе гэж бодоод гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь бэр эгч Д.О- намайг орон дээр дараад унагаасан. Манай бэр эгч надаас бие нь өндөр чацтай болохоор би босох гэж эсэргүүцэж байгаад баруун хацар дээр нь маажсан байна лээ.  Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000000дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.О-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...Манай нөхөр М- 4 хоног гэртээ ирэлгүй архидаад алга болчихсон юм. Тэгээд гэртээ согтуу ирэхээр нь би нөхрийгөө ээж аав дээр аваачиж өгсөн. Тэгтэл Б- намайг “архичин нөхрөө аваад яв, ээж битгий зовоогоод бай” гэж хэлэхээр нь би нөхрөө орхиод гарах гэтэл гаргахгүй байсан. Тэгээд маргалдаж байтал Б- гар утсаараа бичлэг хийх гээд байхаар нь би болиулах гээд энгэрээс нь барьж аваад ор луу нь түлхсэн. Тэгтэл миний нүүрийг маажсан. Тухайн болсон асуудлын үед Б-ийн ээж, аав, нөхөр нь байсан. Шүүх эмнэлэгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3648 дугаартай дүгнэлтэнд тусгасан баруун хацар, баруун чихний урд гадаргуун сорви нь ...манай нөхрийн төрсөн дүү Б-ийн намайг маажиж учруулсан гэмтэл байгаа юм. Би Б-ид гар хүрээгүй. Би сорви арилгах тос 65,000 төгрөгөөр авсан. Гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч Б.П-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал бэр О- манай хүү М-г согтуу оруулж ирээд хүүхдийг чинь үхэхээс нь өмнө өглөө шүү гэж хэлсэн. Тэр үед манай хөгшин Т- О-ийг гаргахгүй учрыг олно гэж хэлсэн. Тэтэл Б- гар утсаараа бичлэг хийнэ гэсэн. Тэгтэл О- нь Б-ийн гар утсыг авах гээд барьж аваад ор луу дарсан. Тэр үед хүүхдүүд уйлсан. Тэр үед Б-э юу болоод байнаа гээд босоод ирсэн. Тэр үед О- нүүр урчихлаа гэж хэлэхээр нь хартал баруун хацар нь жаахан газар урагдсан байсан. Тэгээд цагдаа ирээд юу болсон талаар асуугаад цагдаагийн хэлтэс дээр бүгдээрээ очно гэж хэлтэл. О- өөрөө би уурандаа цагдаа дуудчихлаа уучлаарай гэж хэлээд 10,000 төгрөгөөр торгуулаад өнгөрсөн. Тухайн үед бүгдээрээ эрүүл байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Б.Т-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн “... О- архичингаа ав, би амьд дээр нь авчирлаа гээд явах гэхээр нь би чамайг гаргахгүй, аавыг чинь дуудаж учрыг нь олно гэж хэлсэн. Б- гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл Б-ийн утсыг булаацалдаад зүүн орон дээр чирэлдээд очсон. Б-ийг ор руу түлхэж унагаасан. Тэгтэл О- нүүр урчихлаа гэж хэлсэн. Цагдаа ирээд юу болсон гэтэл О- энэ хүн намайг урчихлаа гэж хэлээд хацраа харуулсан. ...” гэх мэдүүлэг [3],

 

4. Гэрч Б.Б-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилт 0-000 тоотод амьдардаг юм. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед би эхнэр Б-, ээж Т-, аав П-, гурван хүүхдүүдийн хамт гэрт байж байсан. О- нөхөр М-той цуг орж ирээд “амьд дээрээ хүүхдээ ав” гэж хэлээд гарах гэхэд хадам ээж гаргахгүй гэж маргалдсан. Манай эхнэр Б- бичлэг хийх гээд утсаа гаргаж ирэхэд О- бичлэг хийлгэхгүй гээд утас булаацалдаад орон дээр дараад унасан. Тэр үед би босож ирээд тэр хоёрыг салгаад босгож ирэхэд О-ийн зүүн хацар шалбарсан байсан. Тэгээд би эхнэр хүүхдээ аваад гараад явж байхад араас залгаад цагдаа дуудсан байгаа хүн зодчихоод явчихлаа гээд байхаар нь буцаад очсон. Тэгээд цагдаа дуудсан байгаа учраа олчихоод яв гэсэн. Цагдаа ирээд хэлтэс дээр очиж асуудлаа шийд гэхэд О- би явж чадахгүй уурандаа цагдаа дуудчихлаа уучлаарай гээд учраа олоод салаад явсан. Тухайн үед Б- нь О-ийг цохиж зодсон асуудал байхгүй. Тэр хоёр барьцалдаж аваад орон дээр унасан. Б- гар утсаа гаргаад гартаа бариад бичлэг хийх гэж байхад О- бичлэг хийлгэхгүй гэж гар утас барьж байсан гараас нь гар утсыг нь булааж авах гэж бариад цааш нь түлхээд Б-ийг ард байсан ор луу түлхэж унагасан юм. Би Б-, О- хоёрыг орон дээр зууралдсан байдалтай байхад салгахад О-ийн зүүн хацар нь маажигдсан байдалтай шалбарсан байсан. ...Б-, О- хоёр хэрэлдэж байхад нь харсан нь шалбарсан байсан юм. ....” гэх мэдүүлэг [4],

 

             5. Гэрч Б.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 05-ны орой Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт сэлбэ-115 чиглэлд ахлах ахлагч Ш.О-ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 20 цагийн үед Сэлбэ-10 буюу жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилт 0-000 тоотод эгч дүү маргалдаад байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад дуудлага өгсөн гэх О- ганцаараа байсан хэнтэй маргалдсан талаар асуухад хадам дүү Б-той маргалдсан, сая машиндаа суугаад явчихлаа утсаар дуудчихсан, одоо ирж байна гэсэн.  Удалгүй Б- гэх эмэгтэй ирж юу болсон талаар асуухад бэр эгч О-тэй маргалдсан гэж байсан гомдол саналтай бол өргөдлөө бичээд өг, хэлтэс рүү явах шаардлагатай байна гэж хэлэхэд дуудлага өгсөн О- нь би тэгэж цагдаагаар явж чадахгүй ээ, би уурандаа дуудлага өгсөн байна, бид 2 эвлэрсэн, одоо цагдаагаар шалгуулах шаардлагагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь торгуулийн арга хэмжээ аваад үлдээсэн. ...О-ийн хацар шалбарч улайсан байсан. ...” гэх мэдүүлэг [5],

 

             6. Гэрч Ш.О-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 05-ны орой Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт сэлбэ-115 чиглэлд ахлах ахлагч Б.Б-гийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 20 цагийн үед Сэлбэ-10 буюу жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилт 0-000 тоотод эгч дүү 2 маргалдаад байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад О- ганцаараа би дуудлага өгсөн гээд байж байсан. Хэнтэй маргалдсан талаар асуухад хадам дүү Б-той маргалдсан, сая утсаар дуудчихлаа одоо ирж байна гэсэн. Удалгүй Б- гэх эмэгтэй ирж юу болсон талаар асуухад бэр эгч О-тэй маргалдсан гэж байсан. Гомдол саналтай бол өргөдлөө бичээд өг хэлтэс рүү явах шаардлагатай байна гэж хэлэхэд дуудлага өгсөн О- нь би тэгэж цагдаагаар явж чадахгүй ээ би уурандаа дуудлага өгсөн байна, эвлэрсэн одоо цагдаагаар шалгуулах шаардлагагүй гэж хэлсэн. О-ийн хацар шалбарч улайсан байсан. ...” гэх мэдүүлэг [6],

 

7. П.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 0-000 тоотод аав П-, ээж Т-, нөхөр Б-э, гурван хүүхдийн хамт байж байсан. Гаднаас бэр эгч О- ах М- нар орж ирээд ээж рүү хэл амаар доромжлоод сэгээ ав, мангар авгай минь амьд дээр нь авчирч өглөө гээд дайраад байсан. Тэгээд О- гарах гэхэд ээж гаргахгүй гээд хаалганы урд зогсоод аав Далайг чинь дуудна, нэг мөсөн шийднэ гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь бичлэг хийх гээд утсаа гаргаж ирэхэд намайг бичлэг хийлгэхгүй гэж миний утсыг булаах гээд бид хоёр барьцалдаж аваад орон дээр намайг дараад унасан. Бид хоёрыг орон дээр байж байхад манай нөхөр Б-э уурлаад давраад байгаа юм биш үү гэхэд О- бид хоёр боссон. Босоод ирэхэд О-ийн баруун талын хацар жижиг шалбарсан байсан. ...О-ийн баруун хацрыг нэг удаа маажсан. Өөр О-ийг цохиж зодсон асуудал байхгүй. Дээрх гэмтлийг хацар дээр үүссэн гэмтлийг би учруулсан. Баруун чихний урд гадаргуу сорив гэмтлийг би учруулаагүй. ...” гэх мэдүүлэг [7],

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3648 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 2x0,4см, 0,3х0,3,см, баруун чихний урд адаргууд 0,3х0,3см бүдэг ягаан өнгийн сорвитой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

1.Д.О-ийн биед баруун хацар, баруун чихний урд гадаргуун сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Н.Энхцолмон/ ...” гэх дүгнэлт [8]

 

9. Шинжээч Н.Энхцолмонгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Баруун хацар, баруун чихний урд гадаргуун сорви гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 3 удаагийн үйлчлэлээр үүснэ. Хохирогч Ц.О-ийн биед учирсан гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хацрын 2х0,4см сорви буюу шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл буюу баруун хацарт 0,3х0,3см, баруун чихний урд гадаргуу 0,3х0,3см бүдэг ягаан өнгийн сорив гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шархны эдгэрэлт тав тогтсон байдлаас үзэхэд хэрэг болсон цаг хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үүссэн гэж үзэж байна. Мохоо зүйлд мод, чулуу, гар, хуруу хумс гэх мэт ир ирмэгтэй зүйлээс бусдыг ойлгоно. ...” гэх мэдүүлэг [9],

 

10. П.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа[10], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[11], П.Б-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа[12], Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад данс эзэмшдэггүй тухай лавлагаа[13], П.Б-ийн нэр дээр өмчлөлтэй хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа [14],  П.Б-ид “Хаан” банкинд эзэмшдэг дансны 2017 оны 05  дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга [15], гэрлэлтийн лавлагаа [16] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Б-ид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Тахилтын 0-000 тоотод гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн бэр эгч Д.О-ийг зодож, баруун хацрыг нь маажиж, шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Д.О-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Манай нөхөр М- 4 хоног гэртээ ирэлгүй архидаад алга болчихсон юмаа. Тэгээд гэртээ согтуу ирэхээр нь би нөхрийгөө ээж аав дээр аваачиж өгсөн. Тэгтэл Б- намайг архичин нөхрөө аваад яв ээж битгий зовоогоод бай гэж хэлэхээр нь би нөхрөө орхиод гарах гэтэл гаргахгүй байсан. Тэгээд маргалдаж байтал Б- гар утсаараа бичлэг хийх гээд байхаар нь би болиулах гээд энгэрээс нь барьж аваад ор луу нь түлхсэн, тэгтэл миний нүүрийг маажсан. ...гэмтлийг манай нөхрийн төрсөн дүү Б- намайг маажиж урчуулсан гэмтэл байгаа юм. ...” гэх мэдүүлэг [17],

-Гэрч Б.П-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал бэр О- манай хүү М-г согтуу оруулж ирээд хүүхдийг чинь үхэхээс нь өмнө өглөө шүү гэж хэлсэн. Тэр үед манай хөгшин Т- О-ийг гаргахгүй учрыг олно гэж хэлсэн. Тэгтэл Б- гар утсаараа билэг хийнэ гэсэн. О- нь Б-ийн гар утсыг авах гээд барьж аваад ор луу дарсан. ...О- нүүр урчихлаа гэж хэлэхээр нь хартал баруун хацар нь жаахан газар урагдсан байсан. ...” гэх мэдүүлэг [18],

-Гэрч Б.Т-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “... О- архичингаа ав, би амьд дээр нь авчирлаа гээд явах гэхээр нь би чамайг гаргахгүй, аавыг чинь дуудаж учрыг нь олно гэж хэлсэн. Б- гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл Б-ийн утсыг булаацалдаад зүүн орон дээр чирэлдээд очсон. Б-ийг ор руу түлхэж унагаасан. Тэгтэл О- нүүр урчихлаа гэж хэлсэн. Цагдаа ирээд юу болсон гэтэл О- энэ хүн намайг урчихлаа гэж хэлээд хацраа харуулсан. ...” гэх мэдүүлэг [19],

-Гэрч Б.Б-ий хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...О- нөхөр М-той цуг орж ирээд амьд дээрээ хүүхдээ ав гэж хэлээд гарах гэхэд хадам ээж гарахгүй маргалдсан. Б- бичлэг хийх гээд утсаа гаргаж ирэхэд О- бичлэг хийлгэхгүй гээд утас булаацалдаад орон дээр дараад унасан. Тэр үед би босож ирээд тэр хоёрыг салгаад босгож ирэхэд О-ийн зүүн хацар шалбарсан байсан....” гэх мэдүүлэг [20],

-Гэрч Б.Б-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 05-ны орой Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт сэлбэ-115 чиглэлд ахлах ахлагч Ш.О-ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 20 цагийн үед Сэлбэ-10 буюу жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилт 0-000 тоотод эгч дүү маргалдаад байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад дуудлага өгсөн гэх О- ганцаараа байсан хэнтэй маргалдсан талаар асуухад хадам дүү Б-той маргалдсан гэсэн. ...О-ийн хацар шалбарч улайсан байсан....” гэх мэдүүлэг [21],

-Гэрч Ш.О-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн мэдүүлэг [22],

-П.Б-ийн хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 0-000 тоотод аав П-, ээж Т-, нөхөр Б-э 3 хүүхдийн хамт байж байхад гаднаас бэр эгч О- ах М- нар орж ирээд ээж рүү хэл амаар доромжлоод сэгээ ав мангар авгай минь амьд дээр нь авчирч өглөө гээд дайраад байсан. ...тэгэхээр нь бичлэг хийх гээд утсаа гаргаж ирэхэд намайг бичлэг хийлгэхгүй гэж миний утсыг булаах гээд бид хоёр  барьцалдаж аваад орон дээр намайг дараад унасан.  ...манай нөхөр Б-э уурлаад давраад байгаа юм биш үү гэхэд О- бид хоёр боссон, тэгээд босоод ирэхэд О-ийн баруун талын хацар жижиг шалбарсан байсан. ...О-ийн баруун хацрыг нэг удаа маажсан. Дээрх гэмтлийг хацар дээр үүссэн гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг [23], түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3648 тоот дүгнэлт [24], Шинжээч Н.Энхцолмонгийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Хохирогч Ц.О-ийн биед учирсан гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хацрын 2х0,4см сорви буюу шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг [25] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөхдөө гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргаж, улсын яллагчийн дүгнэлтэд мэтгэлцээгүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.О- нь хадам эх Б.П-тэй маргалдаж байх үед П.Б- нь ээжийг доромжиллоо гэж гар утсаараа бичлэг хийх гэсний улмаас тэд барьцалдаж, улмаар П.Б- нь хохирогч Д.О-ийн нүүрийг маажиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хангалттай тогтоогджээ. Тухайн гэмт хэрэг нь садан төрлийн хүмүүсийн таарамжгүй харилцаа, үйл ойлголцлын улмаас гарчээ.

Шүүгдэгч П.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.О-т хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс улсын яллагчийн шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь сорвины тос 65,000 төгрөгөөр авсан гэх баримтыг хэргийн 62 дугаар талд ирүүлсэн байх бөгөөд тус хохирлын төлбөр төлөгдөөгүй байна. Шүүхээс шүүх хуралдааны товыг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Д.О-т мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж мэдэгджээ. Иймд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б- нь эрхэлсэн тодорхой ажилгүй ч, хувиараа онлайн худалдаа эрхэлдэг гэж мэдүүлж байна, 0-8 насны 3 хүүхдүүдээ гэртээ хардаг, мөн нөхөр нь хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч П.Б- нь улсын яллагчийн санал болгосон 550.000 төгрөгийн торгох ялыг багасгаж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч П.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуульд торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан үзэж оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Б- нь ажил эрхэлдэг гэх талаар болон түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлогыг тодорхойлсон нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд улсын яллагчийн гаргасан шүүгдэгч П.Б-ийн нөхөр нь такси үйлчилгээ эрхэлж мөнгө олдог байна гэсэн  үндэслэлээр торгуулын ял оногдуулах санал гаргасан нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хор уршигийн шинж чанар зэргийг шүүгдэгч П.Б-ид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Б-  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 


[1] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 69-70 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[10]Хавтаст хэргийн 52 дугаар тал.

[11]Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[12]Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[13]Хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[14]Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 58-61 дүгээр тал.

[16]Хавтаст хэргийн 56 дугаар  тал.

[17] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 69-70 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 71-72 дугаар тал.