Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 122/2018/0013/З |
Дугаар | 221/МА2018/0506 |
Огноо | 2018-09-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2018/0506
Д.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.О-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/0015 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т заасныг тус тус баримтлан Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 тоот Д.О-ийг албан тушаал бууруулах тухай захирамжийг хүчингүй болгож, Д.О-ийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О-т албан тушаал бууруулсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 1483080 /нэг сая дөрвөн мянга дөрвөн зуун наян гурван мянга наян/ төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/00015 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч талаас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Үүнд:
1. Д.О нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох мэдээлэл, орон нутаг хариуцсан ажлын талаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ба ажлын цагийн хоцрогдол ихтэй, аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгч нарын зурагт альбомын эх бэлтгэлийг гаргах болон аймгийн ИТХ-ын “Khural.mn” сайтыг мэдээллээр баяжуулах талаар идэвх санаачилга муутай ажиллаж, сумдын ИТХ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар тогтмол хангаагүй, мөн сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргын сургалт семинарыг чанар муутай зохион байгуулсан зэргээр үүрэгт ажлуудаа удаа дараа хангалтгүй зохион явуулсан нь 2017 оны ажлын тайлангаар нотлогдож байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Д.О-ийн 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг үнэлээгүй гэдэг үндэслэлээр мэдээлэл, орон нутаг хариуцсан хэлтсийн даргаар эгүүлэн томилсон шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Учир нь 2017 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Гансүх нь ИТХ-ын ажлын албанд бүтэц хийх нэрээр бүх албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулаагүй бөгөөд нэгэнт гэрээ албажиж баталгаажаагүй тул ИТХ-ын даргын зүгээс ажлаа хүлээж авмагц гэрээг үнэлүүлэх нөхцөл боломж бүрдээгүй болно. Гэтэл Д.О нь 2017 онд ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.А-тай үгсэн хуйвалдаж үр дүнгийн гэрээний төсөлд 2018 онд гарын үсэг зуруулж ИТХ-ын тэмдэг дарагдаагүй, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан ТАХ-ын үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх журмын 4.3.1 дахь хэсэгт заасан “... эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчсөн, аймгийн нотариатаар батлуулж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь хууль тогтоомж зөрчсөн, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн үйлдэл болсныг Цагаадаагийн байгууллагад хандаж шалгуулахаар болоод байгаа юм. Иймээс анхан шатны шүүхээс үр дүнгийн гэрээ байгуулсан боловч гэрээг үнэлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
2. Д.О нь шийдвэр гарснаас хойш даруй 3 сарын дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-г зөрчиж хугацаа хэтрүүлэн шүүхэд гомдол гаргаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.
Иймээс дээрх үндэслэлүүдээр уг хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/00015 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.О-ийг албан тушаал бууруулж, “хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”-ээр томилжээ.
Нэхэмжлэгч Д.О нь дээрх захирамжийг эс зөвшөөрч, “...үр дүнгийн гэрээг дүгнээгүй хэрнээ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, шинэ бүтцээр орон тоо нь байхгүй албан тушаалд томилсон” гэж маргасан, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа, дараа хангалтгүй биелүүлсэн, Д.О нь үр дүнгийн гэрээ байгуулаагүй учраас дүгнээгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр тайлбарлан маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байхад Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, дүгнээгүй атлаа нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 2.3-т “Менежер нь гэрээнд заасан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй” гэж зааснаар захиргаа өөрөө төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээг байгуулж, дүгнэх мөн журмын 4.3-т зааснаар гэрээний биелэлтийг баталгаажуулж, хадгалах үүрэгтэй, ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл болох учиртай.
Өөрөөр хэлбэл, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас нэхэмжлэгч Д.О-тэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй, гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулаагүй гэж өөрөө тайлбарлан маргаж байгаа хэрнээ “...анхан шатны шүүхээс үр дүнгийн гэрээ байгуулсан боловч гэрээг үнэлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй” гэж шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах учиртай. Гэтэл хариуцагчаас “нэхэмжлэгч Д.О-ийг удирдлагаас өгсөн ямар ямар үүрэг даалгаврыг хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн болох, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтын аль хэсгийг зохих ёсоор биелүүлээгүй нь ямар тооцоо, судалгаа баримтаар тогтоогдсоноор маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон” талаарх баримтаа шүүхэд ирүүлж, маргаан бүхий актын үндэслэлээ нотолж чадаагүй байна.
Нөгөөтэйгүүр, маргаан бүхий актын үндэслэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, зохион байгуулалтын батлах тухай” 56 дугаар тогтоолоор батлагдсан ажлын албаны бүтцэд “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн” гэх орон тоо байхгүй байхад нэхэмжлэгчийг батлагдсан бүтцэд байхгүй албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх...”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” гэсэн зарчмыг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр болжээ.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтэд Д.О-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хугацааг 1 сараар сунгасан болохыг дурдсан, нэхэмжлэгч нь шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН