Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 119/2019/0011/з |
Дугаар | 139 |
Огноо | 2020-04-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 139
М.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч
Д.О-ийн нэхэмжлэлтэй,
Орхон аймгийн Улсын бүртгэлийн
хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Тугтан овгийн М-ын Б, Шаазганнууд овгийн Ц-ийн Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд болгуулах”,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “М.Б-ыг дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах”,
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 608 дугаар магадлалтай,
Гуравдагч этгээд Ц.Ц-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монголжав овогтой Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Тугтан овгийн М-ын Б, Шаазганнууд овгийн Ц-ийн Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний бүртгэлийн тухай хууль /2018 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Ц-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан М.Б-ыг дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах-ыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 608 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 13 дугаар зүйлийн 13.2, 13.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б-ын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Б, Ц.Ц нарыг 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрлэснийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Ц.Ц-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “М.Б-ыгдуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “3”, “4” дэх заалтын дугаарыг “2”, “3” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Гуравдагч этгээд Ц.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн М.Б, Ц.Ц нарын гэрлэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
4. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: “Иргэний бүртгэлийн тухай хууль 1999 оны 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монголжав овогтой Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Тугтан овгийн М-ын Б, Шаазганууд овгийн Ц-ийн Ц- нарын гэрлэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний бүртгэлийн тухай хууль /2018 он/ 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Ц-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан М.Б-ыг дуудан ирүүлж гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.3-т заасныг баримтлан Улсын бүртгэлийн хэлтэс “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Тугтан овгийн М-ын Б, Шаазганууд овгийн Ц-ийн Ц нарын гэрлэлтийг бүртгэсэн. М.Б өөрөө гэрлэлтээ бүртгүүлэхийг зөвшөөрсөн, бүртгэл хийхээс татгалзаагүй, тухайн үед өөр хүнтэй суугаагүй, танилцаагүй надтай гэр бүл, хань гэж харьцаж байсан. Иймд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж хэлэх үндэслэл байхгүй. Улсын бүртгэлийн байгууллага нь 1999 онд батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу гэрлэлтийг хууль ёсны дагуу бүртгэсэн. Бид сайн дурын харилцаан дээр гэр бүл болж үр хүүхэд гаргаж амьдарсан.
6. Гэтэл Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 2018 оны 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасныг баримталж уг хэргийг шийдвэрлэх үндэслэл байхгүй.
7. Тугтан овгийн М-ын Б-ын талаас төрсөн эгч Тугтан овгийн М-ын Б өөрийн биеэр гэрчээр оролцсон. Мөн хуулийн дагуу бүх бичиг баримт бүрэн хөтлөгдөж гэрлэлт хүчин төгөлдөр хийгдсэн байтал нуун дарагдуулж худал гүтгэн хуурамчаар баримт бүрдүүлэн гүтгэж гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж байгаа нь хууль зөрчсөн асуудал юм.
8. Иймд Б-ыг дуудан ирүүлж гэрлэлтийг албан ёсоор салгах шүүх хурлыг үнэн зөв хийхийг санал болгож байна.
9. 24 дүгээр зүйлийн 24.1-д “эцэг эх тохиролцсоны үндсэн дээр хүүхдэдээ овог нэр өгнө” гэжээ М.Б, Ц.Ц нар захиргааны байгууллага буюу Баян-Өндөр сумын иргэний бүртгэл хариуцсан ажилтанд хүсэлт гаргасан гэдгийг үгүйсгэнэ.
10. Ц.Ц миний бие хүсэлт гаргаагүй. М.Б ганцаараа очиж авсан нь хууль бусаар хуурамчаар хүүхдийн төрсний гэрчилгээ авсан. Хүүхдийн гэрчилгээ албан ёсны тамга тэмдэггүй хуурамч байсан.
11. М.Б 1999 оны 11 дүгээр сарын 16-нд хүүхдээ өөрөөрөө овоглож анкет бөглөхдөө гэрлэсэн гэж өөрийн биеэр мэдүүлсэн нь гэрчилж байна. Хүүхдийн төрсний гэрчилгээ авахдаа тохиролцоогүй, хамтран иргэний бүртгэлийн ажилтанд хүсэлт гаргаагүй тухайн өдөр ганцаараа явж авч ирсэн. Эх хүсэлт гаргаагүй, гарын үсэг зураагүй болох нь хавсралт материалаас харна уу.
12. Гэтэл М.Б тохиролцолгүй өөр дээрээ овоглосон. Хүүхдээ эхийн зөвшөөрөлгүй өөр дээрээ бүртгүүлсэн, хуурамч төрсний гэрчилгээ авсан нь аливаа хэргийн гол эх үүсвэрийг бий болгосон.
13. Бид гэрлэсэн гэдгээ “Төрснийг бүртгэх анкет №1184” бичиг баримтанд нотолсон. Бид дундын өмчтэй. Өнөөдрийн байдлаар энэ дундын өмч бид 3-ын нэр дээр бүртгэсэн байгаа энэ нь тухайн үед “Гэрлэсэн гэр бүл” гэж ажиллаж байсан УБҮ-ийн захиргааны бүртгэлээр нотлогдон энэ байрыг бид 3 нэр дээр хувьчилан олгосон юм. Энэ байдлаас харахад удахгүй ирж эхнэр хүүхэдтэйгээ орон байрны хэрүүл хийх нь тодорхой байна. Иргэний хуулиар зохицуулж хэн нэг нь аваагүй дундын өмч хэвээр байгаа юм. Иргэний хуулиар зохицуулсан гэж худлаа гүтгэн мэдээлсэн байна.
14. Бид хамт амьдарч байгаа нь үр хүүхэд, дундын өмч орон сууцаар баталгаажна. Ер нь 2 талд амьдарч байгаа гэр бүлд нууц амраг, хамтран амьдрагч ил далд байгаа. Б-ын хувьд нууц амрагаа “эхнэр” гэж итгүүлэхийг оролдож байгаа нь эхнэр хүүхдээ гутаан доромжилж хууль зөрчиж буй асуудал юм. Монгол улсад 2 эхнэртэй болох хууль батлагдаагүй байгаа, өмнөх эхнэр албан ёсоор гэр орондоо байгаа нөхцөлд нууц амрагаа эхнэр гэж нэрлэх цаг хугацаа болоогүй гэдгийг мэдэгдье. Гар утсаа авахгүй холбоо бүрэн тасарсан, харьцахгүй байгаа харилцаа бүрэн дуусгавар болсон гэдэг нь гэр бүл салсныг гэрчлэхгүй. Бид үр хүүхэдтэй өөрийн гэсэн орон амьдралтай учраас энэ харилцаа хэзээ ч дуусгавар болохгүй.
15. Хүүхдээ асран хамгаалахаас өөрөө татгалзаж байна. Бас тэжээн тэтгэх үүргээс санаатайгаар бултаж байгаа байдал ажиглагдаж байна. Миний биеийг хүнд өвчтэй “цусны хорт хавдар” онош тогтсоны даргаа гэрлэж байгаагүй эхнэртэй гэж шүүхээр бичиг баримт бүрдүүлэн явж байгаад маш их гомдож байна. Үр хүүхэд нь ээж ч үгүй, аав ч үгүй хорвоод ганцаараа үлдэж байгааг шүүгч та анхааралдаа авна уу.
16. М.Б-тай би гэр бүлийн харилцаатай 1998 оноос 2020 он хүртэл 22 жил амьдарч ирэхдээ эхнэр нөхрийн харьцаатай явж ирсэн тул гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байна.
17. Бид гэр бүл болсон учраас үр хүүхэд, амьдрах дундын өмч гэр оронтой байгаа юм. Өөрөө тухайн үед хүүхдээ авах гэж хэд хэдэн удаа оролдлого хйисэн байдал нь гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн үндэслэл мөн. Бид тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, гэр бүл, хүүхдийн эрхийг зөрчсөн байна.
18. Анхан шатны шүүх гэр бүл гэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэтэл давж заалдах шатны шүүх миний эрх ашгийг хохироож хууль бус үндэслэлээр цуцалсанд гомдолтой байна.
19. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
20. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж, хэрэглэвэл зохих Иргэний бүртгэлийн тухай (1999) хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
21. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний улсын бүртгэлийн гэрлэсний бүртгэлд иргэн М.Б, Ц.Ц нарын “гэрлэлт”-ийг бүртгэсэн, уг бүртгэл хийгдэх үед иргэн М.Б нь Монгол Улсад байгаагүй, Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтийг бүртгүүлэх талаар өөрийн биеэр өргөдөл гаргаж очоогүй, талууд энэ үйл баримттай маргаагүй байна.
22. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “... гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг /ойлгох/”-оор, маргаан бүхий бүртгэл хийгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай (1999) хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө ... хамтран гаргах...”-аар, 13.3-т “иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулах...”-аар тус тус заасан, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс гэрлэлт бүртгэх суурь шаардлага хангагдаагүй байхад иргэн М.Б, Ц.Ц нарын “гэрлэлт”-ийг бүртгэсэн нь хууль бус, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах”, “бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
23. Анхан шатны шүүх “... гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулаагүй, нэг талыг байлцуулан бүртгэлийн үйл ажиллагааг явуулсан нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа уг “хууль зөрчсөн” бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх уг алдааг засаж, маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гуравдагч этгээдийн “... анхан шатны шүүх гэр бүл гэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэтэл давж заалдах шатны шүүх миний эрх ашгийг хохироож хууль бус үндэслэлээр цуцалсан” гэх гомдол үндэслэлгүй.
24. Өөрөөр хэлбэл, гэрлэхийг хүсэгч эрэгтэй, эмэгтэй хоёрын аль нэг талыг нь байлцуулахгүйгээр нэг хүний гаргасан өргөдөл хүсэлтээр гэрлэлт бүртгэхийг хуулиар зөвшөөрөөгүй тул гуравдагч этгээд Ц.Ц-ийн “... С.Б нь тухайн үед өөрөө гэрлэлтээ бүртгүүлэхийг зөвшөөрсөн, бүртгэл хийхээс татгалзаагүй, ... М.Б-ын төрсөн эгч М.Б өөрийн биеэр гэрчээр оролцсон” гэх үндэслэлээр маргаан бүхий бүртгэлийг зөвтгөх боломжгүй, нэг талын хүсэлтээр хийгдсэн гэрлэлтийн бүртгэлийн улмаас нөгөө хүний буюу М.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэх боломжгүй юм.
25. Захиргааны хэргийн шүүх “улсын бүртгэл хуульд нийцсэн эсэх” маргааныг шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн байгууллага хуулиар хүлээсэн эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэхийг шалгах бөгөөд энэ тохиолдолд, хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн маргаан бүхий 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “захиргааны акт” буюу бүртгэл хуульд нийцээгүй талаар дүгнэж, уг бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, харин “... М.Б, Ц.Ц нар сайн дурын харилцаан дээр 1998 оноос гэр бүл болж үр хүүхэд гаргаж амьдарсан, ... М.Б 1999 оны 11 дүгээр сарын 16-нд хүүхдээ өөрөөрөө овоглож анкет бөглөхдөө гэрлэсэн гэж өөрийн биеэр мэдүүлсэн” зэрэг үйл баримтыг үгүйсгэж дүгнээгүй, “...М.Б нь тухайн үед Ц.Ц-тэй гэрлэлтээ бүртгүүлэх сонирхолтой байсан эсэх” талаар мөн шүүх дүгнэлт хийхгүй, гуравдагч этгээд Ц.Ц-ээс М.Б-д холбогдуулан өмчийн болон хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийн талаар иргэний шүүхэд маргах эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй болно.
26. Түүнчлэн, “гэрлэлт” нь эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр үүсэх хуулийн зохицуулалттай тул гуравдагч этгээд Ц.Ц-ээс гаргасан “М.Б-ыг дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах” бие даасан шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй.
27. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.Ц-ийн хяналтын журмаар гаргасан “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 608 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.Ц-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Ц-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА